| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00597/И |
| Дугаар | 152/ШШ2024/00557 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 152/ШШ2024/00557
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С Л Б Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,560,193.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдааны товыг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн бөгөөд Би шүүх хуралдаанд оролцох боломжгүй боллоо. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр, хариуцагч Б.Б-д шүүх хуралдааны товыг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С Л Б Г ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай С Л Б Г ХХК нь иргэн Б.Б 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр БЗГ-с 22-1094 тоот барьцаат зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 340 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч иргэн Б.Б барьцаат зээлийг гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 1,560,193.05 төгрөгийн гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б миний бие Супер лизинг ХХК-иас ирсэн нэхэмжлэлтэй бүрэн танилцсан ба нэхэмжилсэн дүнг сар бүрийн 25-ны өдөр хамгийн багадаа 300,000 төгрөгөөр төлөөд 5 сарын дотор бүрэн төлж дуусгана. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч С Л Б Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох барьцаат зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,560,193.05 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Хариуцагч Б.Б нь 1,560,193.05 төгрөгийг 5 хувааж 300,000 төгрөгөөр төлөх хүсэлтээ тус шүүхэд өгсөн байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С Л Б Г ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 1,560,193.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч С Л Б Г ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 1,560,193.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүхэд тайлбар гаргасан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч С Л Б Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамж 39,920 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С Л Б Г ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С Л Б Г ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 1,560,193.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч С Л Б Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баясгалангаас улсын тэмдэгтийн хураамж 39,920 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С Л Б Г ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Б сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР