Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2024/0683

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: З*******ын дарга Г.С*******о

Хариуцагч: Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э******* нарын хооронд үүссэн Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 сарын 12-ны өдрийн 007******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, хариуцагч Ч.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч З*******ыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* тус шүүхэд хандан Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э*******ын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 007******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э******* нь анх 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Н.Т******* Оюуны өмчийн газарт гаргасан ....Ө дуулалт жүжгийн туслах дүр Най дүрийн дуу болох Д сайхан уртын дууг миний тэр үед дуулж бичүүлсэн дуун дээр З*******ын дуучин Соёлын тэргүүний ажилтан О.О******* ам барин дуулж, тус дуулалт жүжигт тоглосон. Дуучин О.О******* нь надад ямар нэг байдлаар мэдэгдээгүй бөгөөд гэрээ, хэлэлцээр хийгээгүй миний эрхийг зөрчсөн гэх гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээсэн.

3. Хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э******* нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 007 дугаар шийтгэлийн хуудсаар З*******т Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.

4. З******* нь тус шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2023/06 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ....Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э******* нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 007 дугаар шийтгэлийн хуудас болон Эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай албан даалгаврыг тус тус захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж өөрчилж шийдвэрлэсэн.

5. Хариуцагчаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дээр дурдсан магадлалыг биелүүлж, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин 007 дугаартай шийтгэлийн хуудсыг шинээр гаргасан, гомдол гаргагч тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 128/ШШ2024/0 дугаар шийдвэрээр дээрхи шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн,

6. Хариуцагчаас Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээр дурдсан шийдвэрийг биелүүлж, дахин шинэ акт гаргасан нь уг маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 007******* дугаар шийтгэлийн хуудас байх ба З*******ыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******эс ирүүлсэн гомдлын шаардлагад: Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э******* нь З*******ын дарга Г.С*******о нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.2.4 заалтыг зөрчсөн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг явуулж, зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 8.3.1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэж 2024 оны 04-р сарын 12-ны өдрийн 007******* дугаартай шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгийн торгуулийг оногдуулсан.

Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э******* нь зөрчилд холбогдогчоор З*******ын дарга Г.С*******ыг гэж үзсэн байх бөгөөд мэдүүлэг болон Уран сайхны зөвлөлийн дүрмээр зөрчил үйлдсэн тогтоогдсон байна гэжээ.

Г.С*******ын ажлын байрны тодорхойлолт болон Завхан аймгийн УГЗ Л.В нэрэмжит ХЖТ-ын үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэмд театрын дарга дуулалт жүжгийн дүрийг сонгож тоглуулахтай холбоотой эрх олгогдоогүй байна. Тухайн эрх нь дүрэмд заасны дагуу Уран сайхны зөвлөлд олгогдсон байна. Ө дуулалт жүжгийн хувьд дүрийн сонголтыг Уран сайхны зөвлөл болон ерөнхий найруулагч сонгож хуваарилсан талаар оюуны өмчийн байцаагчид мэдүүлэг өгөхдөө тайлбарлаж хэлсэн байдаг.

Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э******* нь зөрчлийн тухайд хуульд заасны зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн үед оногдуулах торгуулийн үнийн дүнгээр иргэн Б.С*******од шийтгэх оногдуулсан байна. Мөн зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан холбогдогч гэдэгт Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын уу, Б.О******* үү, Б.С*******о уу, гэдэг нь тодорхойгүй буюу хэрэг бүртгэлийн хэргийг Б.О******* дээр нээж, шийтгэлийн хуудсын Б.С*******од холбогдуулж гаргасан байна. Мөн зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчиж шийтгэл оногдуулсан байх тул Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э*******ын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 007******* дугаар бүхий шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хүчингүй болгож өгнө үү гэжээ. 7. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 128/ШШ2024/0 дугаартай шийдвэрийн дагуу дахин нэмэлт ажиллагаа явуулж, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр З*******т 007******* дугаартай шийтгэлийн хуудсаар 5.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан болно.

Дээрхи шийдвэрийг гаргахдаа 1. Завхан аймгийн Хөгжимт Жүжгийн Театрыг төлөөлөн театрын дарга Г.С*******о Дуучин Б******* овогтой О******* нарын харилцан тохиролцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлийн зүйлүүдийг үндэслэн байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.4 ажилтны үүрэг гэсэн заалтын 2.2.4.1 дэх хэсэгт заасан Байгууллагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг чанартай цаг хугацаанд нь гүйцэтгэх, 2.2.4.2 Албан үүрэг ажлаа осол эндэгдэлгүй, мэргэжлийн зохих түвшинд чанартай бүрэн гүйцэтгэх, 2.2.4.4 Байгууллагын жилийн төлөвлөгөөнд тусгагдсан тоглолтод хөтөлбөрийн дагуу дуудлагаар оролцох үүрэг хүлээсэн байна.

Гэрээнд зааснаас үзэхэд дуучин Б.О******* нь Ө дуулалт жүжгийн Най дүрийн дуу Д сайхан дууг дуулахдаа дээрх гэрээний үүргийн дагуу дуулсан байна. 2. Д сайхан уртын дууны бичлэгийг хийлгэхээс өмнө тус театрын уран сайхны зөвлөлийн дарга Э, театрын дарга С*******о нар гомдол гаргагч иргэн Н.Ттай тус тус уулзаж бичлэгийг хийлгэсэн нь гомдол гаргагч болон театрын дарна С*******ын мэдүүлгээр батлагддаг.

3. Гомдол гаргагч Н.Тын дуулж бичлэг хийлгэсэн Д сайхан уртын дууны бичлэгийг ашиглан дуучин Б.О*******ээр дуулуулах /ам барих/ шийдвэрийг уран сайхны зөвлөл, найруулагч нар ярилцан шийдвэрлэсэн нь театрын дарга С*******о, найруулагч Н******* нарын мэдүүлгээр нотлогддог. Театрын уран сайхны зөвлөл нь Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрт багтдаг бүтэц тул театрын дарга С*******ын нэр дээр шийтгэлийн хуудсыг бичиж хүргүүлсэн болно. Иймд Ө дуулалт жүжгийн зохиогчийн эрхийг эзэмшдэг Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрт нь иргэн Н.Тын дуулж бичлэг хийлгэсэн Д сайхан уртын дууны бичлэгийг зөвшөөрөлгүй дуучин Б.О*******ээр хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийн дагуу дуулуулж Зохиогчийн эрхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, 28.2.2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна гэжээ.

8. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч талаас Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э*******ын Завхан аймгийн Хөгжимт бүжгийн театрын дарга Г.С*******о нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.2.4-д заасныг зөрчсөн, шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэл нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд заасан процессын хувьд алдаа гаргасан гэж үзэж байгаа. Анх хэрэг бүртгэлтийн хэрэг нээхдээ тухайн зөрчил үйлдсэн субъектээр Б.О*******ийг татсан. Улмаар тухайн Б.О*******ийг шалгах явцдаа Завхан аймгийн Хөгжимт бүжгийн театрын дарга Г.С*******о тухайн театрт шийтгэх хуудас оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д, 28.2-т нь тоглогч, уран бүтээлч нь өөрийн тоглолтын хувьд дараах амины эрхийг эдэлнэ. Өөрөөр хэлбэл өөрийн тоглолт гэдэг нь жишээлбэл гомдол гаргаж байгаа Н.Т гэдэг субъект өөрөө тоглолт зохион байгуулаад тухайн тоглолттой холбоотой эрхийг эдлэхээр бол хуулийн зохицуулалтаар зохицуулж байгаа. Гэтэл тухайн маргаан бүхий үйл явдалтай холбоотой жүжиг нь 2018 онд З*******аас зохион байгуулагдсан Ө ын жүжиг байгаа. Үүнд Н.Т тухайн тоглолтод оролцсон гэвч өөрийнх нь тоглолт гэж үзэх үндэслэл байхгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5-д хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хэрэв Оюуны өмчийн газрын байцаагчийн шийдэх хуудсанд дурдсан Н.Тын гомдол нь 2022 оны 12 дугаар сарын 15-нд өгсөн гомдол юм. Тухайн гомдлын агуулгын хүрээнд маргаж байгаа жүжиг бол 2018 оны 3 дугаар сард тавигдсан. Зөрчлийн тухай хуульд хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн яаж тооцох талаар тусгасан. Хэрвээ оюуны өмчийн зөрчил үйлдсэн гэж үзэхээр бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл Н.Т З******* нь миний зохиогчийн эрхийг зөрчсөн гэдэг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан. Хөөн хэлэлцэх хугацаа буюу Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан хугацаанууд өнгөрсөн. 2018 онд жүжиг тоглогдсон. Жүжигт уртын дуу Д сайхан гэдэг дууг Б.О******* дуулсан. Б.О******* дуулахдаа энэ Н.Тын дуу хоолойг ашигласан. Энэ жүжиг анх тоглогдсон өдрөөс хойш зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдох үндэслэлтэй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5-д хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй. Тухайн зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг 10 дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа тухайн зөрчил үйлдсэнээс хойш нэг жил, зөрчил үйлдсэнээс хойш 2 жил гэсэн хугацаануудыг тодорхойлсон.

Хуулийн 1.5.6 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс хойш буюу 2018 оны 3 дугаар сард буюу жүжиг тоглогдсон өдрөөс эхлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдөр хүртэл буюу Н.Т 2022 оны 12 дугаар сард гомдол гаргасан гэж үзвэл 2018 оны 3 дугаар сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй. Энэ үндэслэлээр мэдээж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж харагдаж байна. Оюуны өмчийн газрын байцаагчийн гаргасан шийтгэх хуудсыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4-д Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Өөрөөр хэлбэл зөвхөн Г.С*******ыг торгох гэж байгаа бол 500 нэгжээр, хуулийн этгээдийг 5 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. З*******ыг торгох гэж байгаа бол тухайн шийтгэх хуудсанд 5 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн шийтгэлийг оногдуулах байсан. Гэтэл оюуны өмчийн байцаагч шийтгэлийн хуудсанд, хуулийн этгээдэд оногдуулах торгуулийн хэмжээг хувь хүнд оногдуулсан. Ийм алдаа дутагдлуудыг гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлэх нь зүйтэй гэжээ.

11. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгчээс шийтгэлийн хуудсыг хувь хүн дээр буюу 5 мянган нэгжээр /5 сая төгрөгөөр/ хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийг бичсэн гэж байна. Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрт оногдуулсан тус шийтгэл 3 дахь удаагаа тавигдаж байгаа бөгөөд тус театрыг төлөөлөх эрхтэй хүн нь театрын дарга учраас шийтгэлийн хуудсанд Завхан аймгийн театрын дарга Г.С*******од гэж бичсэн. Тиймээс хувь хүнд оногдуулах шийтгэл биш юм. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан гэж ярьж байгаа дээр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан. Тухайн үйлдсэн зөрчил одоо хүртэл үргэлжлээд явж байгаа, мобикомын Вүү /Voo/ үйлчилгээнд тавигдсан бичлэг байгаа. Бичлэгийн хуулбар шүүхэд байгаа, одоо хүртэл авагдаагүй байгаа юм. Тэр зөрчил нь хэрэг шалгаад эхлэхээс өмнө одоо хүртэл зөрчил үйлдэгдээд явж байна. Н.Т тоглолтод ердөө оролцоогүй байхад түүний тоглолт юм шиг үзсэн байна гэдэгт Н.Тын дуулсан дууг тухайн тоглолтод өөр дуучинд ам бариулаад дуулуулсан. Н.Тын дуу тэнд дуулж байгаа бол Н.Тын уран бүтээл, тоглолт нийтэд хүргүүлж байгаа гэсэн үг.

2 үндэслэлээр зөрчил үйлдсэн гэж үзсэн. Үүнд тоглолтод уран бүтээлчийн нэрээ дурдуулах эрхийг зөрчсөн, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д байгаа тоглолтод нэрээ дурдуулах эрхтэй гээд Н.Т тэнд өөрийнхөө хоолойгоор дуулсан дууг тоглуулж нийтэд түгээсэн. Дараа нь Вүү /Voo/ үйлчилгээнд яг тэр чигээр нь хуулбарлаад тавьсан. Гэтэл зар сурталчилгааны бүх материалд Н.Тын нэр байдаггүй. Тиймээс хуулийн 28.1 дэх хэсэгт дурдсан нэрээ дурдуулах эрхийг нь зөрчсөн байна. Театрын захирал Г.С*******о даргын ярьснаар жүжиг найруулаад явж байх хооронд ерөнхий найруулагч Н.Н******* ахад энэ 2-ын хооронд нэг шуум оруулчихмаар байна гэсэн хүсэлт ирсэн гэж ярьж байгаа юм. Театрынхан хоорондоо холбоос шиг юм хэрэгэтэй, уртын дуу дуулуулаад хоорондоо холбогдох юм байна гэж ярилцаад бүгд зөвшөөрсөн. Уран сайхны зөвлөл нь н.Э даргатайгаа ярилцсан байдаг. Н.Н******* найруулагч хөгжмийн зохиолч н.С даргатай ярьсан. н.С найруулагчид би эндээс хүнээр бичүүлээд тэр шуумыг явуулчихъя гэж тохирсон. 2 өдрийн дараа буцаад Завханыхан н.С руу бид нар өөрсдийнхөө нутгийн хүнээр дуулуулахаар болсон таны шуум хэрэггүй гэж ярьсан. Тэгээд нутгийнхаа хүн буюу Н.Таар дуулуулсан. Дуулуулахаасаа өмнө Уран сайхны зөвлөлийн дарга н.Э, театрын дарга Г.С*******о хоёулаа очиж уулзсан байдаг. Очиж уулзаад Н.Тыг дуудаж гурвуулаа тэр бичлэгийг хийсэн. Тэр бичлэгийг хийхдээ Н.Т би энэ жүжигт энэ дүрд энэ дууг дуулах юм байна гэж ойлгож бичлэгээ хийлгэсэн гэдэг. Тэрнээс хойш жүжиг яваад дуулах үед Г.С*******о захирал 2, 3 удаа Н.Тыг дуудахад ажил төрөлтэй гээд ирж өгөхгүй байсан, тэгээд Б.О*******ээр дуулуулчихсан гэж ярьдаг. Н.Н******* найруулагч тэр хүнийг тайзан дээр дүрдээ тохирохгүй тул өөр хүнийг дуулуулъя гээд, Б.О*******ийг санал болгоод би тэгье гээд дуулуулсан гэж ярьдаг. Ямар хүнийг яаж дуулуулахыг, би хэн нь яаж дуулдгийг яаж мэдэх вэ гэж Н.Н*******ын гэрчээр өгсөн мэдүүлэгт байдаг. Үүнд хууль бус асуудал нь гурвуулаа нийлж байгаад театрт нь очиж бичлэгээ хийлгэсэн. Бичлэгээ хийлгээд өөрөөр нь дуулуулахгүй өөр хүнээр дуулуулах гэж байгаа бол нөгөө дуулсан хүнээс нь зөвшөөрөл авах ёстой байсан. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нэг нь эрх шилжүүлэх тухай гэрээ, нөгөөх нь лицензийн гэрээ гээд 2 үндсэн гэрээ хийдэг. Гэтэл ямар ч гэрээ болон цаасан дээр бичсэн Б.О*******ээр дуулуулахыг зөвшөөрч байна гэсэн зөвшөөрөл байхгүй. Завхан аймгийн театрынхан уран бүтээл хийхдээ хүний зохиогчийн эрхийг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр ашигласан байна гэж дүгнэлт гаргасан. Уран сайхны зөвлөл нь захирлын тушаалаар томилдог Завхан аймгийн театрын бүтцийн байгууллага. Уран сайхны зөвлөлийн ажиллах журмыг Соёлын яамнаас баталсан нийтлэг журам байдаг. Хариуцлагыг Уран сайхны зөвлөлд оногдуулж болохгүй. Өмнөх шүүх хуралд Б.О******* юм уу, Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр юм уу, хэн нь буруутай юм гэдгийг тодорхойлж харах ёстой гэсэн асуудал яригдсан. Би түүнээс хойш захирлаас нь, ерөнхий найруулагчаас нь мэдүүлэг авсан ба хэнээс нь ч зөвшөөрөлтэй гэсэн бичиг гаргаж өгөөгүй. Зөрчлийн хэргийг Б.О*******д нээгээд, Г.С*******о руу шилжүүлсэн гэж байгаад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд авагдсан нотлох баримтуудаар иргэн биш театр нь зөрчил гаргасан гэдэг нь нотлогдож байгаа учраас театр дээр асуудал яригдаж байгаа юм. Улсын байцаагч нарын үйл ажиллагааг прокуророос хянадаг, прокуророос эрх зүйн хэлбэрүүдээр тодорхойлсон. Өөр хүнд зөрчлийн хэрэг нээгээд өөр хүнд шийтгэл оногдуулсан тухай эрх зүйн хэлбэр байхгүй. Хамгийн анхны хэрэгт материалууд нь бүгдээрээ байгаа. Завхан аймгийн театраас гадаа зар сурталчилгаа, жижиг брошюр хэлбэрээр сурталчилгааны материалууд гаргадаг. Түүнд бүх оролцсон жүжигчид, жолоочийг нь хүртэл бичсэн байсан хэр нь Н.Тын нэр байдаггүй. Вүү /voo/ үйлчилгээнд тавьсан бичлэгийн ард талд нь бүх хүмүүсийн нэр гардаг атал Н.Тын нэр байхгүй учраас нэрийг нь дурдаагүй байдаг. Б.О*******ийг Н.Тын хоолойгоор дуулуулсан гэдгийг Г.С*******о дарга өөрөө хүлээн зөвшөөрдөг. гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гомдол гаргагч З*******ыг төлөөлж тус театрын дарга Г.С*******оос олгосон итгэмжлэлийн дагуу Т.Б******* тус шүүхэд хандаж ...Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э*******ын гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 007******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах. гомдлын шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд процессын алдаа гаргасан, анх хэрэг бүртгэлтийн хэрэг нээхдээ тухайн зөрчил үйлдсэн этгээдийг Б.О******* гэж үзсэн атлаа З*******ын дарга Г.С*******од шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, Театрын дарга Г.С*******ын ажлын байрны тодорхойлолт болон З*******ын үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэмд зааснаар Театрын даргад дуулалт жүжгийн дүрийг сонгож тоглуулахтай холбоотой эрх олгогдоогүй, харин тухайн эрх нь театрын Уран сайхны зөвлөл-д олгогдсон тул хариуцагч нь Г.С*******о биш,...хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хуулийн этгээдэд оногдуулах торгуулийн хэмжээг хувь хүнд оногдуулсан гэж, хариуцагчаас ...тус театрыг төлөөлөх эрхтэй хүн нь Театрын дарга учраас шийтгэлийн хуудсанд Театрын дарга Г.С*******о гэж бичсэн, үйлдсэн зөрчил одоо хүртэл үргэлжлээд явж байгаа, мобикомын Вүү /Voo/ үйлчилгээнд бичлэг тавигдсан, тоглолтод уран бүтээлчийн нэрээ дурдуулах эрхийг зөрчсөн, Б.О*******ээр дуулуулахыг зөвшөөрсөн гэрээ, зөвшөөрөл байхгүй байхад дуулуулсан, иргэн биш театр нь зөрчил гаргасан гэдэг нь нотлогдож байгаа учраас театр дээр асуудал яригдана гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Маргаан бүхий шийтгэлийн хуудаст ...Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр /Г.С*******о/ нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 28.1.1, 28.2.4-ийг зөрчсөн болох нь мэдүүлэг, журам зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

Түүнчлэн, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Тоглогч уран бүтээлч нь өөрийн тоглолтын хувьд дараах амины эрх эдэлнэ, 28.1.1-д тоглолтондоо нэрээ дурдуулах;, 28.2-д Тоглогч уран бүтээлч нь өөрийн тоглолтын хувьд дараах үйл ажиллагааг зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ:, 28.2.2-д тоглолтыг шууд өргөн нэвтрүүлэх, эсхүл бусад аргаар нийтэд дамжуулах Тайлбар: Энэ хуулийн 28.2.2-т заасан "дамжуулах" гэдэгт тоглогч уран бүтээлчийн зөвшөөрлөөр түүний тоглолтын бичлэгийг өргөн нэвтрүүлэх, эсхүл нийтэд дамжуулах, тоглолтыг анх шууд өргөн нэвтрүүлсэн өргөн нэвтрүүлгийн байгууллагын зөвшөөрлөөр нэгэн зэрэг дамжуулах хамаарахгүй, 28.2.4-д тоглолтын бичлэг, эсхүл түүний хуулбарыг нийтэд түгээх гэж тус тус заасан.

Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Н.Т нь Ө дуулалт жүжгийн туслах дүр Най дүрийн дуу болох Д сайхан уртын дууг дуулж бичүүлсэн бөгөөд тухайн дуун дээр З*******ын дуучин Б.О******* ам барин дуулж, тус дуулалт жүжигт тоглосон, эдгээр үйл баримттай талууд маргаагүй, өөрөөр хэлбэл тухайн зөрчил үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байна.

Тухайлбал, Зохиогчийн эрхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зохиогч гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвисан хувь хүнийг, 4.1.10-д тоглогч уран бүтээлч гэж утга зохиолын, урлагийн, ардын урлагийн бүтээлийг дуулах, хөгжимдөх, жүжиглэх, бүжиглэх, унших зэргээр гүйцэтгэн тоглодог дуучин, хөгжимчин...зэрэг бусад хувь хүнийг; ойлгоно гэж, 17 дугаар зүйлийн 17.4-д Ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвисан үүсмэл бүтээлийн зохиогчийн эрхийг үүсмэл бүтээл туурвисан зохиогч эдэлнэ. 28 дугаар зүйлийн 28.1-д Тоглогч уран бүтээлч нь өөрийн тоглолтын хувьд дараах амины эрх эдэлнэ, 28.1.1-д тоглолтондоо нэрээ дурдуулах;, 28.1.3-т тоглолтыг тоглогч уран бүтээлчийн зөвшөөрөлгүйгээр, эсхүл нэр хүндэд нь хохирол учруулахуйц байдлаар аливаа арга, хэлбэрээр хувиргах, өөрчлөх, гажуудуулахыг хориглох гэж тус тус заасан.

Хуулийн эдгээр заалтууд болон нотлох баримтуудаас үзэхэд ...иргэн Н.Тын дуулж бичүүлсэн Д сайхан уртын дууг З*******ын дуучин Б.О*******ээр ам барьж дуулуулсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д заасан зөрчилд хамаарна гэх үндэслэлээр хариуцагч З******* /хуулийн этгээдэд/-т хуульд заасан торгох шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох боломжгүй гэж шүүх дүгнэв.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэж, 3-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад ажиллагааг явуулах шийдвэрийг бие даан гаргана, мөн хуулийн 4.8 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна гэж тус тус заасан.

Хариуцагч нь уг зөрчлийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.О холбогдуулан нээсэн байх боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн зөрчлийн холбогдогчоор З*******ыг тогтоож, улмаар Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын дарга Г.С*******ын гарын үсэг бүхий албан бичгийг үндэслэн тухайн байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Ү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан зохих журмын дагуу оролцуулсан болох нь тогтоогдож байна.

Дээрхээс үзвэл хариуцагч нь зөрчлийн хэргийг Б.О холбогдуулан нээсэн хэдий ч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудад үндэслэн З*******ыг зөрчил гаргасан этгээдээр тогтоож, улмаар тухайн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан, тухайн хуулийн этгээдээс зөрчил гаргасан эсэх талаар маргаагүй, энэ тохиолдолд хариуцагч нь Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрт шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй.

З*******ын үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийн Гурав-д Дарга нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ 3.1.2-т Театрын дарга нь театрын өдөр тутмын үйл ажиллагааны удирдлага, зохицуулалт хяналтыг хариуцна 3.3.8-д Театр нь байнгын ажлын байран дээр ажиллаж байгаа ажилтан, уран бүтээлчидтэй хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж тус тус зааснаас үзвэл Театрын дарга Г.С*******о нь театрын өдөр тутмын үйл ажиллагааны удирдлага, зохицуулалт хяналтыг хариуцдаг, тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд шийтгэлийн хуудаст Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр Г.С*******о гэж бичсэн нь буруу биш.

Өөрөөр хэлбэл шийтгэлийн хуудаст Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр зөрчил гаргасныг тодорхой зааж, улмаар хуулийн этгээдэд ногдуулах 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн, энэ тохиолдолд холбогдогч этгээдийг зөв тогтоосон тул ...холбогдогчоор Г.С*******ыг тогтоож, хувь хүнд 5000 нэгжтэй тэнцэх торгууль ногдуулсан нь буруу гэх гомдлын шаардлага хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн тухайн маргааныг өмнө шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалд холбогдогчийг зөв тогтоох замаар шинэ захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснээр энэхүү маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргасан, энэ тохиолдолд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 сарын 12-ны өдрийн 007******* дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан З*******ыг төлөөлж Т.Б*******эс гаргасан Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э*******ын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 007******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН