| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2024/0008/З |
| Дугаар | 124/ШШ2024/0020 |
| Огноо | 2024-09-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 124/ШШ2024/0020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М У У” ХХК, /У сум, ...-р баг/
Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,
“Увс аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/233 дугаар албан бичгээр чиглэл өгсөн шийдвэр хуул бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М У У” ХХК-ийн захирал Ц.О, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Э.Н, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М У У” ХХК нь тус шүүхэд Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/233 дугаар албан бичгээр чиглэл өгсөн шийдвэр хуул бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
2. Увс аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/233 дугаар “Төсвийн байгууллагуудын барилгын талбай, эзэлхүүний хэмжилтийн тухай” албан бичгээр халаалтын зардлыг тооцох талбай, эзэлхүүний хэмжилтийг шинэчлэн тогтоосныг мөрдөж ажиллахыг үүрэг болгожээ.
3.Маргаж буй албан бичгийг сумдын Засаг дарг анар, төсвийн байгууллагууд, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт хаягласан байх ба Увс аймгийн Засаг даргын тамгын газраас тухайн албан бичгийг “М У У” ХХК-д хүргүүлсэн талаарх баримтыг ирүүлэхийг шаардахад мэргэжилтэн Б.Э цахим хаягнаас тус компанийн нягтланд хүргүүлсэн гэх баримтад Давст сумын байгууллагуудын талбай эзэлхүүний талаарх баримтыг явуулсан, “Увс аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/233 дугаар албан бичгийг хүргүүлсэн нь тогтоогдоогүй, гэрч тус компанийн нягтлан бодогч А.Б “Б.Э-оос цахимаар уг албан бичгийг ирүүлээгүй” гэж мэдүүлсэн, хариуцагч хөөн хэлэлцэх хугацаан дээр маргаагүй байна.
Иймд нэхэмжлэгч “М У У” ХХК-ийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.
4. Нэхэмжлэгч “М У У” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон захирал Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М У У" ХХК нь 2006 онд байгуулагдсан бөгөөд дулаан үйлдвэрлэл, Барилга Угсралт, Засвар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2015 оноос эхлэн Давст сумын төвлөрсөн халаалтын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэж одоог хүртэл хариуцан ажиллаж байна. Сумын төвд амины орон сууц болон хувийн хэвшлийн аж ахуй байхгүй бөгөөд төсөвт байгууллагуудаас халаалтын зардлаа авч үйл ажиллагаагаа явуулдаг. Төсөвт байгууллагуудын халаалтын тарифыг аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл баталдаг бөгөөд 2018 оны 01 сарын 31-ны өдрийн 02 тоот "Тариф батлах тухай " тогтоолыг мөрдөн ажиллаж байсан. Энэхүү тогтоол нь өөрчлөгдөхгүй олон жил болсон ба энэ хугацаанд цалин хөлс, тээврийн зардал болон холбогдох бусад зардал өссөнөөс болж ганц манай компани төдийгүй ижил үйл ажиллагаа явуулдаг 16 компани бүгд үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн.
Аймгийн Засаг дарга 2022 онд А/267 дугаар захирамж гаргаж төвлөрсөн халаалт төлдөг төсөвт байгууллагуудын халаалт тооцох эзлэхүүний хэмжээг дахин хэмжих шийдвэр гаргажээ.Аймгийн Засаг даргын 2022 оны А/267 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор төсөвт 95 сая төгрөг суулгаж түүгээрээ "Б И" ХХК-аар хэмжилтийг хийлгэсэн. Ингэж хэмжихдээ цонх, гадагшаа харсан хаалга зэргийг хассан учир хэмжээ нь өмнө байснаасаа эрс багассан бөгөөд энэ хэмжилтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Энэ хэмжилтийн эцсийн үр дүнг компаниудад огт мэдэгдээгүй бөгөөд аймгийн Засаг дарга 2024 оны 02 сарын 08-ын өдөр 01/ 233 тоот албан бичиг гаргаж үүгээрээ сумдын Засаг дарга нар, төсвийн байгууллагууд, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт "Б И" ХХК-н хэмжилтийг дагаж мөрдөхийг үүрэг болгосон. Энэ шийдвэрээ гаргахаас өмнө бидний санал хүсэлтийг сонсоогүй, энэ шийдвэр нь бидний аж ахуйн үйл ажиллагаа явуулахад сөргөөр нөлөөлж байгаа болохоор халаалтын зардлаас олох бодит орлого буурч дампуурах хэмжээнд очиж МУ-ийн ҮХ-н 16-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх минь зөрчигдөж байна.Аймгийн Засаг даргын 2024 оны 02 сарын 08-ны өдрийн 01/233 тоот албан бичгээр чиглэл өгсөн шийдвэр нь хууль бус болохыг тогтоох хүчингүй болгох шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Бид тендер зарлагдаж, хэмжилт хийх болсон талаар мэдсэн боловч хэзээ хэмжилт хийх тухайгаа албан бичиг, тоотоор бидэнд мэдэгдээгүй, хэмжилт хийхдээ үйлдвэрлэгч байгууллага буюу манай байгууллага, хэрэглэгч байгууллагуудын дарга, эрхлэгч нарыг байлцуулаагүй,гуравдугаарт дулаанаар хангагддаг талбайнууд дутуу хэмжигдсэн. Жишээ нь цонх, хаалганы объёмууд ороогүй, хүзүүвч барилгуудын хоорондын залгаа хэмжилтэд ороогүй, зөвхөн хананаас хана, шалнаас тааз гэж хэмжсэн. Бидний амьдарч байгаа байшингийн цонхны объём нь дулаанаар халдаг хэсэг бөгөөд энэ хэсгийг хэмжээгүй. Сургууль, цэцэрлэг гээд бодоход зөвхөн Давст суманд цонхны 2,500 м.куб талбай хаягдсан. Хүзүүвч, гадна хаалга, шилэн цонхнууд, шилэн хананууд огт хэмжигдээгүй. Давст сумын нэг ч албан газрын дарга хэмжилт хийхэд байгаагүйг би өөрийн нүдээр харсан. Гэтэл хэмжилт хийсэн актад сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, Засаг даргын Тамгын газрын дарга, эмнэлгийн дарга нар хэмжилт үнэн зөв гээд гарын үсгээ зурчихсан байгаа.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
5. Хариуцагч Увс аймгийн Засаг даргаас ирүүлсэн тайлбарт:” ...Эрчим хүчний тухай хуулийн 7.1-д “Аймаг, сум,...-ийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, ....” гэж заасныг хэрэгжүүлж ажилласан. Хуулийн дээрх заалтын хүрээнд орон нутгийн төсөвт хэмжилт хийх зардлыг тусган, төсвийн байгууллагуудын барилгын халаалтын зардал тооцох талбай, эзэлхүүний хэмжилт хийх тендер зарлан, шалгарсан тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж болох “Б И” ХХК-иар гүйцэтгүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан албан бичиг захиргааны актын бие даасан шинжийг агуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 291 дүгээр тогтоолоор Дулааны зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм батлагдаад хэрэгжиж байдаг. Энэ дүрмийн 5.3.4-д “аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар баригдсан барилгад дулааны тоолуур суурилуулах боломжгүй тохиолдолд халаалтын төлбөрийг эзлэхүүнээр нь тооцно, Тухайн барилгын халаалтын төлбөр тооцох эзлэхүүнийг өрөөний урт, өргөн, өндрийн хэмжээгээр тодорхойлно. Анхны батлагдсан зургаас өөр зориулалтаар уг барилгыг ашиглах бол мэргэжлийн байгууллагын дүгнэлт, дулаан эрчим хүчээр найдвартай хангах техникийн хувьд боломжит эсэх тооцоог үндэслэн эх үүсвэр тогтооно” гэж заасан. Эрчим хүчний тухай хуулийн 7.1-д “аймгийн Засаг дарга эрчим хүчний хуулийн хэрэгжилт, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна” гэж заасныг хэрэгжүүлж тусгай зөвшөөрөл бүхий компаниар хэмжилтийг хийлгэсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан албан бичиг нь захиргааны актын бие даасан шинжийг агуулаагүй бөгөөд дээрх тайлбарын нэг дэх хэсэгт заасан аж ахуйн харилцааны дүрмийг төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд хэрэгжүүлж ажиллаач гэх чиглэл өгсөн албан бичиг байгаа. Иймд эрх бүхий байгууллагын шийдвэр заавал хэрэгжих үндэслэлтэй, хүчин төгөлдөр акт учраас үүнийг мөрдүүлж ажилласан...” гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...”М У У” компанийн зүгээс хэмжилт хийх талаар мэдэгдээгүй гэж байна. Анх Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилогдоод хэмжилт хийх гэж байхдаа Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан дүрмийн дагуу хэрхэн хэмжилт хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөч, ямар стандартыг мөрдөж ажиллах вэ гэх албан бичиг хүргүүлэхэд Эрчим хүчний зохицуулах хорооноос “халаалтын төлбөр тооцох талбай эзэлхүүн тогтоох тухай албан бичгийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Засаг даргын орлогч Ж.А-т ирүүлсэн. Тухайн албан бичигтээ дулааны төлбөр тооцооны эзэлхүүний хэмжилтийг хийлгэхдээ зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлж төлбөр тооцоондоо ашиглах нь зүйтэй гэж ирүүлсэн. Үүний дагуу аймгаас мөнгө төсөвлөж тендер зарлаж, шалгарсан гүйцэтгэгч “Б И” компани хэмжилтийг хийсэн. “Б И” компани нь тендерт оролцохдоо туслан гүйцэтгэгчээр “Гурван тэрмис” ХХК, “Баракко хийц” ХХК, “Оюусувд дэлгэрэх” ХХК-г авч хэмжилтийг сумуудад хийсэн. Барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж учраас өөрсдийн баримталдаг норм, дүрэм, стандартынхаа дагуу хэмжилтийг хийж, Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт хэмжилт хийсэн тайлангаа хүлээлгэн өгсөн байгаа. Хэмжилт хийх тухай тендер зарлаж шалгаруулаад, хэмжилт хийх тухай албан бичгийг сумдын Засаг дарга нарт болон тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан бичгээр хүргүүлсэн...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч, тэдний төлөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч талаас “Төсөвт байгууллагуудын халаалт тооцох эзэлхүүний хэмжээг шинээр хэмжилт хийн тогтоохдоо ажиллагаанд биднийг оролцуулаагүй, хэмжилт буруу хийгдсэн, өмнө нь байсан хэмжилтээс эрс багассан, хэмжилтийг дагаж мөрдөх шийдвэр гаргахаас өмнө манай компанид мэдэгдээгүй” тухай тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс “Чиглэл өгсөн албан бичиг нь захиргааны актын бие даасан шинжийг агуулаагүй, Хэмжилтийг тусгай зөвшөөрөлтай аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлсэн, Засаг дарга Эрчим хүчний тухай хуулийн 7.1-д заасныг хэрэгжүүлж ажилласан...” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
4. Увс аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/233 дугаар “Төсвийн байгууллагуудын барилгын талбай, эзэлхүүний хэмжилтийн тухай” албан бичгээр “сумдын нэгдсэн халаалтын зуухны газраас дулаанаар хангагдаж буй төсвийн байгууллагуудын барилгын халаалтын зардлыг тооцох талбай, эзэлхүүний хэмжилтийг холбогдох журмын дагуу шинэчлэн тогтоосон тул 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдраас мөрдөж ажиллахыг даалгасан байх ба хавсралтаар Увс аймгийн сумдын төсөвт байгууллагуудын талбайн м2 , эзэлхүүнийг тогтоосон хэмжилтийг хавсаргажээ.
“М У У” ХХК-ийн хувьд Давст сумын төсөвт байгууллагуудыг дулаанаар хангагч байгууллага байх бөгөөд маргаан бүхий албан бичигт Давст сумын ЗДТГ-ын байр, ёслолын өргөө, халуун ус, Эрүүл мэндийн төв, Сургууль, дотуур байр, заал, Соёлын төв, музей, цэцэрлэг, Эрүүл мэндийн төв /шинэ/ нийт талбай 5646.42 м2 , эзэлхүүн 19599,30 м3 байхаар тогтоожээ.
“Төсвийн байгууллагуудын барилгын халаалтын зардал тооцох талбай, эзэлхүүнийг шинэчлэн тогтоох” ажил гүйцэтгэх гэрээг захиалагч тал болох Увс аймгийн Засаг дарга Ч.Ч, гүйцэтгэгч тал “Б И” ХХК-ийн захирал Л.Р нар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр баталсан байх бөгөөд гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн хэмжилтийн ажлын гүйцэтгэлийн тайланг гаргаж ажлыг хүлээлгэн өгсөн байна.
5. Увс аймгийн Засаг даргаас “Б И” ХХК-ийн гаргасан хэмжилтийн тооцооллыг үндэслэн хэмжилтийг дагаж мөрдөхийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/233 дугаар албан бичгээр даалгажээ.
6. Увс аймгийн Засаг даргаас 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/233 дугаар “Төсвийн байгууллагуудын барилгын талбай, эзэлхүүний хэмжилтийн тухай” албан бичгээр халаалтын зардлыг тооцох талбай, эзэлхүүний хэмжилтийг шинэчлэн тогтоосныг мөрдөж ажиллахыг үүрэг болгосоноор дулаанаар хангах үйлчилгээг гэрээгээр үзүүлдэг аж ахуйн нэгжид үр дагавар үүсгэсэн, өөрөөр хэлбэл Давст сумын төсвийн байгууллагуудыг дулаанаар хангагч “М У У” ХХК-д үйлчлэл нь чиглэгдэж байгаа, дулааны төлбөр тооцох тооцоолол өөрчлөгдөх үр дагавар үүсгэсэн, гадагшаа чиглэсэн захиргааны акт байна.
7. Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаархи бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үний дагуу тооцно” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.21-д "аж ахуйн харилцааны дүрэм" гэж хангагч, хэрэглэгчийн хоорондын гэрээний нөхцөл, шаардлага, үйлчилгээний түвшин, чанар, төлбөрийн нөхцөлийг тусгасан хэм хэмжээ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн харилцааг зохицуулсан хэм хэмжээг ойлгохоор тус тус заажээ.
8. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаар тогтоолоор баталсан “Аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5.3-д Тоолуургүй хэрэглэгчийн төлбөр тооцох нөхцлийг тодорхойлж 5.3.1-д “Аливаа барилга байгууламж, орон сууц нь дулааны тоолуур суурилагдаагүй бол дулааны эрчим хүчний төлбөр тооцоог энэхүү дүрэмд заасны дагуу эзэлхүүн болон талбайн хэмжигдэхүүнээр гэрээний дагуу тооцно. Орон сууцны барилгыг ахуйн зориулалтаар нь ашиглаж, хүн амьдарч байгаа бол талбайн хэмжигдэхүүнээр, үүнээс бусад нөхцөлд эзэлхүүнээр тооцно”, 5.3.4-д “Аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар баригдсан барилгад, дулааны тоолуур суурилуулах боломжгүй тохиолдолд халаалтын төлбөрийг эзлэхүүнээр тооцно. Тухайн барилгын халаалтын төлбөр тооцох эзэлхүүнийг өрөөний урт, өргөн, өндөр/давхрын бодит өндөр/-ийн хэмжээгээр тодорхойлно”, 6.1-д “Энэхүү дүрмийн биелэлтэнд хангагч, хэрэглэгч талууд болон Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч хяналт тавина” гэж тус тус зохицуулсан байна.
9. Нөгөө талаас аймгийн Засаг даргын хувьд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20-д зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч байх бөгөөд мөн зүйлийн 14.2.3-т зааснаар “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан чиг үүргийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй.
Хууль, холбогдох дүрэмд зааснаар дулааны эрчим хүчийг дулааны тоолуураар хэмжиж тооцоолохоор зохицуулсан ба дулааны тоолуураар төсвийн байгууллагууд хангагдаагүйн улмаас дулааны төлбөр тооцох хэмжээг шинэчлэн тогтоох шаардлага үүссэн, эрх бүхий байгууллагаас тогтоосон хэмжилтийн талаар дулаанаар хангагч байгууллага болох нэхэмжлэгч талаас хяналт тавих холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй байх ба аймгийн Засаг даргаас төсвийг үр ашигтай удирдах үүргийнхээ хүрээнд Давст сумын төсвийн байгууллагуудын дулааны төлбөр тооцоог хийх эзэлхүүнийг хэмжээг дагаж мөрдөхийг үүрэг болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
10. Аймгийн Засаг дарга нь хэмжилтийн буруу, зөвийг хянах эрх бүхий этгээд биш тул нэхэмжлэгч талын “ хэмжилтийг буруу хийсэн, хэмжилт хийх ажиллагаанд биднийг оролцуулаагүй” гэх тайлбар үндэслэлгүй.
11. Нэхэмжлэгч тал “ Тендер зарлагдаж, төсвийн байгууллагуудын дулааны эрчим хүч тооцох хэмжилтийг шинээр хийх болсон талаар бид мэдэж байсан” гэх тайлбар гаргасан, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна, 28.2-т “Иргэнтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгана”, 28.3-т “Хуулийн этгээдтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд энэ хуулийн 28.2-т зааснаас гадна эрчим хүчний хэрэглээний горим, сар бүрийн хуваарь, хэрэглэгч хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа болон шаардлагатай бусад асуудлыг тусгана” гэж заасан, өөрөөр хэлбэл дулаанаар хангах гэрээнд ямар нөхцөлөөр дулааныг хэмжиж, төлбөр тооцоог хэрхэн хийх талаар гэрээний талууд харилцан тохиролцох боломжтой байх тул нэхэмжлэгчийн “хэмжилтийг дагаж мөрдөх шийдвэр гаргахдаа бидэнд мэдэгдээгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/233 дугаар албан бичгээр чиглэл өгсөн шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “М У У” ХХК-ийн эрх ашиг, сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.
12. Иймд нэхэмжлэгч “М У У” ХХК-иас Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/233 дугаар албан бичгээр чиглэл өгсөн шийдвэр хуул бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
13. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М У У” ХХК-ийн Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/233 дугаар албан бичгээр чиглэл өгсөн шийдвэр хуул бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ