Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2024/00602

 

2024 12 02 156/ШШ2024/00602

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2024/00671/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, Баатаруудын гудамж, Төрийн банк ХК,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч О.******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Төрийн банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Н.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагчийн төлөөлөгч О.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Иргэн Н.******* /СР78082215/ нь Төрийн банкны ******* салбарын харъяа Өмнөдэлгэр тооцооны төвөөс 2022 оны 04 дугаар сарын 21-ний өдөр 40 тоот барьцаат зээлийн байгуулан 28,000,000 төгрөгийг сарын 1,5 хувь, жилийн 18 хувийн хүүтэй өрхийн хэрэгцээндээ зориулан 24 сарын хугацаатай, буюу 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр малчны зээл авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ ******* аймгийн Өмнөдэлгэр сумын 3-р баг ******* багт мал маллаж байсан. Зээлдэгч Н.******* нь зээлийн эргэн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой зээлдэгчтэй уулзаж, улмаар утсаар удаа дараа холбогдож байсан болно. Зээлдэгч нь зээл төлөх сонирхолгүй. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Төрийн банк ХК нь Н.*******д холбогдуулан 27,308,359.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах гэтэл хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ы оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь хэрэгт авагдсан ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2058 дугаартай шүүгчийн захирамжаар болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ы оршин суух хаяг тодорхойгүйн улмаас түүнийг эрэн сурвалжлах шаардлага үүссэн байх тул ******* аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багт оршин сууж байсан, СР78082215 регистрийн дугаартай, ******* ******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* аймгийн Өмнөдэлгэр сумын ******* багт оршин сууж байсан, СР78082215 регистрийн дугаартай, ******* ******* эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.******* эрэн сурвалжилж, түүний ажиллаж буй болон оршин суух хаягийг тогтоохыг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ******* аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Мөнхтөрд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Б.МАРИНА