| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/01283/И |
| Дугаар | 151/ШШ2025/00049 |
| Огноо | 2024-12-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 151/ШШ2025/00049
| 2024 12 31 | 151/ШШ2025/00049 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: ... ХХК
/Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, .... тоот/,
Хариуцагч: ...ХХК
/Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... тоот/,
Нэхэмжлэлийн шаардлага: нийт 132,168,000 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч .... ХХК нь хариуцагч ... ХХК -д холбогдуулан нийт 132,168,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2023/32 дугаар "Зээлээр ургамал хамгааллын бодис худалдах. худалдан авах гэрээ"-г байгуулсан. Уг гэрээгээр ургамал хамгааллын Граунд, ВР 2000л, Дива СЭ 240л-ийг нийт 87,600,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцож, бодисоо хүлээн авч, ашиглачаад төлбөрөө төлөөгүй байна. Бид төлбөр төлөх нөхцөлөө урьдчилгаа 10,000,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, үлдэгдэл 77,600,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байсан. Тус гэрээний 4.3 "хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө" мөн гэрээний 4.4-т "...худалдан авагч нь төлөөгүй үнийн дүнгийн 87,600,000 ... төгрөгнөөс сар бүр 1 хувийн хүүг төлнө" гэж тохирсон бөгөөд нэхэмжлэл гаргах үед алданги буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь 44,056,000 төгрөг, 12 сарын хүү 10,512,000 төгрөг, үлдэгдэл 77,600,000 төгрөг, нийт 132,168,000 төгрөг болж байна. Иймд .... ХХК нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураам төлсөн баримт, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2023/32 дугаар "Зээлээр ургамал хамгааллын бодис худалдах. худалдан авах гэрээ" хуулбар, Төв аймгийн цагдаагийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 47/023-8287 дугаар албан бичиг, итгэмжлэл, ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбар, ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбар, дэпозит дансны хуулга зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан нийт 132,168,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Зээлээр ургамал хамгааллын бодис худалдах. худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч нь тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
4. Дээрх 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 2023/32 дугаар Зээлээр ургамал хамгааллын бодис худалдах. худалдан авах гэрээний 5.1-т ... аливаа маргааныг талууд ... Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаар харилцан тохиролцов гэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ... ХХК-д үндсэн төлбөр 77,600,000 төгрөгийг төлж барагдуулсан нэхэмжлэгч ... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54,568,000 төгрөгөөс татгалзсан тайлбар 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулан ирүүлжээ.
5.1 нэхэмжлэгч ... ХХК нь шүүхэд ирүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/82 дугаар албан бичигт: Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэж буй нэхэмжлэгч ... ХХК болон ... ХХК нар эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээгээр баталгаажуулсан. Иймд талуудын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шүүгчийн захирамж гаргаж өгнө үү. гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... эсхүл зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.
7. Зохигчид нь цаашид маргахгүй, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж мөнгө гаргуулах нэхэмжлэл гаргасан хэдий ч хариуцагч нартай харилцан тохиролцож төлбөрөө барагдуулсныг зохигчид эвлэрсэн гэж үзэх ба талуудын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагч ... ХХК-д холбогдох нийт 132,168,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ... ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 818,790 төгрөгийн тал хувь 409,395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 409,395 төгрөгийг, хариуцагч ... ХХК-аас 409,395 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ... ХХК, ... ХХК нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 818,790 төгрөгийн тал хувь 409,395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 409,395 төгрөгийг, хариуцагч ... ХХК-аас 409,395 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.А