| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0607/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Д.Нямсүрэн,
Шүүгдэгч Б.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,
Хохирогч Б.Мөнхцэцэг, Б.Гоогэрэл, Л.Уранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батсуурийн Ган-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2017 2503 0018 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Боржигон овогт Б.Г, Монгол Улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, “Асгад хөх хад” ХХК-ийн захирал, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо 48 дугаар гудамжны 173б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, .....................................
Шүүгдэгч Б.Г нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ Шингений виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн давтан үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 17, 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Батболдоос 1.780.714 төгрөг,
2016 оны 09 дүгээр сарын 26, 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Ундармаагаас 4.142.970 төгрөг,
2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Гоогэрэлээс 4.891.864 төгрөг,
2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Уранбилэгээс 2.704.990 төгрөг,
2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Мөнхцэцэгээс 1.720.000 төгрөг авч нийт 15.240.538 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Гэс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “..би хүлээн зөвшөөрч байна. Серби улс нь манай оронтой визгүй зорчдог юм. Тэндээсээ Унгар буюу Шингений орон руу алхаж ордог ..маш чанга шалгалттай. Монголчууд Серби руу ороод харлаад байдаг болчихсон гэсэн үүднээс чангардаг учир тэднийг хуурах санаатайгаар сэтгүүлийн ажилчид гэж хэлж орох гэж байсан. Сэтгүүлч гэж харагдахаар камер зэргийг бариад очсон юм.. уг зүйл анги ..бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг /1хх-34-36, 37-38, 137-138, 181-183, 184-186, 243-245х/,
Шүүгдэгч Б.Гэс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Болсон асуудлын хувьд би Герман улсад оюутан байсан. Тэгээд ганц нэг хүн гуйхаар тус улс руу явуулдаг байсан. Манай нөхцөл амжиргаа муу тэнд байдаг хамаатан садан татдаг учраас ийм асуудал болсон. Хохирогч Гоомарал, Батболд, Ундармаа нар нь визэнд ороод татгалзсан талаар надад хэлээд намайг явуулж өгнө үү гэж гуйсан. Би тэгээд дээрх гурван хохирогч нарт ийм ийм зардал гарах байх шүү гэж тайлбарлаж өгсөн. Тэгээд хохирогч нарыг Германд цуг байсан найз дагуулж явсан. Ундармаа урьд Европт байж байгаад харлаад ирсэн, буцаж нөхөрлүүгээ явж байсан. Серби улс виз байхгүй Монголчууд визгүй ордог байсан. Тэгтэл Ундармааг ороход Сербийн гааль мэдээлэл авсан учраас Ундармаа нөгөө хоёрыг чирээд Гоомарал, Батболд нарыг хилээр оруулаагүй. Би Ундармаа яахав, нөгөө хоёрыг байж байгаарай гэж хэлтэл хамт Монгол руугаа буцсан байсан. Хохирогч нараас мөнгө авсан нь үнэн, урилга авах гэж хугацаа алдсан” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Гоогэрэлийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “..2016 оны 10 дугаар сарын эхээр интернэтээр Шингений виз гарган гэсэн зарын дагуу залгахад гадаад улсын иргэн бололтой хүн утсаар ярьж байсан. Ингээд тэр хүнтэй уулзахад манай ажилтан Монгол залуутай уулзуулж өгье гэж хэлээд хэд хоногийн дараа надтай уулзахад нэрээ ч хэлэхгүй ямар журмаар гадаад улс руу гаргах талаараа ч хэлээгүй. Тэгснээ хэд хоногийн дараа би таныг нэг найзтайгаа уулзуулъя гэж хэлээд Ган-Эрдэнэ гэж залууг танилцуулсан. Ган-Эрдэнэ нь хэлэхдээ би энэ ажлыг маш удаан хийж байна, та айх зүйл байхгүй гэхэд хууль бус үйлдэл биш үү гэхэд үгүй энэ бол бизнес гэж хэлсэн. Миний явуулсан хүмүүс олон байна гэж бичиг баримтууд хүртэл үзүүлж байсан. Ингээд 11 сараас хойш өвлийн хугацаанд хил хаагддаг учир яаралтай явах хэрэгтэй талаар надад хэлсэн ..тэр үед эргэлзэж байсан боловч Ган-Эрдэнэ нь өөрөө над руу байнга утасдаад идэвхтэй байсан тул итгэл найдвар төрсөн ..Ингээд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ..гэрээ хийж бэлнээр зардал 1.360.000 төгрөг, 1400 евро өгсөн .. мөнгө өгсөний дараа нөгөө идэвхтэй байсан хүн чинь идэвхигүй болчихсон. Ерөөсөө огт утсаа авахаа болж эхэлсэн ..“ гэсэн мэдүүлэг /1хх 19-20, 21х/,
Хохирогч Б.Гоогэрэлээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2016 оны 10 сарын эхээр Ган-Эрдэнэ гэдэг хүнтэй шингений виз гаргадаг хүнээр дамжуулж уулзсан. Хэдэн хүн гаргах гэж байгаа хурдан мөнгөө өг гэж хэлсэн. Би яаж хил гарах талаар асуутал Серби улсад очоод цаашаа хилээр алхаж гарна гэж надад хэлсэн. Би тэгэхэр нь хууль бус үйлдэл биш үү гэж асуутал тийм зүйл байхгүй би хэдэн жил ингэж хүмүүсийг гаргаж байгаа талаар надад хэлсэн. Би хил гаргах талаар өөрийн нөхөр болох Гомбожавыг шүүгдэгчтэй уулзуулж байсан. Тэгээд шүүгдэгчтэй гэрээ байгуулсан. Батболд, Ундармаа, хэлмэрчтэй вагоноор явсан. Замд явах бүх зардал болон Москвад очих буудал хүртэл өөрөөсөө гаргасан. 5-6 хоног шүүгдэгчийг хүлээсэн боловч ирээгүй. Тэгээд Монгол руу буцах гэж байхад шүүгдэгч Серби улс руу явах онгоцны тийз явуулсан. Тэгээд Серби улсад очоод хилээр гарах гэтэл гаргахгүй байсан. Дагуулж явсан хүн маш их хэцүү архи уудаг хүн байсан. Ган-Эрдэнэтэй хил гаргахгүй байна гэж хэлтэл та нар байж бай гэж хэлсэн. Тэр хугацаанд бид нар өөрсдөөсөө мөнгө гаргаж Москвад байж байсан. Шүүгдэгч бид нарт хэлэхдээ паспортынхоо хар тамга дарсан хэсгийг ураад хаячих гэж хэлсэн. Одоо би шүүгдэгчид 1.360.000 төгрөг бэлнээр өгсөн. Нийт 4.891.864 төгрөгийг авмаар байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Батболдын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “..2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Франц улсад байдаг эгч Буяннэмэх над руу залгаад 98221221 дугаарын утсыг өгөөд энэ хүн Шинген улсын виз гаргадаг хүн байгаа ярьчих гэж хэлсэн. Ингээд тэр утсаар нь холбогдоод та Шинген улсын виз гаргадаг хүн мөн үү гэхэд Ган-Эрдэнэ утсаа аваад тиймээ гэж хэлсэн. Тэгэхээр ойрын хугацаанд хэзээ виз гарах вэ гэж асуухад 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр виз гарна гэж хэлсэн. Ингээд 17-ноос өмнө онгоцны билетийн мөнгө болон гадаад паспорт урьдчилгаа мөнгөө өгчих юм бол явж болно гэсэн ..билетний мөнгө 1.100.000 төгрөг Ган-Эрдэнийн данс руу шилжүүлсэн. Ингээд мөнгөө шилжүүлчихээд ярихад виз хэд хоногоор хойшлохоор боллоо, чи урьдчилгаа мөнгөө хурдан явуул гэж хэлж байсан. Тухайн үед урьдчилгаа мөнгөндөө манай эгч Буяннэмэх нь Ган-Эрдэнэд бэлэн хувцас гутал зэрэг нийт 600 гаруй еврогийн үнэтэй бараа өгсөн. Дараа Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хорооллын орчимд явж байхдаа Ган-Эрдэнэ ахад 2016 оны 09 сард эхээр бэлнээр 200 евро өгсөн. Маргааш нь удахгүй явах боллоо 80 евро Монгол мөнгөөр солиулаад ахынхаа данс руу хийчих гэсэн. Үүний дагуу 180.000 төгрөгийн шилжүүлэг хийсэн. Ингээд хэсэг хугацаанд алга болчихсон ..” гэсэн мэдүүлэг /1хх-23-24, 25, 118х/,
Хохирогч Б.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “..би Швед улс руу зорчих виз Б.Г найдвартай гаргаж өгч байна лээ гэхээр нь Б.Ган-Эрдэнийн гар утасны дугаарыг олж аваад түүнтэй холбогдсон. Б.Гтэй уулзахад би байнга виз гаргадаг хүн биш таньдаг хүн надад хэлсэн учир би тус болъё гэж ярьж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 2 долоо хоногийн дараа санагдаж байна, гадаад паспортоо өгсөний дараа урилгын мөнгө болох 800.000 төгрөгийг түүний Хаан банк данс руу шилжүүлсэн. 2016 оны 12 сарын эхээр над руу яриад удахгүй ярилцлаганд орно шүү бэлэн байж байгаарай гэсэн. Тэгснээ надаас мөнгөний хэрэг байна, зээлээч гэсний дагуу 300.000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Мөн визний хураамж хэрэгтэй байна гэж хэлээд 3 хүний мөнгө болох 620.000 төгрөг бэлнээр 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ярилцлаганд орох болоход крисмисийн баяр болохтой холбоотой элчингүүд нь амарчихдаг юм байна. Ярилцлага хойшилсон гэж хэлсэн. Ингээд 2017 он гараад утсаар холбогдож яасан талаар асуухад цаг авах нь хойшлогдоод байна гэж ярьж байгаад сүүлдээ над руу огт ярихаа больсон. Утсаа ч авахаа больсон. Тэгтэл 1 сард Чехийн элч бараг ажилладаггүй юм байна. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн цаг байна, авчихсан шүү гэж хэлээд ..Чехийн элчин дээр очиход бид гурвыг бичиг баримтгүй гээд оруулахгүй байсан. Б.Г нь бүх бичиг баримтыг бүрдүүлсэн байгаа гэж хэлчихээд огт ирээгүй утсаа ч авахгүй алга болчихсон юм..” гэх мэдүүлэг /1хх-113-114х/,
Хохирогч Б.Мөнхцэцэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Анх шүүгдэгч 2016 оны 11 сард холбоо барьж уулзсан. Тэгээд надад оноос өмнө виз гаргуулаад явна гэж хэлж байсан. Ярилцлагад орно гээд өмнө нь надаас 700.000 төгрөг авсан. Ярилцлага хойшлоод 1 дүгээр сарын эхээр орно гэж надад хэлсэн. Тэгээд яваандаа шүүгдэгч утсаа авах нь багасаад худлаа болж эхэлсэн. 2 дугаар сарын эхээр Чехийн элчинд ярилцлагад орно гээд миний баримт бичгийг авчихаад ярилцлагад өөрөө ирээгүй учраас цагдаад хандсан. Би шүүгдэгчээс 1.700.000 төгрөг авсан одоо 20.000 төгрөг дутуу байгаа, гомдолгүй гэж хэлэхэд хэцүү байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Л.Уранбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..Ган-Эрдэнэ гэх хүнтэй холбогдож Австри улсын виз гаргаж өгөх боломж байна уу гэхэд боломжтой уулзаж байж ярилцъя гэсэн. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уулзахад урьдчилгаа мөнгө заавал хэрэгтэй гэхээр нь 1000 евро буюу 2.530.000 төгрөг бичиг баримтуудын хамт өгсөн. Тэгээд 14 хоног өнгөрч Ган-Эрдэнэ рүү залгахад одоо болох гэж байна. Урилга ирж байгаа, удахгүй гарна гэж хэлж байгаад сүүлдээ утсаа авахаа больчихсон ..” гэсэн мэдүүлэг /1хх-168-170х/,
Хохирогч Л.Уранбилэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгчтэй нүүр тулж уулзсан. Тэгээд 10 хоногийн дотор виз гаргаад өгнө асуудал байхгүй гэж хэлсэн. Сүүлдээ шүүгдэгч утсаа авахаа багасаад ирсэн. Бээжин орж виз гаргана гэж надад хэлэхээр нь лангуу түрээсэлдэг байсныг буулгаж бүх бараануудаа зарсан. Сүүлдээ утсаа авахаа больсон, сүүлдээ хохирлыг чинь төлнө гэж хэлсэн. Сүүлд 2017 оны 01 сард цагдаа өргөдөл өгсөн, би 2.704.990 төгрөгийг шүүгдэгчээс авна” гэсэн мэдүүлэг,
Хохирогч С.Ундармаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..Австри улс руу явахаар 2016-09-03-ны өдөр Ган-Эрдэнэтэй уулзсан. Ган-Эрдэнэ намайг асуудалгүй гаргаж өгнө гэж байсан. Эхний ээлжинд урьдчилгаа 1000 евро бэлнээр авсан. Дараа нь 1.600.000 төгрөгийг аваад 10-14 хоногийн дотор явуулж өгнө гэж хэлчихээд сүүлдээ утсаа авахгүй алга болчихсон ..гэсэн мэдүүлэг /1хх-226-227х/,
Гэрч Г.Даваадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..2016 оны 10 сарын сүүлээр санагдаж байна. Ган-Эрдэнэ утсаар яриад хэдэн хүн аваад Москвагаар дайраад Себрийн нийслэл Билаград хот руу хүргээд өгөөч гэж гуйсан. Энэ хүмүүс дунд хэлтэй устай хүн байдаггүй гэж хэлсэн ..” гэсэн мэдүүлэг /1хх-27-28х/,
Гэрч А.Гомбожавын мөрдөн байцаалтанд өгсөн: “..тухайн үед Ган-Эрдэнэ гэх залууг Гоогэрэлийг Серби улсаар дамжуулаад Европ улс руу гаргаж өгнө гэж ярьж байсан ..” гэсэн мэдүүлэг /1хх-119х/,
Гэрч Ж.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..тухайн үед Ган-Эрдэнэ Шингений орон руу зорчих виз гардаг бөгөөд энэ нь Чех эсвэл Германы элчингээр гардаг та нар бичиг баримтаа л өгчих би бусад материалыг бүрдүүлнэ гэж хэлсэн ..” гэсэн мэдүүлэг /1хх-120-121х/,
Гэрч Ч.Чойжилсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..тухайн үед Ган-Эрдэнэ за тэгье виз гаргаад өгье гэж хэлсэн ..” гэсэн мэдүүлэг /1хх-128х/,
Гэрч Г.Батцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..Ган-Эрдэнэд 2016 оны 10 дугаар сарын дундуур виз гаргуулахаар хандсан надад яаралтай гаргах хэрэгтэй байна. Ган-Эрдэнэ 1 сарын дотор гаргаж өгнө гэж хэлсэн ..” гэсэн мэдүүлэг /1хх-172-173х/,
Иргэн Б.Гоогэрэл, Б.Г нарын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хоорондоо хийсэн зээлийн гэрээ /1хх-6-7х/,
Иргэн Э.Батболд, Б.Г нарын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хоорондоо хийсэн хэлцэл /1хх-12х/,
Иргэн Э.Батболдоос Б.Г рүү мөнгө шилжүүлсэн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /1хх-16х/,
Иргэн С.Ундармаа, Б.Г нарын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хийсэн зээлийн гэрээ /1хх-241х/,
Хохирогч С.Ундармаагаас хураан авсан Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримт, гэрээ, гал тэрэгний тасалбар зэргийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /1хх-231-242х/,
Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /1хх-22, 26, 171, 228х/,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /1хх-129х/,
Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах мөрдөн байцаагчийн тогтоол /1хх-139х/,
Б.Ган-Эрдэнийн эзэмшилд байгаа Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэрхийн 48 дугаар гудамж 179а, 179б тоот Г-2203009793, Г-2202007103 дугаартай газрын үнэлгээний тайлан /1хх-140-145х/,
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоо болон замын зардлын баримтууд /2хх-33-34, 1хх-246-250х/,
Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-39, 196х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Г нь Шингений виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн давтан үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 17, 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Батболдоос 1.780.714 төгрөг,
2016 оны 09 дүгээр сарын 26, 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Ундармаагаас 4.142.970 төгрөг,
2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Гоогэрэлээс 4.891.864 төгрөг,
2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Уранбилэгээс 2.704.990 төгрөг,
2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Мөнхцэцэгээс 1.720.000 төгрөг авч нийт 15.240.538 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, баримт бичиг ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Гэс хохирлын 4.891.864 төгрөгийг хохирогч Б.Гоогэрэлд, 1.780.714 төгрөгийг хохирогч Э.Батболдод, 4.142.970 төгрөгийг хохирогч С.Ундармаад, 2.704.990 төгрөгийг хохирогч Л.Уранбилэгт тус тус гаргуулан олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан 1.720.000 төгрөгийн хохирлоос хохирогч Б.Мөнхцэцэгт 1.700.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнд 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, үлдэх хохирлоо 1 жилийн хугацаанд төлөхийг үүрэг болгож шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Ган-Эрдэнийн эзэмшилд байгаа Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэрхийн 48 дугаар гудамж 179а, 179б тоот Г-2203009793, Г-2202007103 дугаартай газрын захиран зарцуулах эрхийг хязгаарласныг хүчингүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.