Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 152/ШШ2024/00559

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.О-н,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: М.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Миний бие 1964 оны 12 дугаар сарын 22-нд төрсөн 60 настай. Би 1987 оны 6 дугаар сарын 30-нд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт асрагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 37 жил, 4 сарын хугацаанд тасралтгүй тус тасагтаа ажиллаж ирсэн билээ. Одоо өндөр насныханд тэтгэвэрт гарах болсон учир тэтгэврийнхээ бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсан нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ажилд орсон байгаа нь бичигдсэн боловч энэ бичилт нь 1990 оны хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдсэн байна гээд 1987-1994 оныг дуустал хугацааны ажилласан жилийг тооцох боломжгүй гэсэн учир байгаа учир шүүхэд хандсан. Мөн Увс аймгийн төв архиваас ажилд орсон үндсэн тушаал олдоогүй бөгөөд энэ үед надтай хамт ажиллаж байсанГ.Д , Н.Б нарыг гэрчээр асуулгаж ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үүгэжээ.

2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, М.О-ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 395 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан М.О Нэгдсэн эмнэлэгт 1988 оны 1-11, 1989 оны 1-6, 8-12, 1990 оны 1-9, 11-12, 1991 оны 1-10, 12, 1995 оны 3-4, 11-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Н.Б, Г.Д нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 22024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Г.Д, Н.Б нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хамт олноороо 1988, 1989, 1994 онуудад авхуулсан гэх 3 ширхэг фото зураг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 753 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1, ХААТР-15 буюу гэрлэснийг бүртгэх анкет, гэрч Г.Д, Н.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.О-ийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч М.О-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М.О нь хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэй, ажилд орсон тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

3. Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр М.О Нэгдсэн эмнэлэгт 1988 оны 1-11, 1989 оны 1-6, 8-12, 1990 оны 1-9, 11-12, 1991 оны 1-10, 12, 1995 оны 3-4, 11-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

Хамт олноороо 1988, 1989, 1994 онуудад авахуулсан гэх фото зурагт гэрчээр мэдүүлэг өгсөн Г.Д, Н.Б нарын хамт авахуулсан байх тул нотлох баримтаар үнэлэв.

М.О-ийн ХААТР-1 маягтад эмнэлэгт ажилладаг, 1987 онд ажилд орсон, халдвартад асрагч гэж, 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бүртгүүлсэн гэрлэснийг бүртгэх анкет №37-д нэгдсэн эмнэлэгт асрагч гэж тус тус бүртгэгджээ.

3.1. Шүүхээс гэрч Г.Д, Н.Б нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Г.ДБи 1969 оноос 2006 он хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт ахлах сувилагчаар ажиллаж байгаад 2006 онд эмнэлгээс тэтгэвэрт гарсан. Би өөр ямар нэгэн тасагт шилжин ажиллаж байгаагүй. М.О нь 1988 оноос Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт асрагчаар орж байсан. М.О нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт л ажиллаж байсан өөр тасаг руу шилжин ажиллаж байгаагүй. Тэгээд 2024 оныг хүртэл халдвартын тасагт асрагчаар ажилласаар байгаа гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар,

гэрч Н.Б Би 1987 сард Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт сувилагчаар ажиллаж орсон. 2004-2008 он хүртэл сувилагч солилцоогоор Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн доторын тасагт ажилласан. 2008-2016 он хүртэл Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн чанарын албанд чанарын ажилтнаар ажилласан. 2016-2017 оны 6 дугаар сар хүртэл доторын тасагт ахлах сувилагчаар ажиллаж байгаад 2017 оны 7 дугаар сараас тэтгэвэрт гарсан. М.О нь 1987 оны 9 дүгээр сард намайг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт сувилагчаар ажилд ороход асрагчаар ажиллаж байсан. М.О нь намайг халдвартын тасаг ажиллаж байх хугацаанд өөр тасаг, эмнэлэг рүү шилжин ажиллаагүй одоог хүртэл ажиллаж байгаа. Өнөөдрийг хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт асрагчаар ажиллаж байна гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Нэхэмжлэгч М.О нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр М.О Нэгдсэн эмнэлэгт 1988 оны 1-11, 1989 оны 1-6, 8-12, 1990 оны 1-9, 11-12, 1991 оны 1-10, 12, 1995 оны 3-4, 11-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, М.О-ийн эмнэлэгт ажилладаг, 1987 онд ажилд орсон, халдвартад асрагч гэж тэмдэглэсэн ХААТР-1 маягт, 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бүртгүүлсэн нэгдсэн эмнэлэгт асрагч гэрлэснийг бүртгэх анкет №37, хамт олноороо 1988, 1989, 1994 онуудад авахуулсан фото зураг, гэрч Г.Д, Н.Б нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч М.О-ийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

7. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэр нь 1990 оны дэвтэрт 1987 оноос бичилт хийсэн буюу нөхөн бичилттэй байх тул үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  М.О Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР