| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00611/И |
| Дугаар | 152/ШШ2024/00544 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 152/ШШ2024/00544
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Ц,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие Б.Ц нь 1989 онд Завхан аймаг дахь Худалдааны техникумыг нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс Увс аймгийн Түргэн сумын Худалдаа, бэлтгэл ангийн даргын 24 дугаартай тушаалаар тус худалдаа, бэлтгэл ангид 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс тооцооны нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Улмаар 1993 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уг худалдаа, бэлтгэл ангид нягтлан бодогчоор ажиллаж байгаад худалдаа бэлтгэл анги 1991 онд Баянхайрхан хэрэглээний хоршоо нэртэй болоход үргэлжлүүлэн 1993 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл тооцооны нягтлан бодогчоор ажилласан. Увс аймгийн Түргэн сумын брокерын пүүсэд 1993 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Миний бие мэргэжлээрээ тус сумын Засаг даргын тамгын газарт тасралтгүй ажилласаар байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор баримт бичгээ бүрдүүлэхэд Увс аймгийн Түргэн сумын Худалдаа, бэлтгэл ангид ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй, брокерийн пүүсд ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал байхгүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Мөн миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч усанд норсны улмаас бичилт нь бүдгэрсэн байна. Иймд тухайн үед надтай хамт ажиллаж байсан С.М (95457451) Ш.У нарыг гэрчээр асууж, хөдөлмөрийн дэвтэр болон ажилд томилогдсон тушаал, бусад баримтад үндэслэн миний Увс аймгийн Түргэн сумын Худалдаа, бэлтгэл ангид 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал тооцооны нягтлан бодогчоор, Түргэн сумын Баянхайрхан хэрэглээний хоршоонд 1991 оны 1 дүгээр сараас 1993 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл тооцооны нягтлан бодогчоор, Түргэн сумын брокерын пүүсэд 1993 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үүгэжээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Нийгмийн даатгалы газраас 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан архивын лавлагаа, Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 126 дугаартай ажилд томилох тухай захирамж, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан тодорхойлолт, Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангийн даргын 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 24 дүгээр Тооцооны нягтлан бодогч томилох тухай тушаал, Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан хэрэглээний хоршооны даргын 1991 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай Тооцооны нябо түр ажиллуулах тухай тушаал, Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан хэрэглээний хоршооны даргын 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай Шагнал явуулах тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан Б.ЦТүргэн сумын Худалдаа бэлтгэл ангид 1989 оны 7-12, 1990 оны 1-4, 6-11 дүгээр саруудад нябо-гоор ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Ш.Уламбаярын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.М-ын иргэний үнэмлэхийн болон ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 529 дүгээр шийдвэрийн хуулбар, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 733 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-15 /гэрлэснийг бүртгэх анкет №017, Түргэн сумын брокерын пүүс 1993 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн гэх албан бичиг, гэрч С.М, Ш.Унарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ц-гийн Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тооцооны нягтлан бодогчоор, Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан хэрэглээний хоршоонд 1991 оны 1 дүгээр сараас 1993 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл тооцооны нягтлан бодогчоор, Увс аймгийн Түргэн сумын брокерын пүүсэд 1993 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.Ц-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Ц нь хөдөлмөрийн дэвтэр усанд норж бичилт бүдгэрсэн, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн зарим тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
3. Увс аймгийн Түргэн сумын ХБ ангийн даргын 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 24 дүгээр Тооцооны нягтлан бодогч томилох тухай тушаалаар Б.Ц-г 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тооцооны нягтлан бодогчоор томилжээ.
Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.Ц Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид 1989 оны 7-12, 1990 оны 1-4, 6-11 дүгээр саруудад нягтлан бодогчоор ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
Гэрлэснийг бүртгэх анкет №7-д Б.Ц, тусгай дунд боловсролтой, Худалдаа бэлтгэл ангид нягтлан бодогч ажилтай хэмээн 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэгджээ.
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан хэрэглээний хоршооны даргын 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай Тооцооны нябо түр ажиллуулах тухай тушаалаар 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс Баянхайрхан хэрэглээний хоршооноос жирэмсний амралт авсан н.Ц-н оронд Д.Ө-г тооцооны нягтлан бодогчоор түр томилжээ.
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан хэрэглээний хоршооны даргын 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай Шагнал явуулах тухай тушаалын хавсралтын 3-рт Цэрэнг 72 төгрөгөөр шагнаж байжээ.
Увс аймгийн Түргэн сумын брокерын пүүс нь 1993 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн 28/1169 дугаар албан бичгээр нотлогдсон.
3.1. Шүүхээс гэрч С.М, Ш.У нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч С.М Би 1985-1997 оны хооронд Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл анги болон Баянхайрхан хэрэглээний хоршоонд даргаар ажиллаж байсан. Б.Ц нь Завхан аймгийн худалдааны техникумыг нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид 1989 оны 7 сарын 07-ны өдөр миний тушаалаар тооцооны нягтлан бодогчоор ажилд томилогдож байлаа. Тухайн байгууллагадаа ажиллаж байгаад 1993 онд Түргэн сумын брокерийн пүүсэд нягтлан бодогчоор шилжиж ажилласан. Брокерийн пүүсэд 1996 он хүртэл ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид даргаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 529 дүгээр шийдвэрийн хуулбараар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. Харин гэрч Ш.У Би 1990 оноос Түргэн суманд Засаг даргаар ажилллаж байгаад Сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдөөд 1992 онд Социализмын зам нэгдэл тараад брокерийн пүүсийн захирал болсон. Шинээр байгуулагдсан учир нярав нягтлан байгаагүй учир 1993 оны 5 дугаар сарын 01-нд Б.Ц-г нягтлан бодогчоор авч ажилуулсан. Тэгээд 1996 онд Тамгийн газрын туслах аж ахуй болоод би хөрөнгө болон ажилчиддтай нь Э.Бямбад шилжүүлэн өгч аймгийн төв руу шилжсэн. Б.Ц нь 1992-1996 оны хооронд брокерийн пүүсийн нягтлан бодогч хийдэг байсан гэж мэдүүлсэн боловч түүний хөдөлмөрийн дэвтэр Ш.О-н нэртэй байгаа тул Ш.У-х гэж үзэх боломжгүй байх тул гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй болно.
4. Нэхэмжлэгч Б.Ц нь Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тооцооны нягтлан бодогчоор, Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан хэрэглээний хоршоонд 1991 оны 1 дүгээр сараас 1993 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл тооцооны нягтлан бодогчоор, Увс аймгийн Түргэн сумын брокерын пүүсэд 1993 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Түргэн сумын ХБ ангийн даргын 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 24 дүгээр Тооцооны нягтлан бодогч томилох тухай тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.Ц Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид 1989 оны 7-12, 1990 оны 1-4, 6-11 дүгээр саруудад нягтлан бодогчоор ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Б.Ц, тусгай дунд боловсролтой, Худалдаа бэлтгэл ангид нягтлан бодогч ажилтай хэмээн 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдсэн гэрлэснийг бүртгэх анкет, Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан хэрэглээний хоршооны даргын 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай Тооцооны нябо түр ажиллуулах тухай тушаал, Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан хэрэглээний хоршооны даргын 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай Шагнал явуулах тухай тушаал, гэрч С.М-ын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.Ц-гийн Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тооцооны нягтлан бодогчоор, Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан хэрэглээний хоршоонд 1991 оны 1 дүгээр сараас 1993 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл тооцооны нягтлан бодогчоор, Увс аймгийн Түргэн сумын брокерын пүүсэд 1993 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэр усанд норж бичилт бүдгэрч нотлох баримтын шаардлага хангахгүй, Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 126 дугаар захирамж нь хэрэгт хамааралгүй байх тул тус тус үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Ц-н Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тооцооны нягтлан бодогчоор, Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан хэрэглээний хоршоонд 1991 оны 1 дүгээр сараас 1993 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл тооцооны нягтлан бодогчоор, Увс аймгийн Түргэн сумын брокерын пүүсэд 1993 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР