Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 152/ШШ2024/00564

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,

 

Нэхэмжлэгч: Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Т-Д холбогдох,

 

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багийн иргэн Б.Тнь 2020 онд Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 5.000.000 ( таван сая) төгрөгийг хүүгүйгээр, 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан авсан байна. Гэвч Б.Т нь гэрээнд заасны дагуу 5.000.000 төгрөг төлөхөөс 1.500.000 төгрөгийг төлж, 3.500.000 төгрөгийг төлж барагдуулахгүйгээр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 3.500.000 ( гурван сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учирсан байна. Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас прокурорт гаргасан хүсэлтэд"... иргэн Б.Т  нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төрийн байгууллага хохирч байгаа тул төрийг хохиролгүй болгож нэхэмжлэл гаргаж өгнө үү" гэжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэг нь ажлын байрыг бий болгох, хадгалах, бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгодог бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн нь тухайн санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх үүрэг хүлээдэг бөгөөд гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл байна. Иймд иргэн Б.Т нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан байх тул 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ********* тоот дансанд оруулж өгнө үү гэжээ. гэжээ.

Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Т 1969 онд төрсөн Өмнөговь сумын 5 дугар багт амьдардаг 2020 онд Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас Хөдөлмөрийг дэмжих төсөлд хамрагдан 5,000,000 төгргийн авсан. Ковид цар тахал гээд талх нарийн боовны үйлдвэрлэл маань зогссож одоо хүртэл ажиллахгүй байгаа гэсэн ч буцаан төлөлтөө боломжоороо 2,000,000 төгрөгийг төлсөн одоо 3,000,000 төгрөгийг боломжиндоо тулгуурлан оноос өмнө төлж барагдуулна. Мөн нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 төгрөгнөөс 500,000 төгрөгийг төлсөн болно гэжээ.

Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Т нь Увс аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээ газрын 5,000,000 төгрөгний зээл авсан байх ба зээлийн үлдэгдэл 3,500,000 төгрөгний төлөхгүй байсан байна. Хариуцагч Б.Туг зээлийн үлдэгдэл 500,000 төгрөгийг төлсөн одоо үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 2024 ондоо баталж төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Ц болон иргэн Б.Т нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 5,000,000 төгрөгийг 3 жилийн /36 сар/ хугацаанд эргэн төлөхөөр тохиролцсон боловч Б.Т нь 1,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 3,500,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Б 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 381 дугаартай албан бичгээр Увс аймгийн Прокурорын газарт хүсэлт хүргүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь хариуцагч Б.Т-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг төлж үлдэх 3,000,000 төгрөгийг /Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэмжих сангийн *********** тоот дансанд/ 2024 онд багтааж 3,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь дээрх үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Т-с 3,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,950 төгрөгийн 50 хувь буюу 35,476 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн *********** тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Т нь 3,000,000 төгрөгийг /Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэмжих сангийн **************** тоот дансанд /2024 онд багтааж төлж барагдуулахаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Т-с гаргуулж улсын тэмдэгтийн хураамж 35,476 / гучин тав мянга дөрвөн зуун далан зургаа / төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн *********** тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР