Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч А.Сайнбаяр,   

Нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 1706039920091 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1993 оны 12 сарын 10-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Исис ХХК-д барилгын инженер ажлтай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 6б-135 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  тоот регистрийн дугаартай, Цагаагчууд овогт Б.Б.

 

     Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө иргэн Г.Нанидан-Эрдэнийг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

         ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1706039920091 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 Арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Нандин-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 12 сарын 07-ны өдөр ээжийн найз Нямдэлгэрийн хуучин ажиллаж байсан Скай бааранд очсон. Нямдэлгэр тэр ажлаасаа гараад тухайн өдөр ажлынхантайгаа уулзах гэж очсон байсан. Ингээд би тэр бааранд ороод текний хажууд Нямдэлгэр эгчийн хажууд зогсож байсан чинь 1 залуу ирээд та 2 цуг явж байгаа юм уу. Цуг суухуу гэж хэлхээр нь би үгүй гэж хэлсэн чинь миний баруун гарны бугуйнаас татаж зулгаахаар нь би цээж хэсэг рүү нь 2 гараараа түлхчихээд буцаж эргэж хараад зогсож байсан чинь хойноос үсдээд нүүр рүү шууд цохьсон. Ингээд би цохиулаад дүйнгтэж явж байгаад хамраас цус гараад унасан гэх мэдүүлэг /хх-ийн 10/

 

            Гэрч Э.Ховорцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            Тэр өдөр Нандин-Эрдэнэ нилээн орой манай бааранд  ганцаараа эгчтэйгээ уулзах гэж ирлээ гэж байсан. Текний хажууд бармен  болон бусад  ажилчидтай юм яриад зогсоод байсан. 1 залуу бөгс цохиод өдөөд байна гэж  надад хэлээд бид 2 ойрхон зогсож байсан чинь нөгөө залуу нь ахиж Нандин-Эрдэнийн хажууд ирээд хувцаснаас нь татаад байсан бөгөөд  маш их чимээтэй байсан болохоор яриаг нь сонсоогүй. Хувцаснаас нь татхаар нь эргэж хараад тэр залууг түлхээд эргэсэн чинь нөгөө залуу нь араас нь үсдэж татаад  нүүр рүү нь 1 удаа гараараа цохьсон. Ингээд бужигнасан бөгөөд  хамгаалагч нөгөө залууг барьж аваад камерийн өрөө рүү орж байсан. Сүүлд нь харсан чинь Нанидан-Эрдэнийн нүд нь хавдаад хөхөрчихсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13/

 

            Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

Баянзүрх дүүргийн прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 50/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 15188 дугаартай:

Г.Нанидан-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор болон доод хананы хугарал, зүүн нүдний дотно шулуун булчингийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, зүүн зовхины гадна, баруун чамархай, баруун шуунд зулгаралт хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 15/

 

- цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 3/

- хохирол төлсөн тул гомдолгүй гэх хохирогчийн хүсэлт, бэлэн мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 5-6/

- Б.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18-20/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч Б.Бын иргэн Г.Нанидан-Эрдэнийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Цагаагчууд овогт Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

  

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

  

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ