| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0010/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2018-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Д.Нямсүрэн,
шүүгдэгч Ө.О нь /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ө.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711009910371 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Хашаат овогт Ө.О, 1990 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Хоршооллын 14-6 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,
2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дундговь аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 8 сараар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЗЕ90082310/,
Шүүгдэгч Ө.О нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 21 дүгээр гудамжинд Ч.Батболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ө.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр гэр рүүгээ харихаар Ч.Батболд гэдэг хүний таксинд суусан. Тэгээд гэр рүүгээ хүргүүлэхээр явж байтал гудам өгсүүр байна цаашаа явж чадахгүй байна гээд жолооч зогссон. Энэ асуудлаас нь болж маргалдсан. Энэ хүний биед хөнгөн хохирол учруулсан нь үнэн” гэв.
Хохирогч Ч.Батболд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр таксинд явж байхдаа 28 дугаар сургуулийн хажуугаас эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг аваад 6 буудал тийшээ хүргэж өгөхөөр явсан. Тэдний гэрийн гудамж руу өгсөөд явж байхад гудамж нь хонхор, гүдгэр ихтэй огцом өгсүүр байсан тул эндээс цааш явж чадахгүй нээ гэж хэлсэн чинь эрэгтэй нь ийм юм рүү гарч чадахгүй юм бол яах гэж таксинд явдаг юм бэ гээд маргалдсан. Тэр залуу намайг хүзүүнээс боосон тэгэхээр нь би өмсөж явсан фудболкноос нь барьж зуурч байгаад урсан, тэр эрэгтэй ноцолдож байхдаа намайг зодож цохиогүй. Хойноос машинууд ирээд намайг машинаа холдуул гэхээр нь машинаа холдуулах хооронд нөгөө 2 хүн дээшээ алхаад яваад өгсөн. Тэгэхээр нь би машинаа байршуулчихаад араас нь очоод эхнэрийнх нь цүнхний оосорноос бариад зогссон чинь нөгөө залуу ирээд намайг боож аваад газар унагаад зүүн талын хавирга орчимд өвдөглөсөн. Тэгэхэд би хавирга хугарсан гэж бодоогүй. Тэгээд зүрх өвдөөд 103 дуудаад, гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хавирга хугарсан байна гэсэн. Би зүрх судасны өвчтэй. Өрхийн эмнэлгийн хяналтанд 2012 оноос байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-24-26/,
Гэрч Х.Энхжин мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ”Би нөхөртэйгээ хамт таксигаар гэртээ хүргүүлсэн юм. Тэгээд гэр рүүгээ ордог гудамжны дунд явж байтал такси зогсоод дээшээ явахгүй гэсэн. Тэгэхээр манай нөхөр "яагаад явахгүй байгаа юм бэ?" гэж асуутал жолооч "би гэр хорооллын замаар явдаггүй" гэсэн. Тэгээд бид 2 таксинаас буугаад "хэд гарсан бэ?" гэхэд жолооч "5000 төгрөг" гэхэд манай нөхөр цонхоор нь мөнгөө шидэж өгөөд "шороон замаар явахгүй юм бол яах гэж халтууранд явдаг юм бэ" гэж хэлээд мөнгөө өгөөд явах гэтэл жолооч бууж ирээд манай нөхрийг заамдаад авсан. Тэгээд миний нөхрийн өмсөж явсан подволк, куртикийг урсан. Тэгээд би жолооч нөхөр 2-ын голоор нь ороод "жолооч ахаа уучлаарай та ингээд яваа" гээд салгах гэтэл намайг түлхэж газар унагаасан. Тэгээд би газар уначихаад, манай нөхөр жолооч хоёр зууралдаад зогсож байхад хажуугаар явж байгаа жолооч нар миний сууж ирсэн таксины жолооч ахыг "наад машин чинь зам таглаад байна, машинаа холдуул" гэхэд маргаан түр завсарласан. Энэ хооронд нөхөр бид 2 жолоочоос салаад гудамжаар дээшээ гэр рүүгээ өгсөөд явж байтал араас жолооч ах гүйж ирээд миний цүнхний оосорноос татаад "та хоёр зугтаах гэж байна уу?" гэж орилоод газрын уруу намайг чирсэн. Намайг газрын уруу бууж чадахгүй жолооч ахад чирэгдээд уначих гээд байхаар нь манай нөхөр "жирэмсэн хүнийг ингэж болохгүй та тавиач" гэхэд манай нөхрийг бас барьж аваад утсаараа цагдаа дуудаж байх хоорондоо худлаа жүжиглээд "намайг энд хүн зодож байна, хүмүүсээ туслаарай, цагдаа нар та нар ирж байна уу" гээд утас руугаа орилоод байсан. Ингээд гудамжаар явж байсан машинуудын жолооч нар таксины жолооч ахыг зам чөлөөл гэхэд маргаан дахин завсарлаж тэр хооронд би нөхөртэйгээ гэртээ орсон. Тэгээд байж байтал цагдаа ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчраад байж байтал 103-ын эмч ирээд жолооч ахаас "таны юу өвдөж байна" гэтэл "миний зүрх салганаж байна, түүнээс биш өөр өвдсөн юм байхгүй, би угаасаа зүрх муутай хүн" гэж хэлж байсан. Манай нөхөр бас жолооч ахаас "би таньд гар хүрээгүй биз дээ, таньд өвдсөн юм байхгүй биз дээ" гэж асуутал жолооч ах "тиймээ надад өвдсөн юм байхгүй, зүрх харин салагнаад байна, би зүрхний бронктой хүн" гэж хэлж байсан. Ингээд 103-ын эмч жолооч ахыг үзчихээд миний даралтыг бас үзээд "чиний даралт чинь нэлээн багассан байна, чиний биенээс хүрэн өнгийн юм гарсан уу, төрөхөд хэд хоног үлдсэн юм бэ" гэж асуугаад надад "хяналтынхаа эмчид яаралтай очиж үзүүлээрэй" гэж захисан гэсэн мэдүүлэг /хх-20/,
Гэрч Т.Баасандорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ”..Би тэр өдөр цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Т.Мөнхбаатарын хамтаар Согоот-115 чиглэлд Чингэлтэй дүүргийн 14,19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байхад Согоот-10с Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 21 дүгээр гудамжинд таксинд явж байгаад зодууллаа гэх дуудлагын дагуу хэрэг болсон газар очиход Хайлаастын 21 дүгээр гудамжинд 7793УНП улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй ахимаг насны жолооч би сая 28 дугаар сургуулиас эрэгтэй эмэгтэй хоёр хүн аваад энд ирээд машин дээшээ гарах боломжгүй гэж хэлэхэд үйлчлүүж байсан хүн намайг барьж аваад зодлоо гээд зүүн талынхаа хавиргыг бариад ёолоод зогсож байсан. Тэгээд надад үйлчлүүлж байсан хүн энэ айл руу орсон гээд надад нэг хашаа зааж өгөхөд уг айлын хашааг цохиход нэг эрэгтэй эмэгтэй хоёр гарч ирсэн. Тэгээд нөгөө дуудлага өгсөн хүн энэ хүн мөн байна гэж хэлээд би тэр залууд та биднийг дагаж яваад цагдаагийн хэлтэс дээр очоод асуудлаа шийд гэж хэлэхэд эхнэр нь гэх эмэгтэй би цуг явна гэж хэлээд машинд суугаад цагдаагийн хэлтэс дээр ирээд Согоот-10д жижүүрийн ерөнхий зохицуулагч цагдаагийн хошууч Е.Амгаланбаярт хүлээлгэж өгөөд дараагийнхаа дуудлаганд явсан” гэсэн мэдүүлэг /хх-33-34/,
Гэрч Т.Чойсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Батболд нь ил харагдах шарх сорив гэмтэлгүй, хувцас нь шороо болсон байсан. Тэгээд өөрөө зовиураа хэлэхэд зүрхээр хатгуулаад амьсгалахад төвөгтэй, цээж зүүн орчмоор дарж байгаа юм шиг өвдөөд байна гээд байсан. Тэгээд зүрхний шигдээс байж магадгүй гэж бодоод түргэнээр аваад Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт нь хүлээлгэж өгсөн ..Батболд хэлэхдээ цээж болон зүрхний орчимд хатгуулж хүндүүрлээд амьсгалахад хүндрэлтэй байна гэж хэлж байсан. Ил харагдах гэмтэл хугарал бэртэл байгаагүй. Үзлэгийг тэмтэрч үзэхэд илт хавирга орчимд хугарсан зөрсөн зүйл ажиглагдаагүй учир нарийн мэргэжлийн рентгэн зурагт харуулахыг зөвлөсөн ..” гэсэн мэдүүлэг /хх-35-36х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн №13014 тоот дүгнэлтэнд:
1.2. Ч.Батболдын биед зүүн талын 10-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3.4.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
6.7. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
8. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-39х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ө.О нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 21 дүгээр гудамжинд Ч.Батболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ө.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.О нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Ч.Батболд нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.