| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00574/И |
| Дугаар | 152/ШШ2024/00545 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 152/ШШ2024/00545
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: В.Х,
Хариуцагч: Ж.А-д холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: В.Х,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
Хариуцагч Ж.А д шүүх хуралдааны товыг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь Ирцийн асуудлаар гаргах саналгүй, хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хүрэлцэн ирээгүй байх тул хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч В.Х нь хариуцагч Ж.А д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. В.Х миний бие Батхүүгийн Бат-Ерөөлттэй 2016 онд танилцаад 2017 оноос эхэлж хамт амьдарсан ба нөхөр Б.Б нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зуурдаар нас барсан. Тухайн үед би 3 сартай жирэмсэн үлдэж байсан юм. Улмаар 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр охин Б.А-ыг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулж амжаагүй байтал нөхөр маань зуурдаар нас барсан юм. Улмаар иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж охин Б.А-ын эцэг нь Б.Б мөн болохыг тогтоолгож охиноо эцэг Б.Б-өөр овоглуулах болсон. Нөхөр маань нас барсны дараа охины тэжээгчээ алдсаны тэтгэмж авах материалыг нөхрийн ээж Ж.А нь бүрдүүлсэн ба ингэхдээ охины маань тэжээгчээ алдсаны тэтгэмж болон төрөөс хүүхдэд сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг мөнгийг Төрийн банканд өөрийн нэр дээр хадгаламжийн данс нээн хүлээн авч байсан байна. Би тухайн үед уй гашуутай байсан учир энэ учрыг сайн лавлаагүй орхисон байсан ба 2019 оны 7 сараас эхэлж охин 3 нас хүртэлх хугацаанд нийт 8,000,000 төгрөгийг авсан байгааг сүүлд олж мэдсэн. Би 2021 оны 3 сараас хойш охин Б.А-ын тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг авч эхэлсэн. Улмаар би энэ байдлыг мэдээд дээрх хадгаламжийг охины ээж болох В.Х надад шилжүүлж өгөхийг хүссэн боловч өгөхгүй татгалзсан учир шүүхэд хандсан. Охин Б.А-ын хууль ёсны асран хамгаалагч болох В.Х намайг байсаар байхад ингэж өөрийн дансаараа охины минь тэжээгчээ алдсаны тэтгэмж болон хүүхдийн мөнгийг авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул Ж.А-гаас 8,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Х нь 2018 онд охиныхоо аавтай танилцаж гэр бүл болж жирэмсэн болсон ч охины аав нас барж тухайн үед миний үйлчлүүлэгчийн сэтгэл санаа хэцүү байхад охин 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр хүүхдийг эцгээр Б.Бийг тогтоосон. В.Х-гийн хувьд ханиа алдаад хэцүү байх хугацаанд нөхрийнх нь аав, ээж хэрүүл хийж, танай ач охиныг төрүүлэх гэж байна, надад мөнгө хэрэгтэй байна гэх асуудлыг гаргаагүй. Өөрөө бие дааж хүүхдээ асарч, халамжилж сургууль, цэцэрлэгт нь оруулж, хүүхэд төрсний дараах хэрэглээний зардлыг ганцаараа зохицуулж ирсэн. Хадам аав, ээж нь тусалж байгаагүй байж хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хууль бусаар өөрийн ач охинтой холбогдуулж тухай мөнгийг аваад В.Х-г аваад хэрэглэнэ тиймээс 18 нас хүртэл нь хамгаалж байна гэх байдлаар үндэслэлгүйгээр хуулийн байгууллагад мэдэгдэхгүйгээр өөрийн данстай холбож хууль ёсны асран хамгаалагчийн захиран зарцуулах эрхийг нь хааж боогдуулсан. В.Х хэрүүл хийхгүй гэдэг үүднээс маргаан гаргаагүй байсан ч 2019 онд мэдээд 2021 оны 3 дугаар сараас хойш охин Б.А-ын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн дансыг өөрийн данстай холбуулсан. Хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. В.Х 8,000,000 төгрөгийг яагаад нэхэмжилж байгаа вэ? гэхээр В.Х хувиараа бизнес эрхэлдэг, нөхөргүй, аав ээжийндээ амьдардаг. Охиноо тэжээхийн тулд засгаас олгож байгаа тэтгэмжийг охины хоол, хүнс хувцас, сурах нөхцөл байдалд зарцуулах ёстой. Гэтэл асран хамгаалагчийн хүүхдийн тэтгэмжийг захиран зарцуулах эрхийг Ж.А зөрчиж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Охины асран хамгаалагчийг албан ёсоор тогтоосон байхад Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Төрийн банк ээжийнх нь данс руу орох тэтгэмжийг эмээгийнх нь данс руу оруулсан үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэг. Учир нь бусдад давуу байдал олгож ашиглах боломжийг төрийн албан хаагч олгож байна. В.Х үүнийг мэдэхгүйг далимдуулж хариуцагч нь ийм асуудал үүсгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагчийн хариу тайлбарт ирүүлсэн охиныг 18 нас хүрэхэд тухайн мөнгийг өгнө гэх баталгаа байхгүй.Тиймээс В.Х-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж дэмжиж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ж.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.А нь 1999 оны 05 сарын 03-нд анхны хүү Б.Б-ийг төрүүлсэн. Хүү маань 2016 онд ШУТИС-ийн оюутан болж Улаанбаатар хотод очоод оюутны байранд байх хугацаандаа нэхэмжлэгч В.Х-тай танилцаж 2-р курсийн хагасаас хамтран амьдарч байгаад 3-р курст орох жил 2018 оны 08 сарын 21-нд зуурдаар нас барсан. Хамтран амьдарч байх үедээ В.Х нь амиа хорлоно гэж гараа зүсэж, өндөр байшин дээрээс үсрэхийг завдах зэргээр хүүг маань дарамтад оруулдаг байсныг сүүлд сонсоод шүүхэд хандахад 3 жил өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хүлээж аваагүй. Тухайн үедээ гэрлэлтээ батлуулаагүй, 3 сартай жирэмсэн үлдсэн В.Х-г бэрээ гэж хүндэтгэн, хүүхдийн ирээдүйн сайн сайхны төлөө өөрийн хүсэлтээр шүүхэд 2 удаа хандаж, хамтран амьдрагчаар бүртгүүлж, эцэг тогтоолгох шинжилгээг Улаанбаатар хотод хийлгэн хүүхдийг Б.Б-өөр овоглох шүүхийн шийдвэрийг гаргуулсан. Түүнд үндэслэн хүүхдийн нэр дээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд Төрийн банканд Б.А гэсэн бүртгэлтэй 1**** дугаарын хадгаламжийн данс нээлгэн 18 нас хүртэл хамтран эзэмшигчээр гарын үсэг зурж, халамжийн тэтгэврийг данстай нь холбуулсан. 2019 оны 09 сарын 17-оос 174,000 төгрөгөөр тэтгэвэр орж эхэлсэн. Тэтгэвэр орж байх хугацаанд нэхэмжлэгч В.Х Улаанбаатар хот руу сургалтаар явахдаа замын зардал хийнэ гэж 500,000 төгрөг авч байсан бөгөөд буцааж хийсэн. Нэхэмжлэгч В.Х нь Хүүхдийг 3 нас хүртэл cap бүрийн тэтгэмжийн мөнгө 8,000,000 төгрөгийг авч хөрөнгөжсөн гэж ор үндэсгүй зүйл бичсэн байна. Хүүхдийн сар бүрийн мөнгөн тэтгэмж дээрх дансанд огт орж байгаагүй бөгөөд зөвхөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр 21 сарын хугацаанд буюу 2021 оны 3 сарын 11 хүртэл нийт 5,004,872 төгрөгийн тэтгэвэр орсон. 2021 оны 3 сараас хойш тэтгэврийн мөнгө холбосон дансанд орж ирэхээ больсон бөгөөд В.Х-гаас асуухад Би банкаа өөрчилж, өөрийнхөө данс руу тэтгэврийн мөнгийг авдаг болсон гаж хэлсэн. 2021 оны 3 сараас хойш Б.А-ын хадгаламжийн дансанд дахин тэтгэврийн мөнгө орж ирээгүй бөгөөд хадгаламжийн хүү хуримтлагдсаар одоо 7,312,677 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг банкны хуулгаас харж болно. /Банкны хуулгыг баримтаар хавсаргав/ Миний бие уг дансанд байгаа мөнгөнөөс хувьдаа 1 төгрөг ч авч ашиглаагүй бөгөөд Б.Аыг 18 нас хүрсэн үед нь өөрт нь өгөх зорилгоор хадгалж байгаа болно. Гэтэл нэхэмжлэгч В.Х нь мөнгийг надаас удаа дараа нэхэж, Мөнгө нэмээгүй байна хэмээн дарамталж олон тооны мессеж бичсэн бөгөөд сүүлд нь шүүхэд хандсанд, мөн Төрийн банкны салбар тооцооны төв харилцагч миний дансны мэдээллийг В.Хд өгсөнд иргэний хувьд гомдолтой байна. Нэхэмжлэгч В.Х Мөнгөө авч байр авахад хэрэглэнэ гэж манай нөхөр Ч.Б утсаар ярьсан байсан. Б.А Аавтай болж байгаа гэж надад хэлсэн учраас би энэ хүн өөр хүнтэй болж, байрны мөнгөнд энэ мөнгийг зарцуулах гэж байгаа юм байна гэж бодсоны үндсэн дээр мөнгө өгөхөөс татгалзсан. Гэтэл нөхрийн утас руу янз бүрийн мессеж бичиж, биднийг доромжилсон. Нөхөр Ч.Б ********** дугаарт бичсэн мессежийг баримт болгон хавсаргав. В.Х нь 3 жилийн өмнө уг мөнгийг бас нэхэж, хүүхдийг уулзуулахгүй, овгийг нь өөрчилж, та нарт хамаагүй хүн болгоно гэсэн үгтэй мессежүүдийг миний өөрийн дугаар болох ********* явуулж байсан бөгөөд, миний утас болон Facebook хаягийг блок хийж надтай харьцаагаа тасалсан. Тухайн үед барьж байсан өөрийн утас хаягдсан учир баримтыг хавсаргаж чадсангүй. ЮНИТЕЛ компаниас авах гэсэн боловч надад гаргаж өгөх боломжгүй гэж хэлсэн. Энэ мэтчилэн надаас хүүхдийн нэр дээр байгаа хадгаламжийн мөнгийг нэхэж, удаа дараа утас мессежээр дарамталж байгаад миний бие гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Би тухайн мөнгийг хүүхдийг 18 нас хүртэл нь хадгалж, 18 нас хүрээд өөрөө захиран зарцуулах эрхтэй болох үедээ сурч боловсрохдоо зарцуулаасай, тэр үед нь өгье гэсэн бодолтой байдаг. Би ач охин болох Б.А-ыг хар нялхаас нь хамт асралцаж өөрийн үр шигээ хайрлаж хамгаалсаар ирсэн. 2019 оны 8 сард 6 сартай байхад нь өөрийн гар дээр авч асарч нэхэмжлэгч В.Х-г Улаанбаатар хотод сургалтад суулгаж энэ ажил хийх боломжийг нь хангаж өгч байсан болно. Б.А-ыг гэртээ авч ирэхдээ нэхэмжлэгч В.Х-гаас байнга зөвшөөрөл авдаг. Мөнгөний асуудлаас болоод охиныг бидэнд ямар ч хамаагүй хүн болгоноо, овгийн солино уулзуулахгүй гэж дарамталж байгаад гомдолтой байна. Охин маань бидэн дээр ирэхдээ хамгийн аз жаргалтай байдаг гэжээ.
4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Б.А-ын төрсний гэрчилгээний хуулбар, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 432 дугаар тодорхойлолт, Улаангом сумын ХЭХАХ Мэргэжилтэн Ц.Ө-н 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан тодорхойлолт, тэтгэвэр тэтгэмжийн хувийн хэрэг, тэтгэвэр, тэтгэмж тогтоолтын хуудас, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт, Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 472 дугаар тодорхойлолт, В.Х-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.А-ын төрсний гэрчилгээний хуулбар, Б.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Бийн нас барсны гэрчилгээний хуулбар, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 131 дугаар шийдвэрийн хуулбар, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 268 дугаар шийдвэрийн хуулбар, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2767 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Төрийн банкны /Б.А, хамтран эзэмшигч Ж.А/ хугацаат дансны харилцагчийн хуулга, 3 хуудас мессежний хуулбар, 2 хуудас фото зургийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч В.Х-гийн хариуцагч Ж.А-д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Нөхөр маань нас барсны дараа охины тэжээгчээ алдсаны тэтгэмж авах материалыг нөхрийн ээж Ж.А нь бүрдүүлсэн ба ингэхдээ охины маань тэжээгчээ алдсаны тэтгэмж болон төрөөс хүүхдэд сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг мөнгийг Төрийн банканд өөрийн нэр дээр хадгаламжийн данс нээн хүлээн авч байсан байна. Би тухайн үед уй гашуутай байсан учир энэ учрыг сайн лавлаагүй орхисон байсан ба 2019 оны 7 сараас эхэлж охин 3 нас хүртэлх хугацаанд нийт 8,000,000 төгрөгийг авсан байгааг сүүлд олж мэдсэн. Би 2021 оны 3 сараас хойш охин Б.Аын тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг авч эхэлсэн. Улмаар би энэ байдлыг мэдээд дээрх хадгаламжийг охины ээж болох В.Х надад шилжүүлж өгөхийг хүссэн боловч өгөхгүй татгалзсан учир шүүхэд хандсан. Иймд Ж.А-гаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Төрийн банканд Б.А-н гэсэн бүртгэлтэй ************ дугаарын хадгаламжийн данс нээлгэн 18 нас хүртэл хамтран эзэмшигчээр гарын үсэг зурж, халамжийн тэтгэврийг данстай нь холбуулсан. 2019 оны 09 сарын 17-оос 174,000 төгрөгөөр тэтгэвэр орж эхэлсэн. Нэхэмжлэгч В.Х нь Хүүхдийг 3 нас хүртэл cap бүрийн тэтгэмжийн мөнгө 8,000,000 төгрөгийг авч хөрөнгөжсөн гэж ор үндэсгүй зүйл бичсэн байна. Хүүхдийн сар бүрийн мөнгөн тэтгэмж дээрх дансанд огт орж байгаагүй бөгөөд зөвхөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр 21 сарын хугацаанд буюу 2021 оны 3 сарын 11 хүртэл нийт 5,004,872 төгрөгийн тэтгэвэр орсон. 2021 оны 3 сараас хойш тэтгэврийн мөнгө холбосон дансанд орж ирэхээ больсон бөгөөд В.Х-гаас асуухад Би банкаа өөрчилж, өөрийнхөө данс руу тэтгэврийн мөнгийг авдаг болсон гаж хэлсэн. 2021 оны 3 сараас хойш Б.А-ын хадгаламжийн дансанд дахин тэтгэврийн мөнгө орж ирээгүй бөгөөд хадгаламжийн хүү хуримтлагдсаар одоо 7,312,677 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг банкны хуулгаас харж болно. Миний бие уг дансанд байгаа мөнгөнөөс хувьдаа 1 төгрөг ч авч ашиглаагүй бөгөөд Б.А-ыг 18 нас хүрсэн үед нь өөрт нь өгөх зорилгоор хадгалж байгаа болно гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 131 дүгээр шийдвэрээр В.Х-г Б.Б-тэй 2017 оны 8 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэжээ.
Мөн шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 268 дугаар шийдвэрээр 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, РД:*************, Б.А-н эцэг нь Б.Б мөн болохыг тогтоожээ.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд-д олгохоор заасан ба Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тэтгэвэр тэтгэмжийн хувийн хэргээс үзэхэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг В.Х-н 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тогтоожээ.
Увс аймгийн Улаангом сумын ХЭХАХ Мэргэжилтэн Ц.Ө Улаангом сумын 11-р багийн иргэн **************** регистрийн дугаартай В.Х нь Нийгмийн халамжийн сангаас 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1501 шифр бүхий тэжээгчээ алдсаны тэтгэврийг авч эхэлсэн. Тус үйлчилгээг 2037 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл авах нь үнэн болно хэмээн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тодорхойлолт гаргажээ.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг банкаар дамжуулан олгоно гэж, мөн хуулийн 15.4-т 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно гэж заасан Төрийн банкны хугацаат дансны харилцагчийн хуулгаас харахад 160000515692 дугаартай хүүхдийн хадгаламжийн харилцагчийн нэр Б.А, дансны хамтран эзэмшигчийн нэр Жалбын Алтай гэж ба уг дансны эцсийн үлдэгдэл 7,312,677.37 төгрөг байгаа болох нь тогтоогдож байна. Харин тухайн банкнаас яагаад Б.А-ын данс хамтран эзэмшигчээр Ж.А-г оролцуулсан нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.
5. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч В.Х-гийн хариуцагч Ж.Ад холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч В.Х-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч В.Х-гийн хариуцагч Ж.А-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч В.Х-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР