Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч П.Нархажид,   

Нарийн бичгийн дарга Г.Номин,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1806002770062 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1999 оны 12 сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймгийн Сайншанд сумын МСҮТ-ийн машинчийн 1 курсэд сурдаг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 19-264 тоотод эмээ, өвөө нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй,  тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Б.Б

 

     Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ хүнсний дэлгүүрийн урд талд Г.Гантогтохыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

         ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806002770062 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 Хохирогч Г.Гантогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 12 дугаар сарын 30-ны орой би найз Амаржаргалын хамт таксинд явж байсан юм. Би тухайн жолоочийн хажуу талын суудал дээр унтаад явж байсан. Амаржаргал 2 залуу нэг хүүхэн авч Алтан-Өлгийн орчимд байх Сэлэнгэ гэх хүнсний дэлгүүрийн урд аваачиж буулгасан. Намайг унтаж байгаад сэрхэд Амаржаргал нэг залуутай чи яаж яваад байгаа юм бэ гэх мэтчилэн маргаж байгаад Амаржаргалыг автомашинаас заамдаж аваад буулгасан. Би автомашинаасаа буугаад Амаржаргалыг нөгөө залуугаас салгах гэхэд нэг залyy миний араас тэвэрч аваад өргөж шидээд газарт унагаад нүүрлүү өшиглөж, цохиж нуруулуу өвдөглөсөн. Миний хувьд газарт уначихаад босоогүй. Уг залуу хэсэг намайг зодож байгаад зугатахаар нь би араас нь хөөж байгаад хамт явсан эмэгтэйг нь олж автомашиндаа суулгаад цагдаагийн газарт авч ирсэн. Уг залуу намайг араас өргөж байхдаа миний өөрийн приус 20 маркийн автомашины жолооч талын хаалганы борооны хаалтыг хугалсан байсан. Шинжээч эмчийн №916 дугаартай дүгнэлтийг зөвшөөрч байна. Миний биед Билэгжаргал гэх залуу гэмтэл учруулсан. Миний хувьд хэнийг ч зодсон асуудал байхгүй. Миний хамрыг янзлахад 680.000 төгрөгний зардал орно гэсэн. Хугалсан борооны хаалт нь 85.000 төгрөгний үнэтэй. Миний хохиролыг барагдуулсан тохиолдолд надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 7-10/

 

            Гэрч С.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            Уг өдрийн орой 22 цаг болж байхад найзын хамт халтууранд явахаар болж Баянхошууны хөтөл буудал дээр уулзсан. Бид 2 гадуур халтуур хийн цагдаагийн академийн тэнд хүн буулгаад буцах замдаа офицеруудын буудал өнгөрөөд дүүрэг орохын наанаас 2 залуу 1 эмэгтэй хүн авсан. Тэгээд цайзаар дээш өгсөн яваад зам дагуу буулгасан. Би ухрах үедээ анзааралгүй саарал куртиктэй залууг машинаараа хальт хүрээд зогссон. Гэтэл уг залуу ирээд яаж байгаа юм бэ гэхэд урдаас ууралсан. Уучлал гуйн салах гэсэн боловч ойлгохгүй маргалдан намайг заамдаж авсан. Тухайн үед манай найз сэрсэн байсан бөгөөд машинаас бууж ирэн бид нарыг салгах гэтэл хар куртиктай залуу Гантогтохыг араас тэврэн дарж унагаасан. Саарал куриктэй залуу намайг тавихгүй болохоор нь би куртикээ үлдээгээд зугтаан таксииы ард суугаад 100 метр орчим яваад иртэл Гантогтох, нөгөө 2 залуу байхгүй байсан. Би нөгөө хэдийг хөөж байгаад ирлээ. Нөгөө охин дээр явж байна гээд бид 2 машинтайгаа яваад уг охиныг аван цагдаад ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

 

            Гэрч З.Одхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 12 сарын 30-ны орой би дүү Билэгжаргал, Номин нарын хамт Баянзүрх дүүргийн орчмоос приус 20 маркийн машинд сууж Баянзүрх дүүргийн 19-р хороо Сэлэнгэ дэлгүүрийн урд очоод мөнгөө өгөөд буугаад зогсч байхад такси ухарч ирээд намайг шүргэчихсэн. Тэгэхээр нь би таксины жолоочид хандан чи хойдхоо хардаггүй юм уу гэж хэлэхэд таксины жолооч бууж ирээд надтай маргаж байхад таксниы жолоочийн хажууд нь сууж байсан найз нь бууж ирээд намайг түлхсэн. Энэ үед Билэгжаргал уг залуутай муудалцаж зодолдсон. Тухайн үед би өөрөө таксины жолоочтой муудалцаж байсан учир хэн хэнийгээ хэдэн удаа хаана нь юугаар цохиж гэмтээж байхыг харж амжаагүй. Намайг шүргэхдээ гэмтэхээр хүчтэй мөргөөгүй. Шүргээд л өнгөрсөн. Би хэнийг хэнийг ч зодоогүй. Намайг ч хүн цохиж зодоогүй. Би таксниы жолоочтой л  маргасан. Миний биед учирсан гэмтэл байхгүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Билэгжаргал уг залууг доороо оруулчихсан 2 хөлийнхөө завсар хавччихсан заамдчихсан сууж байсан. Яг цохиж байхыг нь бол хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

Гэрч Г.Номингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 12 сарын 30-ны орой би ажлаа тараад найз залуу болох Билэгжаргалтай уулзаад бид 2 Баянзүрх дүүрэг дээр ах Одхүүтэй уулзаж гуравуулаа нийлээд такси бариад гэртээ харихаар Баянзүрх дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байх Сэлэнгэ дэлгүүрийн урд очиж буугаад зогсч байхад бид нарыг хүргэж ирсэн автомашин ухрах үйлдэл хийж байгаад Одхүү ахыг шүргэчихсэн. Одхүү ах очоод чи ар талаа хардаггүй юм уу. Намайг мөргөчихлөө шдээ гэхэд яагачгүй л байна шдээ яасан сүртэй юм бэ гэж хэрэлдэж байгаад машинаасаа бууж ирээд Одхүү ахыг хоёуулаа булан тойроод үзчихье гээд зогсч байхад таксины жолоочийн хажууд нь сууж явсан залуу гарч ирээд Одхүү ахын хөлийг хаврих шиг болсон. Энэ үед манай найз залуу болох Билэгжаргал Одхүү ахын хөлийг хавирсан залуугийн араас нь тэвэрч авч газарт унагаад 2-3 удаа нүүрэн тус газарт нь гараараа цохисон. Одхүү ах намайг чи энд байгаад хэрэггүй харьж бай гэхээр нь би гэрлүүгээ явж байхад Билэгжаргал Одхүү ах нартай муудалцсан залуус ирээд намайг машиндаа суулгаад тэд нарыгаа олж өг гээд цгадаагийн газарт авч ирсэн.

 

            Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Гантогтох гэх залуугийн автомашинд нь бол огт ойртоогүй. Эрүүл мэндэд учирсан хохиролыг төлнө. Одоогоор хийсэн ажилгүй байгаа тул ажил хийж байгаад 1-2 сарын дотор төлж барагдуулна гэх мэдүүлэг /хх-ийн 50/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 916 дугаартай:

“Г.Гантогтохын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зүүн чамархайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 20/

 

-Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн БЗ1-18-53 дугаартай “тоёота приүс 20 маркийн автомашины зүүн урд хаалганы борооны хаалт 15.000 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт /хх-ийн 53-54/

-гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 2-4/

- Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, БЗД-ийн 22-р хорооны засаг даргын тодорхойлолт, Б.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24, 55-57/

-хохирол төлсөн мөнгөн шилжүүлэгийн баримт, хохирогч Г.Гантогтохын хохирол авч хохирол гомдолгүй болсон гэх баримт /хх-ийн 60-61/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч Б.Бын иргэн Г.Гантогтохын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ