| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2023/0042/Э |
| Дугаар | 2023/ДШМ/419 |
| Огноо | 2023-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сарантуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2023/ДШМ/419
2023 04 18 2023/ДШМ/419
Г.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Сарантуяа,
яллагдагч Г.А өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/259 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Сарантуяагийн бичсэн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар прокурорын эсэргүүцлээр Г.Ад холбогдох 2209002332165 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Г.А, 1984 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Седикат констракшн” ХХК-ийн захирал, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 хороолол, 100 айл гудамжны 11 дүгээр байрны 7 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 9А байрны 72 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЧВ84021913/;
Г.А нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикара” гэх нэртэй ресторанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 17-ны шөнийн 01 цагийн орчимд дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч С.Галбадрахыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.А үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх холбогдох хэргийн материалтай танилцахад хэрэг болсон гэх “Чикара” гэх ресторанд тухайн цаг хугацаанд хэрэгт ач холбогдолтой байж болох хяналтын камерын бичлэг байгаа эсэхийг тодруулаагүй байх тул уг ажиллагааг гүйцэтгүүлж, хэрэв камерын бичлэг байгаа бол тухайн бичлэгээс ямар этгээдүүд байсан болохыг тодруулж хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлэг авах шаардлагатай.
Яллагдагчийн өмгөөлөгчид байгаа гэх хяналтын камерын бичлэг нь хэрэгт ач холбогдолтой эсэх, түүний эх сурвалжийг тодруулах талаар ажиллагаа хийж, зохих арга хэмжээ авах нь зүйтэй болохыг тэмдэглэв.
Ийнхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад ач холбогдолтой байж болохуйц ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй, нэгэнт яллагдагчийн өмгөөлөгчөөс хяналтын камерын бичлэг байгаа талаар илэрхийлж байх тул энэ нөхцөл байдлуудыг тодруулах нь зүйтэй.
Яллагдагч Г.Ад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Ад урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Сарантуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг болсон гэх “...“Чикара” ресторанд тухайн цаг хугацаанд хэрэгт ач холбогдолтой байж болох хяналтын камерын бичлэг байгаа эсэхийг тодруулаагүй байх тул уг ажиллагааг гүйцэтгүүлж, хэрэв камерын бичлэг байгаа бол тухайн бичлэгээс ямар этгээдүүд байсан болохыг тодруулж хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлэг авах шаардлагатай. Ийнхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад ач холбогдолтой байж болохуйц ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй, нэгэнт яллагдагчийн өмгөөлөгчөөс хяналтын камерын бичлэг байгаа талаар илэрхийлж байх тул энэ нөхцөл байдлуудыг тодруулах нь зүйтэй” гэж дүгнэсэн байна.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч С.Галбадрахын “...Анар-Эрдэнэ нь араас ирж миний хувцаснаас татаж зууралдахаар нь би хувцаснаас барьсан гараа авахыг шаардахад хэл амаар доромжлон өөдөөс дайрч, давшлан миний нүүрэн тус газар толгойн урд хэсгээрээ хоёр удаа мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 36/, Цагдаагийн хэлтсийн жижүүр болон кабон, машинт эргүүлд ажиллах алба хаагчдын хуваарь, томилгоо /хх 37/, гэрч Ц.Тэмүүлэнгийн “...Цагдаагийн байгууллагад өгсөн дуудлагын дагуу цагдаагийн ахмад Галбадрах гэж хүн нэг цагдаагийн хамтаар ирээд зодоон маргаан үүсгэсэн Хаш-Эрдэнэ гэж залууг цагдаагийн байгууллага руу авч явах талаар хэлж яриад аваад гарах гэхэд түүний ах Анар-Эрдэнэ гэх залуу нь ирээд Галбадрах гэх цагдаатай маргалдаад “дүүгээ явуулахгүй гэж хэлээд хувцаснаас нь барьж аваад зууралдаад байсан. Энэ үед Галбадрах цагдаа нэмж хүмүүс дуудаад Анар-Эрдэнэ, Хаш-Эрдэнэ нарыг авч явсан байгаа” гэх мэдүүлэг /хх 51/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 586 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 433 дугаартай дүгнэлт, гэрч Г.Хаш-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Б.Батсайханы мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 цагийн орчимд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикара” гэх нэртэй ресторанд болсон “Селикат констракшн” ХХК-ийн шинэ жилийн цэнгүүний үеэр Г.Хаш-Эрдэнэ, Ж.Батсайхан нар нь маргалдаж, зодолдох үед рестораны зөөгч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба Г.А нь уг дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч С.Галбадрахыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж буюу нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эсэргүүцсний улмаас С.Галбадрахын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдсон.
Тодруулбал, биедээ аливаа гэмтэл, шархгүй албан үүргээ хэвийн гүйцэтгэж, дуудлагаар хэрэг учралын газарт ирсэн цагдаагийн алба хаагчийн биед хүч хэрэглэж эсэргүүцсэн Г.А үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон.
Шүүх хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн аль тохирох хэсгийг удирдлага болгох учиртай бөгөөд дээрх тохиолдолд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэснийг удирдлага болгосон гэж ойлгогдохоор байна. Тэгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар хэсгийн 6.15 дахь заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт”-ийг хэлэлцэж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно”, мөн зүйлийн 9 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хуульчилсан. Гэтэл шүүхээс хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэрлэхдээ өмгөөлөгчөөс гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг үндэслэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн өмгөөлөгч О.Ганхүү болон яллагдагч нараас удаа дараа гомдол, хүсэлт ирүүлж байсан бөгөөд энэхүү гомдол хүсэлтдээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргаж байгаагүй, мөн хяналтын камерын бичлэгийг хавтаст хэрэгт тусгуулахаар хүсэлт гомдол гаргаж байгаагүй. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шинээр авсан гэх өмгөөлөгч нь бараг 1 жилийн өмнөх “Чикара” нэртэй рестораны хяналтын камерын бичлэг байгаа талаар ярьж танилцуулсан боловч уг бичлэгийг гаргаж өгөөгүй.
Өөрөөр хэлбэл, шүүх хуралд хяналтын камерын бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй байхад дан ганц өмгөөлөгч хяналтын камерын бичлэг байгаа талаар илэрхийлсэн гэх үндэслэлээр, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн нотлох баримтад дүгнэлт хийлгүйгээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүхээс хэргийг буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар “энэ зүйлд заасны дагуу гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй” гэж заасан учир өмгөөлөгчөөс уг бичлэгийг гаргаж өгч нотлох баримтаар тооцуулах эрхтэй бөгөөд энэхүү камерын бичлэгийг гаргуулах ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.
Нөгөөтэйгүүр, хэрэг учрал нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикара” гэх нэртэй ресторанд 2021 оны 12 дугаар сарын 17-ны шөнө болсон бөгөөд одоогоос 1 жил 2 сар гаруй хугацааны өмнө болж өнгөрсөн учир бичлэгийг гаргуулан авах мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй буюу шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Тухайлбал, хэргийг прокурорт буцааснаас хойш мөрдөгчөөр уг хэрэг учрал болсон гэх газарт очиж хяналтын камер байгаа эсэх талаар тодруулахад уг ресторан нь үйл ажиллагаа явуулахаа больсон байсан ба энэ талаар тэмдэглэл үйлдэж, хяналтын прокурорт танилцуулсан болохыг дурдах нь зүйтэй. /мөрдөгчийн тэмдэглэлийг хавсаргав/
Иймд нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч Г.А өмгөөлөгч Б.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцсон нь үнэн. Камерын бичлэг надад байна. Би худлаа хэлж яах юм бэ. Мөрдөн шалгах ажиллагааныхаа хүрээнд ганц камерын бичлэг авч чадахгүй 1 жил болчихоод одоо камерын бичлэг байгаа эсэх нь эргэлзээтэй, өмгөөлөгч худлаа хэлж байна гэж байна. Прокурор өөрөө ажлаа хийх хэрэгтэй, хяналтаа тавих шаардлагатай. “Чикара” рестораны бичлэгт цагдаа нар орж ирсэнээс авхуулаад гарч явах хүртэлх хугацааны бичлэг байна. 2023 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр авсан бичлэг байгаа. Бүхэл бүтэн 1 жилийн хугацаанд ганц камерын бичлэг олж авч чадаагүй байж “өмгөөлөгч худлаа хэлж байна” гэх зүйл яриад байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.6 дугаар зүйлд заасан нөхцөлтэй холбоотой нотлох баримтыг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гаргах тухай асуудал байхгүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд нотлох баримт үнэлэх юм уу, эсхүл мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах ёстой. “Чикара” ресторан нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо буюу Парк дотор үйл ажиллагаа явуулдаг ресторан байдаг. Паркын захиргаанаас бичлэг байгаа эсэхийг лавлах боломжтой байсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд цахимаар оролцсон тул бичлэгийг би гаргаж өгч чадаагүй. Бичлэгийг шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж л анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад яллагдагч Г.Ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Шүүгчийн захирамжид заасан “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад ач холбогдолтой байж болохуйц ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй, хяналтын камерын бичлэг байгаа талаар нөхцөл байдлуудыг тодруулах нь зүйтэй. ...” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх бөгөөд эдгээр үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.
Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлдөг тул үүнийг заавал тогтоож, тодорхойлох нь зүйтэй.
Тодруулбал, хавтас хэрэгт авагдсан гэрч, хохирогч нар энэ гэмт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг байх боловч бусад хөндлөнгийн нотлох баримтаар тодруулах шаардлагатай байна.
Түүнчлэн, яллагдагч Г.А өмгөөлөгч Б.Гэрэл-Очир 2023 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр хяналтын камерын 3 бичлэгийг хуулбарлаж авсан байх ба анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 259 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан, харин прокурор 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар эсэргүүцэл бичсэн бөгөөд эсэргүүцэлд хавсаргасан 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлд “1 жилийн өмнөх хяналтын камерын бичлэг байхгүй” талаар бичигдсэн байна.
Эсэргүүцэлд хавсаргасан мөрдөгчийн тэмдэглэл нь дээрх асуудлыг нотолсон баримт гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өмгөөлөгчийн хуулбарлаж авсан камерын бичлэг нь хууль ёсны баримт мөн эсэх эсхүл мөрдөгчийн тэмдэглэл хууль бус байгаа эсэхийг нэг мөр шалгаж ирүүлэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/259 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/259 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Сарантуяагийн бичсэн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ