| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0272/З |
| Дугаар | 128/ШШ2024/0658 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2024/0658
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч **************** ХХК /РД: **************** /
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хооронд үүссэн газар ашиглах эрх дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч **************** ХХК-аас Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн А/*** дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч **************** ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-*** дугаар тушаалаар ********* дүүргийн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт байрлах ************ нэртэй газарт 1,7 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар, газар ашиглах эрхийн ******** дугаартай гэрчилгээг 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус тус олгож шийдвэрлэсэн байна.[1]
2.2. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/*** дугаартай тушаалаар талбайн хэмжээг 0.3 га талбайгаар нэмэгдүүлж, 2.0 га болгожээ.[2]
2.3. Энэ хооронд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/*** дугаартай тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч **************** ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрөн шүүхэд ханджээ.[3]
2.4. Ингээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0790 дугаартай шийдвэрээр[4] нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/*** дугаартай тушаалын **************** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0139 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн.[5]
2.5. Дээрх шүүхийн шийдвэр, магадлалын дагуу нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/*** дугаартай тушаалаар сэргээсэн байна.[6]
2.6. Маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн А/*** дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалаар[7] нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд уг тушаалд үндэслэсэн эрх зүйн голлох үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт байна.
2.7. Нэхэмжлэгчийн зүгээс “... хариуцагч төрийн захиргааны байгууллага газар ашиглагчийг газар ашиглах эрхээр нь бүрэн хангах ёстой. Тус үүргээ хэрэгжүүлээгүй хэрнээ **************** ХХК-д сонсох ажиллагааны мэдэгдэл ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс өгсөн сонсох ажиллагааны тайлбарт дурдсан нөхцөл байдлыг судлалгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримталж цуцалсан нь үндэслэлгүй. Хуулийн дээрх заалтад заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага уг эрхээ хэрэгжүүлэх ёстой. Гэтэл тухайн үндэслэл бүрдсэн эсэх нөхцөл байдлыг газар дээр нь очиж судлалгүй шийдвэр гаргасан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь **************** ХХК-ийг газар ашиглах эрхээр хангасан боловч ашиглах нөхцөл, үндэслэл бүрэн бүрдсэн эсэхийг шалгалгүйгээр цаасан баримтад үндэслээд газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Зэрэгцээ байгаа бусад компаниудын газар ашиглах эрх хүчинтэй байгаа ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.8. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Тухайн газарт хийсэн шүүхийн үзлэгээр төвийн өндөр хүчдэлийн шугамаас өөр ямар нэг бүтээн байгуулалт хийсэн, барилга барьсан зүйл байгаагүй. 13 жил тухайн газрыг ашиглаагүй шалтгаанаа газрын орц, гарцтай холбож тайлбарлаж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хаагуур гарахыг зааж өгөх үүрэггүй. Харин зарим орц, гарцыг яаж хийх талаарх захирамж, шийдвэрүүдийг гаргаж байсан. Хууль ёсны дагуу ашиглах боломж нь бүрдсэн байхад тухайн газарт ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С****** шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай компани ************ дүүрэг **-р хороо ************* 2 га газар ашиглах эрх эзэмшдэг. Гэтэл 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас утсаар холбогдож мэдэгдэл өгнө ирж аваарай гэсний дагуу тус хамгаалалтын захиргаанд 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр очиход гэрээ гэрчилгээ хураалгах тухай мэдэгдэл, мөн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/*** дугаартай "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" тушаалын хуулбарыг (хуулбар үнэн дардасгүй) хамт өгсөн. Уг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/*** дугаартай тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2-оос дээш жил ашиглаагүй байна гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх ба манай компанид энэ тухай өмнө нь огт мэдэгдээгүй. Олон сарын турш ийм тушаал гарсан тухай газар ашиглагчид мэдэгдээгүй, тушаалыг хүргүүлээгүй. Манай компани болон манай зэрэгцээ орших **************** ХХК, **************** ХХК, **************** ХХК, **************** ХХК зэрэг компаниуд 2011 оноос хойш өөрийн газраа хуулийн дагуу ашиглахын тулд орц гарцын асуудлыг шийдвэрлэж өгөх, орц гарцтай болгож өгөх талаар яам болон бусад төрийн байгууллагуудад олон жилийн турш хандсаар ирсэн боловч өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдвэрлэгдээгүй, газраа хууль ёсоор ашиглах боломжгүй байсаар байгаа. 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар **************** ХХК-ийн газрын цэгийг өөрчилж орц гарц хийх газрыг хасаж шийдвэрлэсэн боловч уг компанийн зүгээс тухайн орц гарцыг чөлөөлж, тушаалын хэрэгжилтийг хангуулалгүй бусад компаниудын газар ашиглах эрхийг хааж боогдуулсаар ирсэн. Манай компани болон зэрэгцээ орших дээр дурдсан компаниуд орц гарцаар зорчих гэхээр **************** ХХК нь хаалт хийж нэвтрүүлэхгүй элдвээр доромжлох асуудал үүсэж байсан. Мөн манай газартай залгаа орших **************** ХХК, **************** ХХК нар газрын хэмжээг хэтрүүлэн хашаа татаж мөн л орц гарцгүй болгосон. Газрын хэмжээ хэтрүүлсэн хашаа татсан компани болон ********* дүүргийн газрын алба, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хэмжээ хэтрүүлсэн хашааг нь газрын цэгээр нь татуулж орц гарцтай болгох талаар албан бичгээр болон биечлэн удаа дараа хандсан. Энэ асуудлууд өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа. Манай компани болон зэрэгцээ орших компаниуд **************** ХХК болон **************** ХХК-ийн талбайн хэмжээ хэтрүүлж ашиглаж хашаа татсанд үйлдэлд яам болон хамгаалалтын захиргаа олон жилийн турш хуулийн дагуу арга хэмжээ авч газар ашиглах эрхээ хуулийн дагуу эдлэх боломжоор хангаж өгөхгүй байсан тул манай компани болон зэрэгцээ орших дээрх компаниуд харилцан тохиролцож тус бүрдээ ашиглах газар дээгүүрээ мөн 2016 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар баталсан орц гарцаар авто зам байгуулж зорчих боломжтой болохын тулд өөрсдийн хөрөнгөөр явган хүний зам, гэрэлтүүлэг бүхий авто зам байгуулж улсад хүлээлгэж өгөхөөр нийслэлийн Автозамын хөгжлийн газарт хүсэлт гаргаж архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж замыг өөрсдийн хөрөнгөөр барихаар зураг төслийн шатанд явж байхад 2020 онд **************** ХХК-аас архитектур төлөвлөлтийн даалгавар, орц гарц дээр маргаан үүсгэж шүүхэд хандсан бөгөөд энэ асуудал одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа өөрийн фэйсбүүк хуудаснаа байршуулсан 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 773 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдлийг санамсаргүй олж мэдсэн ба хариу тайлбарыг цахим хуудаснаас харсан мэдэгдэл дээр заасан хугацаанд хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн. Газрын тооцоо нийлсэн актыг ч мөн хүргүүлсэн. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагааны мэдэгдэл танай компанид хүргүүлсэн байх ёстой гэсэн тайлбарыг хэлдэг боловч энэ тухай мэдэгдэл манай компанид албан ёсоор ирүүлсэн зүйл байхгүй. Манай компанийн газар эзэмших эрхийг 2018 онд мөн ижил үндэслэлээр цуцалж байсан ба бид уг шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0790 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, манай газар ашиглах эрхийг цуцалсан тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй нь захиргааны байгууллага өөрийн чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс орц, гарц байхгүй тул ашиглах боломж бүрдээгүй, үүнд **************** ХХК-ийг буруутгах үндэслэл байхгүй гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн. Уг шийдвэрийг дээд шатны шүүх хэвээр үлдээсэн нь одоо хүчин төгөлдөр бөгөөд нэгэнт тогтоогдсон үйл баримт юм. Энэ хугацаанаас хойш орц, гарцын асуудал шийдэгдээгүй хэвээр, бид газрыг зохих ёсоор ашиглах боломжгүй нөхцөл байдалд байна. Энэ талаар шүүхийн шийдвэр хэрэгжихгүй, орц, гарцыг шийдүүлэхээр манай компаниас захиргааны байгууллагад өгч байсан удаа дараагийн албан бичгүүдэд хариу өгөхгүй шийдвэрлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн жилүүдэд бид газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх үүднээс 2021 онд архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эскиз зургийг тус тус батлуулсан. Мөн манай компанийн газар ашиглах хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэж оролцоог нь хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 25, 26 27 зүйлийг зөрчсөн, мөн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг мэдэгдээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/*** дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э************ шүүхэд гаргасан тайлбартаа: **************** ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 сарын 25-ны өдрийн А/*** тоот тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. ************** ХХК 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/*** тоот тушаалаар 2 га газрыг ашиглаж эхэлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл буюу 13 жил тухайн газарт ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй. Тиймээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан. Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 07 дугаар сард албан бичиг хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Мөн тус албан бичгийн хариуг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд илгээсэн. Газар эзэмших эрх хүчингүй болох нөхцөл байдал бүрдсэнийг тухайн үедээ нэхэмжлэгч компани ойлгож байсан. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр А/*** тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр газрын гэрчилгээг хураах албан бичгийг Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас илгээсэн. Дээрх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан шуудангийн баримтаар тогтоогддог. Тухайн газарт хийсэн шүүхийн үзлэгээр төвийн өндөр хүчдэлийн шугамаас өөр ямар нэг бүтээн байгуулалт хийсэн, барилга барьсан зүйл байгаагүй. 13 жил тухайн газрыг ашиглаагүй шалтгаанаа газрын орц, гарцтай холбож тайлбарлаж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хаагуур гарахыг зааж өгөх үүрэггүй. Харин зарим орц, гарцыг яаж хийх талаарх захирамж, шийдвэрүүдийг гаргаж байсан. Хууль ёсны дагуу ашиглах боломж нь бүрдсэн байхад тухайн газарт ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр 14.1-д заасны дагуу 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой байтал 2024 оны 02 дугаар сарын 02, 02 дугаар сарын 20, 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Сүүлд 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Тиймээс хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн тушаалыг хүчинтэй гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдсэн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шуудангаар албан бичиг хүргүүлж мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан. Ингэснээр **************** ХХК газар ашиглах эрхээ хүчингүй болсныг мэдсэн. Тухайн албан бичгийг тэмдэглэл үйлдэн хүлээн авсан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох хугацаа болохгүй гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан. Мөн шүүхээс хийсэн үзлэгээр тухайн газарт ямар нэг үйл ажиллагаа явуулсан, барилга байшин барьсан зүйл тогтоогдоогүй. Хөрөнгө оруулалт хийгдсэн эсэх нь эргэлзээтэй. Модон хашаа байгаа гэсэн боловч тус хашааг **************** ХХК бариагүй, өөр компанийн хашаа гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Би газрыг очиж хараагүй ч хэрэгт авагдсан зураг, нэхэмжлэгч талын тайлбар зэргээс харахад өөрсдөө ямар нэг хашаа бариагүй, өөр компаниудын тойруулж барьсан хашааны дунд тухайн газар байгаа гэж ойлгогдохоор байна. Тиймээс газартаа хөрөнгө оруулалт хийгээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгчийг газар ашиглах эрхээр нь хангасан боловч өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй учраас газрын эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Тиймээс А/*** тоот тушаалыг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч **************** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/*** дугаартай тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн хүчингүй болгожээ.
2. Маргаан бүхий актад дурдсан бодит үндэслэлийг үзвэл, “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-*** дугаар тушаалаар **************** ХХК-д ашиглуулахаар олгож, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/*** дугаар тушаалаар шүүхийн шийдвэр биелүүлж газар ашиглах эрхийг нь сэргээсэн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй ...” гэжээ.
3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт 3 Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:” гээд, мөн зүйлийн 40.4.1 дэх заалтад “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр;” гэж заажээ.
4. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлүүд нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд байх бөгөөд тухайлбал, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл үүнд хамаарахаар байна.
5. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.10 дахь заалтад “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.
6. Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарлажээ.
7. Дээрх тайлбараас авч үзвэл, аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу бусдын хууль бус үйлдэл зэрэг газар ашиглагчаас хамаарах шалтгаан байхгүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.
8. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч **************** ХХК-д анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-*** дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт байрлах *************** газарт 1,7 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар олгож, мөн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/*** дугаартай тушаалаар талбайн хэмжээг 0.3 га талбайгаар нэмэгдүүлж, 2.0 га болгосон байна.
9. Мөн энэ хооронд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаартай тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч **************** ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрөн шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0790 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/*** дугаартай тушаалын **************** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
10. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0139 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр, магадлал тус тус хуулийн хүчин төгөлдөр болжээ.
11. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0790 дугаартай шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт дурдсан “... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд **************** ХХК болон нэр бүхий 5 компанийн зүгээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, Хан-Уул дүүргийн өмчийн харилцааны албанд 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2014 оны 07 дугаар сарын 07, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрүүдэд, Хан-Уул дүүргийн газрын албанд 2014 оны 06 дүгээр сарын 20-ны өдөр тус тус ...орц, гарц нээх асуудлыг шийдвэрлүүлэх талаар ... удаа дараа хандсан байна. Түүнчлэн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр ... орц, гарцын асуудлаар яаманд хандаж уг асуудлаа шийдвэрлүүлэх нь нээлттэй байсан гэж тайлбарлах боловч зөвхөн нэхэмжлэгчийн өргөдлийг үндэслэж газар эзэмшүүлэх, чөлөөлөх, орц, гарц нээх процессын ажиллагаа явагдана гэх тайлбар нь учир дутагдалтай, өөрөөр хэлбэл газрын орц, гарц нээж газар ашиглах боломжоор хангах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг байх тул энэхүү үүргээ биелүүлээгүй байж нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй хэмээн үзсэн нь үндэслэлгүй байна ...” гэх эрх зүйн дүгнэлт бүхий үйл баримт болон
12. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0139 дугаартай магадлалын Хянавал хэсэгт дурдсан “... Нэхэмжлэгч тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашиглаж чадаагүй шалтгаанаа манай компани орц, гарцын асуудлаас болоод тухайн газраа ашиглаж чадахгүйд хүрсэн хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч байгууллага нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар ашиглуулах шийдвэр гаргахдаа бусдын ашиглалтын газартай давхцуулалгүй тухайн газраа ашиглах боломжтой байдлаар олгох нь захиргааны байгууллагын үүрэг юм. Бодит байдал дээр нэхэмжлэгчийн маргаж буй газрын орц, гарц хаагдсан гэдэг нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, гэрч Ч.Б**************** шүүхэд гаргасан мэдүүлэг, шүүхээс хийсэн газрын үзлэг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд тухайн асуудлаар хариуцагч маргаагүй байна. **************** л ХХК нь газрын орц, гарцын асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03/3959 дүгээр албан бичиг, түүний хавсралт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ирсэн баримт бичгийн жагсаалт зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгчийг газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 буюу түүнээс дээш ашиглаагүй гэж үзэн буруутгах боломжгүй төдийгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагаа явуулаагүйгээ зөвхөн орц, гарцын асуудалтай холбогдуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм ...” гэсэн эрх зүйн дүгнэлт бүхий үйл баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлууд энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэх үед буюу өнөөдөр ч арилаагүй байна.
13. Тодруулбал, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээр дурдсан орц, гарц хаасан, түүний улмаас нэхэмжлэгч газраа ашиглаж чадахгүй байгаа нөхцөл байдал хэвээр байгаа талаарх тайлбар үндэслэлтэй болох нь тус компанийн зүгээс газар ашиглагч хөрш хуулийн этгээдүүд рүү болон холбогдох төрийн захиргааны эрх бүхий байгууллагууд руу хүргүүлсэн тоотууд[8], шүүхээс хийсэн газрын үзлэг[9] зэргээр нотлогдлоо.
14. Мөн хариуцагчаас маргаан бүхий 2023 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн А/*** дугаартай тушаалыг гаргахдаа дээрх нөхцөл байдлыг харгалзаагүй, энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 23/11 тоот албан бичгээр[10] Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд тайлбарласаар байтал, түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс газраа ашиглах талаар идэвхтэй үйлдэл гаргаж, аялал жуулчлалын цогцолборын зураг төслийг боловсруулж[11], 2021 онд ********************** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан[12] байхад эдгээр нөхцөл байдлыг анхаараагүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон ... байх” зарчимд нийцээгүй гэж шүүх дүгнэлээ.
15. Түүнчлэн нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Тэнгэр рашааны гудамжнаас Хүүхдийн хорихын зүүн талаар өөрийн газар хүртэл зайд авто зам бариулахаар Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг 2020 онд батлуулсан[13], **********************дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг батлуулсан[14], мөн Авто замын зураг төслийг захиалж боловсруулсан[15] боловч **************** ХХК-аас Нийслэлийн Автозамын хөгжлийн газарт холбогдуулан тус авто замын ажлын даалгавруудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 7895 дугаартай захирамжаар[16] захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаагаас шалтгаалан уг замыг барьж байгуулах ажил зогссон болохыг хариуцагч анхаараагүй нь буруу байна.
16. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
17. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтад заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” гэх агуулгатай тайлбар хэлснийг шүүх дараах үндэслэлээр хүлээн аваагүй. Тодруулахад:
18. Нэхэмжлэгч нь маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн А/*** дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хэзээ хүлээн авсан талаарх үйл баримтыг тодруулахаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2024/1876 дугаартай захирамжаар[17] нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон, мөн тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1/1989 тоотоор[18] Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд нотлох баримт гаргуулахаар хандсан.
19. Түүний дагуу нэхэмжлэгчээс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 24/02 тоотоор[19] ирүүлсэн тайлбар болон Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/318 тоотоор[20] ирүүлсэн тайлбарыг судлан үнэлэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс ирүүлсэн тайлбар, түүнд хавсаргасан нотлох баримтаар нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд очиж гардан авсан, гардан авахдаа энэ талаар тэмдэглэл үйлдсэн[21] байх тул нэхэмжлэгчээс тус шүүхэд анх 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж үзсэн болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, 40.4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч **************** ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн А/*** дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 104-105 дахь тал
[2] 1Хх 101 дэх тал
[3] 1Хх 51-56 дахь тал
[4] Мөн тэнд
[5] 1Хх 46-50 дахь тал
[6] 1Хх 103 дахь тал
[7] 1Хх 100 дахь тал
[8] 1Хх 59-76 дахь тал
[9] 1Хх 171-177 дахь тал
[10] 1Хх 145 дахь тал
[11] 1Хх 41-42 дахь тал
[12] 1Хх 43-44 дэх тал
[13] 1хх 197-203 дахь тал
[14] 1Хх 204-206 дахь тал
[15] 1Хх 211-216 дахь тал
[16] 1Хх 180-181 дэх тал
[17] 1Хх 83-84 дэх тал
[18] 1Хх 86 дахь тал
[19] 1Хх 5 дахь тал
[20] 1Хх 87 дахь тал
[21] 1Хх 7 дахь тал