Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/03

 

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ,  Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

 

                                                Прокурор Д.Ганцэцэг

Яллагдагч ******* өмгөөлөгч Р.Шүрхүү

Яллагдагч ******* өмгөөлөгч Т.Оюунчимэг                                    

                                                Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/691 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Т.*******, *******, Буян ХХК-д холбогдох эрүүгийн 2126001870296 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* ******* нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, Арвайхээр, Тарагт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдон, албан тушаалын тодорхойлолтод заасан “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр “ ”ХХК-ийг сонгон шалгаруулсны хариуд тус компанийн захирал иргэн Т.*******оос Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус өөрийн төрсөн эгч Д.Долгорсүрэнгийн ХААН банкан дахь харилцах дугаарын дансаар шилжүүлэн авсан,

******* ******* нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн 100 хувь хувь эзэмшдэг “ ” ХХК-г Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны дарга, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, Арвайхээр, Тарагт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдсон *******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албаны тушаалын байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус иргэн Д.Долгорсүрэнгийн ХААН банкан дахь харилцах дугаарын дансаар шилжүүлэн өгсөн,

“ ”ХХК нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс “ ”ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Т.******* нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны дарга, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, Арвайхээр, Тарагт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдсон *******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албаны тушаалын байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус иргэн Д.Долгорсүрэнгийн ХААН банкан дахь харилцах дугаарын дансаар шилжүүлэн өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

Өвөрхангай аймгийн Прокурорын орлогч прокуророос: ******* Даваасүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, ******* *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Буян ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч *******, яллагдагч Т.*******, яллагдагч Буян ХХК нарт холбогдох 2126001870296 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорт буцаан, яллагдагч *******, яллагдагч Т.*******, яллагдагч Буян ХХК-ны хууль ёсны төлөөлөгч Т.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/691 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцаасан байна.

 

Шүүгчийн захирамжийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад, захирамжид заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

 

Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ДШМ/40 дугаар магадлалд заасан “Гуа орд” ХХК /Г.Наранбат/, “Гүнчимэгтэй” ХХК /Э.Басхүү/ гэж компанид холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй” гэсэн заалтыг биелүүлээгүй, мөн яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт яллагдагч Т.*******, яллагдагч “ ”ХХК нь тус бүртээ яллагдагч *******д 3,000,000 төгрөг шилжүүлсэн үү, яллагдагч ******* нь яллагдагч Т.*******оос шилжүүлж авсан талаар дурдсан ч ХХК-наас хэдэн төгрөг шилжүүлж авсан талаар тусгаагүй тодорхойгүй, ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй” гэжээ.

 

Үүнээс авч үзвэл шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт 2 заалтаар хэргийг прокурорт буцаасан гэж ойлгогдохоор байна.

 

Нэг дэх заалтын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг бүртгэлтийн нэг дугаартай хэргийг хоёр, эсхүл түүнээс олон өөр байдлаар шийдвэрлэх тухай зохицуулалт тусгагдаагүй.

 

Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлтийн хэрэг дотроос зарим үйл явдалд хамаарах хэргийг хаах тухай зохицуулалт байхгүй.

 

Харин 2 буюу түүнээс дээш үйл явдлыг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй талаар тухайн фактад хамаарах асуудлыг мөрдөгчийн саналын хүрээнд прокуророос дүгнэлт өгч шийдвэрлэх ажиллагаа хууль хэрэгцээний практикт нэгэнт тогтсон жишиг болсон.

 

 Энэ хүрээнд прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 212600187 дугаартай тогтоолд заасан зарим агуулгад хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргасан.

 

Тухайлбал: Өвөрхангай аймгийн өмчийн харилцааны газрын худалдан авах ажиллагааны албаны дарга ******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Гуа Орд ”ХХК /Г.Наранбат/, Түнчимэгтэй ”ХХК /Э.Басхүү/, Ц.Ганхуяг нараас албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн, эсхүл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мөнгө шаардсан, авсан нөхцөл байдал нотлогдоогүй бөгөөд “Гүнчимэгтэй”ХХК-ийн хамаарал бүхий иргэн Э.Басхүүгээс 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “үхрийн мах худалдах, худалдан авах” хэлцэл хийж, 1,000,000 төгрөгийг өөрийн төрсөн эгч Д.Долгорсүрэнгийн арилжааны банкан дахь харилцах дансыг ашиглан шилжүүлэн авсны дараагаар уг үхрийн махыг нийлүүлсэн,

 

“Гуа Орд”ХХК-ийн захирал Г.Наранбатаас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 500,000 төгрөгийг зээлж, өөрийн төрсөн эгч Д.Долгорсүрэнгийн арилжааны банк дахь харилцах дансыг ашиглан шилжүүлэн авсны дараагаар бэлнээр буцаан төлсөн,

 

“Өндөр бөх ”ХХК-ийн захирал Н.Буянтогтохоос 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгийг зээлж, өөрийн төрсөн эгч Д.Долгорсүрэнгийн арилжааны банкан дахь харилцах дансыг ашиглан шилжүүлэн авсан үйл явдлыг албаны чиг үүргээ хэрэгжүүлсэнтэй нь холбон үзэх үндэслэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тал бүрээс нь бүрэн бодитойгоор явуулж цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудын хэмжээнд тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн иргэн Ц.Ганхуяг нь 2018 онд хийгдсэн худалдан авах хэлцлийн төлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ******* төрсөн эгч Д.Долгорсүрэнгийн арилжааны банкан дахь харилцах дансыг ашиглан шилжүүлэн авсан үйлдэл ******* эрхэлж буй албан тушаалын байдалтай нь холбоогүй бөгөөд Ц.Ганхуягийн хувьд ямар нэгэн байдлаар тендер сонгон шалгаруулалтад оролцсон тохиолдол байхгүй.

 

Иймд дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах шийдвэр гаргах үндэслэлгүй буюу цаашид хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолд дурдсан нэр бүхий хуулийн этгээд, иргэнээс ******* хахууль авсан талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй болсон.

 

Дээр дурдагдсан нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор хийж гүйцэтгэсэн мөрдөн шалгах ажиллагаа нь магадлалын заалтын хүрээнд хийгдсэнийг тэмдэглэхийн сацуу хүрсэн үр дүнг прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай тогтоол, уг тогтоолын үндэслэл болсон нотлох баримтуудаар баталгаажуулсан болно.

 

Хоёр дахь заалтын тухайд Эрүүгийн 2126001870296 дугаартай хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар яллагдагч ******* хувьд өөрийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг “ ” ХХК-г орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ хийж гүйцэтгэх сонгон шалгаруулалтад оролцуулж ялалт байгуулсныхаа төлөө тухайн сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан үнэлгээний хорооны дарга *******д хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө 3,000,000 төгрөгийг өгсөн нөхцөл байдал тогтоогдсон ба энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйлийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс өгсөн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

“ ” ХХК-г төлөөлж, тухайн компанийн ашиг сонирхлынх нь төлөө нийтийн албан тушаалтанд эд зүйл өгөх шийдвэр гаргаж, компанийн дансыг ашиглан халдлагын зүйл болох мөнгө шилжүүлсэн этгээд бол тус компаний захирал Т.******* мөн бөгөөд тэрээр уг үйлдлийг хэн нэгэн төлөөний этгээдээр дамжуулан хэрэгжүүлээгүй.

 

Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж,

 

мөн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна” гэж,

 

мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус зааснаас үзэхэд “ ”ХХК-ийн захирал Т.******* эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөргүй байна.

 

Иймд прокуророос хуулийн этгээдтэй хамт тухайн хуулийн этгээдийг төлөөлж шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтныг Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан “хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, хуулийн этгээдийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн.

 

Дээр дурдагдсан үйл баримтуудыг прокуророос нэгтгэн авч үзэж, яллах дүгнэлтдээ хахууль өгсөн “ ”ХХК, тус компанийг төлөөлж шийдвэр гаргасан захирал, иргэн Т.******* нарыг тендер сонгон шалгаруулалтад оролцож, ялалт байгуулсны хариуд тухайн сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан нийтийн албан тушаалтанд 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн агуулгыг тодорхойлон тэмдэглэх болон тогтоох хэсэгтээ тусгаж өгсөн.

 

Түүнээс яллагдагч *******д 2 этгээд тусдаа эд зүйл өгсөн нөхцөл байдал байхгүйн дээр тэрээр “ ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгаруулсны хариуд тухайн компанийг төлөөлж шийдвэр гаргасан итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Т *******оос 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт яллах дүгнэлтэд тусгагдсан.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25 1 дэх хэсэгт хуулийн этгээдийн үндсэн шинжийг “өөрийн гэсэн тусгайлсан эд хөрөн-өтэй өөрийн үйл ажиллагаагаараа эрх олж, үүрэг хүлээх чадвартай, үйл ажиллагаанаасаа үүсэх үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг” гэж тодорхойлсон. Тэгвэл өөрийн гэсэн тусгайлсан эд хөрөнгийг арвижуулах, эсхүл зарцуулах зэргээр удирдах, эрх эдэлж, үүрэг хүлээх, хариуцлага хүлээх зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг компанийг төлөөлөх эрхтэй этгээд буюу эрх бүхий албан тушаалтан л хийж гүйцэтгэнэ.

 

Тиймээс яллагдагч *******д хахууль өгсөн үйлдлийг тухайн хуулийн этгээдийг төлөөлж шийдвэр гаргах эрхтэй ганц субьект болох Т.******* хийж гүйцэтгэсэн үйл явдлыг яллах дүгнэлтэд тодорхойлон тусгаж өгсөн нь яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, заалтаар зүйлчлэгдэх гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлээр хүчингүй болгуулах үндэслэл байна гэжээ.

 

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.         

 

Яллагдагч ******* өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Тиймээс прокурорын эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Яллагдагч ******* өмгөөлөгч Р.Шүрхүү шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 691 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй, уг үндэслэлд заасан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрч байгаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг аль ч шатанд гаргах эрхтэй байдаг. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны, прокурорын, шүүхийн гээд бүх шатанд хоёр хүсэлт гаргадаг. Тэрхүү хүсэлт нь тендерийн үйл ажиллагаа зохих ёсоор явагдсан эсэхийг шинжээч томилуулж тогтоолгох, Долгорсүрэн эгчтэй банзны наймаа хийгээд тэрний мөнгийг шилжүүлсэн бөгөөд үүнийг хэлээд байхад нэг ч удаа Долгорсүрэнгээс мэдүүлэг аваагүй учир мэдүүлэг авч өгнө үү гэсэн хоёр хүсэлт тавьдаг. Энэ хүсэлтийг мөн өмгөөлөгчийн зүгээс яаж  шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа учир үүнийг хангаж өгнө үү гэж хүсэж байна.

 

Мөн өмгөөлөгчийн зүгээс үнэлгээний хорооны гишүүнээр тухайн үед ажиллаж байсан Мөнхбат, Ууганбаяр, Бямбасүрэн нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтүүд гаргасан. Тэр хүсэлтээ өнөөдөр дахин гаргаж байна.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлүүд байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан агуулгыг бичсэн хэдий ч зайлшгүй шаардлагатай нотлох баримт хангагдаагүй гэж үздэг. Мөн зүйлийн 4.1-т яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж эрүүгийн хуульд заасан ямар заалтыг хангасан гэдгийг нарийвчлан гаргаагүй байна гэсэн утга бүхий агуулгатай заалтыг хүлээж авч дахин шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж  прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхээс ...Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01 -ны өдрийн 2022/ДШМ/40 дугаар магадлалыг биелүүлээгүй, магадлалд заасан ажиллагааг бүрэн биш хийсэн. Тус магадлалд дурдсан Өвөрхангай аймгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны дарга ******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тендер сонгон шалгаруулалтад оролцож байгаа компанийн захирлуудаас тендерт ялалт байгуулахад нь дэмжлэг үзүүлнэ гэж бусдаар дамжуулан хахууль авсан гэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан атлаа зөвхөн Т.*******т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, бусад компани буюу Гуа орд XXК /Г.Наранбат/, Гүнчимэгтэй ХХК” Э.Басхүү Ц.Ганхуяг нарт холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаагаагүй, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, орхигдуулжээ” гэснийг биелүүлээгүй, бүрэн бус хийсэн. Гуа орд ХХК, Гүнчимэгтэй ХХК буюу хуулийн этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй.

 

Яллагдагч ******* нь яллагдагч Т.*******оос 3.000.000 төгрөг шилжүүлж авсан талаар яллах дүгнэлтэнд дурдсан ч ХХК-наас хэдэн төгрөг шилжүүлж авсан талаар тусгаагүй нь тодорхойгүй ойлгомжгүй яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

                Учир нь: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд дурдсан 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ДШМ/40 дугаартай магадлалд заасан ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд бүрэн хийгээгүй байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,  Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/691 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/691 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.