| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2024/00623/И |
| Дугаар | 308/шш2025/00015 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 308/шш2025/00015
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн *-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-** ***** байранд байрлах Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг Сайншанд сум *-р баг, Аюуш *-р байр **** тоотод оршин суух Г овогт Т холбогдох,
260,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хаан банкны харилцагч Г.Т нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хаан банк дахь өөрийн эзэмшлийн ********* тоот харилцах данснаас Г.Т худалдаа Худалдаа хөгжлийн банкны *********** тоот харилцах дансанд 260,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн байна. Дээрх 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр банк хоорондын системийн алдаа гарч хүлээн авагч Г.Т Х банкны ************ тоот харилцах дансанд дээрх мөнгөн төлбөр орсон боловч шилжүүлэгч Г.Т Х банкны *********** тоот харилцах данснаас хасагдаагүй Х банкны ************* /бага дүнтэй гүйлгээ хоорондын тооцооны данс/ тоот данснаас хасагдсан. Г.Т Х банкны ******** тоот харилцах дансанд шилжин орсон 260,000 төгрөгийн гүйлгээ нь Хбанкны хөрөнгө болно. Г.Т нь алдаатай гүйлгээний улмаас шилжин орсон 260,000 төгрөгийг дур мэдэн захиран зарцуулж, үрэгдүүлж, Х банканд хохирол учруулаад байна. Х банкны зүгээс хариуцагч Г.Т удаа дараа холбогдож, үүссэн төлбөрийн асуудлыг барагдуулах тухай мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, банкны хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшин шамшигдуулсаар байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн Г.Т холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. гэжээ.
Хариуцагч Г.Т нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Г.Т нь Х банкны нэхэмжлэлтэй 260,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүнд маргах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Г.Т холбогдуулан 260,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Т холбогдох 260,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Т нь 260,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,450 төгрөгийн 4,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Т улсын тэмдэгтийн хураамжид 4,225 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 4,225 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА