Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 308/шш2025/00017

 

 

 

 

 

     

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, *-р хороо Парисын гудамж Ай Си тауэр **-р давхар **** тоотод байрлах, И  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг Сайншанд сум *-р баг, Мааньзав гудамж *** тоотод оршин суух, Э овогтой Ү холбогдох,

2,734,765 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Ү нь манай компанитай 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр L29501840 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнаар дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Э.Ү цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас харилцагчийн 5379177539 тоот дансанд зээлийг олгосон. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнаар дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардалд, нотариатын зардалд 8,500 төгрөг гарсан тул хариуцагч Э.Ү нийт 2,751,764.98 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Э.Ү нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,734,765 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлж барагдуулсан тул нэхэмжлэлээс татгалзаж байна . гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч Э.Ү холбогдуулан 2,734,765 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн

шаардлага 2,734,765 төгрөгийг төлж барагдуулсан талаар нэхэмжлэгч тайлбар гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Ү холбогдох 2,734,765 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,842.24 төгрөгийн 29,421.12 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 29,421.12 төгрөг, хариуцагч Э.Ү 29,421.12 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА