| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2024/0004/З |
| Дугаар | 111/ШШ2024/0063 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 111/ШШ2024/0063
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, тус шүүхийн 103 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар
“2000, 2001 онуудын шимтгэл төлсөн мэдээллийг цахимд шивж бүртгэхийг даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “2000, 2001 онуудын шимтгэл төлсөн мэдээллийг цахимд шивж бүртгэхийг даалгах”-аар маргаж байна.
2. ******* нь 1995-2001 онуудад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүсэлт гаргажээ. Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар “Даатгуулагчийн хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай” тогтоолоор 1995-1999 онуудыг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож, 2000-2001 онуудыг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
******* дээрх тогтоолыг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гомдол гаргасан. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 32/06 дугаар албан бичгээр 2000-2001 онуудыг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгоу шийдвэрлэсэн талаар хариу ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3.1 Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Миний бие ******* овогтой ******* нь 1969 онд төрсөн. 55 настай. 2024 оны 07 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор баримт материалаа бүрдүүлж өгч байгаа. 1987-1994 онуудад Заг сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байгаад зах зээлд шилжих үед байгууллага хувьчлагдан 1995-2001 онуудад 7 жил сайн дурын шимтгэл төлсөн билээ. Гэтэл 1995-1999 онууд тооцогдож, 2000, 2001 онуудад төлсөн шимтгэл төлсөн санхүүгийн баримт, сайн дурын даатгалын гэрээ нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын архивт байхгүй байна хэмээн ажилласан жилд тооцохгүй гэх хариу өгсөн болно. Иргэн хүний хувьд тухайн үед нийгмийн даатгалын шимтгэлээ зүтгэж байж төлдөг байсан тул байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас хохирмооргүй байна. Тухай бүр Нийгмийн даатгалын шимтгэлээ тушааж дэвтэрт бичилтээ хийлгэж баталгаажуулж өөрөөс шалтгаалах бүхнээ гүйцэтгэсэн. Иймд хувиараа сайн дурын шимтгэл төлсөн 2000, 2001 онуудын мэдээллийг цахимд шивж мэдээллийг оруулахыг Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү.” гэжээ.
3.2 Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 1987 онд Завхан аймгийн Худалдааны танхимын анги төгсөөд Баянхонгор аймгийн Заг суманд томилолтоор ирээд 7 жил ажилласан. 1994 онд зах зээл шилжээд Худалдаа бэлтгэл анги, ахуй үйлчилгээ хувьчлалд шилжсэн.
Үүнээс хойш хувиараа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлж 2002 оноос төрийн албанд ажилласан. Энэ хугацаанд 7 жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар төлсөн боловч Нийгмийн даатгалын хэлтэс 5 жил нийгмийн даатгал төлсөнд тооцоод 2 жилийг нь цахимд бүртгэлгүй гэсэн үндэслэлээр тооцохгүй гэсэн.
Тухайн үед нийгмийн даатгалын хариуцлагагүй үйлдлийн улмаас өөрийгөө хохирсон гэж үзэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж дэвтэртээ гарын үсэг зуруулж, тамга даруулдаг байсан. Гэтэл байцаагч нь тухайн үедээ цаасан баримт үйлдээгүй тул архиваас миний баримт гарахгүй байгаа гэж бодож байна.
Би ажилгүй ч нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх гэж маш их зүтгэдэг байсан тул харамсалтай байна.
Иймд 2000 , 2001 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаа тогтоолгох хүсэлтэй.” гэжээ.
4. Хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн *******гийн ******* нь 1995-2001 оны хоорондох сайн дурын даатгалын шимтгэлийг Заг сумын нийгмийн даатгалын албанд төлсөн боловч архивын лавлагаа гараагүйгээс тус газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дээрх онуудыг шийдвэрлүүлэхээр гомдол ирүүлсэн. Гомдлын дагуу Маргаан хянан шийдвэрлэх зөвлөл хуралдаж хавсралтад байгаа нотлох баримтад үндэслэн 1995-1999 оныг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож, 2000-2001 онуудыг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохгүйгээр шийдвэрлэсэн. Иргэн ******* тус хуралдааны шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Маргаан хянах шийдвэрлэх төв зөвлөлд гомдол гаргасны дагуу 2000-2001 оны хоорондох шимтгэл төлсөн хугацаа нь архивын баримтаар нотлогдохгүй байгаа тул шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох боломжгүй тухай хариу ирүүлсэн. Иймд тус газар нь 2000-2001 оны хоорондох хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох боломжгүй.” гэжээ.
4.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр ******* гэх иргэн “1995-2001 он хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцуулах” хүсэлтийг Нийгмийн даатгалын газрын Гомдлын шаардлагын зөвлөлд гаргасан. Гомдлын шаардлагын зөвлөл нь 6 гишүүний бүрэлдэхүүнтэй байсан боловч 1 гишүүн нь өвчтэй гэх шалтгаанаар 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдсан.
Гэвч 1995-2001 оныг дуустал хугацаан дахь баримт нь байхгүй. 1995-1999 оны хооронд сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх мэдээлэл нь лавын программд бүртгэгдсэн тул Гомдлын шаардлагын зөвлөл хуралдаад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцсон.
Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол гарснаас хойш 14 хоногийн дотор Гомдлын шаардлагын төв зөвлөлд ******* гэх иргэн гомдол гаргасан. Гомдлын дагуу “2000-2001 онд сайн дурын даатгал төлсөн гэж нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажуулсан байх боловч архивын баримт байхгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлснийг нотлох баримт байхгүй” гэх шийдвэр гарсан.
Тухайн үед ажиллаж байсан ******* ******* гэх нийгмийн даатгалын байцаагч нас барчихсан.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
1.Нэхэмжлэгч шүүхэд Нийгмийн даатгалын сайн дурын шимтгэл төлсөн 2000, 2001 онуудын мэдээллийг цаашид шивж оруулахыг нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. 1995-2001 оныг дуустал би нийгмийн даатгалд сайн дурын шимтгэлийг төлж байсан, тухайн үед манай Заг суманд ажиллаж байсан нийгмийн даатгалын байцаагч миний нийгмийн даатгалын дэвтэрт тухай бүрт нь бичилт хийж, тамга дарж гарын үсгээ зурж баталгаажуулж байсан ба би сайн дурын шимтгэлийг дэвтэрт минь бичиж өгдөг байсан болохоор нийгмийн даатгалд хамрагдаж байгаа гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Тэтгэвэр авах эрх үүсч тэтгэврээ тогтоолгохоор нийгмийн даатгалын тэтгэврийн байцаагчтай уулзахад сайн дурын даатгалд хамрагдах гэрээ чинь байхгүй байна, манай архивд энэ талаар ямар ч баримт байхгүй байна гэсэн. Би Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх “Гомдлын шаардлагын зөвлөл”-д гомдол гаргасан. Энэ зөвлөлөөс 1995-1999 оныг дуустал 5 жилийн шимтгэлийг төлсөн байна. Харин 2000, 2001 оны шимтгэлийг сайн дураар төлөөгүй байна гэсэн шийдвэрийг гаргасан бөгөөд энэ шийдвэрийг эс зөвшөөрч нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан. Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн шийдвэр зөв байна гэсэн хариуг надад ирүүлсэн юм. Тэгээд танай шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Миний хувьд 2000, 2001 онд нийгмийн даатгалд сайн дурын даатгалыг төлж байсан нь үнэн. Захиргааны хэргийн шүүхээр шийдүүлэх гээд байгаа зүйл нь энэ хоёр /2/ онд сайн дурын даатгал төлж байсан нь үнэн гэдгээ тогтоолгох юм.
Маргаж буй хоёр жилд шимтгэл төлж байсан нь тогтоогдвол сард 24000 төгрөг миний тэтгэвэр дээр нэмэгдэх юм,гол нь түүнийгээ нэмүүлэх гэж нэхэмжлэл гаргасан юм гэж тайлбарласан.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн 1995-2001 оныг дуустал сайн дураар шимтгэл төлсөн гэх бичгийн баримт манай нийгмийн даатгалын архивт байдаггүй. Сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэсэн гэрээ байгуулагддаг. Энэ гэрээний үндсэн дээр эрх үүрэг нь үүсдэг гэтэл нэхэмжлэгчтэй байгуулсан сайн дурын гэрээ манай байгууллагад байхгүй. 1995-1999 онуудын ямар ч бичгийн баримт байхгүй боловч манай нийгмийн даатгалын нэгдсэн бүртгэлийн программд сайн дураар шимтгэл төлсөн гэж орсон байсан учраас тухайн үед ажиллаж байсан “Гомдлын шаардлагын зөвлөл” одоогийн “Маргаан хянан шийдвэрлэх зөвлөл” хуралдаж архивын бичгийн баримт байхгүй ч 5 жилийг нь сайн дурын даатгалын шимтгэл төлсөн гэж үзэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж өгсөн. Харин 2000, 2001 онуудад нэхэмжлэгч сайн дураар шимтгэл төлсөн гэх бичгийн баримт байхгүй, манай нэгдсэн бүртгэлийн программд байхгүй учраас шимтгэл төлсөн гэж үзэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна гэв.
3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2. тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэйд тэтгэвэр авах эрх үүснэ гэж зааснаар нэхэмжлэгчид Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн байх бөгөөд хэргийн оролцогч нар маргаагүй болно.
4.Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 270860 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 1995-2001 он дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг тухайн үед ажиллаж байсан нийгмийн даатгалын байцаагч бичилт хийж,тамга дарж, гарын үсгээ зурж баталгаажуулж байжээ. Энэ нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж тамга дарж, гарын үсэг зурсан байцаагч нь тухайн жилүүдэд нийгмийн даатгалын байцаагчаар Заг суманд ажиллаж байсан - гэх хүн мөн болох нь -ын ******* дугаар нийгмийн даатгалын дэвтэр, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/346 дугаар албан бичигт “1995-2001 оныг дуустал Заг суманд нийгмийн даатгалын байцаагчаар - ажиллаж байсан нь үнэн, энэ байцаагч нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан гэснээр тогтоогдож байна. Мөн шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “тухайн үед ажиллаж байсан нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг нь мөн гэдэгт маргахгүй байна” гэсэн тайлбар гаргав.
Үүнээс үзэхэд нийгмийн даатгалын дэвтрийг зохих журмын дагуу хөтлөгдөөгүй гэж үзэх боломжгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 266 дугаар тогтоолоор баталсан “Гомдлын шаардлагын зөвлөл”-ийн дүрмийн 4.2.6-д зааснаар “хөдөлмөрийн болон даатгалын дэвтэр нь зохих журмын дагуу хөтлөгдөөгүй тохиолдолд нотлох баримтыг хянаж түүний ажилласан хугацаа төлсөн шимтгэлийг хэмжээг тогтооно” гэж заасан байх бөгөөд нийгмийн даатгалын дэвтрийг зохих журмын дагуу хөтлөгдөөгүй гэж үзэх боломжгүй байхад нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэлгүй, 2000,2001 оны шимтгэлийг төлөөгүй байна гэж үзэх үндэслэлгүй юм.
Гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд хуралдааны гишүүн *******, ******* нар нь “шинэ хууль батлагдан гарсантай холбоотойгоор 2006 оноос нийгмийн даатгалын бичиг баримтыг нөхөн бүрдүүлж байгууллагын архивд өгч байсан. Энэ үед архивт ороогүй хоцорсон байх магадлалтай, хуулиа яаж хэрэгжүүлэх арга барилаа олоогүй, журам, заавар чиглэл нь өрөөсгөл байгаад цаг үеийн байдлаас болж алдаа гарсан байж болзошгүй гэснийг дуьдах нь зүйтэй байна.
5..Нэхэмжлэгч нь 1995-1999 он хүртэл тасралтгүй 5 жил нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлж, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан "нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сан" -д бүртгэлтэй байсан байх бөгөөд Гомдлын шаардлагын зөвлөл 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 05 дугаар “Даатгуулагчийн хүсэлтийг хэсэгчлэн хангах” тухай тогтоол гаргаж нэхэмжлэгчийн сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг тогтоосон байх тул нийгмийн даатгалын байгууллагатай Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх сайн дурын гэрээ байгуулж байсан байна гэж үзлээ. Маргаж байгаа 2000, 2001 онууд нь хугацааны хувьд нийгмийн даатгалын нэгдсэн санд бүртгэлтэй хугацааны дараа шууд залгаж байгаа бөгөөд дундаа тасалдсан сар, жил байхгүй учир 1995 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураа төлөх тухай гэрээ байгуулж, 2001 оныг дуустал нийгмийн даатгалын байгууллагатай нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх сайн дурын гэрээ байгуулж байсан байна.гэнэ үзлээ.
6.Хэдийгээр нэхэмжлэгчийг 1995 онд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар “.Энэ хуулийн 7.7-д заасан хүн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах гэрээг нийгмийн даатгалын байгууллагатай байгуулна.гэж заасны дагуу сайн дураар даатгуулах гэрээ байгуулан 2000, 2001 онд сайн дураар нийгмийн даатгал төлж байсан гэж шүүх үзэж байгаа боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс гурван /3/ удаа нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар сайн дурын шимтгэл төлсөн 2000, 2001 онуудын мэдээллийг цаашид шивж оруулахыг нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нийгмийн даатгалын нэгдсэн бүртгэлийн программд 2000, 2001 оныг шивж оруулахыг даалгах гэж байгаа боловч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь энэ хоёр /2 / онд сайн дурын даатгал төлж байсан нь үнэн гэдгээ тогтоолгох юм, маргаж буй хоёр жилд шимтгэл төлж байсан нь тогтоогдвол сард 24000 төгрөг миний тэтгэвэр дээр нэмэгдэх юм, гол нь түүнийгээ нэмүүлэх гэж байсан нэг сард авах 24000 төгрөгөөр хохирч байгаа тухай юм. Энэхүү нэхэмжлэгчийн зорилго нь 2000, 2001 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг мэдээллийн санд шивж оруулсанаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ч биелэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.
7. Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх “Гомдлын шаардлагын зөвлөл”-д /одоогийн Маргаан хянан шийдвэрлэх зөвлөл/ гомдол гаргасан байх бөгөөд уг зөвлөл хуралдаж 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 05 дугаар “Даатгуулагчийн хүсэлтийг хэсэгчлэн хангах” тухай тогтоол гаргаж 2000, 2001 онуудыг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцуулах хүсэлтийг хангахгүйгээр шийдвэрлэв гэсэн тогтоол гаргажээ.
Нэхэмжлэгч гомдлын шаардлагын зөвлөлд хандсанаар уг зөвлөлөөс захиргааны акт болох тогтоол гарч уг хоёр жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг шимтгэл төлсөнд оруулан тооцох боломжгүй болохыг шийдвэрлэсэн захиргааны акт хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчийн зорилго биелэгдэх боломжгүй байна.
8. Мөн нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.3.4.-д зааснаар “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох; гэсэн заалтаар үндэслэн сайн дурын шимтгэл төлсөн 2000, 2001 онуудын мэдээллийг цаашид шивж оруулахыг нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэсэн даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох маргаж буй хоёр /2 /онд сайн дурын даатгал төлж байсан нь үнэн гэдгээ тогтоолгох юм. Маргаж буй хоёр жилд шимтгэл төлж байсан нь тогтоогдвол сард 24000 төгрөг миний тэтгэвэр дээр нэмэгдэх юм, гол нь түүнийгээ нэмүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй хамааралгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 05 дугаар “Даатгуулагчийн хүсэлтийг хэсэгчлэн хангах” тухай тогтоол байгаа боловч түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд энэ захиргааны акттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа уг захиргааны актыг хянаж, шийдвэрлсэний дараа даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “Манай байгууллагад нэхэмжлэгчийн 1995-2001 оныг дуусталх хугацаанд ямар ч хэлбэрээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэх бичгийн нотлох баримт байхгүй” гэж тайлбар гаргасныг дурьдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг баримтлан *******гаас Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “2000, 2001 онуудын шимтгэл төлсөн мэдээллийг цахимд шивж бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ