Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/395

 

 

 

 

 

 

   2023            4              12                                         2023/ДШМ/395

 

 

 Ж.Б-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Эрдэнэбат,

шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/556 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Эрдэнэбатын бичсэн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр эсэргүүцэл болон шүүгдэгч Ж.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Б-д холбогдох 2208000002009 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

............. овгийн ..............-гийн Б, 19... оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, э..эгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхэд, ач нарын хамт .............. дүүргийн .. дугаар хороо, .......... дүгээр гудамж, .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...................../,

Шүүгдэгч Ж.Б согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр .............. дүүргийн .. дугаар хороо, ............... .. тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охин болох хохирогч Б.А-ыг зодож эрүүл мэндэд нь “зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалаж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэрэгт  холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Б-д холбогдох хэргийг хянаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзжээ.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”-ийг шалгаж тогтоох шаардлагатай.

Хохирогч Б.А-ын хувийн байдлыг тогтоох шаардлагатай. Б.А-ыг хохирогчоор тогтоон 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлэг авсан тэмдэглэлд “Хохирогчид эрх, үүрэг танилцуулж, хууль сануулсан гэсэн боловч хууль ёсны төлөөлөгч асуултанд хариулав” гэжээ.

Хавтас хэргийн 108 дугаар хуудсанд “Б.А-ыг 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс F70 оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар 12 сараар тогтоож шийдвэрлэсэн” комиссын шийдвэрийн хуулбар авагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “хохирогч ...хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох”-д заавал шинжилгээ хийлгэхээр, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний эцэг, эхийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох”-оор тус тус хуульчилсан.

Хэрэгт авагдсан гэрч Э.Б-ийн “...Б.А-ын сэтгэцийн байдал онош дүгнэлт нь СЭМҮТ-өөс манайх руу явуулснаар манай ӨЭМТ Б.А-д хяналт тавьж, сэтгэцийн эмгэг өвчин нь дахиад сэдрэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж эм тариаг нь хийж өгдөг. ...Сэтгэцийн эмч нь оюуны хомсдолтой дүгнэлттэй, одоо IQ чадвар нь 57% байна...” гэх мэдүүлэг /хх 24-25/,

Гэрч Н.Э-гийн “...Б.А нь манай СЭМҮТ-д 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр F43 оноштойгоор буюу дасан зохицолтын эмгэгийн эмчилгээнд, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр F70 оноштойгоор буюу оюуны хөнгөн хомсдол оноштойгоор эмчлүүлж байсан. Б.А нь оюуны хөнгөн хомсдолтой үгийн нөөц хязгаарлагдмал, бие даан болон өөртөө үйлчлэх чадвар сул, сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй, хүрээлэн буй орчноос үзэгдлийн ойлголт, харьцуулалт хангалтгүй танин мэдэхүй сул, өөрийгөө бүрэн илэрхийлэх болон үнэн зөв мэдүүлэг өгөх чадбаргүй...” гэх мэдүүлэг /хх 27-28/ зэргээр хохирогч Б.А-ын хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд, мөн сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд бий болсон эсэхийг тогтоох зорилгоор сэтгэцийн байдлыг тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Дээрх хуулийн тодорхой заалтыг зөрчин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч Ж.Б-г оролцуулахдаа өмгөөлөгч нарыг /хх 67-74, 125/ оролцуулсан болох нь тогтоогдож байна. Хавтас хэргийн 125 дугаар хуудсанд шүүгдэгчид хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “Бичиг үсэг мэдэхгүй тул хэргийг уншиж танилцуулав” гэж, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авахдаа “Боловсролгүй” гэж тус тус тэмдэглэгджээ.

Улмаар дээрх хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг нь прокурор хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол үйлдэж, “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал”-аа 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр боловсролгүй гэгдсэн яллагдагч Ж.Б-д танилцуулж, зөвшөөрсөн гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж заасан бөгөөд прокурор дээрх саналаа танилцуулахдаа боловсролгүй гэх монгол хэл, бичиг мэдэхгүй шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгчтэй оролцох процессын эрхийг зөрчсөн, хязгаарласан үйлдэл гаргасан байна.

Үүнтэй холбогдуулан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлж, ялангуяа монгол хэл, бичиг мэдэх эсэх талаар мөрдөн шалгах тодорхой ажиллагааг явуулж, боловсролтой эсэх, бичиг үсэг тайлагдсан эсэх нотлох баримтуудыг хэрэгт хавсаргах, гэрчийг асуух зэрэг ажиллагааг хийвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэх зорилтод нийцүүлэн эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь хуульд нийцнэ.

Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж шүүх үзсэн тул шүүгдэгч Ж.Б-д холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний би Ж.Б-н өөрийн охин А-ийг зодосон үнэн. Би бага боловсрлтой 3 дугаар анги төгсөн уншиж бичиж чадан Миний хувад хийсэн хэртэй гмш банан Поркорийн таниж ялтай өрии биеээр таньлж зөвшөрсөн хиргий шурхай шидэж өгнө үү” гэжээ. /өөрийн бичсэнээр/

Шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр эхийг нь томилсон нь хууль зүйн үндэслэлтэй эсэх асуудал яригдсан. Нэгэнт сэтгэцийн F70 буюу оюуны хөнгөн хомсдол оноштой гэж гарсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно.” гэсэн заалтын дагуу эхийг нь хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. Шүүгдэгчийн хувьд боловсролгүй болохоос монгол хэл, бичиг үсэг мэддэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчтэй оролцсон. Энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн аль нь болохыг тогтоохын тулд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж харж байна. Яллагдагч Ж.Б-ийн хувьд 60 настай, шүүх, цагдаагийн байгууллагаар их явахад хүндрэлтэй байгаа тул хурдан, шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авна уу. ...” гэв.

Прокурор П.Эрдэнэбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/556 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах эсэргүүцлийг бичив. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”-ийг дараах нотлох баримтуудаар тогтоосон болно. Үүнд: 1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нурмаагийн /хх 17/ ... Би 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ нөхөр Б болон сэтгэцийн өвчтэй охин А, ач А /10 нас эр/ нарын хамт байсан 13 цагийн үед би нөхөрөө архи уулаа гээд загнасан юм. Тэгсэн чинь манай нөхөр Б уурлаад өөрийнхөө аягатай хоолоо газар шидсэн. Тэгээд манай сэтгэцийн өвчтэй охин А дуурайж уурлаад ширээ рүү шидээд том өрөө рүү явсан. Тэгээд манай нөхөр араас нь очоод хуванцар сандлаар Аын толгой руу нь цохиж байгаа харагдсан. 2 удаа цохисон байх. ...” гэх мэдүүлэг,

яллагдагч Ж.Б-ийн /хх 63, 19/ “...Би 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 11 цагийн үед дэлгүүр орж 100 гр хэмжээтэй нэг шил Хараа нэртэй архи авч гэртээ ирж ганцаараа уусан. Тэгээд 13 цагийн орчим эхнэр Н нь үдийн цайгаа бэлдээд аягалаад эхнэр Н, охин А, ач А бид дөрөв ширээн дээр цайгаа уух гээд сууж байхад манай эхнэр Н нь “архи уулаа” гээд загнахаар нь чамд ямар хамаатай юм...” гэж хэлсэн чинь эхнэр намайг архичин, муугаар дуудаад байхаар нь би “100 гр л уулаа” гэж хэлээд уурандаа өөрийнхөө хоол идэж байсан хоолтой аягаа аваад газар шидэж хагалсан. Тэгээд эхнэртэйгээ жоохон маргалдаад байж байхад манай охин А нь гэнэт уурлаад манай ач А руу дунд хуруугаа, салаавч гаргаад пиздагаар нь дуудаад байхаар нь би А-д хандаж чи яахаараа дандаа дүүгээ ингээд байдаг юм бэ гэхэд “...чам шиг гичийд ямар хамаатай юм...” гэж хэлчихээд цаашаа явж байхаар нь би уурандаа ширээний хажууд байсан жижиг хуванцар сандал аваад охин А-ын толгой руу нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь толгойноос нь цус гарчихсан байхаар нь харсан чинь толгойны арьс нь яараад цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Т.А-ын /хх 22/ “...Би 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хичээлээ тараад эмээтэйгээ хамт гэрт орж ирэхэд манай өвөө жоохон архи уучихсан байхаар чи одоо ханиалгаад эм ууж байгаа биз дээ яагаад архи уугаад байгаа юм загнасан. Тэгээд бид нар хамт хоол идэж байхад эмээ, өвөөг архи уусан гэж загнахаар нь манай өвөө ямар ядаргаатай юм бэ гэж уурлаад аягатай хоолоо газар шидэхээр нь Азаа аниа бас өвөөг дуурайгаад миний аягатай хоолыг аваад газар шидэж над руу салаавч, дунд хуруугаа гаргахаар нь манай өвөө А аниад “...чи яагаад дандаа дүү рүүгээ дунд хуруу гаргадаг юм...” гэж уурлаад А аниагийн толгой руу нь хуванцар сандлаар нэг удаа цохичихоод гэрээс гарч явах гээд байхаар нь эмээ өвөөг гаргахгүй байсан. Тэгээд би өөрийнхөө өрөө рүү ороход А аниа над руу “...зайлаад өгөөч чи би чамайг алчихна шүү...” гэж уурлаад байсан. Тухайн үед А аниагийн толгойноос нь цус гарсан байхыг эмээ хараад цагдаа дууд гэхээр нь би хороон дээр очиж хорооны цагдаагаа дуудсан.

Аюулын эрсдэлийнзэрэг хийсэн тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 102-106/,

Үйл баримтын хэвлэмэл зургууд /хх 107-109/,

Эмчийн тэмдэглэл... өвчний онош: Оюуны хөнгөн хомсдол /хх 100/,

Шүүхийн шинжилгээний үндсэн хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15332 дугаар шижээч эмч С.Э-гийн “...Б.А-ын биед зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 11-12/ гэж гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь” нотлох баримтуудаар нотлогдсон.

Хэрэв шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээс илтэд зөрүүтэй үйл баримт болсон талаар мэдүүлж байгаа тохиолдолд хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор мөн хохирогчийн мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар заавал шинжилгээ хийлгэж сэтгэцийн байдлыг тодорхойлж болно. Гэтэл дээрх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа тул мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад хохирогч сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний эцэг, эхийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох”-оор тус тус хуульчилсны дагуу хохирогч Б.А-ын хууль ёсны төлөөлөгчөөр эх Ж.Н-г тогтоож, түүний хуульд заасан эрхийг эдлүүлж, үүргийг хүлээлгэсэн болно. Дээрх нөхцөл байдалд мэдүүлэг өгөх чадварт ямар нэг эргэлзээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн болно. Дээрх байдлаас дүгнэлт хийхэд хавтас хэрэгт авагдсан гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүх эмнэлгийн дүгнэлт, сэтгэцийн эмч нарын өгсөн мэдүүлгүүдээр хэрэг нотлогдсон байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны агуулга, мөн чанар нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх зорилгыг агуулсан зохицуулалт байдаг.

Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөх тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаварыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үзнэ. /УДШ-ийн 2020.10.09-ний №551 тогтоол/ гэж заажээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасан байна.

2. Шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тус хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж заасан заалтыг зөрчихгүй байх үүднээс эрхийг нь хангаж томилолтын өмгөөлөгч нарыг оролцуулсан болно. Шүүгдэгчийн эрхийг хангаж өмгөөлөгч Л.Цэнддоо, Энхбат нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад томилолтоор оролцуулсан, мөн өмгөөлөгч А.Очбадралыг шүүх хуралдаанд томилолтоор оролцуулж эрхийг нь хангасан байдаг.

“Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх өмгөөлөгч Энхбатын хүсэлтийг нь прокурор хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол үйлдэж, “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал”-аа 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагч Ж.Б-д танилцуулж, уншиж өгч ял тохиролцсон. Яллагдагч прокурорын уншиж өгсөн ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. /Хуулинд саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж даруй шилжүүлнэ гэж заасан/. Энэ талаар шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас ямар нэг зөрүүтэй санал гараагүй ба тохиролцсон ялыг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэл зоригоо илэрхийлж байсан.

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл хүлээн авч анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө нэрээ зөв бичдэг, 2 дугаар ангийн боловсролтой, монгол хэлээ мэддэг, эх хэлээрээ ярьж чаддаг байсан нь тогтоогддог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын хяналтыг хэрэгжүүлж “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал”-ыг яллагдагчид танилцуулж яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж шүүхэд даруй шилжүүлсэн болно. Боловсролгүй гэх шалтгаанаар хэн нэгний эрхийг хязгаарласан, хориглосон тохиолдол гараагүй болно.

Эцэст нь хууль тогтоогчоос хуулиар олгоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэх гэж оролдох, шүүхийн шийдвэрээс болж яллагдагчаар татагдсан Ж.Б-ийн хувьд өөрт холбогдох хэргээ боломжит богино хугацаанд шийдвэрлүүлэх эрх нь зөрчигдөж, цаг хугацаа болон бусад байдлаар чирэгдэж байгааг болон шүүхэд хуульд захирагдахаас өөр гарцгүй болохыг шийдвэр танилцуулахдаа тусгайлан тайлбарлаж өгсөн болно. Мөн хохирогч нарын хувьд ч дээр дурьдсан нөхцөл байдлууд бий болж эрх нь зөрчигдөж байгааг анхаарах нь зүйтэй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/556 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос яллагдагч Ж.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ............ дүүргийн .. дугаар хороо, ......... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охин болох хохирогч Б.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаандаар хэлэлцээд, “Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй” талаар дүгнэж, Ж.Б-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Мөн шүүгдэгч Ж.Б-ийн гаргасан давж заалдах гомдолтой танилцахад түүний бичсэн бичиглэл нь Монгол хэл, бичиг мэдэх нь эргэлзээтэй байх бөгөөд түүний бичсэн гэх үг үсгийн алдаатай байдлаар нь шүүхийн шийдвэрт тусгасан болно.

Шүүгчийн захирамжинд заасан “...Хохирогч Б.А-ын хувийн байдлыг тогтоох, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлж, ялангуяа монгол хэл, бичиг мэдэх эсэх талаар мөрдөн шалгах тодорхой ажиллагааг явуулж, боловсролтой эсэх, бичиг үсэг тайлагдсан эсэх нотлох баримтуудыг хэрэгт хавсаргах, гэрчийг асуух зэрэг ажиллагааг хийвэл зохино. ...” гэх ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/556 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/556 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Эрдэнэбатын бичсэн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр эсэргүүцэл болон яллагдагч Ж.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                            ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                                             ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

                                             ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР