Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2024/01030

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2024/01030

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А. даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Л,

/Улаанбаатар хот, ... тоот/

Хариуцагч: Н.Э

/... аймаг, ... сум, ... тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: Охин Л.А, Л.А нарын хууль ёсны асран хамгаалагч биш болохыг тогтоож, хүүхдүүдийг эцэг Г.Л-ны асрамжид өгөхийг Н.Э-д даалгах нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Э,

Хариуцагч: Н.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Лнь хариуцагч Н.Э-д холбогдуулан охин Л.А, Л.А нарын хууль ёсны асран хамгаалагч биш болохыг тогтоож, хүүхдүүдийг эцэг Г.Л-ны асрамжид өгөхийг Н.Э-д даалгах нэхэмжлэл гаргасан.

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Миний бие 2017 онд Япон улсад амьдарч байхдаа эхнэр Н.Н-тай танилцаж, 2020 онд гэрлэлтээ батлуулсан. Охин Л.А, П. А нар нь 2020 оны 12 сарын 21-ний өдөр Япон улсад төрсөн. Охид маань төрсөн цагаасаа хойш 3 нас хүртэл Япон улсад амьдарч, 5 сартайгаасаа эхлэн цэцэрлэгт хүмүүжиж байсан. ... бидний дунд бие биеэ ойлгох, хүндлэх, үл ойлголцол үүсэж маргалдах болсноос ... 2 охиныг маань надад хэлэлгүйгээр Монгол руу явуулаад өөрөө хэд хоногийн дараа бүх юмаа аваад явсан. 2 охин маань төрсөн цагаасаа хойш эцэг эхийн хайр халамжид өсөж байснаас Монголд удаан хугацаагаар амьдарч байгаагүй. ...Н.На-гийн эгч Н.Э нь хүүхдүүдтэй маань уулзуулахгүй элдвээр доромжилж, цохиж нүдээд хөөсөн учраас арга буюу охидтойгоо уулзаж чадахгүй байна. Төрсөн эцэг нь байсаар байхад хүүхдүүдтэй маань уулзуулахгүй, хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, эх Н.Н нь хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлэхгүй дасан зохицсон орчноос нь салгаж хүүхдүүдийг маань зовоож байгаад маш их гомдолтой байна. ...Би хүүхдүүдээ асран халамжлаад цэцэрлэг сургуульд нь сургаад хүмүүжүүлээд аваад явах бүрэн боломжтой байхад хүүхдүүдийг маань эцгээс нь хүчээр салган өнчрүүлж байна. Би Монголд өөрийн гэсэн орон сууцтай охидоо тухтай орчинд байлгах бүрэн боломжтой. Иймд Н.Э-ийг ихэр охин Л.А, Л.А нарын хууль ёсны асран хамгаалагч биш болохыг тогтоож, хүүхдүүдийн эцэг Г.Л миний асрамжид өгөхийг хариуцагч Н.Э-д даалгаж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Н.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... хүүхдүүдийн ээж нь хүүхдүүдээ асран хамгаалж байгаа. Би ээжийнх нь даалгаснаар охидыг түр хугацаанд л харж байсан. Надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Албан ёсоор асрамжинд шилжсэн зүйл байхгүй. Уулзахад нь миний зүгээс саад хийх зүйл байхгүй гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа болон гадаад паспортын хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н.Н-гийн иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаанууд, ... аймгийн ... сумын ... цэцэрлэгийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 47 дугаар тодорхойлолт, ...аймгийн . сумын ..1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар тодорхойлолт, Өрхийн эмчийн тодорхойлолт, гэрэл зургууд гаргаж өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

   1. Нэхэмжлэгч Г.Л нь хариуцагч Н.Э-д холбогдуулан охин Л.А, Л.А нарын хууль ёсны асран хамгаалагч биш болохыг тогтоож, хүүхдүүдийн эцэг Г.Л-ны асрамжид өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

   2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

   Үүнд: Нэхэмжлэгч Г.Л нь Н.Н-тай гэрлэлтээ Япон улсын Токиод 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн, тэдний дундаас Л.А, Л.А нар 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын Токиод төрсөн бөгөөд хүүхдүүд ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар байр ... тоотод эх Н.Н-гийн хамт мөн сумын ... цэцэрлэгийн Бэлтгэл Б бүлэгт суралцдаг, мөн өрхийн эмнэлгийн хяналтад эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, мөн ... аймгийн ... сумын 1 дүгээр багийн Засаг дарга, өрхийн эмч, “...” цэцэрлэгийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

   3. Нэхэмжлэгч Г.Л нь хүүхдүүдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал тогтоогдож байх хэдий ч Г.Л-ны гэрлэлт хүчин төгөлдөр байна.

   4. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т “Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ” гэж заасан.

            5. Охин Л.А, Л.А нарыг төрүүлсэн эх нь Н.Н, эх нь хүүхдүүдээ асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлэх нь хуульд зааснаар үүссэн байна.

            6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасан .

            7. Гэрлэлт цуцлаагүй тохиолдолд хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй бөгөөд охин Л.А, Л.А нарыг эх Н.Н нь асрамжилж буйг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

            8. Нэхэмжлэгч Г.Л-ны эхнэр Н.Н-гийн төрсөн эгч нь хариуцагч Н.Э байх бөгөөд хүүхдүүдийг түүний асрамжид шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

            9. Хариуцагч Н.Э-д охин Л.А, Л.А нарын хууль ёсны асран хамгаалагч биш болохыг тогтоож, хүүхдүүдийн эцэг Г.Л-ны асрамжид өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хамаарахгүй байх тул нэхэмжлэгч Г.Л-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

            10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Н.Э-ээс гаргаж ирүүлсэн гэрэл зургууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй тул нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

            11. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2, Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Н.Э-д холбогдуулан охин Л.А, Л.А-гийн хууль ёсны асран хамгаалагч биш, хүүхдүүдийн эцэг Г.Л-ы асрамжид өгөхийг Н.Э-д даалгах тухай Г.Л-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.А