Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 111/ШШ2024/0065

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоох тухай” тогтоолын хавсралт дахь хүснэгтийн 21 дэх заалтыг хүчингүй болгож, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог, дугаар мандатын тоо, нутаг дэвсгэр төвийг дахин тогтоож, Галуут сумын мандатын тоог хуулийн дагуу хуучин байсан хоёр мандаттай болгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

1.******* нь Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоох тухай” тогтоолын хавсралт дахь хүснэгтийн 21 дэх заалтыг хүчингүй болгож, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тойрог, дугаар мандатын тоо, нутаг дэвсгэр төвийг дахин тогтоож, Галуут сумын мандатын тоог хуулийн дагуу хуучин байсан хоёр мандаттай болгохыг даалгах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тухайн шатны Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Хурлын төлөөлөгчийн тоонд үндэслэн тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно.” гэж заасан. Гэтэл Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дээрх хуульд заасан үүргийн хүрээнд хуралдаж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо холбогдох хууль тогтоомжийг зөрчихөөс гадна Галуут сумаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвших сонирхолтой ******* миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.

Баянхонгор аймгийн Галуут сумын хүн амын тоо 4179 буюу тус аймагт хүн амын тоогоороо Эрдэнэцогт сумын дараа 2-т ордог хүн амын нягтаршил ихтэй Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Баян-Овоо, Бөмбөгөр, Заг, Жаргалант сумтай хил залгадаг томоохон сум бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12.1-д заасан сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо “нутаг дэвсгэрийн хүн амын тоо”-г харгалзан үзэх зохицуулалтыг зөрчиж 4179 сонгогчтой Галуут сумын 2020 оны орон нутгийн сонгуулиар 2 мандаттай байсныг нь хасч мандатын тоог 1 болгон тогтоож, харин Галуут сумаас харьцангуй сонгогчдын тоогоор бага буюу 3714 сонгогчтой Баянлиг сум, 3621 сонгогчтой Бууцагаан, 3449 сонгогчтой Баянцагаан сумуудад 2 мандат тогтоосон нь бодит байдалд нийцэхгүй тэгш бус хуваарилалт байна.

Үүний улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан Монгол улсын иргэний баталгаатай эдлэх эрх буюу Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх зөрчигдөж Галуут сумын нийт иргэдийн эрх ашиг, улс төрийн сонгуулийн эрх болон сонгуульд нэр дэвших миний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байна.

Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль болон тус сумын сонгогч, сонгуульд нэр дэвшигчдийн эрх ашгийг зөрчиж байгаа тул Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоох тухай” тогтоолын хавсралт дахь хүснэгтийн 21 дэх  хэсгийг хүчингүйд тооцож, мандатын тоог өөрчилж, Галуут сумын мандатын тоог 2 болгон хуулийн дагуу өөрчлөхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 19/03 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан бүрэн эрхийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойргийг 29, мандатын тоог 35 байхаар тогтоосон.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Тухайн шатны Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Хурлын төлөөлөгчийн тоонд үндэслэн тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно” гэж заасныг үндэслэсэн.

Дээрх тогтоолыг батлахдаа ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хуульд заасан хугацаатай, зохион байгуулалтын асуудлыг бүрэн эрхийн хүрээнд бие даан шийдвэрлэсэн.

2. Дээрх заалтад газар нутгийн хэмжээнд тохирсон тойргийг тухайлж заагаагүй, мөн хүн амын тоонд тохируулсан мандатын тоог нарийвчлан заагаагүй харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарахаар хуульд заасан.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хуулиар бүрэн эрхэд хамааруулсан асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж шийдвэрлэсэн.

Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “...нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан ...” гэсний “харгалзан” гэсэн үгийг Монгол хэлний их тайлбар тольд анхаарч үзэх” гэсэн байдлаар тайлбарласан байдаг ба аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршлыг “анхаарч үзэн” тойрог, мандатын тоог тогтоосон нь хууль тогтоомж зөрчөөгүй, аймгийн иргэдийн Төлөөлөгчид хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

Харин хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Хурлын төлөөлөгчийн тоонд үндэслэн...” гэсний “үндэслэн” гэсэн үгийг Монгол хэлний их тайлбар тольд "... тулгуурлан, ... иш баримт болгон” гэсэн байдлаар тайлбарласан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “аймгийн хүн амын тоо нь 70 001-90 000 хүртэл бол 35;” гэж заасныг үндэслэн манай аймгийн нийт хүн амын тоо 88499 байгаа тул 35 мандаттай болж, мандатын тоо хүн амын тооноос хамааран 6-аар бууруулан 35 мандаттайгаар баталсан.

Нэхэмжлэлд “...Галуут сумын мандатын тоог хуулийн дагуу хуучин байсан хоёр мандаттай болгох” гэсэн нь ямар ч хуульд Галуут сум 2 мандаттай байна гэж заагаагүй гэдгийг дурдья.

Энэхүү тогтоолоор Галуут сумын мандатын тоог бууруулсан нь Галуут сумаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвших сонирхолтой иргэн *******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчөөгүй бөгөөд нэр дэвших эрх нь нээлттэй байгаа гэж үзэж байна.

Мөн тогтоолоор Галуут сумын мандатын тоог нэг болгосон нь тухайн сумын сонгогчдын төлөөллөө сонгох эрхийг зөрчсөн гэж үзэхгүй байна. Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид бүрэн эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн тул нэхэмжлэл гаргах үндэслэлгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Маргаан бүхий  захиргааны акт болох Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 19/03 дугаар тогтоолоор Монгол улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12  дугаар зүйлийн 12.1, 12.2-д заасныг тус тус үндэслэн  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойргийг 29, мандатын тоог 35 байхаар тогтоожээ.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоох тухай” тогтоолын хавсралт дахь хүснэгтийн 21 дэх заалтыг хүчингүй болгож, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог, дугаар мандатын тоо, нутаг дэвсгэр төвийг дахин тогтоож, Галуут сумын мандатын тоог хуулийн дагуу хуучин байсан хоёр мандаттай болгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...хуульд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн тоог тогтоохдоо нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, байршил зэргийг харгалзан тойрог байгуулж мандатын тоог тогтоохоор заасан байхад Галуут сумын хүн амын тоо 4179 буюу тус аймагт хүн амын тоогоороо Эрдэнэцогт сумын дараа 2-т ордог хүн амын нягтаршил ихтэй Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Баян-Овоо, Бөмбөгөр, Заг, Жаргалант сумтай хил залгадаг томоохон сум бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 12.1-д заасан сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо “нутаг дэвсгэрийн хүн амын тоо”-г харгалзан үзэх зохицуулалтыг зөрчиж 4179 сонгогчтой Галуут сумын 2020 оны орон нутгийн сонгуулиар 2 мандаттай байсныг нь хасч мандатын тоог 1 болгон тогтоож, харин Галуут сумаас харьцангуй сонгогчдын тоогоор бага буюу 3714 сонгогчтой Баянлиг сум, 3621 сонгогчтой Бууцагаан, 3449 сонгогчтой Баянцагаан сумуудад 2 мандат тогтоосон нь бодит байдалд нийцэхгүй тэгш бус хуваарилалт болсон...“ гэж  тодорхойлж байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх ба “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “аймгийн хүн амын тоо нь 70 001-90 000 хүртэл бол 35” гэж заасныг үндэслэн манай аймгийн нийт хүн амын тоо 88499 байгаа тул 35 мандаттай болж, мандатын тоо хүн амын тооноос хамааран 6-аар бууруулан 35 мандаттайгаар баталсан.

Энэхүү тогтоолоор Галуут сумын мандатын тоог бууруулсан нь Галуут сумаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвших сонирхолтой иргэн *******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчөөгүй бөгөөд нэр дэвших эрх нь нээлттэй байгаа, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хуульд заасан хугацаатай, зохион байгуулалтын асуудлыг бүрэн эрхийн хүрээнд бие даан шийдвэрлэсэн...” гэж тайлбарлаж байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д ”Орон нутгийн Хурлын сонгуулийн нутаг дэвсгэр нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэр байна”, 11.2-т “Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана”, 12 дугаар зүйлийн  12.1-т “Тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно”, 12.2-д ”Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг явуулахад аймгийн төвийн баг болон сум тус бүр нь сонгуулийн тойрог болно. Сумын хүн амын тоо нь 5000-аас дээш бол нэмж сонгуулийн тойрог байгуулж болно.” гэж,   Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлийн  37.1.3-т “аймгийн хүн амын тоо нь 70 001-90 000 хүртэл бол 35” гэж тус тус  зохицуулжээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нутаг дэвсгэр  болох тухайн аймгийн нутаг дэвсгэр нь аймгийн төвийн баг болон сум тус бүр нь сонгуулийн тойрог болох бөгөөд Сумын хүн амын тоо нь 5000-аас дээш бол нэмж сонгуулийн тойрог байгуулж болохоор тусгайлан заасан, ийнхүү тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоог тогтоохдоо нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэрэг 4 нөхцөлийг харгалзан үзэхээр хуульчилжээ.

Баянхонгор аймгийн Галуут сум нь нийт 6 багтай бөгөөд Хайрхан 1-р баг 909, Сүмбэр 2-р баг 764, Үнэгт 3-р баг 543, Баяннуур 4-р баг 446, Мандал 5-р баг 912, Баянхошуу 6-р баг 605 хүн амтай, 2023 оны хүн амын тооллогоор Галуут сум нийт 4179 хүн амтай болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хавтас хэргийн 31-34 дүгээр хуудас Аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс, Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн баримт/

Маргаан бүхий тогтоолоор Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгуулийн тойргийг 29 -өөр тогтоож, 35 мандаттай болгон байгуулсан нь дээрх хуулийн заалтуудтай нийцсэн байх ба  35 мандатыг уг тойргуудад хуваарилахдаа Галуут суманд  ногдох  мандатын тоог 1 гэж тогтоон баталжээ.

Үүнээс урьд Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтаар тойрог, мандатын тоог тогтоож байсан байх ба Галуут сум 2 мандаттай, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтаар Галуут сумын 2 мандаттай байхаар тогтоож байжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх үндсэн арга мөн болохыг тодорхойлсон бөгөөд 12 дугаар зүйлийн  12.1-т “...нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох...”-оор тусгасан. 

 Галуут сум нь орон нутгийн сонгуулийн 21 дүгээр тойрог болж 1 төлөөлөгч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухайн сумыг төлөөлж, төлөөлөгч нь хуульд заасан эрх үүргийг хүлээж оролцох нь Галуут сумын иргэдийн эрх, ашиг сонирхол болон иргэн *******ийн ашиг сонирхлыг ноцтой хөндөх нөхцөл байдлыг үүсгэхээргүй байна.

 Иймд Галуут сумын 1 төлөөлөгчид ногдох сонгогчдын тоог бусад сумын 1 төлөөлөгчид ногдох сонгогчийн тоонд харьцуулан маргасан нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.

Нэхэмжлэгчээс “...хуульд зааснаар  мандатын тоог хуваарилахдаа сонгогчийн биш  хүн амын  тоог харгалзана гэснийг зөрчсөн” гэж  маргасан боловч мандатын тоог тогтоохдоо сонгогчийн тооноос гадна тус сумын  хүн амыг тоог багуудаар гаргасан  статистикийн мэдээллийг үндэслэсэн болох нь Тэргүүлэгчдийн тухайн өдрийн хуралдааны тэмдэглэл болон хариуцагчийн ирүүлсэн нотлох баримтуудаар /хавтас хэргийн 35-49 дүгээр хуудас/ тус тус нотлогдож байна.

Иймд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд  сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоох буюу мандат хуваарилахад  хүн амын тооноос гадна өөр бусад  нөхцөл байдал болох  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгжийн хуваарь, газар нутгийн  хэмжээ, байршил зэргийг харгалзан үзэхээр хуульчилсан ба  Галуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр  тус сумын Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тогтоолыг  Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн  35.1.18-т заасан  “хуульд заасан бусад бүрэн эрх болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан тусгайлан олгосон бүрэн эрхийн хүрээнд  гаргасан, ингэхдээ  хуульд заасан журмын дагуу  хуваарилаагүй гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийг  хууль бус шийдвэр гаргасан гэж буруутгах боломжгүй байна. 

Иймээс уг маргаан бүхий захиргааны актыг  нутгийн өөрөө удирдах байгууллагаас Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар дугаар зүйлийн 1-д заасан “...асуудлыг бие дааж шийдвэрлэх...” эрхийн хүрээнд, хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэр гэж дүгнэлээ.

Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, тухайн шатны Хурлын Төлөөлөгчийг сонгох эрхтэй”, 5.2-т “18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж  тус тус заасан.

Нэхэмжлэгч ******* нь хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд сонгогдох эрх  нь нээлттэй, өөрөөр хэлбэл  түүний оршин суугчаар бүртгүүлсэн Галуут сум буюу 21-р тойрогт 1 мандат хуваарилсан байгаа, энэхүү   хуваарилалт  нь бусад бүх нэр дэвшигч нарт адил үйлчилсэн, тэгш эрхийн зарчмыг зөрчөөгүй байх тул сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог хуваарилсан маргаан бүхий тогтоолын улмаас нэхэмжлэгчийн сонгогдох эрх зөрчигдөнө гэж үзэх үндэслэлгүй байна.

Сонгох эрх, төлөөлүүлэх эрхийн хувьд хуульд заасан 4 нөхцөлөөс  аль нэг нөхцөлийг давамгай авч үзэж, тухайлбал  зөвхөн хүн амын тоог үндэслэн мандатын тоог хуваарилахаар хуульчлаагүй, дээрх байдлаар  4 нөхцөлийг харгалзсаны үндсэн дээр  сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоохоор  заасны дагуу Галуут суманд 1 мандат хуваарилсан, нэхэмжлэгч нь  тус сумын оршин суугч иргэний хувьд  1 төлөөлөгч сонгох эрхтэй, улмаар сонгогдсон төлөөлөгчөөрөө уламжлан  төлөөлүүлэх эрх нь нээлттэй  тул  маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн сонгох эрх зөрчигдөж байна гэж үзэхээргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан, хуулийн заалтын агуулгаас үзэхэд нэгдүгээрт, захиргааны байгууллага нь хууль бус шийдвэр гаргасан байх, хоёрдугаарт,  энэ хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх гэсэн хуульд заасан нөхцөл нь  давхар хангагдсан тохиолдолд  маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох ёстой бөгөөд  эдгээр нөхцөл хангагдаагүй тул маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Дээрх байдлаар  Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан, энэ шийдвэр нь холбогдох хуулийг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.18, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.1, 12.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоох тухай” тогтоолын хавсралт дахь хүснэгтийн 21 дэх заалтыг хүчингүй болгож, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог, дугаар мандатын тоо, нутаг дэвсгэр төвийг дахин тогтоож, Галуут сумын мандатын тоог хуулийн дагуу хуучин байсан хоёр мандаттай болгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.СУВДМАА