| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00521/и |
| Дугаар | 152/ШШ2024/00471 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 152/ШШ2024/00471
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: С.Н-ийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч С.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нь 1971 онд төрсөн, 54 настай. Би 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгсөөд илгээлтийн эзэн болж Наранбулаг сумын Пионер нэгдлийн Хужирт бригадад өөрийн нэр дээр хонь авч, хоньчноор ажиллаж эхэлсэн. Миний эцэг, эх маань Наранбулаг сумын Пионер нэгдлийн ууган гишүүд бөгөөд тус нэгдэлд хонь, ямаа зэрэг бог мал маллаж байсан тул би илгээлт авч, мал маллахаар хөдөө гарсан. Би илгээлт авч өөрийн нэр дээр хонь авч маллаж байсан хэдий ч эцэг С, ах Ц нар цалин авч байсан байна. Би 8 дугаар анги төгсөж илгээлт авч эх хонь авч маллаж байсан нь үнэн билээ. Мөн хөдөлмөрийн дэвтэр нээж цалин хөлс олгохдоо миний нэрийг дутуу буюу Нацаг гэж буруу бичсэнээс би маш их хохирч байна. Намайг С.Н гэх бөгөөд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр томилогдоход нэрийг маань зөв бичсэн байгаа. Намайг бага байхад гэрийн нэр Н гэж дууддаг байснаас тухайн үед хөдөлмөрийн хөлс олгохдоо Нацаг нэрээр бичигдсэн гэж үзэж байна. Иймд миний 1987 оны 6 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас С овогтой Нийн иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, тагнуулын ерөнхий газрын тусгай, архивын 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 08/ 3432 дугаартай С.Нийн цэргийн алба хаасны архивын лавлагаа, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны долоон сарын 2-ний өдрийн 233 дугаартай тодорхойлолт, хавсралтын хамт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 113 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай тушаал хавсралтын хамт,Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 308 дугаартай цалингийн тодорхойлолт хавсралтын хамт, С.Нийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн тухай баталгаажилтын хуудас, С овогтой Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, С.Бийн ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 783 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч С.Бгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.Нийн хаягийн хуудас, ХААТР-1 маягт, ХААТР-15 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
С.Нийн хүсэлтээр С.Б, С.Б нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. С.Нийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. С.Н нь шүүхэд хандаж 1987 оны 6 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч С.Нийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч С.Н нь 1987 оны 6 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. С.Н нь 1987 оны 6 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан боловч тухайн үеийн баримтуудад түүний нэрийг Сын Н бус Нацаг гэж бичжээ.
3.2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор баримт бичгээ бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 113 дугаартай зөвлөмжийн хуудсаар “С.Н нь Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1987 онд ажилд орсон тушаал аймгийн архиваас гарсан боловч ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй тул уг хугацаан дээр ажилласан жил тооцох боломжгүй” гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 223 дугаартай тодорхойлолтоор “Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1989 оноос хойших баримт тус архивт шилжиж ирээгүй ба архивт ирүүлсэн Пионер нэгдлийн даргын 1987-1989 оны тушаал, цалинг шүүн үзэхэд С овогтой Нтой холбогдох Пионер нэгдлийн даргын 1987 оны “Илгээлтийн эздийг ажилд томилох тухай” 33 дугаар тушаал, 1989 оны 01-12 дугаар сарын цалин гарсан бөгөөд С.Нийг ажлаас чөлөөлсөн тухай тушаал гараагүй” гэжээ.
Иймд дээрх баримтад үндэслэн С.Нийг 1987 онд анх Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн, улмаар 1989 оныг дуустал ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.
Түүнчлэн, шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлсэн С.Нийн ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн байх бөгөөд тус баримтад түүнийг 1987 онд Пионер нэгдэлд ажиллаж эхэлсэн, хоньчин гэж тэмдэглэжээ.
5. Иймд гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудад үндэслэн С.Нийн 1987 оны 6 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох үндэслэлтэй.
6. Шүүхээс хүсэлт гаргагч С.Нийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Монголмууд овогт Сын Нийн 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч С.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА