Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 152/ШШ2024/00472

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ж.Б-ийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Бшүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ж. Баттөгс нь 1970 онд төрсөн, 54 настай. Ж.Бнь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Улаангом хотын тухайн үеийн 3 дугаар цэцэрлэг, одоогийн 1 дүгээр цэцэрлэгийн сав угаагч, асрагчаар орж ажилласан. 1994 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Ж.Бнь тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд халагдсан тушаал нь олдохгүй байгаа учир шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд Ж.Бсийн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 205 дугаартай архивын лавлагаа, Ж.Бсийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримт, 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 82 дугаартай архивын лавлагаа, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар цэцэрлэгийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай тушаал, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай тодорхойлолт, гэрэл зураг, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 107 дугаартай зөвлөмжийн хуудас, Д.Дын 041495 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д.Дын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Чгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Чгийн 041339 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ж.Бсийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ж.Бсийн ХААТР-1 маягт, Ц.Бийн төрснийг бүртгэх анкет, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтаас Ж.Бст холбогдох тооллогын хуудас зэргийг тус тус нотлох баримтаар бүрдүүлэв.

Ж.Бсийн хүсэлтээр Д.Д, Д.Ч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ж.Бсийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Ж.Бнь шүүхэд хандаж 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар цэцэрлэгт сав угаагч, асрагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Ж.Бсийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Ж.Бнь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар цэцэрлэгт сав угаагч, асрагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Ж.Бнь 1989-1994 оны хооронд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар цэцэрлэгт асрагч, сав угаагчаар ажиллаж байсан боловч тухайн үеийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байна.

3.2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор баримт бичгээ бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 107 дугаартай зөвлөмжийн хуудсаар “Ж.Бнь Увс аймгийн Улаангмо сумын 3 дугаар цэцэрлэгт 1989-1994 онуудад ажиллаж байх үеийн ажилд орсон тушаал аймгийн архиваас гарсан боловч гарсан тушаал аймгийн архиваас гараагүй тул уг хугацаан дээр ажилласан жил тооцох боломжгүй” гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар цэцэрлэгийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай тушаалаар Ж.Бсийг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус цэцэрлэгт асрагчаар авч ажиллуулсан байна.

Хүсэлт гаргагч Ж.Бсөөс нотлох баримтаар гаргаж өгсөн гэрэл зургийн талаар гэрч нар 1990 онд Улаангом хотын 3 дугаар цэцэрлэгийн ажилтан хөдөлмөрийн аварга болох үед авхуулсан зураг гэж мэдүүлжээ.

Иймд хүсэлт гаргагч Ж.Бсийг 1989-1990 оны байдлаар Увс аймгийн Улаангом хотын 3 дугаар цэцэрлэгт сав угаагч, асрагчаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.

4.2. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 205 дугаартай цалингийн тодорхойлолтоос үзвэл Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар цэцэрлэгийн 1989-1992 оны цалингийн баримт тус архивт хадгалагдаж байгаа боловч Ж.Бст холбогдох баримт гараагүй байна. Харин 1993-1994 оны цалингийн баримт тус архивт шилжиж ирээгүй гэжээ.

Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргагч Ж.Б нь 1989-1994 оны хооронд Увс аймгийн Улаангом хотын төвийн 3 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан гэх боловч тус цэцэрлэгийн 1989-1992 оны цалингийн баримтаас түүнд холбогдох баримт гараагүй байна.

Түүнчлэн, шүүхийн журмаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтаас Ж.Бст холбогдох тооллогын хуудсыг нотлох баримтаар бүрдүүлсэн бөгөөд 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн тус баримтад Жамъяны Баттөгсийг “ямар ч шалтгаангүй” гэж тэмдэглэсэн бол гэр бүлийн бусад гишүүдийн ажил эрхлэлтийн талаарх мэдээллийг тэмдэглэсэн байна.

4.3. Шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлсэн Ц Бийн төрснийг бүртгэх анкет буюу Ж.Бсийн төрүүлсэн хүүхдийн төрснийг бүртгэх анкетыг 1993 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд тус анкетад Ж.Бсийг “ажилгүй” гэж тэмдэглэжээ.

4.4. Хүсэлт гаргагч Ж.Бнь шүүхэд түүний хөдөлмөрийн дэвтрийг эх хувиар нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд дээрх хөдөлмөрийн дэвтэрт үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэж үзлээ.

Хэдийгээр тус хөдөлмөрийн дэвтэрт Ж.Бсийг Улаангом сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 02 тоот тушаалаар асрагчаар томилов, 1994 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 26 тоот тушаалаар сав угаагчийн ажлаас чөлөөлөв” гэж бичилт хийгдсэн байх боловч тус хөдөлмөрийн дэвтэрт хөдөлмөрийн дэвтэр олгосон байгууллагын тамга, тэмдэг дарагдаагүй байна.

Мөн тус 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хийгдсэн бичилт, 1994 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хийгдсэн бичилтэд Увс аймгийн Улаангом хотын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг гэх тамга дарсан байна.

Иймд Ж.Бсийн хөдөлмөрийн дэвтрийг эргэлзээтэй гэж үзэх ба энэхүү хөдөлмөрийн дэвтэрт үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох боломжгүй байна.

4.5. Түүнчлэн, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай албан бичгээр “Улаангом сумын 1 дүгээр цэцэрлэгийн асрагч, сав угаагчаар Ж.Б нь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажиллаж байсан үнэн болно. Жич: Увс аймгийн архив, цэцэрлэгийн архив шатсан тул шүүхээр тогтоолгож болно” гэж тодорхойлжээ.

Гэвч тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Т нь ямар баримтад үндэслэн хүсэлт гаргагч Ж.Бсийн ажиллаж байсан байдлыг тодорхойлсон нь тодорхойгүй байх бөгөөд энэхүү тодорхойлолт нь хүсэлт гаргагч Ж.Бсийн ажиллаж байсан байдлыг тогтооход нотолгооны ач холбогдолгүй байна.

4.6. Гэрч Д.Д, Д.Ч нар нь хүсэлт гаргагч Ж.Бсийг 1989-1994 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Увс аймгийн Улаангом хотын 3 дугаар цэцэрлэгт асрагч, сав угаагчаар ажиллаж байсан гэж мэдүүлсэн боловч гэрч нарын мэдүүлэг болон тодорхойлолт зэрэг нь хүсэлт гаргагч Ж.Бсийн ажиллаж байсан байдлыг сэргээн тогтооход нотолгооны хүрэлцээгүй гэж дүгнэлээ.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтын хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газрын архивт хадгалагдаж байгаа Увс аймгийн Улаангом хотын 3 дугаар цэцэрлэгийн 1989-1992 оны цалингийн баримтаас Ж.Бст холбогдох баримт гараагүй, 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын хуудаст түүнийг ажилгүй гэж тэмдэглэсэн, хүүхдийн төрснийг бүртгэх анкетад мөн түүнийг ажилгүй гэж тэмдэглэсэн байх тул зөвхөн гэрч нарын мэдүүлэг болоод Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолтод үндэслэн Ж.Бсийн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл УВс аймгийн Улаангом хотын 3 дугаар цэцэрлэгт асрагч, сав угаагчаар ажиллаж байсан гэж дүгнэх боломжгүй байнаа.

5. Иймд хүсэлт гаргагч Ж.Бсийн ажилд томилогдсон тушаал болоод гэрэл зурагт үндэслэн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом хотын 3 дугаар цэцэрлэгт асрагч, сав угаагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

6. Шүүхээс хүсэлт гаргагч Ж.Бсийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Ж.Б-ийн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом хотын төвийн 3 дугаар цэцэрлэгт сав угаагч, асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Ж.Бсийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Ж.Бсийн хөдөлмөрийн дэвтрийг түүнд буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА