| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00564/И |
| Дугаар | 152/ШШ2024/00549 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 152/ШШ2024/00549
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Б.Ч нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УАЗДТГ-т холбогдох,
2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/66 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн магадлал биелүүлэн Аймгийн ЗДТГ-ын даргын 2024.10.03-ны Б/66 тоот тушаалаар ажилд эгүүлэн тогтоосон тушаалыг гаргасан. Уг тушаалыг эс зөвшөөрч Улаангом сумын хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Ажилд эгүүлэн тогтоосон тушаалыг гаргахдаа эрх зүйн байдлыг дордуулсан, батлагдаагүй орон тоонд томилсон шийдвэр гаргасан, шүүхийн шийдвэрийг дүр эсгэн хэрэгжүүлсэн байдлаар тушаал гарсан гэж үзэж байна. Иймд Аймгийн ЗДТГ-ын даргын 2024.10.03-ны Б/66 тоот тушаалаар ажилд эгүүлэн тогтоосон тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ц.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Ч-н нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Б.Ч-г ажилд эргүүлэн томилох тухай 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/66 дугаар тушаал гаргахдаа Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоонд байхгүй ажил албан тушаал дээр томилсон байна. Мөн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 буюу аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр чөлөөлсөн бөгөөд энэ тухай урьдчилан мэдэгдсэн албан мэдэгдэл хүргүүлээгүй болно. Улмаар Б. Ч-г эргүүлэн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/94 тушаалаар нийтлэг үйлчилгээний албаны дарга орон тоон дээр томилсон бөгөөд уг тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байх бөгөөд аймгийн ЗДТГ-ын бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/701 дугаар захирамжаар нийтлэг үйлчилгээний албаны даргын орон тоог бий болгосон болно. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт нь нэхэмжлэгч Б.Ч-н нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
Б.Э-н 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/94 тоот Ажилд эгүүлэн тогтоох тухай тушаалын 5 дугаар заалтад энэхүү тушаал гарсантай холбогдуулан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар дугаар сарын 03-ны өдрийн Б/66 дугаар тушаал, 204 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай гэх тушаалаар тус тус нотлогдож байна.
Иймд хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч Б.Ч-н нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ч-н шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ч-н ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газар биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ч-н нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР