Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 152/ШШ2024/00575

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн иргэн Б.А нь 2020 онд Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 5,000,000 (таван сая) төгрөгийг хүүгүйгээр, 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан авсан байна. Гэвч Б.А нь гэрээнд заасны дагуу 5,000,000 төгрөгийг төлж барагдуулахгүйгээр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 5,000,000 (таван сая) төгрөгийн хохирол учирсан байна. Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас прокурорт гаргасан хүсэлтэд иргэн Б.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төрийн байгууллага хохирч байгаа тул төрийг хохиролгүй болгож нэхэмжлэл гаргаж өгнө үү" гэжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэг нь ажлын байрыг бий болгох, хадгалах, бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгодог бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн нь тухайн санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх үүрэг хүлээдэг бөгөөд гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл байна Иймд Иргэн Б.Ань гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан байх тул 5,000,000 (таван сая) төгрөгийг гаргуулж Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ************ тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.А миний бие 1981 онд төрсөн. Ам бүл 5-лаа амьдардаг. 2020 онд ажлын байрыг дэмжих 35-аас дээш насны төсөлд хамрагдаж 2023 онд 5,000,000 төгрөг төлөх ёстой байсан боловч ар гэрийн гачигдлаар төлж чадаагүй. Өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3,500,000 төгрөгийг хийж байна. Үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 12 сарын 30-аас өмнө хийж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Харилцагч Б.А нь Увс аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдан авсан зээл болох 5,000,000 төгрөгийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Ц болон иргэн Б.А нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 5,000,000 төгрөгийг 3 жилийн /36 сар/ хугацаанд эргэн төлөхөөр тохиролцсон боловч Б.А нь 5,000,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Б  2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 369 дугаартай албан бичгээр Увс аймгийн Прокурорын газарт хүсэлт хүргүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь хариуцагч Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийг /Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэмжих сангийн ************ тоот дансанд/ 2024 оны 12 дугаар сарын 30-аас өмнө төлж 5,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь дээрх үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.А-с 5,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийн 50 хувь буюу 47,475 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн ************* тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.А нь 5,000,000 төгрөгийг /Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэмжих сангийн ************ тоот дансанд /2024 оны 12 дугаар сарын 30-аас өмнө/ төлж барагдуулахаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.А-с 5,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийн 50 хувь буюу 47,475 төгрөгийг / дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав / төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР