| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2023/0708/З |
| Дугаар | 128/ШШ2024/0611 |
| Огноо | 2024-08-05 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2024/0611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “А” ХХК /РД:/,
Хариуцагч: Харилцаа холбооны зохицуулах хороо,
Маргааны төрөл: Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” дугаар тогтоолыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, Т.М*******, С.Я, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч “А” ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.“А” ХХК 5290-5310 МГц, 5510-5530 МГц радио давтамж ашиглах 23700054 дугаартай, 3700-3800 МГц радио давтамж ашиглах 2740020 дугаартай, интернэтийн үйлчилгээ эрхлэх 13600132 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тогтоолоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 3700-3800 МГц-ыг радио давтамжийн зурвас ашиглах дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
2.2.Анх Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор “А” ХХК-д Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээнд дамжуулан хүргэх /радио релей/ станцын зориулалтаар 3700-3800 МГц радио давтамжийг ашиглах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгожээ.
2.3.Улмаар Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай тушаалаар дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сунгаж, радио давтамж ашиглах гэрээ[1] байгуулсан байна.
2.4.Тус хорооны даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай тушаалаар баталсан удирдамжийн[2] дагуу Улаанбаатар хотын хэмжээнд дамжуулан хүргэх үйлчилгээний радио давтамжийн ашиглалтыг тодорхойлох хэмжилт хийх, тусгай зөвшөөрлийн гэрээний нөхцөл шаардлагад хяналт шалгалт хийх, тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.
2.5.Уг хяналт шалгалтын тайланд[3] “А” ХХК-ийн хувьд “Тус хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу радио давтамжийн ашиглалт байхгүй. ...Хяналт шалгалтаар ажлын байр нь дээр очиход шинээр тоног төхөөрөмжүүд худалдан авч туршилт хийж байгаа талаар тайлбар өгсөн. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй учир тухайн тоног төхөөрөмжүүдийг өөрийнх мөн гэдгийг нотлох баримт шаардсан боловч ирүүлээгүй. Иймд Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3-д ... заасны дагуу тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналтай байна” гэжээ.
2.6.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр[4] “А” ХХК-д дугаартай радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн ба 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор холбогдох тайлбар, нотлох баримт ирүүлэх талаар мэдэгджээ.
2.7.Дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч “А” ХХК-иас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Харилцаа холбооны зохицуулах хороонд тайлбар гарган, компанийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тус компаниас “О” ХХК-тай байгуулсан гэрээ, гаалийн барааны мэдүүлэг зэрэг баримтуудыг хавсаргасан хүргүүлжээ.
2.8.Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар тушаалаар Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийг баталж, тус хүснэгтэд 3600-4200 МГц давтамжийн зурвасыг “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны 5G үйлчилгээнд” ашиглахаар тусгасан байна.
2.9.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай албан бичгээр[5] Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасан үндэслэлээр дугаартай радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсныг мэдэгджээ.
2.10.Улмаар Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тогтоолоор “А” ХХК-ийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 3700-3800 МГц радио давтамжийн зурвас ашиглах дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай дугаартай албан бичгээр тогтоолын хуулбарыг хүргүүлж, мэдэгджээ.
2.11.Нэхэмжлэгч “А” ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тогтоолыг эс зөвшөөрч 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2.12.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбогдуулан сонсох ажиллагаа явуулаагүй, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай компаниас өгсөн материалыг үндэслэн тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаа сунгасан хэрнээ 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй гэж дүгнэж манай компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн, тусгай зөвшөөрөл хүчингүй болгох мэдэгдэлтэй холбогдуулан тайлбар, холбогдох баримтыг өгснөөс 6 сарын дараа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, дахин хуваарилалт хийх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа тохиолдолд нөхөн олговор олгох хуулийн зохицуулалттай, гэтэл маргаан бүхий актад үүсэх үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулалт байхгүй” гэж тайлбарласан.
2.13.Хариуцагчийн зүгээс “нэхэмжлэгч компани нь нийт 4 тусгай зөвшөөрөлтэй бөгөөд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон ч гэсэн үндсэн интернэтийн үйлчилгээ эрхлэх болон түүнд хамаарах радио давтамжуудыг ашиглах тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байгаа, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа эрхлэх гэдэгт тоног төхөөрөмжөө суурилуулан тухайн давтамжид хэрэглээ үүссэн буюу хэрэглэгчид үйлчилгээ үзүүлж, гэрээ байгуулсныг ойлгоно, нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа эрхлээгүй болох нь төлөвлөгөөт хяналт шалгалтаар тогтоогдсон, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд нэхэмжлэгч компаниас тайлбараа ирүүлсэн, маргаан бүхий тушаалд Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг баримталсан нь техникийн шинжтэй алдаа” гэж тайлбарлан маргаж байна.
Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.Нэхэмжлэгч “А” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “А” ХХК нь дугаартай радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ба тус тусгай зөвшөөрлөөр 3700-3800 МГц радио давтамжийн зурвасыг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ашиглах эрхтэй. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” дугаар тогтоол гаргаж, манай эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тул Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Ашиг сонирхол хөндөгдсөн тухайд: Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай тусгай зөвшөөрөл хүчингүй болгох нөхцөл бүрэлдсэн, холбогдох нотлох баримт тайлбар, бусад мэдээллийг ирүүлэх талаар мэдэгдлийг ирүүлсэн. “А” ХХК нь дээрх албан бичигтэй холбогдуулан явуулж буй үйл ажиллагаа, ковидын үед тодорхой хугацаанд үйл ажиллагаа идэвхтэй биш байсан шалтгаанаа тайлбарласан тайлбар, нотлох баримт, мэдээлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот албан бичгээр хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хорооноос дахин ямар ч албан бичиг мэдэгдэл ирээгүй, бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байсан. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тоот “Мэдэгдэл хүргүүлэх” тухай албан бичгээр “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-ийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот тушаалын хавсралтаар шинэчлэн баталсныг тус хороонд ирүүлээд байна. Тус хүснэгтэд 3600-4000 МГц давтамжийн зурвасыг “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны 5G үйлчилгээнд” ашиглахаар тусгасан байх тул танай компанийн эзэмшдэг тоот тусгай зөвшөөрлийг Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т заасны дагуу хүчингүй болгох нөхцөл бүрдсэн байна. ...Мөн тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг 1 жилийн хугацаанд эрхлээгүй байгаа тул Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсныг мэдэгдэж байна” гэсэн албан бичгийг ирүүлсэн. “А*******” ХХК-ийн зүгээс түүнийг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай албан бичгийг, холбогдох тайлбарын хамт 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. Гэтэл сар гаруй хугацааны дараа буюу Харилцаа холбооны зохицуулах хорооны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Тогтоол хүргүүлэх тухай албан бичиг" дугаар албан бичгээр манай компанийн радио давтамжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, зохих хууль журмын дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөд, үйл аж ажиллагаагаа эрхлээд явж байсан манай компани тусгай зөвшөөрлийн гэрээний үүргээ болон харилцагчидтайгаа байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болгож, бидний субьектив эрхийг шууд зөрчиж байна.
Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн ******* тушаалын 2-т “хүчин төгөлдөр эзэмшиж байгаа радио давтамж, радио давтамжийн зурвасын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа Дууссаны дараа сонгон шалгаруулалтын журмыг хэрэгжүүлсүгэй” гэж заасан байхад Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө шууд хүчингүй болгосон. Түүнчлэн 3600-4000 МГц-ийн давтамжийн зурвас эзэмшиж байгаа компаниудаас зөвхөн манай компанийн 3700-3800МГц давтамжийг хүчингүй болгож байгаа нь төрийн байгууллагаас аж ахуйн нэгжийг ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж үзэхээр байна. Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын хувьд өөрийн давтамжид таарах төхөөрөмжийг авч ашигладаг бөгөөд давтамж өөрчлөгдөхөд төхөөрөмжөө ашиглах боломжгүй буюу тус “А” ХХК-ийн ашиглаж байгаа төхөөрөмж нь зөвхөн тодорхой давтамж дээр ажиллах боломжтой байдаг. Энэ нь ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийдэгддэг харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Аливаа захиргааны акт нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байх ёстой. Гэтэл Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр баталсан Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “хуулийн 5.2.6-д заасан баримт бичгийн дагуу шинэ төрлийн дэвшилтэт технологи, үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор радио давтамжийн зурвасыг дахин хуваарилсан” бол тусгай зөвшөөрөл хүчингүй болохоор зохицуулжээ. Энэ нь хууль ёсоор тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж байгаа этгээдийн тусгай зөвшөөрлийг өөр технологид шилжүүлэн ашиглах нэрийн дор хугацаанаас нь өмнө хураан авах эрх зүйн орчныг бий болгосон буюу хувийн өмчийг хураан авч байгаагаа хууль ёсны мэт харагдуулахын тулд хуулийн зохицуулалт (өмчлөгчийн эрхийг гагцхүү хуулиар хязгаарлах) болгон оруулж иржээ. Үүнийг бид Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм.
Монгол Улсад иргэн шударгаар бизнес эрхлэх боломжийг бүрэн хаасан дээрх зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэнтэй нийцэхгүй байна. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмын агуулга нь “захиргааны шийдвэр нь шударга ёс тэгш байдлыг үүсгэсэн хуульд нийцсэн байх ёстой буюу “rule by law” биш “rule of law” зарчим үйлчлэх ёстой буюу хуулийн зохицуулалт нэг бүр нь үндсэн хуульд нийцсэн байх агуулгатай. Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу нэмэлт, өөрчлөлт орох хуульд хэрэгжилтийн үнэлгээний судалгаа хийх ёстой бөгөөд энэхүү судалгааны хүрээнд хуулийн төсөл нь Үндсэн хууль, бусад хуульд нийцэж байгаа эсэхийг тусгадаг. Гэтэл 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр баталсан Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэрэгжилтийн үнэлгээ хийгээгүй нь ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх хууль дээдлэх зарчимтай нийцэхгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т Монгол Улсын иргэн нь 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тоот дугаартай хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй байхаар хуульчилсан. Хувийн өмч нь иргэний болон хуулийн этгээдийн хэлбэрээр оршин байдаг тул уг эрх нь хуулийн этгээдэд мөн хамааралтай. Энэ утгаараа хуулийн этгээдийн өмчид хамаарах бодитойгоор орших эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх нь үндсэн хуулиар хамгаалагдах бололцоотой. Энэ нь төрөөс буюу Монгол Улсын Их Хурлаас хууль батлахдаа иргэн, хуулийн этгээд шударгаар өөрийн бизнесийг эрхлэх эрх зүйн орчин бүрдүүлж чадаж байгаа эсэхээр хэмжигдэнэ. Түүнчлэн өмчийн эрхийн хязгаарлалт (нийтийн ашиг сонирхол) болон өмчийн эрхийн хүрээнд хүлээх үүрэг (зөвшөөрөл авах) гэх мэт агуулгаараа өргөн хүрээтэй. Өөрөөр хэлбэл, Төрөөс өмчлөх өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарлах гэж байгаа тохиолдолд тодорхой нийтийн эрх, ашиг сонирхол зайлшгүй хөндөгдсөн байх, хөндөгдөж болзошгүй байх ёстойгоос гадна, өмчлөгчид учирсан хохирлыг нөхөн төлөх механизм бүрдсэн байх ёстой. Гэтэл дараа үеийн технологи буюу 5G технологи нь нийтийн хөндөгдөж буй эрх ашиг сонирхол мөн үү, түүнийг олон нийтээс шаардаж байна уу гэвэл огт тийм зүйл байхгүй, харин үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч хэдэн тооны давамгай байдалтай аж ахуйн нэгжийн давтамжийн нөөцийг хуваан эзэмших зах зээлд шинээр аж ахуйн нэгж оруулахгүй гэсэн нөлөөллийн (лобби) үр дүн юм. Энэ ч утгаараа үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн 2G, 3G үйлчилгээнд ашиглаж байгаа буюу дараа үед ашиглагдах давтамжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй хэр нь зах зээл дэх жижиг тоглогчдыг шахан гаргаж байгаа нь өмчлөх эрхийг Улсын Их Хурал, Цахим хөгжил харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн институт шат шатандаа зохион байгуулалттайгаар зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй гэж заасан. Аж ахуй эрхлэх гэдэг нь хүн хуулийн этгээд ашиг олох зорилгоор хуулийн этгээд байгуулж, эсхүл байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулахыг ойлгох бөгөөд зарим төрлийн үйл ажиллагаа явуулахын тулд төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авдаг. Мөн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд тус тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог. Төрөөс тусгай зөвшөөрөлд тавигдаж байгаа хуулийн болон нөхцөл шаардлыг хязгаарлалт нь гагцхүү нийтийн ашиг сонирхлыг хөндөж байгаа тохиолдолд төрөөс авч хэрэгжүүлэх хязгаарлалт байх учиртай. Гэтэл нэгэнт хувийн аж ахуй эрхлэхэд олгосон тусгай зөвшөөрлөө өөр хуулийн этгээдэд өгөхөөр боллоо, өөр технологид ашиглуулна гэж гэж хүчингүй болгохоор зохицуулсан, мөн ингэж хүчингүй болгох тохиолдолд нөхөн олговор өгөх асуудлыг хуульчлаагүй нь хувийн аж ахуй эрхлэх эрхийг нь ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй тухайд: Аливаа захиргааны байгууллага нь бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулсан байх ёстой. Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэн баримтжуулж сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй. Харилцаа холбооны зохицуулах хороо энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, анх Харилцаа холбооны зохицуулах хорооноос 11 сард төлөвлөгөөт бус шалгалт хийж үйл ажиллагаа явуулаагүй байна, тайлбараа ирүүл гэсэн албан бичиг өгсний дагуу албан бичигт заасан хугацааны дотор хариу тайлбар нотлох баримтуудыг илгээсэн. Манай тайлбараас хойш Харилцаа холбооны зохицуулах хороо энэ асуудлаар дахин манайхтай холбогдоогүй, бид ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байтал 6 сарын дараа буюу манай компанид Харилцаа холбооны зохицуулах хорооноос 06 дугаар сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрөл хүчингүй болгох мэдэгдэл ирүүлсэн бөгөөд бид мэдэгдлийг эс зөвшөөрч 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хариу албан бичиг хүргүүлсэн. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос бидний хариу бичигт үндэслэл бүхий тайлбар ирүүлээгүй, танилцуулалгүйгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос зарим нэг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудал нь хууль тогтоомж, түүгээр тогтоосон журмын дагуу биш дур зоргын шийдвэр болсон нь манай жишээнээс илэрхий харагдаж байна. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэлдээ Зөвшөөрлийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг эшилсэн буюу “А” ХХК-г тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулах хүсэлт гаргасан гэсэн үндэслэл заасан нь огт үндэслэлгүй. “А” ХХК-ийн зүгээс хэзээ ч тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаж байгаагүй, утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт болжээ.
Захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн тухайд: Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн “Үндэсний радио давтамжийн хуваарилалт”-ын хүснэгтийн 2-т заасан хүчин төгөлдөр эзэмшиж байгаа радио давтамж, радио давтамжийн зурвасын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссаны дараа сонгон шалгаруулалтын журмыг хэрэгжүүлсүгэй гэж заасан байхад тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Иймд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх тоот тусгай зөвшөөрлийг 2019 оны 01 сарын 24-ний өдөр авсан. Түүнээс хойш үйл ажиллагаа явуулж байгаад 2022 оны 01 сарын 24-нд буюу 3 жилийн дараа тусгай зөвшөөрлөө сунгуулсан байдаг. Сунгуулах процессыг хуульд тодорхой зааж өгсөн. Улмаар зөрчилгүй байсан бол сунгана гэдэг заалтын дагуу 3 жилийн дараа сунгасан байдаг. Сунгуулахдаа үйл ажиллагааныхаа төлөвлөгөө өгсөн. Төлөвлөгөөтэй танилцаад сунгалт хийсэн. Энэ үйл ажиллагааны төлөвлөгөө албан ёсоор 2023 оноос туршилт хийнэ гээд улмаар сургалтаа эхлүүлсэн байдаг. 2022 оны 12 дугаар сарын 20-нд танайх үйл ажиллагаа хуулийн шаардлага хангаж байна уу, үйл ажиллагаа явуулж байна уу гэж хяналт шалгалт хийдэг. 2022 оны 12 дугаар сарын 24-нд мэдэгдэл өгдөг. Мэдэгдэл өгөхдөө сонсох ажиллагаа эхлүүлж байна, танайх үйл ажиллагаа явуулаагүй гэдэг мэдэгдэл өгдөг. Манайх ковидтой холбоотойгоор хүндрэл үүсээд хязгаарлалтад ороод байна, тоног төхөөрөмж байгаа гэсэн тайлбар өгсөн. Мэдэгдэл өгснөөс хойш 160 хоног хороо хариу өгөөгүй. Бид сонсох ажиллагаа нь дуусчихсан бидний тайлбар хангалттай байсан гэж бодсон. Гэтэл 2023 оны 06 дугаар сарын 13-нд 5 сар 10 хоногийн дараа дахиад мэдэгдэл ирсэн. Тус мэдэгдэлд нэгдүгээрт үндэсний хүснэгтийн дагуу танай давтамж чинь дараа үеийн дэвшилтэт технологид хуваарилагдчихсан байна, тийм учраас бид нар хурааж авч байгаа юм гэдэг өөр үндэслэл заасан байсан.
Хоёрдугаар нэг жил үйл ажиллагаа явуулаагүй талаар мэдэгдэлд дурдсан байсна. Цахим хөгжил, харилцааны холбооны сайдын тушаалын 2 дугаар заалтад үндсэн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа сонгон шалгаруулалт явуулна гэж заасан байгаа. Үүнтэй холбоотой сонсох ажиллагаа бидэнд явуулаагүй. Биднийг сонсох боломж олгоогүй, шууд танайхыг хүчингүй болголоо гэдэг мэдээллийг өгсөн. Бид 2023 оны 06 дугаар сарын 21-нд буцаагаад тайлбар өгсөн. Дахиад 35 хоногийн дараа манай тайлбарыг авснаас хойш 2023 оны 07 дугаар сарын 26-нд танайхыг хүчингүй болголоо гэдэг тогтоол гаргадаг. Зөвшөөрлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагааны журмууд зөрчигдөж байгаа. Зөвшөөрлийн тухай хуулиар шууд хүчингүй болгох үндэслэл байхгүй. Улмаар шаардлага тавиад байхад тус шаардлагыг биелүүлээгүй байх юм бол хүчингүй болгоно гэсэн заалттай. Олгосноос хойш 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлүүлээгүй байх юм бол түдгэлзүүлнэ, энэ хугацаандаа түдгэлзүүлсэн зөрчил арилгаагүй байх юм бол хүчингүй болгох зохицуулалттай.
Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлд эхлээд хүчингүй болгох үндэслэл байгаа тухай мэдэгдээд мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор холбогдох тайлбарыг авна гэж байгаа юм. Холбогдох тайлбар 30 хоногийн дотор авсан хоногоос хойш 10 хоногийн дотор шийдвэр гаргана гэж заасан. Гэтэл хороо анхны 2022 оны 12 дугаар сарын 20-нд явуулсан мэдэгдлээсээ 160 хоногийн дараа 06 сарын 13-нд дахиад өөр үндэслэл нэмээд мэдэгдэл өгсөн. Улмаар сонсох ажиллагаа явуулахгүйгээр дахиад 35 хоногийн дараа тоот тогтоолыг гаргасан Бид нарын эрх ашиг хөндөгдөж байгаа этгээдийн зүгээс харахаар энэ ажиллагаа нь дуусчихсан манай тайлбар хангалттай дахиж нэмж баримт авах шаардлагагүй, үйл ажиллагаа хүлээн зөвшөөрч байна гэдэг ойлголттой байсан.
Зөвшөөрөл авснаас хойш хязгааргүй үргэлжлэх хугацааны явц дунд нэг жил үргэлжилсэн хугацаагаар үйл ажиллагаа явуулсан уу, явуулаагүй юу гэдэг асуудал ерөөсөө биш. Тусгай зөвшөөрөл авлаа, авсан өдрөөс хойш нэг жилийн хугацаа өгөөд үйл ажиллагаа эхлүүлээрэй гэж байгаа юм. Үйл ажиллагаа эхлүүлсэн, эхлүүлээгүйтэй холбоотой асуудлыг 2022 оны 01 дүгээр сарын 24-нд сунгалт хийхдээ хангалттай хяналт шалгалтаа явуулаад өгсөн материал хангалттай байна гэж үзээд сунгалтыг хийсэн.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалтын дагуу дахин хуваарилалт хийх болсон шалтгаанаар хүчингүй болгоно гэдэг заалтыг хэрэглэсэн. Тэгэхээр тус заалтыг хэрэглэхдээ холбоотой сонсох ажиллагаа хийгээгүй. Ер нь дахин хуваарилалт хийх гэж байгаа тохиолдолд төрийн захиргааны байгууллага нөхөх олговортойгоор буцааж авдаг харилцаа байдаг болохоос шууд хурааж авдаг харилцаа биш. Жишээлбэл, газрыг тусгай хэрэгцээнд авч байвал газар эзэмшигчтэй ярилцаад өөр газар олгох, нөхөн олговор олгох процессыг хэрэгжүүлсний дараа түүнийг хүчингүй болгодог. Тэгтэл энэ хүчингүй болгосон захиргааны актад тухайн захиргааны актаас гарах үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх талаар огт зохицуулалт байхгүй. Дахин хуваарилалт хийх болсон учраас буцааж авч байгаа гэж авчхаад эрх ашиг нь хөндөгдөж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүсэх үр дагаврыг хэрхэн яаж шийдвэрлэх тухай тусгаагүй болохоор тухайн захиргааны акт өөрөө хууль бус болно.
Хяналт шалгалтын ажил 2023 оны 11 дүгээр сард хийгдсэн. Хяналт шалгалтын материалыг харахаар компани дээр нь очсон, тайлбарыг нь авсан нөхцөл байдлууд байдаг. Тэрнээс биш яг ийм зөрчил илэрлээ гэсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл газар дээр ирсэн хяналт шалгалтын тэмдэглэл гэсэн зүйл хөтлөгдөөгүй. Хэрхэн яаж арга хэмжээ авсан талаар тэмдэглэл огт хөтлөгдөөгүй учраас энэ хяналт шалгалт хэрхэн яаж хийгдсэн бэ гэдэг талаар үйл баримт нотлогдохгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
3.3 Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Анх тусгай зөвшөөрлийг “А” ХХК-д 2019 онд 3 жилийн хугацаатай олгосон. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус хороонд нэхэмжлэгчээс хугацаа сунгуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд хугацаа сунгах дүгнэлт дээр тусгай зөвшөөрлийн ангиллыг өөрчлөхгүй, ашиглаж буй радио давтамжийн зурвас нь Дэлхийн радиогийн их хурлаар 5G технологид тодорхойлогдсон бөгөөд ирээдүйд дахин төлөвлөлтөд орох талаар дурдаж 3 жилээр сунгасан. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны тоот тушаалаар батлагдсан “Улаанбаатар хотын хэмжээнд дамжуулан хүргэх үйлчилгээний радио давтамжийн ашиглалтыг тодорхойлох хэмжилт хийх, тусгай зөвшөөрлийн гэрээний нөхцөл шаардлагад хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу ажлын хэсэг хэмжилт хийхэд 3700-3800 МГц-ийн зурваст хэрэглээ илрээгүй, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлээгүй, ашиглах тоног төхөөрөмж өөрийн гэдгийг нотлох баримт байхгүй нь тогтоогдсон. Тиймээс тус хорооны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар албан бичгээр сонсох ажиллагаа хийж, мэдэгдэл хүргүүлсний дагуу “А” ХХК-иас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ******* дугаар албан бичгээр тайлбар, баримт ирүүлсэн. Гэвч уг ирүүлсэн тайлбар, баримтууд нь үндэслэлгүй байсан тул тус хорооны 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсныг мэдэгдэж, улмаар Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тогтоолыг гаргаж, нэхэмжлэгчийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
Хууль зүйн үндэслэлийн тухайд: Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь радио долгионы талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 5.2.6-д “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт батлах, хүснэгтэд сонгон шалгаруулалтаар олгох радио давтамжийн зурвасыг тодорхойлох” гэж заасны дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар тушаалын хавсралтаар “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт” батлагдсан. Энэхүү хүснэгтэд 3600-4000 МГц-ийн давтамжийн зурвасыг “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны 5G үйлчилгээнд ашиглана” гэж заасан. Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Харилцаа холбооны зохицуулах хороо радио долгионы талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 51.1.8-д “Хуульд заасан тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, тохирлын гэрчилгээ олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих” гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг Харилцаа холбооны тухай хуулийн 15.1-д заасан үндэслэл болон дараах үндэслэлээр хүчингүй болгоно”, 18.1.4-т “Энэ хуулийн 5.2.6-д заасан баримт бичгийн дагуу шинэ төрлийн дэвшилтэд технологи, үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор радио давтамжийн зурвасыг дахин хуваарилсан” гэж зааснаар “А” ХХК-ийн тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болсон. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.2-д “Хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно”, 15.1.3-т “Тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй” гэж заасан бөгөөд “А” ХХК нь тусгай зөвшөөрөл авснаас хойш 1 жил үйл ажиллагаа явуулаагүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Мөн зөвшөөрлийн гэрээний 4.5-д “Үндэсний радио давтамжийн төлөвлөлтийн дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон зурваст шинэ төрлийн үйлчилгээ нэвтрэх тохиолдолд энэхүү тусгай зөвшөөрлөөр олгогдсон радио давтамжийн зурвасыг эргүүлэн авах эрхийн Зохицуулах хороо эдэлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актыг гаргасан. Тиймээс Харилцаа холбооны зохицуулах хороо нь хуульд заасан үндэслэлийн дагуу, баримт материалд тулгуурлан эрх хэмжээнийхээ хүрээнд маргаж буй дугаар тогтоолыг гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компани ерөнхийдөө манай хорооноос гарсан маргаан бүхий актаас гадна нийт 3 тусгай зөвшөөрөлтэй. Харилцаа холбооны салбарын онцлог юу вэ гэвэл радио давтамж ашиглах үйлчилгээний тухайд үйлчилгээнийхээ тусгай зөвшөөрлийг авдаг. Үйлчилгээний тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр болсон тохиолдолд үйлчилгээндээ ямар тоног төхөөрөмж ажиллах, ямар давтамжуудыг хийх вэ гээд давтамжийн тусгай зөвшөөрөл ашигладаг. Тус компанийн тухайд үндсэн өөрийнх нь интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байгаа. Интернэтийн үндсэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд ашиглаж байгаа өндөр хурдны интернэтийн радио давтамж нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байна.
Өнөөдрийн маргаан бүхий энэ давтамжид тухайд радио ашиглах гэж байгаа. Радио гэдэг нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчтэй өөрийнхөө дотоод хэрэглээнд ашиглах, нөөц харилцаа холбооо зохион байгуулахдаа радио релейний тусгай зөвшөөрөл буюу релейний давтамжийг ашигладаг. Үндсэн интернэт үйлчилгээ болоод түүнд хамаарах тусгай зөвшөөрлийн давтамжууд нь хэвээрээ байгаа. Тэр давтамжийнхаа хүрээнд нэхэмжлэгч компани үйл ажиллагаа үргэлжлүүлэх боломжтой.
Зөвшөөрлийн тухай хууль ерөнхий зохицуулалттай хуулиар эрх бүхий этгээд тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой бүх харилцааг зохицуулах эрх хэмжээ байгаа. Гэхдээ нарийвчилсан зохицуулалт Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хуульд байдаг. Харилцаа холбооны үйлчилгээний тухайд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаагаа эхлээгүй тохиолдолд нэг жилийн дотор буцаан авах зохицуулалттай. Энэ нь хязгаарлагдмал нөөцтэй үйлчилгээ учраас хөрөнгө оруулалтаа татаж чадах этгээдүүдэд давтамжийг нь ашиглуулаад эргэлтэд оруул гэдэг цаад санаа байна. Үйл ажиллагааны тухайд бид шалгалт хийсэн. Хавтаст хэрэгт хяналт шалгалттай холбоотой хоёр баримт байгаа.
Хоёр дахь шалгалтын тухайд “бид үйлчилгээгээ эхлээд хөрөнгө оруулалтаа татаад байж байна, манай удирдлагууд танайхантай уулзсан” гээд ерөнхий юм яриад шалгуулах юм байдаггүй. Хариуцсан газрын хувьд инженер техникийн ажилд дүгнэлтээ гаргаж өгсөн. Дүгнэлтэд үйл ажиллагаа эхлээгүй гэж дүгнэсэн байдаг. Журмын хүрээнд зохион байгуулсан техник хэрэгсэл зэрэг шалгуулах зүйл байгаагүй. Улмаар үйл ажиллагаа эхлээгүй учраас хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох саналтай байна гэж хариуцсан газрын инженерүүд дүгнэлт өгсөн. Бид үүнийг судлаад сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулж, мэдэгдэл өгсөн. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг харах юм бол бид нарт зориулаад хийгдсэн юм шиг хэзээ хэн баталсан нь мэдэгдэхгүй хэдэн оны төлөвлөгөө нь мэдэгдэхгүй ямар ч тамга тэмдэггүй, нотолж байгаа баримт байдаггүй. Тоног төхөөрөмжийн хувьд мэдээллээ тодорхой ирүүлээгүй. Тусгай зөвшөөрлийн гэрээнд зааснаар үйл ажиллагаа эхлээгүй тул ямар ч шаардлагыг хангаж ажиллаагүй гэж үзсэн.
Үндэсний хуваарилалтын хүснэгтэд ямар ч сонсох ажиллагаа хийгээгүй гээд өмгөөлөгчийн зүгээс шинэ асуудал гаргаж ирж байна. Хуваарилалтын хүснэгт өөрчлөгдсөн буюу ашиглах давтамжуудын зориулалт өөрчлөгдөөд 32 дугаар тогтоолоор батлагдсан Радио релей ашиглах радио давтамж, зурвасын хүрээнд техникийн нөхцөл шаардлагад нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан. Тэр төсөл дээр санал авах ажиллагааг эрх ашиг нь хөндөгдөх бүх үйлчилгээ хэрэглэгчдээс авсан” гэв.
3.5.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий дугаар тогтоолд 3 үндэслэл дурдсан. Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.1-ийг үндэслэн. Энд техникийн шинжтэй алдаа байна гэж хариуцагчийн зүгээс тодорхойлж байгаа.
Тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэдэг үндэслэл байна. 2022 оны 11 дүгээр сарын 08-наас 11 дүгээр сарын 18-ны өдрийн хяналт шалгалтын тайлангаас хойш 2022 оны 12 дугаар сарын 20-нд ******* дугаартай албан бичгээр сонсох ажиллагаа явуулж, 2023 оны 01 сарын 13-ны дотор саналаа ирүүлэх талаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч компаниас 2023 оны 01 сарын 02-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр тайлбар ирүүлсэн. Энэ тайлбарыг нь үзэхээр ковид цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа хязгаарлагдсан мөн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр бид нар үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэдэг. Энэ тайлбараараа үйл ажиллагаа явуулаагүй байсан гэдгээ тодорхой дурдаад байна. Тусгай зөвшөөрлийн гэрээний 8 дугаар зүйлд давагдашгүй хүчин зүйл үүссэн үед хороонд албан бичгээр мэдэгдээд тухайн нөхцөл байдал арилсны дараа үргэлжлүүлэх зохицуулалт байгаа. Хэрвээ үнэхээр давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан бол энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хороонд гэрээний дагуу мэдэгдэх үүрэг хүлээсэн байсан. 2022 оны 4 дүгээр сард хувьцаа эзэмшигч солигдсон учраас бид нар үйл ажиллагаа явуулаагүй, үүнийг харгалзаж үзнэ үү гэдэг байдлаар тайлбараа ирүүлсэн. Энэ тайлбарыг Харилцаа холбооны зохицуулах хороо хүлээж авч үзээд нэг жил үйл ажиллагаа явуулаагүй нь хуульд заасан үндэслэлээр тухайн харгалзаж үзэх шалтгаан биш байна гэж үзсэн.
Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т энэ хуулийн 5.2.6-д заасан баримт бичгийн дагуу шинэ төрлийн дэвшилтэт технологи, үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор радио давтамжийн зурвасыг дахин хуваарилсан гэж заасан. 1 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд -ээс 5000-ын давтамжуудыг ашигладаг юм байна. Энэ давтамжийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу яам хэдээс хэд гэдэг давтамжийг нь ямар үйл ажиллагаанд, ямар үйлчилгээнд хэрэглэхийг хуваарилах юм байна. Нэхэмжлэгч компанийн давтамжийг дараа үеийн хөдөлгөөнт холбоо буюу 5G-ийн технологи дээр ашиглах талаар сайдын тушаал гарсан.
Шалгалтын дагуу эднийх үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь хариу тайлбартаа бид нар үйл ажиллагаа явуулаагүй, хувьцаа эзэмшигч солигдсон, ковидын нөхцөл байдал байсан гэдэг тайлбараар тогтоогдчихсон учраас хороо үйл ажиллагаа явуулаагүй үндэслэлээр тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл нь бүрдсэн.
2 дахь үндэслэлийн тухайд сонсох үйл ажиллагаа явуулах шаардлага хэрэгцээ байгаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Үйл ажиллагаа явуулаагүй, ямар нэгэн давтамж ашиглаагүй гэдэг нь өөрсдийнх нь тайлбараар болон шалгалтаар тогтоогдоод, үүнийг хураах, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл нь бүрдчихсэн байсан. Сонсох ажиллагаа явуулаагүй байна гэж шүүх шийдэх юм бол сонсох ажиллагаа хийсэн ч хариуцагчийн буруутай үйл ажиллагааг зөвтгөх ямар ч боломж байхгүй.
Нэхэмжлэгчийн 2 дахь тусгай зөвшөөрөл нь 5200 дээр байгаа интернэтийн 2 давтамж ашиглаад борлуулдаг юм байна. Энэ давтамж дээр ч гэсэн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Давтамжийг ашиглаж байж байнгын хэрэглээний 3 дахь тусгай зөвшөөрлийнхөө давтамжийг ашиглана. Тэгэхээр 2 дахь давтамжийг ашиглаж эхлээгүй хүмүүс өнөөдөр 3 дахь давтамжийг ашиглах ямар ч боломж байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Бичгээр гаргасан тайлбаруудын тухайд Үндсэн хууль зөрчсөн, хууль үндэслэж захиргааны актыг гаргаагүй байна гэдэг нэг үндэслэл бичсэн. Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хууль, Зөвшөөрлийн тухай хуулиудад алдаатай, зөрчилтэй юм байна гэсэн талаар бичсэн байсан. Үндсэн хууль зөрчсөн асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдэх асуудал биш байна.
Манайхтай адилхан үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дээр бас зөрчил илэрсэн байхад зөвхөн манайхыг цуцалчхаад байна гэдэг. Өрсөлдөөнийг нь хязгаарлаад, ялгаварлан гадуурхаад байгаа бол өрсөлдөөнийг нь байгууллагад хандаж шалгаж шийдвэрлүүлэх боломжтой. Иймд хариуцагчийн зүгээс гаргасан энэ маргаан бүхий дугаар тогтоол хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
1.Маргаан бүхий Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай тогтоолын хууль зүйн голлох үндэслэлд Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалт, Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалт, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 42 дугаар тушаалын хавсралтаар баталсан Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийг тус тус баримталжээ.
2.Шүүх дээрх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл тус бүрд байдлаар дүгнэлт хийж, шийдвэрийн үндэслэлийг дараах тайлбарлаж байна.
3.Маргаан бүхий актад бичиглэлийн алдаа гаргасан гэх үндэслэлийн тухайд:
3.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-д “Зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гээд 1.1-т “зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан” гэж заасны тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгох нэг үндэслэлийг заажээ.
3.2.Хариуцагч талаас маргаан бүхий тушаалд баримталсан дээрх хуулийн заалт нь техникийн шинжтэй бичиглэлийн алдаа бөгөөд Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.9-д заасан “хуульд заасан бусад” үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэж тайлбарлаж байх бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр[6] нэхэмжлэгч “А” ХХК-иас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт “Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тоот” тусгай зөвшөөрөл хүчингүй болгох талаар хариуцагч захиргааны байгууллагад хандан хүсэлт гаргаж байгаагүй болох нь тогтоогдож байна.
3.3.Иймд маргаан бүхий захиргааны актад хууль зүйн үндэслэлийг алдаатай бичиж, бичилтийн алдаа гаргасан бол Захиргаан ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр завсар оруулах эрхтэй тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.
4.Тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй гэх үндэслэлийн тухайд:
4.1.Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* дугаар тушаалаар “А” ХХК-ийн 3700-3800 МГц радио давтамжийг ашиглах дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай сунгах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тушаалаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 4.1-д “Тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.1, 6.2, Харилцаа холбооны тухай хуулийн 12.2, Радио долгионы тухай хуулийн 12.1, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн ... сунгана”, 4.3-т “Хуульд тусгайлан заагаагүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 60-аас багагүй хоногийн өмнө дараах мэдээллийн хамт Зохицуулах хороонд ирүүлнэ. Үүнд:” гээд, 4.3.2-т “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, гэрээний үүргийг хэрхэн биелүүлж ажилласан тухай тайлан, мэдээлэл;” гэж, 4.5-д “Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн хэрэгжилт, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага биелүүлж ажилласан байдлыг үндэслэх ба шаардлагатай тохиолдолд нэмэлт мониторинг, шалгалт хийж болно” гэж тус тус заажээ.
4.2.Мөн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:” гээд 13.2.3-т “тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл, шаардлагыг хэрэгжүүлж ажилласан тухай тайлан” гэж заасан байна.
4.3.Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллагаас радио давтамжийн тусгай зөвшөөрлийг сунгахад зайлшгүй хянаж үзэж, дүгнэх асуудал нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, гэрээний үүргийг хэрхэн биелүүлж ажилласан тухай тайлан байжээ.
4.4.Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалаар дээрх хууль журамд заасан шаардлагыг хангасан гэж үзэж, “А” ХХК-ийн 3700-3800 МГц радио давтамжийг ашиглах дугаартай тусгай зөвшөөрлийг хугацааг 3 жилээр сунгасан атлаа 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрүүдэд явуулсан хяналт шалгалтын дүнд “тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
4.5.Учир нь хариуцагч захиргааны байгууллагаас дээрх хууль журамд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаснаас хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны итгэл хамгаалагдана.
4.6.Гэтэл хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад нэхэмжлэгч “А” ХХК-ийг тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй гэж буруутгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзлээ.
4.7.“А” ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олгосон дугаартай тусгай зөвшөөрөлд тусгай зөвшөөрлийн хамрах хүрээ, радио төхөөрөмжийн ашиглалтын зориулалт, төрөл, тоо ширхэг, хүчин чадлыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 0.2 Вт-ын хүчин чадалтай 9 ширхэг LnfiLink XG радио релейний станцын төхөөрөмж ашиглан 3700-3800 МГц зурваст радио давтамжийн үйлчилгээ үзүүлэхээр тодорхойлсноос үзвэл Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасан “тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа” гэдэгт тусгай зөвшөөрөлд заасан радио давтамжийн тоног төхөөрөмж худалдан авах, бааз станц угсрах, суурилуулах, туршилт, тохируулга, хэмжилт хийх зэрэг радио давтамжийг ашиглахад бэлтгэх ажиллагаа болон хэрэглээнд нэвтрүүлж хэрэглэгчтэй гэрээ байгуулан тогтмол радио давтамжийн үйлчилгээ үзүүлэх бүхий л үйл ажиллагааг хамааруулан ойлгохоор байна.
4.8.Нэхэмжлэгч “А” ХХК нь үйл ажиллагааны төлөвлөгөө батлан “О” ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* дугаартай “Тоног төхөөрөмж түрээслэх, релейний үйлчилгээ ашиглах гэрээ” байгуулсан байх тул дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан/2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр/-аас хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй буюу тусгай зөвшөөрөл олгосон зурвас хэрэглээ илрээгүй, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлээгүй, радио нэвтрүүлэх байгууламжаа зохион байгуулаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчтэй гэрээ байгуулснаар тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа эхэлсэн гэж үзнэ” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
4.9.Мөн “Ковид-19” цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн нь нотлох шаардлагагүй нийтэд илэрхий үйл баримт бөгөөд энэ нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах тул хариуцагч байгууллага маргаан бүхий актыг гаргахдаа энэ нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой байжээ.
5.Радио давтамжийн зурвасыг дахин хуваарилсан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэх үндэслэлийн тухайд:
5.1.Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь радио долгионы талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 5.2.6-д “үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт батлах, хүснэгтэд сонгон шалгаруулалтаар олгох радио давтамжийн зурвасыг тодорхойлох” гэж заасан эрхийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар тушаалаар Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийг баталсан ба тус хүснэгтэд 3600-4200 МГц давтамжийн зурвасыг “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны 5G үйлчилгээнд” ашиглахаар тусгаснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн дугаартай 3700-3800 МГц радио давтамжийг сонгон шалгаруулалтын журмаар дахин хуваарилахаар шийдвэрлэжээ.
5.2.Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа энэ хуулийн 38.1-д зааснаас гадна дараах нэмэлт зохицуулалтыг хэрэглэнэ:” гээд 38.2.1-д “эерэг, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт тодорхой цагт эхлэх...”, 38.2.3-т “захиргааны актыг цуцлах нөхцөлийг тогтоох” гэж заасан.
5.3.Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийг баталсан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар тушаалын 2 дахь заалтад “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тодорхойлсон хүчин төгөлдөр эзэмшиж байгаа радио давтамж, радио давтамжийн зурвасын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссаны дараа сонгон шалгаруулалтын журмыг хэрэгжүүлэх” талаар хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлүүдийг цуцлах нөхцөлийг тусгайлан зааж, дээрх хуульд заасан захиргааны актын нэмэлтэд зохицуулалтыг хэрэглэжээ.
5.4.Энэхүү захиргааны актын нэмэлт зохицуулалтын дагуу “А” ХХК-ийн дугаартай тусгай зөвшөөрлийг уг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа /2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл сунгасан/ дуусгавар болсны дараа сонгон шалгаруулалтын журмаар дахин хуваарилах байтал хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тогтоолоор Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т “энэ хуулийн 5.2.6-д заасан баримт бичгийн дагуу шинэ төрлийн дэвшилтэт технологи, үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор радио давтамжийн зурвасыг дахин хуваарилсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар тушаалын 2 дахь заалтыг зөрчсөн, хууль бус шийдвэр байна.
6.Сонсох ажиллагаа явуулаагүй, мэдэгдэл хүргүүлснээс хойш 6 сарын дараа тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон гэх үндэслэлийн тухайд:
6.1.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар сонсох ажиллагаа гэж захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах ажиллагааг ойлгоно.
6.2.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид төлөвлөгөөт хяналт шалгалтаар дугаартай радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгогдсон 3700-3800 МГц зурваст хэрэглээ илрээгүйн улмаас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдсэн, уг мэдэгдлийг эс зөвшөөрч “А” ХХК-иас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр хариуцагчид тайлбар, холбогдох баримтууд хүргүүлсэн зэргээс үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
6.3.Түүнчлэн Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хүчингүй болгох үндэслэл байгааг тогтоовол Зохицуулах хороо нь энэ тухай тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчид мэдэгдэл өгнө” гэж, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэлд тусгана”, 2-т “Энэ зүйлийн 1-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч 30 хоногийн дотор зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар, холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдэд ирүүлээгүй бол уг хугацаа дууссанаас хойш ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ”, 3-т “Зөвшөөрөл эзэмшигч энэ зүйлийн 2-т заасан хугацаанд тайлбар өгөөгүй, энэ зүйлийн 1-д заасан мэдэгдэлд гомдол гаргаагүй бол зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус заажээ.
6.4.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд эрх бүхий захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх, уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 хоногийн дотор зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар, холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдэд ирүүлээгүй бол уг хугацаа дууссанаас хойш ажлын 10 өдрийн дотор буюу мэдэгдэл хүргүүлснээс хойш нийт 40 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг захиргааны байгууллага шийдвэрлэхээр байна.
6.5.Энэхүү маргааны хувьд дээр дурдсанаар хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг мэдэгдсэн, нэхэмжлэгч “А” ХХК-иас мэдэгдлийг эс зөвшөөрч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тайлбар, баримтаа 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр хариуцагчид хүргүүлсэн байх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хариуцагчийн шийдвэрийг зөвшөөрөөгүй талаар тайлбар, баримт гаргаснаас хойш хэдий хугацааны дотор захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг эцэслэн шийдвэрлэж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх талаар тусгайлсан зохицуулалт хуульд байхгүй байна.
6.6.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийн дагуу мөн зүйлийн 24.3-т заасан оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан захиргааны байгууллагаас бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явуулах хэлбэр, хамрах хүрээг өөрөө бие даан шийдвэрлэх эрхтэй, энэхүү эрх, үүргийн хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг нэхэмжлэгчид мэдэгдсэнээс хойш 6 сарын дараа маргаан бүхий тогтоол гаргасныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчийн маргаан бүхий актад үндэслэл болгосон хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлд шүүх дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.2, 24.3, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 38 дугаар зүйлийн 38.2.3, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалтад тус тус заасныг баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ