Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 129/ШШ2024/00547

 

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

 

                                     129/ШШ2024/00547

   

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Б даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Гыг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Гуравдагч этгээд Б.Г

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч А аймгийн Ц нь Б.Гыг архины албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Б.Гыг ээжийнх нь хүсэлт, эмнэлгийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн Б.Гыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргасан. Б.Гын ээж “Б.Г хоёр хоногоос илүү архи уухгүй байж чаддаггүй, архи ууж орж ирээд намайг гэрээсээ хөөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, архи уусан үед нь би гэртээ хонож чаддаггүй, айлд хоногдог” гэж тайлбарладаг. Б.Г байнга архидан согтуурч, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зөрчилд холбогдсон, мансуурах донтой, F10.2 архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг даслын хам шинжтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд Б.Гыг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

 

2. Гуравдагч этгээд Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оноос эхлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Үүнээс өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй байсан. 2017 оноос хойш Сын нүүрсний уурхайд, 2020 онд З аймгийн Т сумаас У чиглэлийн  зам тавих зэрэг ажил хийж байсан. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх зөрчлөөр, мөн сая хулгайн гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлж нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Би ээжтэйгээ хамт амьдардаг, ээжийнхээ эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нь үнэн. Би нийтэд тустай ажил хийх ялаа дуусгачхаад эмчилгээ хийлгэх гэж байгаа. Миний хамрын салст, таславчний хэсэг гэмтээд 4, 5 жил болж байна. Үүнээс болоод амьсгал дутуу авагддаг тул зүүн талын уушгины бөглөрөлтэй болсон. Бөглөрөлтэй болсны улмаас зүрх өвддөг, пульс байнга өндөр байдаг, амьсгаадаж, давчдаг тул эмчилгээ хийлгээд 2 сард хагалгаанд орно. 3 сард Ш уурхайд ажилд орно. Би байнга архи уудаггүй, архинаас татгалзаж, тэмцэх хэмжээний донтоогүй. Гэхдээ архи уухгүй байя гэж боддог, архины албадан эмчилгээнд явах хүсэлгүй байна гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас:

- С.Өийн А аймгийн Цт гаргасан хүсэлт

- А аймгийн Ар манал өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 9 сарын 23-ны өдрийн 01/58 тоот, 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 01/58 тоот тодорхойлолт

- А аймгийн Э сумын 0 дугаар багийн Засаг даргын 2024 оны 9 сарын 23-ны өдрийн 270 тоот, 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 330 тоот тодорхойлолт

- А аймгийн Ц газрын 2024 оны 9 сарын 19-ний өдрийн 31-07/4586 тоот, 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 31-07/5061 тоот албан бичиг

 - Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт,

- А аймгийн Нэгдсэн эмнэлгийн гаргасан шүүх сэтгэцийн эмгэг судлалын дүгнэлт

- эмнэлгийн дүгнэлтийг танилцуулсан тухай тэмдэглэл

- Б.Гын А аймгийн Цт гаргасан хүсэлт

- А аймгийн Ц газрын 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 31-03/5072 тоот албан бичиг /Б.Гт холбогдох саатуулсан, эрүүлжүүлсэн, сэжигтний, зөрчлийн хэргийн шийдвэрлэлт/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч А аймгийн Ц нь Б.Гыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргажээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан С.Өийн А аймгийн Цт гаргасан хүсэлт, А аймгийн Ар манал өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 9 сарын 23-ны өдрийн 01/58 тоот, 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 01/58 тоот тодорхойлолт, А аймгийн Э сумын 0 дугаар багийн Засаг даргын 2024 оны 9 сарын 23-ны өдрийн 270 тоот, 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 330 тоот тодорхойлолт, А аймгийн Ц газрын 2024 оны 9 сарын 19-ний өдрийн 31-07/4586 тоот, 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 31-07/5061 тоот албан бичиг, Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, А аймгийн Нэгдсэн эмнэлгийн гаргасан шүүх сэтгэцийн эмгэг судлалын дүгнэлт, эмнэлгийн дүгнэлтийг танилцуулсан тухай тэмдэглэл, Б.Гын А аймгийн Цт гаргасан хүсэлт, А аймгийн Ц газрын 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 31-03/5072 тоот албан бичиг /Б.Гт холбогдох саатуулсан, эрүүлжүүлсэн, сэжигтний, зөрчлийн хэргийн шийдвэрлэлт/ болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заасан.

 

А аймгийн Ц нь Б.Гыг албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг А аймгийн Ар-манал өрхийн эрүүл мэндийн төв, А аймгийн Э сумын 0 дугаар багийн Засаг даргаас тус тус хүлээн авч, А аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмчийн үзлэг, шинжилгээ хийлгэж архинд донтох эмгэг өвчтэй эсэхийг тогтоолгож Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4-8 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хийж зохих баримт бичгүүдийг бүрдүүлж шүүхэд ирүүлсэн байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар Б.Гыг албадан эмчлэхэд Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхийг хориглох нөхцөл тогтоогдоогүй.

 

Гуравдагч этгээд Б.Г архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулдаг, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удаа дараа зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан, эрүүгийн хэрэгт шалгагдсан болох нь А аймгийн Ц газрын 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 31-03/5072 тоот албан бичгээр ирүүлсэн Б.Гт холбогдох саатуулсан, эрүүлжүүлсэн, сэжигтний, зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийн лавлагаагаар, “Онош F10.2, архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг, даслын хам шинж” гэсэн шүүх сэтгэцийн эмгэл судлалын дүгнэлт, “согтуурах, мансуурах донтой” гэсэн Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр гуравдагч этгээд Б.Г нь  согтуурах, мансуурах донтой болох нь тус тус тогтоогдож байна.

 

 Б.Г нь эмнэлгийн байгууллагын дүгнэлттэй танилцаад сайн дураараа архины эмчилгээ хийлгээгүй бөгөөд тэрээр шүүх хуралдаанд архины эмчилгээ хийлгэхээс татгалзсан тайлбар гаргаж байна.

 

Гуравдагч этгээд Б.Г нь согтуурсан үедээ бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, тэрээр сайн дураар эмчлүүлэхээс татгалзаж байх тул түүнийг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг хангаж Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан Б.Гыг согтуурах, мансуурах этгээдийг эмчлэх албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан Б овгийн Бын Г-ыг согтуурах, мансуурах этгээдийг эмчлэх албадан эмчилгээнд явуулсугай.

 

2. Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар гуравдагч этгээд Б.Гыг албадан эмчлэх шийдвэр гарсан талаар Б.Гын гэр бүлийн гишүүд төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг А аймгийн Цт даалгасугай.

 

3. Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.6-д заасныг баримтлан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс Б.Гыг албадан эмчилгээнд хүргэх ажиллагааг А аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

 

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.Б