| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00419/и |
| Дугаар | 152/ШШ2024/00483 |
| Огноо | 2024-11-01 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 152/ШШ2024/00483
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.Нын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УААХ холбогдох,
УААХны даргын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 18 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 3 дугаар сарын 01-нээс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5,420,607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ш.Н, түүний өмгөөлөгч Т.Уянга,
Хариуцагч УААХны дарга Я.Ч,
Гэрч Б.Анхбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш.Н би 40 гаруй жил нягтлан бодогчоор ажилласан ба УААХнд нягтлан бодогчоор 2017 оноос одоо хүртэл ажиллаж ирлээ. Энэ хугацаанд өөрийн хариуцсан ажлаа хөдөлмөрийн хууль болон байгууллагын дотоод журам, нягтлан бодох бүртгэлийн хууль, бусад хууль тогтоомжийг ажилдаа мөрдлөг болгон хугацаанд нь гүйцэтгэж ирсэн билээ. Би өөрийн хариуцсан байгууллагын тайлан балансаа огтхон ч хүнээр гаргуулж үзээгүй. Энэ оны эцэст бүртгэлийн программ шинэчлэгдсэнтэй холбогдуулан мэргэжилтэн Ч.Э-с программтай холбогдуулан зарим зүйлийг асууж, лавлаж байсныг намайг энэ хүнээр тайлангаа гаргуулсан гэж гүтгэж байгаа. Энэ талаар холбогдох хүнээс нь лавлагаа гаргуулж өгнө үү. Ажиллах хугацаандаа санхүүгийн сахилга батыг зөрчиж, тайлан баланс таслах, хугацаа хожимдуулах, буруу ташаа мэдээлэх, байгууллагын орлого болох төсвийн дэмжлэг болон аймгийн ХХҮГазартай байгуулсан гэрээний заалтыг зөрчиж, зориулалтын бус зүйлд зарцуулсан тохиолдол гарч байгаагүй болно. Манай байгууллагын хувьд үндсэн ажилтнууд хөдөлмөрийн гэрээг байгууллагын даргатай 2019 оноос хугацаагүй гэсэн заалтаар байгуулсан байдаг. Нягтлан бодогч, Зохион байгуулагч нар үндсэн ажилтан тул хугацаагүй заалтаар байгуулсан байдаг. Миний хувьд дарга Ё.Бийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот тушаалаар өдрийн үйлчилгээний тогоочоор, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс даргын үүрэг гүйцэтгэгч В.Тийн тушаалаар Зохион байгуулагчийн ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн. Урьд жилүүдэд ХХҮГазартай гэрээ хийж, өдрийн үйлчилгээ явагдах үед мөн тогоочоор давхар ажиллаж, 2018 оноос хойшоо 2-3 давхар ажлыг гүйцэтгэж ажилладаг байсан. Би тухайн байгууллагын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 тоот тушаалаар энэ байгууллагад аймгийн төрийн сан, Засаг даргын тамгын газраас зөвшөөрсний үндсэн дээр нягтлан бодогчоор ажилласан. Манай байгууллагын хөрөнгийн эд эс бүр нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгийн бүртгэлд балансаар тусгагдсан байдаг. Төсвийн дэмжлэгийг жил бүр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталж, 2021 оны 3 дугаар сар хүртэл олгодог байсан. Энэ нь аймгийн даргад АХны дарга жил бүрийн эцэст байгууллагын тухайн онд хийсэн ажлын тайлангаа ирүүлж, урьд оны гэрээгээ дүгнүүлж, дараа оны гэрээ хийгддэг байсан нь 2021 оны 3 дугаар сараас хэрэгжээгүйгээс ажилчид бид одоо болтол цалин ажлын хөлсөө авч чадахгүйгээр хохирч ирлээ. Би авах ёстой 3 жил орчмын цалингаасаа олгогдсон цалингаа хасаад олгогдоогүй байгаа 13,627,000 төгрөгийг шүүхээр нэхэмжилсэн байгаа болно. Би цалингийн давхцал гаргаагүй гэдгээ хаана ч баталж чадна. Миний хувьд эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг гал тогоонд өөрсдийнх нь нүдэн дээр нь, өөрийнхөө зардлаар материалаа бэлтгэж үйлчилгээ үзүүлж ирсэн. Өөрөө тогоочийн дамжаанд хамрагдаж, сертификат авч ажилласнаар үйлчлүүлэгч, ахмад настнуудаас нэг ч гомдол гарч байгаагүй болно. 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн АХны XI бага хурал хуралдаж, 108 төлөөлөгч оролцож хуралдсан боловч, тэргүүлэгчдийн хэмжээнд маргааш нь хуралдаж 9 тэргүүлэгчдээс 5 тэргүүлэгчийн саналаар Ядамдоржийн Ч гэх хүнийг аймгийн АХны даргаар сонгож ажиллуулсан. Энэ хүн манай байгууллагад ажилласнаар эерэг давуу талууд гарсан боловч харьцаа хандлага нь хамтран ажиллахад амаргүй байсан ч би шинэ хүнийг дэмжиж, 6 сар хамтран ажиллав. Энэ оны 1-3 дугаар сарын хугацаанд Монголын Ахмадын холбоонд явуулах мэдээ тайлангуудыг бүрэн гүйцэд 19 сум болон 12 багийн зөвлөлөөр гаргуулан хүргүүлсэн ба санхүүгийн тайлан болон нийгмийн даатгал, татварын тайлангууд программ шинэчлэгдсэнтэй холбогдуулан шинээр гаргаж, тус тусын байгууллагуудад нь цахимаар хугацаанд нь илгээсэн болно. Аймгийн Засаг даргатай өнгөрсөн 2023 оны 10 дугаар сараас гэрээ хийснээр манай байгууллагын ажил жигдэрч, мөн ХҮЕГазарт Өдрийн үйлчилгээ болон ахмад настнуудын гэрийн үйлчилгээний эрхийн бичиг баримтыг нь би өөрийн биеэр шаардлагын хэмжээнд бүрдүүлж явуулснаар энэ байгууллага тус бүрд нь 2 жилийн хугацааны эрх авсан байгаа. Харин энэ оны орон тоо, даргын цалин зэргийг тэргүүлэгчдийн хурлаар 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хэлэлцэн батлуулсан боловч нягтлан бодогчийг гэрээгээр ажиллуулна гэж Я.Ч дарга өөрөө санаачлан ярьсан ба надад албан ёсны шийдвэр гардуулж өгөөгүй, надтай 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хөдөлмөрийн гэрээ хийгээгүй болно. Надтай хөдөлмөрийн гэрээг 01 дүгээр сард хийж байсан. Намайг 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мэдэгдэл өгч, 4 дүгээр сарын 02-ны өдрөөс орон тооны бус болгож, ажлаас чөлөөлсөн нь Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах З талт хорооны хуралдаанаас ажлаас халах үндэслэлгүй гэж шийдвэр гарсан ба өөрөө гаргасан 05 тоот тушаалаа хүчингүй болгож, 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12 тоот тушаал гаргасан ба 4 дүгээр сарын 29-ний өдөр надад сахилгын шийтгэл ногдуулж 13 тоот тушаал гаргаж, сануулах арга хэмжээ авсан боловч надаас сонсох ажиллагаа явагдаагүй. Хэрэв бичгээр сахилгын шийтгэл ногдуулах бол заавал тайлбар авна гэж хуулинд заагдсан байдаг. Мөн намайг 3 дугаар сарын 14-ний өдрөөс ажил тасалсан гэж сахилгын арга хэмжээ авчээ. Би З дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагчийн ажлыг давхар гүйцэтгэж байсан ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч, 3 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөр байгууллагын даргын тушаалаар хөрөнгийн тооллого хийх, мөн тухайн сарын цалин хөлс гаргах, нийгмийн даатгалын шимтгэл, татварын тайлан илгээх зэрэг ажлууд хийж гүйцэтгэсэн ба 3 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа ирэхэд намайг манаач Б.Анхбаяр өрөөнд орж болохгүй, урьд шөнө дарга надаар лац бэлдүүлж, чиний сейфийг лацдуулсан байгаа. Өөрийг чинь байгууллага руу оруулж болохгүй гэсэн гээд гадна хаалга онгойлгож өгөөгүй тул би буцаад явсан. Мөн 3 дугаар сарын 28-ны шөнө 23 цагт Я.Ч дарга над руу ярихдаа чи 2021-2023 оны санхүүгийн баримтаа маргааш өглөө 8 цагт надад өгөөрэй, шүүх шалгах гэж байна гэв. Би гайхаад шүүх байгууллагын баримт шалгадаг болчихсон юм болов уу гэж бодоод та юу яриад байна аа, би сайн ойлгохгүй байна аа, баримтыг шалгах эрх бүхий санхүүгийн аудитор шалгадаг, би танд санхүүгийн баримтаа өгөхгүй ээ, шалгах эрх бүхий хүнд нь би өөрөө хүлээлгэн өгч гарын үсэг зурдаг. Бас би шалгуулсны дараа хүлээж авах ёстой байдаг гэв. Тэгээд Засаг даргын тамгын газрын Санхүүгийн дотоод аудитын албанд Я.Ч дарга албан тоот хүргүүлж, намайг байгууллагаас 3 жилийн цалингаа авчихаад дахин шүүхээр гаргуулахаар хандсан байна гэж шалгуулахаар хүсэлт хүргүүлсний дагуу шалгалт хийж дүгнэлт гаргасан ба нягтлан бодогч Ш.Н надад цалингийн давхцал үүсээгүй гэдэг нь тогтоогдсон байгаа. Тэр үед Я.Ч миний сейфний лацыг авчихсан байсан. Би хулгай хийгээгүй гэдгээ мөн тогтоолгох шаардлагатай байна. Мөн надыг 01, 02 дугаар сард санхүүгийн баримт устгасан гэж Я.Ч гүтгэж хэлээд байгаа үүнийг нотлох баримтаар тогтоож холбогдох хүмүүсээс мэдүүлэг гаргуулж өгнө үү. Ямар хүн тэгж мэдээлсэн бэ гэхэд манаач Б.Анхбаяр надад хэлсэн гээд байгаа. Би санхүүгийн ямар ч баримт устгаагүй, би ийнхүү олон талаар гүтгүүлж байгаадаа гомдолтой байна. Мөн 2024 оны 5 дугаар сарын 02-ны 27 тоот мэдэгдэлдээ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болгож байна гэж мэдэгджээ. Миний хувьд та яагаад надыг ажиллуулахгүй гэсэн шийдвэр удаа дараа гаргаад байна вэ, та тийм байсан бол ажилдаа оронгуут юм уу эсвэл оны эхнээс чөлөөлөхгүй яав аа гэж асуухад чамайг аймгийн Засаг дарга Ч.Чимэд ажиллуулж болохгүй, танай байгууллагад нягтлан бодогчийн шаардлага байхгүй гэж надад зөвлөсөн гэж хэлсэн. Өөрөө бол надыг та манай байгууллагын тэргүүлэгчдийн нэг, таныг гэрээт нягтлан бодогчоор ажиллуулна гэж хэлж байсан нь тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлд байгаа. Би ойлгохдоо энэ хүн арай л буруу ярьж байх шиг санагдсан. Төрийн бус байгууллагын ажилд төр оролцохгүй гэж аймгийн дарга ярьдаг мөртлөө, миний тухайд орон тоогүй болгоод явуул гэж зөвлөдөг нь ямар учиртай юм болов, иргэн тэр тусмаа өрх толгойлж амьдардаг ахмадын байгууллагын нэг эмэгтэйтэй аймгийн дарга хүн арай ингэж хандахгүй байх гэж ойлгож явсаар аймгийн Засаг даргад хувийн хүсэлт өргөдлөө энэ оны 5 дугаар сарын 29-ний өдөр гаргасан ба хариу нь 6 дугаар сарын 24-ний 1/1222 албан тоотоор ирсэн. УА Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурал 6 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж Я.Ч дарга бид хоёр оролцсон байгаа. Шүүхийн шийдвэр нь гарч анхан шатны шүүхэд буцаагдсан байгаа. Харин 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш намайг үндэслэлгүйгээр ажлаас халах тушаал гаргасан цагаасаа энэ хүн Төрийн банкаар ганц 1 дүгээр гарын үсгээр баталгаа гаргуулж, санхүүгийн бүх гүйлгээгээгээ өөрөө ганцаараа хийж, мөнгөө захиран зарцуулж байгаагаа Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаан дээр хэлэхдээ Аймгийн дарга надад та өөрөө ганцаараа ажиллаж болно гэж зөвлөсөн, би эрхээ өөртөө авсан байгаа гэж хэлсэн. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаас надад сүүлийн 2 сарын хугацааны цалинг олгох шийдвэр гарсан ч хэрэгжүүлээгүй, манай байгууллагын тухайд аймгийн АХ энэ он гарсаар хаалгаа барьж тэнд ахмадууд ирж очихоо больсон. Хааяа тэмцээн уралдаан багуудын төв дээр явагддаг болсон. Энэ байдлаас ахмадууд маш их эмзэглэж, янз бүрийн байдлаар санал бодлоо илэрхийлж байгаа байсан. Тэнд бүх зардлыг төрөөс гаргуулчхаад ганцхан дарга л ирж, очингоо сууж цалинжсаар байдаг гэсэн. Оны эхэнд аймгийн Засаг даргаас хэвийн ажиллуулах талаар чиглэл ирж байсныг би сайн санаж байна. Цаашдаа хэн ажилласан ч энэ байгууллагыг үг хэлгүй хэвийн ажиллуулах шаардлагатай байдаг. Надад өгсөн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 27 албан тоот мэдэгдэлдээ:
1. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 5 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болгосон гэж мэдэгдэл өгсөн цагаас хойш даруй 87 хоногийн дараа 18 тоот тушаалаа 7 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн.
2. Би 30 хоногийн хугацаанд тушаал шийдвэрээ авах ёстой байсан ба тухайн үед өгөөгүй мөн би 73 настай эгчийн хамт амьдардаг. Эгчийгээ ХӨСҮТ-д шинжилгээнд 6 дугаар сарын 04-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд Улаанбаатар хот авч яваад ирсэн ба 7 дугаар сарын 01-ний өдөр Я.Ч дарга руу тушаалаа авъя гэж ярих гэсэн боловч утсаа аваагүй учир зохион байгуулагч Д.Лувсанцэрэнтэй би ярьсан. Д.Лувсанцэрэн таныг ажлаа хүлээлгэж өгчихөөд тушаалаа аваарай гэж байна, тушаал даргад байгаа гэсэн.
3. Мөн би Хүний Эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь ажилтанд хандсан байгаа. 7 дугаар сарын 0З-ны өдөр энэ хүн Я.Ч даргатай холбогдсон байсан. Санхүүгийн баримтаа авч байж тушаалаа өгнө гэсэн байсан.
4. Би санхүүгийн баримт болон ажлаа хэнд ч өгөх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна. Дарга Я.Ч нь муйхар аргаар хүч түрэмгийлэн намайг янз бүрээр гүтгэж, дарамталж, доромжилж миний ажлын байрыг орон тоогүй болгож, намайг ажилгүй болгож байгаа ба манай байгууллагад ямар ч байсан ня-бо ажиллах шаардлагатай байдаг. Өөрөө саяхан хуралдсан хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хорооны хуралдаан дээр нябогоор ажиллах хүн надад олдохгүй байна гэж хэлж байсан. Намайг ажиллуулахгүйгээр ганцаараа эрх мэдлээ ашиглан 2 сар ажиллачихаад дараа нь 2 хүнийг нябогоор авч ажиллуулсан боловч тэдгээр хүмүүс нь хамтран ажиллахгүй гээд явчихсан байсан.
5. Тушаалдаа санхүүгийн ажлыг хэн гэдэг хүнд, хэдэн сарын хэдэнд, санхүүгийн ажлаа хүлээлгэж өгөх нь тодорхойгүй, ажил хүлээлцэх комисс томилоогүй зэрэг үндэслэлгүй тушаал гаргасан гэж үзэж байна. Надад хэлэхдээ энэ хүмүүст өгөөрэй гэж манаач, зохион байгуулагч нараа амаар зааж байсан. Би санхүүгийн ажлыг албан ёсоор томилогдсон мэргэжлийн санхүүчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байдаг. Өөрийнх нь харьцаа хандлагаас шалтгаалдаг гэж би үзэж байна. Надад 01 дүгээр сарын сүүлчээр миний машинд өдөр бүр ажилдаа ирж, очих бензиний үнэ гэж сард 50-60 литр бензиний үнэ олгож бай гэдэг шаардлага тавьсан. Би түүнийг зөвшөөрөөгүй, тэр цагаас эхлэн намайг зайлуулах бодлого барьж ажилласан. Орон тоогүй болгочтхоод гэрээгээр ажиллуулна гэж өөрөө хурлаар шийдвэрлүүлсэн байгаа.
6. Би ажиллаж хөдөлмөрлөх эрхтэй гэж бодож байна. Урьд нь ажилласан З жилийн хугацааны цалин хөлсөө тухайн байгууллагаас авах, мөн энэ онд ажиллах эрхээ хязгаарлуулсан хугацааны цалин хөлсөө болон нийгмийн даатгалын шимтгэлээ бүрэн шийдвэрлүүлж, үндсэн ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн хүсэлтээ шүүхэд гаргаж байна.
7. Намайг энэ оны 3 дугаар сараас хойш ажиллуулаагүй үндэслэлгүй ажлаас 2-3 удаа халах, удирдлагын хувьд янз бүрээр дарамталж, гүтгэх, тэргүүлэгчдийн хурал дээр хэл амаар доромжилж ёс зүйгүй хандсан зэрэг нь зүйд нийцэхгүй байгаад би гомдолтой байгаа ба иргэн намайг эдийн засгийн болон сэтгэл зүйн дарамтад учруулж хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй 3-8 дугаар сарыг дуустал ажилгүй байлгасан хугацааны учирсан хохирол цалин хөлсийг олгуулж өгнө үү. Иргэн би гомдлоо холбогдох газруудад гаргах эрхтэй гэж үзэж байна.
8. Энэ хүн намайг ажлын байр луу оруулахгүй сейф лацдах, манаачдаа оруулж болохгүй гэж үүрэг өгөх, надыг санхүүгийн баримт устгасан гэж гүтгэх, санхүүгийн баримт хулгайлсан гэх гал тогоонд ажлуулахгүй, гал тогоог нураана гэж мөн тооллого хийж байх явцдаа хэлж зандрах, чамайг орон тоогүй болгож ажлаас чөлөөлөх үүргийг аймгийн Засаг дарга надад зөвлөсөн, би байгууллагын дарга хүн бүх эрх мэдэл надад бий гэж хэл амаар дарамтлах, мөн санхүүгийн аудитын дүгнэлтийг үгүйсгэж намайг ХҮЕГ-ын тушаал шийдвэрийг үндэслэн байгууллагын даргын тушаалаар авсан цайны зардлыг цалин гэж ойлгож, ахмадын байгууллагаар бизнес хийсэн гэж гүтгээд яваад байгааг шүүх тогтоож шийдвэрлэж өгөх байх. Та бүхнээс миний амьдралын асуудлыг мэргэн оюун ухаанаараа хуулийн хүрээнд тунгаан шүүж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өнөөдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэлэлцэх ёстой. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлүүдээ тайлбарлахдаа харилцан адилгүй буюу өөр өнцгөөр тайлбарлаад байгаа учраас тодруулж асуусан юм. Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байгаа тайлбарууд, гаргаж байгаа албан бичгүүдийг харахад Ш.Нтай хамтарч ажиллах сонирхол байхгүй эсвэл хамтарч ажиллах боломжгүй учраас ажлаас чөлөөлөх ашиг сонирхол байна гэж харж байна. Учир нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаас харахад 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс буюу он гарснаас хойш нэхэмжлэгчид ажлаас чөлөөлсөн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нийт 4-5 удаа гарсан. 3 сарын хугацаанд 5-6 шийдвэрийг гаргасан. Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын иргэнд олгогдсон хөдөлмөрлөх эрх юм. Гэтэл ажил олгогчийн зүгээс би тушаал шийдвэр гаргах ёстой гэдэг байдлаар хандаж нэг тушаал гаргаад, хүчингүй болгоод, энэ нь тоглоом биш. Хэрэгт авагдсан баримтуудыг харахад 2019 онд Ш.Н нь УААХнд анх ажилд нягтлан бодогч, тогоочийн ажлыг хавсарч гүйцэтгэхээр 2019 оны Басан даргын тушаал гарсан. 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр УААХны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т гэх хүний тушаалын дагуу нягтлан бодогч, зохион байгуулагчийн ажлыг хавсран гүйцэтгэх тушаал гарсан. Нэхэмжлэгч 2 ажлыг хавсарч хийж байсан болохоос биш анх ажилд орсон хугацаанаасаа чөлөөлөгдөх хүртлээ нягтлан бодогчийн ажлыг хийж байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдож байгаа. Хариуцагчийн зүгээс 2023 оны 11 дүгээр сард манай байгууллагын бүтцээс нягтлан бодогчийн орон тоо байхгүй болчихсон юм, тийм учраас байхгүй болсон ажлын байранд томилох боломжгүй гэдэг зүйлийг яриад байгаа. Ажил олгогч өөрөө Хөдөлмөрийн тухай хууль, тухайн байгууллагын дотоод журмыг дагаж мөрдөөд, ажилтанд албан ёсоор хуулийн хугацаанд буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөөд албан ёсны бүтэц зохион байгуулалтаас тухайн албан тушаал байхгүй болсон гэдэг үндэслэлээр чөлөөлсөн шийдвэрээ гаргах ёстой. 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан 05 тоот тушаал, 5 дугаар сарын 29-ний өдөр гаргасан сахилгын арга хэмжээ авах тухай 13 тоот тушаал, 6 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 18 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг хариуцагч хүчингүй болгосон байгаа. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд УААХны нягтлан бодогчийн ажлын байрнаас чөлөөлсөн тушаал гараагүй байна. Байгууллагын бүтцэд байхгүй гэх асуудал яриад байгаа ч үндэслэлээрээ ажлын байрнаас чөлөөлөөгүй байна. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзэх боломжгүй байна. 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тушаалыг яриад байгаа. Тухайн тушаалд Ш.Нын зохион байгуулагчийн ажлаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийн дагуу зохион байгуулагчийн ажлаас чөлөөлсөн тушаал байгаа. Тухайн тушаал нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн тушаал биш. Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээнүүдийг харахад 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн зохион байгуулагч, нягтлангийн ажилд Төөрүүл даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 1 жилийн хугацаатай байгуулсан. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Я.Ч даргатай байгуулсан гэрээ нь 1 сарын хугацаатай байгуулсан. Богино хугацаатай буюу 1 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг төрлийн ажлын байр мөн үү? гэдэг асуудал байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна гэж заасан. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн хууль тогтоомж, байгууллагын дотоод журмыг зөрчдөг. Ажилтнуудын хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халддаг үйлдлүүдийг гаргаж байсан. Тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт дагалдангаар ажилласан, туршилтын хугацаагаар ажилласан, улирлын шинжтэй ажил, ажлын байранд холбогдож байгаа ажилтны оронд ажиллаж байгаа ажилтан түр ажлын байр гэх зэргээр хугацаатай байгуулна бусад тохиолдолд хугацаагүй байгуулна гээд тодорхой хуульчлаад өгсөн. Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг ажил олгогч, ажилтан нь хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Уг үүргээ бол ажил олгогчийн зүгээс хэрэгжүүлээд, байгууллагын дотоод журмыг ажилтанд танилцуулаагүй. 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тэргүүлэгчдийн тогтоол, 6 дугаар сарын тогтоолуудаар УААХны байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт орсон. Дотоод журмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 болон 122.2 дахь хэсгүүдэд заасны дагуу ажил олгогч ажилтанд танилцуулах үүрэгтэй. Бүтэц, орон тоо байхгүй, ажлын цагаа тасалсан, байгууллагын санхүүгийн баримт бичгийг шатаачихсан гэж яриад байна. 2023 оны Аудитын шалгалтаар байгууллагаас их хэмжээний мөнгийг өөртөө авсан гэдэг байдлаар яриад байх юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч буюу хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэг бүхий субъект. Гэтэл хариуцагчийн ярьж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар няцаагддаг. Хариуцагч өмнө нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу цагийн бүртгэлээ аваад ир гэхэд цагийн бүртгэл байхгүй. Манай байгууллагад цагийн бүртгэл хөтөлдөг байгууллага биш гэсэн. Гэтэл цагийн бүртгэл хөтөлдөггүй юм бол нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр ажлын цаг тасалсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэдгээ юугаар нотолж яриад байгаа юм. Өнөөдөр шүүх хуралдаанд гэрч хэлж байна. Би цаас шатааж байгааг нь харсан болохоос албан ёсны санхүүгийн баримт шатааж байгаа эсэхийг хараагүй. Санхүүгийн баримт шатааж байна гэдэг агуулгаар хариуцагч Я.Ч даргад хэлээгүй гэдгийг тодорхой хэлж байгаа. Хариуцагч хэн нэгнийг гүтгээд янз бүрийн нотлох баримтгүйгээр яриад байж болохгүй. Хариуцагчийн хэлж байгаа үг баримтад, хуульд үндэслэсэн байх ёстой. Тухайн байгууллагыг 2023 оны Аудитын тайлангаар санхүүгийн өртэй, байгууллагаас мөнгө авсан гэж тайлбарлаад байгаа боловч УА дотоод хяналт шалгалтын хэлтсээс хийсэн шалгалтын дүнгээр нэхэмжлэгчийн зүгээс мөнгө санхүү тогтоосон буюу хөрөнгө авч идсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 2023 оны 11 дүгээр сард орон тоог байхгүй болгосон гэж яриад байгаа боловч албан ёсоор тухайн үндэслэлээрээ нягтлан бодогчийн ажлын байранд чөлөөлсөн тушаал байхгүй байгаа. Ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй үндэслэл нь хууль бус байна. Иймд нэхэмжлэгчийг бол урьд эрхэлж байсан ажилд нь томилж, ажилгүй байсан хугацааны цалинг тооцох журмыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 192 тоот тушаалаар баталсан байдаг. Дундаж цалин хөлс тооцох, тодорхойлох журамд заасны дагуу нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг бодох сүүлийн 3 сарын авч байсан цалингийн дундаж 573,333 төгрөг үүнээс ажлын 22 хоногоор бодоод 1 өдрийн цалин 26,061 төгрөг нийт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь 9 сар 10 хоног ажилгүй байсан. Иймд 9 сар 10 хоногийн нийт цалин 5,20,607 төгрөгийг гаргуулж, тухайн мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж өгнө үү гэх шаардлагуудыг дэмжиж байгаа. Хариуцагчийн манай байгууллагын орон тоо бүтцээс нягтлан бодогчийн орон тоо байхгүй болчихсон гэрээний үндсэн дээр манайх нягтлан ажиллуулах шаардлагагүй гэдэг зүйлийг яриад байгаа. Гэтэл өөр нягтлан бодогч дээр тушаал гаргах гээд тухайн хүнийг ажиллаач гэх саналыг тавьсан. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд манай байгууллагад ажиллаач гээд нэхэмжлэгчийн ажил албан тушаал буюу УААХны санхүүгийн бичиг баримтуудыг хүлээлгэж өгөөч гэдэг шаардлага нь нягтлан бодогч ажлын байр энэ байгууллагын бүтэц алга болсон, нягтлан бодогч тус байгууллагад хэрэггүй байна гэж үзэх боломжгүй. Тухайн байгууллагын бүтцээс нягтлан бодогчийн ажил албан тушаал хасагдсан нөхцөл байхгүй гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ажлаас чөлөөлсөн шийдвэр байхгүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна” гэв.
Хариуцагч УААХны дарга Я.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улаангом сумын 1 дүгээр багийн /Улаан бураа/ 1911 тоотод оршин суух, Батууд овогт Шээрэвийн Норжиндуламын 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцаад тайлбар гаргаж, нотлох баримт хүргүүлж байна. 1. УААХ нь гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2-д зааснаар төрөөс санхүүгийн дэмжлэг авч, үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. Нэг ёсондоо аймгийн АХ нь төрийн болон төсвийн байгууллага биш гэдгийг тодотгон танилцуулж байна. Миний бие нь аймгийн АХны 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Бага хурлаас хорооны даргаар сонгогдон ажиллаж байна. Аймгийн АХны шинээр сонгогдсон тэргүүлэгчид 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хурлаар хорооны ажлын албаны бүтцийг дарга, зохион байгуулагч, сахиул, жолооч, үйлчлэгч гэсэн дөрвөн орон тоотойгоор ажиллахаар шийдвэрлэсэн. Дараа нь аймгийн АХны тэргүүлэгчдийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар АХны бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулж, гэрээт ажлын хөлсийг олгох тухай шийдвэрийг гаргаж өгсөн. Энэ үед дарга, зохион байгуулагч, сахиул, жолооч гэсэн 3 орон тоотой ажиллахаар шийдвэрлэсэн. Аймгийн АХны тэргүүлэгчдийн 2023, 2024 оны 2 удаагийн хурлын шийдвэрт нягтлан бодогч гэдэг орон тоог баталж өгөөгүй, орон тооны бусаар ч баталж өгөөгүй. АХны дарга миний бие тэр шийдвэрийг дагаж мөрдөн ажилладаг. 2. Иргэн Ш.Н нь намайг сонгогдохоос өмнө 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар аймгийн АХнд зохион байгуулагчаар томилогдон ажиллаж байсан. Тэр үед ч нягтлан бодогчоор хавсран ажиллах тушаал шийдвэр байхгүй байсан. Ш.Н нь 2024 оны цагаан сар дууссанаас хойш буюу 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй, ирээгүй шалтгаанаа дандаа янз бүрийн шалтаг хэлж ажлаа тасалж байсан. Ажилд ирэхгүй байснаа гэнэт 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өөрийн биеэр орж ирээд зохион байгуулагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн. 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх үед, дараагийн зохион байгуулагч шинээр томилогдох хүртэл хамтарч ажиллахыг хэлсэн. Гэвч тэр өдрөөс хойш ажилдаа дахин ирэхгүй болохоор нь зохион байгуулагчийн ажлыг нь 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.Лувсанцэрэнг зохион байгуулагчаар томилсон. 2024 оны 3 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагчийн дотоод бичиг баримт хүлээлцэх, байгууллагын өмч хөрөнгийн тооллого хийх болоход Ш.Ныг хүчээр шахуу дуудаж ирүүлсэн. Энэ үед өөрийгөө орон тооны бус нягтлан бодогчоор ажиллана гэж шахалт үзүүлсэн. Үүний хариуд нь, миний бие цаашид чамтай хамтарч ажиллаж чадахгүй, боломжгүй гэдэг хариуг өгсөн. Чи өөрөө байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа явуулахад удаа дараа цаг хугацаагаар шахаж, зарим албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулж байсан. Сүүлийн үед 2, 3 дугаар сард ажилдаа ирэхгүй ажлаа тасалж байгаа байдал, урьд нь гаргаж байсан зөрчил дутагдлыг нь дурдаад, Би цаашид энэ маягаар хамтран ажиллах боломжгүй гэдгээ хэлсэн. Дараа нь албан бичгээр мэдэгдлээ өгсөн. Иргэн Ш.Н нь ажил хүлээлцсэн акт, өмч хөрөнгийн тооллогын баримт бичиг дээр өнөөдрийг хүртэл гарын үсэг зурахгүйгээр алга болсон хэвээр байгаа. Тухайн үед байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирч эхэлсэн. Учир нь Ш.Н нь ажилдаа ирдэггүй, хоёрдугаар гарын үсэг зурахад хүндрэл үүсэж, байгууллагын үйл ажиллагаа тасалдахад хүрсэн тул банк санхүүгийн мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдсөний эцэст нэг гарын үсгээр үйл ажиллагаагаа явуулах эрх олж авсан. 3. Иргэн Ш.Н нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 6 сар гаруй хугацаанд хамт ажиллах хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, цаасан дээр тодорхой бичээд өгсөн үүрэг чиглэлийг ч огт хэрэгжүүлдэггүй, албаны бичиг баримтыг дур мэдэн устгаж шатаасан, удаа дараа ажлаа тасалж, ажилдаа ирдэггүй байсан. Ар гэрийн амьдралын шаардлагаар зарим албан хаагчид яаралттай мөнгө төгрөгийн дэмжлэг үзүүлэх шаардлага гарахад олон хоногоор саатуулж чирэгдэл учруулж өөрийн дураар авирладаг, 2018-2023 оны байгууллагын санхүүгийн болон удирдлагын тушаал, албаны бусад ирсэн, явсан албан бичиг баримтыг авчирч танилцуул гэхэд би мэдэхгүй, алга болсон гэж үл тоож ханддаг. Ажил албаны баримт бичгийг стандарт шаардлагыг хангаж ажиллах чадвар сул, ажил хэргийн чиглэлээр өгсөн чиг үүргийг хүлээж авахдаа хувийн амбицаар ханддаг, ажил албаны асуудал ярихаар ихэвчлэн би л таны төлөө санал өгсөн гэх мэтээр дарамт шахалт үзүүлдэг. Байгууллагын өмч хөрөнгийн талаар тооллого хийгээд гарсан зөрчил дутагдлыг ярихаар урьд нь ажиллаж байгаад бурхан болсон дарга луугаа хандуулдаг, тэргүүлэгчдийн хурлын үед өөртэй нь холбоотой санал шүүмжлэл гарахад элдэв янзын этгээд үг хэллэгээр дайрч доромжилдог, нууцаар бичлэг хийж бусдад тараадаг, санхүү мөнгөний тухайд хувийн ашиг сонирхлын зөрчил бүхий хандлага үүсгэдэг, харилцааны соёл төлөвшөөгүй, удаа дараа хэл амаар доромжилж дайрч байсан зэрэг зөрчил дутагдлаас шалтгаалж цаашид хамтран ажиллах боломжгүй болсон. 2023 оны 12 дугаар сард, 2024 оны 1, 2 дугаар сард ажлын байрнаас их хэмжээний, олон тооны бичиг цаас гаргаж удаа дараа шатааж байсныг сахиул, жолооч Б.Анхбаяр анзаарч хараад надад танилцуулж байсан. 4. Ш.Н нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Увс аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021-2023 онд аваагүй цалин гэж 13,600,000 төгрөг нэхэмжилсэн байсан. Аймгийн АХг хариуцагчаар татсан тул миний бие хорооны даргын хувьд 2021-2023 оны үед байгууллагын санхүүгийн данснаас цалин хөлс буюу бусад зардал гаргаж авч байсан эсэхийг шалгуулах, дараа нь давхардуулж цалин хөлс, бусад зардал олгохоос сэргийлж, аймгийн Санхүү хяналт, дотоод аудитын албанд хүсэлт гаргаж 2021-2023 оны байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэсэн. Хяналт шалгалтын тэмдэглэлээр 2021-2023 онд байгууллагын данснаас цалин хөлс, бусад зардал гаргаж авч байсан нь тогтоогдсон. Энэхүү хяналт шалгалтын үйл ажиллагаа явагдаж байх үед Ш.Ныг 1 өдрийн хугацаанд нэг удаа ажлын байр луу нэвтрүүлэхгүй байх үүрэг өгсөн. Энэ нь дахин албаны баримт бичиг, бусад зүйлийг устгахаас сэргийлэх арга хэмжээ авсан. Хяналт шалгалт хэвийн явж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд бүх юм нээлттэй хэвээр байгаа. Аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудит алба нь хяналт шалгалтаа 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дуусгаад, мөн өдөр манай байгууллагад албан бичгээр хариуг ирүүлсэн. Аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудит албанаас байгууллагын 2021- 2023 оны санхүүгийн баримт бичиг авах гээд очиход Ш.Нд өгсөн гэдэг. Иргэн Ш.Ныг байгууллагын 2021-2023 оны санхүүгийн баримт бичиг авчирч өгөөд ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа ав гэж хэд хэд хэлүүлсэн. Гэрт нь аваачиж өгөх гэхээр би гэртээ байхгүй байна. Айлын жимс ногоо хурааж байна. Та нар намайг хэзээ ч олохгүй гэж удаа дараа даапаалж доромжилж, зугтааж ажилд саад болж байсан. Дараа нь миний бие өөрийнхөө автомашинаар зохион байгуулагч Д.Лувсанцэрэн, сахиул, жолооч Б.Анхбаяр нарыг гэрийх нь гадаа буулгаж байж, бичиг баримтыг хүргэж өгсөн. Иргэн Ш.Наас байгууллагын 2021-2023 оны санхүүгийн баримт бичиг авахаар удаа дараа шаардахад аймгийн Засаг даргын Тамгын газрын архивд хадгалуулсан гэдэг. Аймгийн засаг даргын Тамгын газрын архивын эрхлэгчээс асууж лавлахад, албан бичгээр манайд хадгалуулаагүй гэсэн хариу өгсөн. Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс лавлахад бас л албан бичгээр манайд хадгалуулаагүй гэсэн хариуг өгсөн. Иймд Ш.Н нь байгууллагын албаны санхүүгийн баримт бичгийг зөвшөөрөлгүй гадагш гаргасан, хувьдаа ашигласан байж болзошгүй үйлдлийг одоо хүртэл хийж байна. 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Ням гариг хүртэл 5 сар гаруй хугацаанд Увс аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахын урьд өдөр зөвшөөрөлгүйгээр албаны байр луу нэвтэрсэн мэдээлэл байгаа. 5. Ш.Нын удаа дараа гаргасан дээрх зөрчил дутагдлын улмаас цаашид хамтран ажиллах боломжгүй тул 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, 2024 оны 4 дүгээр сарынэ 03-ны өдөр Ажлаас чөлөөлөх тухай 05 тоот тушаал гаргаж хүргүүлсэн. Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар дээрх тушаалын үндэслэл хэсэгт хуулийн зарим зүйл заалтыг буруу хэрэглэсэн байна гэж зөвлөснийг хүлээн аваад, зарим бусад хуульчдын хэлж зөвлөгөө өгсний дагуу урьд гаргасан 05 тоот тушаалаа хүчингүй болгосон. Дээрх тушаалаа хүчингүй болгоод дараа нь иргэн Ш.Нд урьд гаргасан зөрчил дутагдалд нь сахилгын арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Хуулийг зөв хэрэгжүүлэхийн тулд хуулийн зүйл заалтыг нэлээд уншиж судалсны үндсэн дээр 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 27 тоот албан бичгээр мэдэгдлээ дахин хүргүүлсэн. Мэдэгдлийн хуулийн хугацаа дууссаны дараа 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Ажлаас чөлөөлөх тухай 18 тоот тушаал гаргасан. Тушаал гаргасан өдрийн өглөө өөрт нь мэдэгдээд, хүргүүлэх гэхэд та нар намайг олж чадахгүй хохь чинь тэр гэсэн хариу өгсөн. Тэр өдөр 12:30-13:00 цагийн үед Улаангом сумын төвд Ю.Цэдэнбал даргын талбайны дэргэдүүр гудмаар бор хослол өмсчихсөн явган алхаж яваад надтай зөрсөн. Би тэр үед замын хөдөлгөөнд оролцоод машинтай явж байсан. Энэ тушаалыг хүргүүлэх гэж зөндөө чирэгдэл асуудал болсон. Ш.Н нь авна, аваад ир гэж үнэн, худал нь мэдэгдэхгүй их чирэгдүүлсэн. Зохион байгуулагч Д.Лд хэлж, Ш.Нд маргаан үүсгэх хуулийн хугацаа чинь дуусах гээд байна. Байгууллагын 2021-2023 оны санхүүгийн бичиг баримт авч ирж өгөөд энэ тушаалаа ав, маргаан үүсгэх нь ойлгомжтой хуулийн хугацаа нь дуусах гээд байна гэж зөндөө хэлүүлсэн. Сүүлд сонсоход Чыг залхтал заргалдана аа. Адгийн зарга 10 жил ч байж болно шүү дээ гээд манай албан хаагч нар луу утсаар ярьсан байсан. Иргэн Ш.Н нь тушаал шийдвэрээ авахгүй удаасан нь өөртэй нь холбоотой. Гэрт нь очих гэхээр гэрт хүн байхгүй, би айлын жимс ногоон дээр ажиллаж байна. Та нар намайг олохгүй хохь чинь гэсэн хариуг удаа дараа өгч байсан. Үндсэндээ Ч гэдэг хувь хүн надаар тоглож байгаа мэт боловч цаанаа хууль шүүхийн байгууллагаар ч тоглож байгаа юм шиг дүр зураг харагдаж байна. 6. 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ш.Н цалин хөлс нэхэмжилж нэхэмжлэл гаргаж өгснөөс хойш байгууллагын үйл ажиллагаанд оролцох идэвх нь багасаж, аль болох ажилдаа ирэхгүй байх, ажлаа таслах, ажилдаа хандах хандлага нь суларч, санхүүгийн үйл ажиллагаа, ажил арга хэмжээг хойш татах, удаашруулах, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх, цаг хугацааны хувьд 2-3 хоногоор хойшлуулж шахалт дарамт үзүүлэх болсон. Тэр тусмаа гадуур ярихдаа, санхүүгийн гарын үсгээр шахахад энэ дарга яав л гэж гэсэн яриа гаргасан тул миний бие шуурхай арга хэмжээ авч, банк санхүүгийн нөхдөөс зөвлөгөө авсны улмаас нэн даруй холбогдох шийдвэрийг гаргаж нэг гарын үсгээр санхүүгийн үйлчилгээ явуулж эхэлсэн. 7. Миний бие 2023 оны 10 дугаар сард аймгийн Засаг дарга Ч.Ч уулзаж аймгийн АХны 11 дүгээр Бага хурлаас аймгийн АХны даргаар сонгогдсон тухайгаа танилцуулсан. Тэр үед амжилт хүсье. 2023 оны сүүлийн улирлын ажлын төлөвлөгөөгөө боловсруулж танилцуул, хамтарч ажиллах гэрээний төсөл боловсруулаад Нийгмийн бодлогын хэлтсийнхэнд танилцуулж, дамжуулж оруулж ирэх үүрэг чиглэл өгсөн. Аймгийн АХны бүтэц, орон тоог асууж танилцаад, зохион байгуулагч, сувилагч, үйлчлэгч, нягтлан бодогч, сахиул, жолооч гэсэн олон орон тоо байх ямар шаардлага байна. Бүгдийг нь үйл ажиллагаа явуулах тухай бүрт нь гэрээгээр ажиллуулах арга хэмжээ ав. Гаднаа камер тавь, сахиул, жолоочийн хэрэг юу байна. Бид хүн цалинжуулахгүй. Үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа гэдэг үг хэлсэн. Урьд нь ч тийм ойлголттой байсан гэдгээ хэлсэн. Та ганцаараа ажиллахад болох юм биш үү гэхэд, миний бие хариуд нь, манай аймаг 19 сумтай, 92 багтай. Энэ бүгдэд сум, багийн АХ, зөвлөлтэй. Энэ бүгдэд хүрч ажиллахад хүн хүч шаардлагатай, ямар ч байсан зохион байгуулагчтай зайлшгүй ажиллана гэдгээ хэлсэн. За тэгвэл та өөрөө шийд гэдэг хариу өгсөн. Би ойлгохдоо орон нутгийн төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа учраас саналаа хэлсэн гэж ойлгосон. Ингээд энэ тухай асуудлыг аймгийн АХны тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан. Тус аймгийн АХны тэргүүлэгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн, мөн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрээр АХны бүтэц, орон тоон дээр сувилагч, үйлчлэгч, нягтлан бодогч гэсэн орон тоог хасаад бусад орон тоог баталж, гэрээт ажлын хөлсийг тогтоож шийдвэр гаргаж өгсөн. Аймгийн АХны дарга миний бие нь иргэн Ш.Нтай зохион байгуулагчийн албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг мэргэжлийн хүн гэдэг үүднээс бид өөр хоорондоо ойлголцон тогтмол биш ганц нэг санхүүгийн гүйлгээ хийх зэрэг ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Албан ёсны бүтэц, орон тоо байхгүй, баталж өгөөгүй тул албан ёсны хөдөлмөрийн гэрээ байхгүй. Хөдөлмөрийн гэрээ байхгүй тул 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш одоо хүртэлх цалин хөлс олгох боломжгүй. Манай байгууллагад цалин хөлс гэх ойлголт ч байхгүй, бид хөдөлмөрийн гэрээ хийж, гэрээт ажлын хөлс гэж олгодог. Төгсгөлд нь тодотгож хэлэхэд иргэн Ш.Нтай цаашид хамтарч ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж шийдвэрлэхийн тулд аймгийн АХны даргын тушаал, албан бичигт нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэгч, орон тооны бус гэдэг үг хэллэгийг албан баримт бичигт хэрэглэсэн болохыг ойлгож хүлээж авна уу. Иргэн Ш.Нын гаргасан нэхэмжлэлд аймгийн АХны тэргүүлэгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн буюу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2 удаагийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн шийдвэрт нягтлан бодогч гэсэн орон тоо байхгүй, батлагдаагүй бүтэц, орон тооны асуудлаар маргаан үүсгэж нэхэмжлэл гаргасан нь эрх зүйн шаардлага хангахгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, Ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийн талаар маргаан үүсгэх хугацааны хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсныг /өөрөө мэдэж байсан/ мэдэгдэж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаартай тэмдэглэл, УААХны тэргүүлэгчдийн хурлын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэг талаас Ш.Н, УААХны дарга Я.Ч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, УААХны даргын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай тушаалын хуулбар, Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэл, УААХны 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай мэдэгдэл, УААХны даргын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаартай тушаалын хуулбар, УААХны даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаартай тушаалын хуулбар, 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай тушаалын хуулбар, УААХны 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаартай албан бичгийн хуулбар, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, УА Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1/1222 дугаартай албан бичгийн хуулбар, Ш.Нын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, УААХны даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай тушаалын хуулбар, УААХны даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай тушаалын хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдриийн 01 дугаартай гэрээ, Монголын Ахмадын холбооны удирдах зөвлөлийн хурлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай тогтоолын хуулбар, УААХны даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай тушаалын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч талаас УААХны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, УААХны тэргүүлэгчдийн 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай тогтоолын хуулбар, УААХны даргын 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Ш.Наас УААХны дарга, тэргүүлэгч нарт гаргасан хүсэлт, УААХны 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаартай албан бичгийн хуулбар, УААХны даргын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай тушаалын хуулбар, УААХны даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаартай тушаалын хуулбар, УААХны даргын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаартай тушаалын хуулбар, УААХны 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, УААХны ларгын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай тушаалын хуулбар, УААХны тэргүүлэгчдийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тогтоол, УААХны даргын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай тушаалын хавсралтаар баталсан УААХны дотоод журам, Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэл, Ш.Наас УА Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хүргүүлсэн тайлбарын хуулбар, УА Засаг даргын тамгын газрын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 7/1300 албан бичиг, УА Засаг даргын тамгын газрын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 3/1301 дугаартай албан бичиг, УААХны тэргүүлэгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай тогтоолын хуулбар, УААХны тэргүүлэгчдийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тогтоолын хуулбар, УААХны тэргүүлэгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаартай тогтоолын хуулбар, УААХны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаартай албан бичгийн хуулбар, Монголын Ахмадын холбооны 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 169 дугаартай албан бичгийн хуулбар, УААХны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дүрэм, УААХны даргын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай тушаалын хуулбар, УААХны даргын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай тушаалын хуулбар, УААХны даргын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан тус хорооны дотоод журам, УААХны даргын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаартай албан бичиг, УА Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаартай албан бичгийн хуулбар, УААХны 2021-2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тэмдэглэлийн хуулбар, УААХны тэргүүлэгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай тогтоолын хуулбар, УААХны тэргүүлэгчдийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тогтоолын хуулбар, УААХны даргын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаартай тушаал зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар УААХноос нэхэмжлэгч Ш.Нын 2024 оны ажлын цагийн бүртгэл, тус хорооны дүрэм, дотоод журам, УА Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас УААХны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг нотлох баримтаар бүрдүүлэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр УААХны сахиул ажилтай Б.Анхбаярыг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав. авс, Монголын Ахмадын холбооны үүлэгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн УВсбичгийн хуулбар, Монголын Ахмадын холбооны
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Ш.Н 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагыг “УААХны даргын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 05 тоот тушаал, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 18 тоот тушаалуудыг хүчингүйд тооцуулж, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш одоо хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилдаа эгүүлэн тогтоолгох” гэж тодорхойлсон ба 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж, “УААХны даргын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 18 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох УААХны нягтлангийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,420,670 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал нөхөн төлүүлэх” гэж тодорхойлсон.
Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр явагдсан шүүх хуралдаан дээр хариуцагч УААХны дарга Я.Ч нь УААХны даргын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 18 тоот тушаалыг хүчингүй болгосон үндэслэлээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсгээс татгалзаж, урьд эрхэлж байсан ажил болох УААХны нягтлангийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,420,607 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал нөхөн төлүүлэх шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй гэв.
3. Нэхэмжлэгч Ш.Н, түүний өмгөөлөгч Т.Уянга нар УААХнд холбогдох, “урьд эрхэлж байсан УААХны нягтлангийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,420,607 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаарлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Нэхэмжлэгч Ш.Н нь УА Аын даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш тус АХнд нягтлан бодогчийн ажлыг эрхэлж байгаа бөгөөд энэ хугацаанд тогооч, зохион байгуулагчийн ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн. 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс өөрийн хүсэлтээр зохион байгуулагчийн ажлаас чөлөөлөгдөж, нягтлан бодогчийн ажлыг гүйцэтгэж байсан. Хариуцагч УААХны дарга Я.Ч удаа дараа үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлэх эрхэд халдаж хууль бусаар ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байсан боловч өөрийн тушаалаа өөрөө хүчингүй болгосон. Шүүхэд хандаж хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан УААХны даргын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай тушаалыг мөн өөрөө хүчингүй болгосон боловч нэхэмжлэгчийг тус АХны нягтлангийн ажилд ажиллуулахгүй байгаа нь хууль бус. Хариуцагч нь байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэдэг үндэслэл яриад байгаа боловч дээрх үндэслэлээр нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдээгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг гаргаагүй мөртлөө нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийг аймгийн АХны нягтлангийн ажилд ажиллуулахгүй байгаа нь хууль бус гэв.
3.2. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд ажилгүй байгаа тул дээрх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5,420,607 төгрөгийг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч Ш.Нын нэг сарын дундаж цалин хөлс 573,333 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс 26,061 төгрөг байна гэв.
4. Хариуцагч УААХны дарга Я.Ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.
4.1. УААХны тэргүүлэгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор тус хорооны бүтэц, орон тоог өөрчлөн баталсан бөгөөд нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан. Ш.Н тус хуралд өөрөө оролцож, орон тоо нь хасагдсан гэдгийг мэдсэн.
4.2 Миний хувьд байгууллагын бүтэц, орон тоонд байхгүй ажлын байранд Ш.Нтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллуулсан алдаа гаргасан байна. Иймд өөрийн алдаагаа засварлаж, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай тушаалаа хүчингүй болгосон. Ш.Н нь 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тус хорооны зохион байгуулагчийн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Иймд Ш.Н нь 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс хойш манай байгууллагад хамааралгүй болсон хүн юм. Ш.Ныг байгууллагын бүтэц, орон тоонд байхгүй ажлын байранд ажиллуулах боломжгүй гэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. УААХ нь 2006 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, гишүүддээ үйлчлэх зорилготой төрийн бус байгууллага байна. Тус хорооны тэргүүлэгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор ажлын албаны бүтэц, орон тоо, гэрээт ажлын хөлс тогтоосон байна.
Дээрх тогтоолоор УААХ нь дарга, зохион байгуулагч, сахиул-жолооч, үйлчлэгч гэсэн дөрвөн орон тоотой байхаар тогтоосон бол 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор аймгийн АХны бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулж, дарга, зохион байгуулагч, сахиул-жолооч гэсэн гурван орон тоотой байхаар тогтоожээ.
5.2. Нэхэмжлэгч Ш.Н нь УААХны даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай тушаалаар АХны нягтлан бодогчийн ажилд томилогдсон байх бөгөөд тус АХны даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай тушаалаар АХны нягтлан бодогч-тогоочийн ажлын байранд хавсран ажиллаж, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 03 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулжээ.
Харин 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр УААХны даргын 02 дугаартай тушаалаар УААХны нягтлан бодогч-зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд АХны даргатай 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 01 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
Улмаар, УААХны даргатай 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 01 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж, УААХны зохион байгуулагч, нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нэг талаас УААХны дарга Я.Ч, нөгөө талаас Ш.Н нарын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан 03 тоот хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.
Иймд дээрх баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Ш.Ныг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш УААХнд нягтлан бодогчоор ажиллахын зэрэгцээ тогооч, зохион байгуулагч зэрэг ажлыг хавсран гүйцэтгэж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.
5.3. Нэхэмжлэгч Ш.Н нь өөрийн хүсэлтээр, УААХны даргын 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай тушаалаар тус хорооны зохион байгуулагчийн ажлаас чөлөөлөгдсөн байна.
Хариуцагч УААХны дарга Я.Ч нь нэхэмжлэгч Ш.Нд 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаартай албан бичгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дах заалт, 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг тус хорооны орон тооны бус нягтлан бодогчийн ажлаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу УА Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны үеэр УААХны даргын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 05 тоот тушаалыг хүчингүй болгохоор талууд тохиролцож, хариуцагч нь өөрийн тушаалыг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаартай тушаалаар хүчингүй болгожээ.
Улмаар хариуцагч УААХны дарга Я.Ч нь 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Ш.Нд 27 дугаартай албан бичгээр “… АХны зохион байгуулагчаар ажиллаж байсан, орон тооны нягтлан бодогч Ш.Н та удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хэрэгжүүлдэггүй, удаа дараа ажлын цаг тасалж байсан, ажил албаны стандарт шаардлагыг хангаж ажиллах чадвар сул, ажил хэргийн чиглэлээр өгсөн үүргийг хүлээж авахдаа хувийн амбицаар ханддаг, байгууллагын өмч хөрөнгийн талаар тооллого хийгээд гаргасан зөрчил дутагдлыг ярихаар урьд нь ажиллаж байгаад бурхан болсон дарга луугаа хандуулдаг, ажил албаны асуудал ярихаар ихэвчлэн би таны төлөө санал өгсөн гэх мэтээр яриа үүсгэж, дарамт, шахалт үзүүлж байгаа мэт хандлага гаргадаг, тэргүүлэгчдийн хурлын үед өөртэй нь холбоотой санал шүүмжлэл гарахад элдэв янзын этгээд үг хэллэгээр дайрч доромжлох хандлага үүсгэдэг, харилцааны соёл төлөвшөөгүй зэрэг зөрчил дутагдлаас шалтгаалж цаашид хамтарч ажиллах боломжгүй гэж үзэж байна” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтыг баримтлан сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлжээ.
Дээрх мэдэгдлийн дагуу нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг УААХны даргын 2024 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 18 дугаартай тушаалаар 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан УААХны даргын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай тушаалыг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаартай тушаалаар өөрөө хүчингүй болгожээ.
5.4. Гэвч хариуцагч нь маргаан бүхий УААХны даргын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 31 дугаартай тушаалыг өөрөө хүчингүй болгосон боловч нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан УААХны нягтлан бодогчийн ажилд ажиллуулахгүй байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
6. Хариуцагчийн зүгээс Ш.Н нь УААХны бүтцэд байхгүй орон тоонд ажиллаж байсан. 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагчийн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр манай байгууллагад хамааралгүй болсон. Байгууллагын бүтцэд байхгүй хүнийг ажиллуулж, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь миний алдаа гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр УААХны нягтлан бодогчийн ажлын байранд томилогдсон байх бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч Ш.Ныг УААХны нягтлан бодогчийн ажлын байрнаас чөлөөлсөн баримт байхгүй байна.
Хариуцагчийн зүгээс УААХны тэргүүлэгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор тус АХны бүтэц, орон тоог шинэчлэн баталснаар нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан гэж тайлбарлаж байгаа боловч УААХны тэргүүлэгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийг УААХны нягтлан бодогчийн ажлын байрнаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь төрийн бус байгууллагын гүйцэтгэх удирдлага болохын хувьд байгууллагын бүтэц, орон тооноос нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан журмын дагуу ажилтанд мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээ нотлох үүрэгтэй.
Гэвч хэрэгт авагдсан баримтын хүрээнд, УААХны дарга Я.Ч нь нэхэмжлэгч Ш.Нд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2 дахь заалтад зааснаар “хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах” үүрэгтэй байна.
Иймд нэхэмжлэгч Ш.Нд түүний ажлын байр хасагдсан тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан журмын дагуу мэдэгдээгүй, дээрх үндэслэлээр түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай шийдвэр гаргаагүй атлаа нэхэмжлэгчийн ажлын байр тухайн байгууллагын бүтцэд байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг УААХны нягтлан бодогчийн ажлын байранд ажиллуулахгүй байгаа хариуцагчийн үйлдлийг нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд үндэслэлгүйгээр халдсан гэж үзнэ гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлийн шаардлагаас урьд эрхэлж байсан УААХны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай хэсгийг хангаж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч Ш.Н нь 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5,420,607 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагаас 3,648,486 төгрөгийг хариуцагч УААХноос гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,772,121 төгрөгийг хэрэхгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно”, 2.3.5 дахь заалтад “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Ш.Н нь 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан гэж үзэж, дээрх хугацааны цалин 5,420,607 төгрөг нэхэмжилсэн.
Гэвч хариуцагч нь 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар тушаалаар 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, тус тушаалаа өөрөө хүчингүй болгосон боловч дээрх хугацаанаас хойш нэхэмжлэгчийг УААХны нягтлан бодогчоор ажиллуулаагүй үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас үндэслэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь цуцлагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Ш.Нын нэг сарын дундаж цалин хөлсийг 660,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй боловч нэхэмжлэгчээс өөрийн нэг сарын дундаж цалин хөлсийг 573,333 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг 26,061 төгрөг гэж тодорхойлсон ба хариуцагч нь нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсний талаар маргаагүй.
Дээрх үндэслэлээр, нэхэмжлэгч Ш.Нд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2024 оны 4 дүгээр сард ажилгүй байсан 20 өдөрт 521,220 төгрөг, 2024 оны 5,6,7,8,9 дүгээр саруудын цалин хөлс 2,866,665 төгрөг, 2024 оны 10 дугаар сард ажилгүй байсан 10 өдөрт 260,610 төгрөг, нийт 3,648,486 төгрөгийг хариуцагч УААХноос гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
8. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.2.5-д заасан хүний шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрт заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос, хэрэв шүүхийн шийдвэрт цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг заагаагүй бол түүний уг ажлаас халагдахын өмнө авч байсан сүүлийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, буруутай этгээд нийгмийн даатгалын зохих санд нэг удаа төлнө” гэж заасан журмын дагуу хариуцагч УААХнд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгав.
9. Нэхэмжлэгч Ш.Нын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УААХноос улсын тэмдэгтийн хураамж 73,326 (далан гурван мянга гурван зуун хорин зургаа) төгрөг гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ш.Ныг УААХны нягтлан бодогчийн ажлын байранд ажиллуулахыг хариуцагч УААХнд даалгасугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3,648,486 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,772,121 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч УААХнд даалгасугай.
3. Нэхэмжлэгч Ш.Нын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч УААХноос улсын тэмдэгтийн хураамж 73,326 (далан гурван мянга гурван зуун хорин зургаа) төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор УА Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА