Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/12

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 13-ны өдөр                  Дугаар 2023/ДШМ/12                              Өвөрхангай аймаг

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

                                          

                                           Прокурор Д.Ганцэцэг

                                           Яллагдагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг /цахимаар/

                                           Яллагдагч *******

            Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг

            оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/58 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ишжамцын *******д холбогдох эрүүгийн  *******  дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ижамцын ******* нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 27-нд шилжих шөнө ******* гудамж 1-48 тоотод байрлах гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас ******* хэвлийн тус газарт нь нэг удаа өшиглөж биед нь элэг, цөсний хүүдий гэмтээсэн хэвлийн битүү гэмтэл, элэгний гялтан, цөсний орчмын цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Ишжамцын *******ийн үйлдлийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс яллагдагч Боржигин овгийн Ишжамцын *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорт буцаан, яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

 Прокурор Б.Түвшинтөр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүх яллагдагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан ******* нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон баг Эрдэнэзуугийн гудамж 1-48 тоотод байрлах гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх хэрэг гаргасан орон байранд үзлэг хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд зааснаар хохирогч ******* нь гэрийн хаана сууж байсан, түүнийг ******* хаанаас яаж өшиглөсөн болохыг тогтоож, туршилт хийх, гэрч *******ын ирсэн гэх автобус Хархоринд хэдэн цагт ирсэн талаар тодорхойлолт гаргуулах, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, 126 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч *******ийн биеийн байцаалтын талаар тусгахдаа урьд ял шийтгэл эдэлж байсан, суллагдсан талаарх мэдээллийг бүрэн оруулаагүй байгааг шалгах зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1-т “...хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор...” хэргийн газрын үзлэг хийхээр заасан байдаг. Хэрэг нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө гарсан байдаг. Одоо хэргийн газрын нөхөн үзлэг хийгээд эндээс хэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдал, хэргийн шийдвэрлэлттэй холбоотой нотлох баримт гарч ирэхгүй болсон. Хэргийн газрын үзлэгийг нөхөн хийгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт болж чадахгүй болсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 1-т “...хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах туршилт хийнэ...” гэж заажээ. Хохирогч ******* нь хэрэг гарах үед юу болсон талаар тодорхой мэдүүлсэн байхад заавал туршилт хийж үзэх шаардлага байхгүй. Энэ туршил зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүхийн шатанд хийж болох зохицуулалтыг тусгаж өгсөн бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж болохгүй ажиллагаа биш байна.

 

Яллагдагч ******* нь манай эхнэр ******* шөнө намайг унтаж байхад ирсэн гэж мэдүүлдэг. Хохирогч ******* нь тухайн үед *******ийн гэрч *******, ******* бид 3 байсан өөр хүн байгаагүй гэж мэдүүлдэг. Гэрч ******* тухайн үед *******, ******* бид 3 байсан өөр хүн байгаагүй гэсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан. Гэрч Соёлзул хэрэг болох үед байгаагүй нь тогтоогдож байна. Гэрч *******ын ирсэн гэх автобус Хархоринд хэдэн цагт ирсэн нь уг хэрэгт ямар ч ач холбогдолгүй ажиллагаа байна.

 

Хэрэг болох үед яллагдагч *******, хохирогч *******, гэрч ******* нар байсан бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй тохиолдол хавтаст хэрэгт байхгүй. Шаардлагатай тохиолдолд хохирогч ******* болон бусад гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулаад зөрүүтэй гэх мэдүүлгийн зөрүүг гаргах боломжтой шүүх хуралдаанаар гүйцэтгэж болох боломжтой ажиллагаа байна. Прокурорын зүгээс хохирогч *******, гэрч нарыг оролцуулах хүсэлт гаргасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.1 дүгээр хэсэгт яллагдагчийн биеийн байцаалттай холбоотой бусад мэдээллийн талаар заасан байдаг. 126 дугаартай яллах дүгнэлтэд энэ заалтын дагуу Цагдаагийн газраас ирүүлсэн ял шалгах хуудасны дагуу яллагдагч ******* нь хэзээ ямар, ямар гэмт хэрэг үйлдсэн, хэдэн удаа шүүхээр шийдвэрлүүлсэн талаар тодорхой бичсэн байхад үүнийг бүрэн оруулаагүй гэж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгчийн 2023/ШЗ/58 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгчийн захирамжинд яллагдагч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон баг, Эрдэнэзуугийн гудамжны 1-48 тоотод байрлах гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг гарсан орон байранд үзлэг хийгээгүй,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд зааснаар хохирогч ******* нь гэрийн хаана сууж байсан, ******* хаана нь яаж өшиглөсөн болохыг тогтоож туршилт хийх, гэрч Соёлзулын ирсэн гэх автобус Хархорин суманд хэзээ, хэдэн цагт ирсэн талаар тодорхойлолт гаргуулж хохирогч гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.1-т заасан яллагдагчийн эцэг, эхийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээллийг тусгана гэж заасан байх ба Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн 126 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч *******ийн биеийн байцаалтын талаар тусгахдаа урьд нь ял шийтгэл эдэлж байсан, судлагдсан талаарх мэдээллийг бүрэн оруулаагүйг шалгах зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байна гэж хэргийг прокурор буцааж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1-т хэргийг нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор нөхөн үзлэг хийхээр заасан байдаг.

 

Энэ хэрэг учрал болсон гэх үйл явдал нь 2022 оны 03 дугаар сарын 26-наас 2022 оны 03 дугаар сарын 27-нд шилжих шөнө гарсан. Одоо хэргийн газрын үзлэгийг нөхөн хийлээ гээд хэргийн газрын үзлэгээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тодруулах боломжгүй. Учир нь тухайн цаг хугацаанаас хойш бараг 1 жил орчмын дараа хэргийн газрын үзлэг хийх нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийг яллагдагчийн өмгөөлөгч хүлээж аваад прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгуулах талаар тайлбар ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэгт ач холбогдол бүхий тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах туршилт хийнэ гэж заасан. Прокурорын зүгээс ******* гэдэг хүнийг хохирогчид хүнд хохирол учруулсан байна гэж яллах дүгнэлт үйлдээд байгаа мөртлөө дахин өөр нэг хүнийг тэр нөхцөл байдалд нь байлгаж өшиглөж үзээд хүний эрүүл мэндэд дахин хохирол учруулах хэмжээний зүйл яригдаж байна. Тэгэхээр туршилт хий гэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр буцаасан захирамжийн энэ заалт хууль хэрэглээний хувьд боломжгүй заалт байна.

 

Мөн Соёлзул гэх гэрчээс дахин мэдүүлэг авахаар заасан. Энэ цаг хугацаанд өшиглөсөн гэдэг зүйл яригдаж байгаа процесс болох үед хохирогч, яллагдагч, ******* гурав байсан, Соёлзул гэх гэрч байгаагүй. Тэгэхээр энэ Соёлзул гэдэг хүнийг автобуснаас хэзээ буугаад ирсэн гэдгийг тодруулах шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллагдагчийн биеийн байцаалттай холбоотой нотлох баримтууд болон бусад мэдээллийг 126 дугаартай яллах дүгнэлтэд бичсэн байгаа. Цагдаагийн Ерөнхий газраас авсан ял шалгах хуудас, лавлагааны дагуу бичсэн. Тиймээс үүнийг заавал нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзэх нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байхаас гадна мөрдөн шалгах ажиллагаагаар хийсэн ажиллагаа нь зөрчилгүй байхад зөрчилтэй мэтээр үндэслэлгүйгээр хэргийг буцааж шийдвэрлэсэн байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоосон нөхцөл байдал байхад хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцааж шийдвэрлэж байгаа уг захирамж нь хууль ёсны дагуу гарсан захирамж биш байгаа учир прокурор эсэргүүцэл бичсэн. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...Хохирогч ******* нь хэргийн болсон гэх бодит байдлыг янз бүрийн зөрүүтэй мэдүүлдэг тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэх заалтаар эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй байсан болно. Тухайлбал хохирогчоор 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр буюу хэрэг болсноос хойш 11 хоногийн дараа биеийнхээ аль хэсэгт ямар гэмтэл авсан болохоо мэдэж ******* гэдэг хүнтэй 2022 оны 03 дугаар 26-ны өдөр дархан Билэгтийн гэрт очсон. Билгээ бид хоёр маргалдаж намайг сандал дээр сууж байхад Билгээ босож ирээд миний хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би ухаан алдсан сэрээд харахад дээд өргөн чөлөөнд хэвтэж байсан. Гэртээ ороод цаг харахад 01 цаг өнгөрч байсан” гэх мэдүүлэг /хх-11 хуудас/.

 

Хохирогчоор 2022 оны 08 дугаар 06-ны өдөр өгсөн “...Тэгээд байж байгаад шууд босож ирээд миний аюулхай орчимд нэг удаа тийрсэн. Тэрнээс хойш яасан талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд нэг сэрэхэд Морин жимийн хажууд хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-45 хуудас/

 

Хохирогчоор 2022 оны 12 дугаар 14-ний өдөр өгсөн  “...тэгсэн чинь миний хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, би ухаан алдсан. Нэг сэрсэн чинь Дээд өргөн чөлөөний Дэлгэрэх хүнсний дэлгүүрийн ойролцоо хашааны буланд хэвтэж байсан.  Билгээ лангуу түшээд зогсчихсон би наад талд нь жижиг сандал дээр суучихсан, миний баруун талд ******* мөн сандал дээр сууж байсан. Билгээ манай эхнэрийг зайл гэж хөөсөн байна гээд миний хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Тэр үед ******* хамт байсан” гэх мэдүүлэг /хх-116 хуудас/ зэргээс хэвлий рүү өшиглөсөн, аюулхай орчимд тийрсэн, босч ирээд өшиглөсөн, лангуу түшин зогсож байгаад өшиглөсөн, нэг сэрэхэд дээд өргөн чөлөөнд хэвтэж байсан, сэрэхэд Морин жимийн хажууд хэвтэж байсан, нэг сэрэхэд Дэлгэрэх хүнсний дэлгүүрийн хашааны буланд хэвтэж байсан гэж хоорондоо эрс зөрөөтэй мэдүүлгүүд өгсөн байдаг юм. Эдгээр мэдүүлэгт авагдсан нөхцөл байдлыг тогтоох үүднээс хэрэг болсон ажлын байранд үзлэг хийж ширээ, сандал, лангуу хаана, ямар байрлалтай байсан. Хохирогчийг ******* хаана, ямар байрлалаас өшиглөх, тийрэх үйлдэл хийсэн байх боломжтой эсэхийг буюу хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй орхигдуулсан.

 

*******, хохирогч ******* нарын мэдүүлэгт 01 цагт гарч явсан, гэртээ очсон гэдэг атал хохирогчийн эхнэр Дэлгэрмаа 00 цаг өнгөрч байхад Билэгт утсаар яриад Алтайхүү ах манайхаас гараад явлаа, та өмнөөс нь гараарай гэсэн, 04 цагт Алтайхүү гэртээ ирсэн гэж зөрөөтэй мэдүүлдэг. *******ийн бүх мэдүүлэгт 00 цагт ******* ах гэрээс гарсан араас нь харахад үүдний довжоон дээр сууж байсан, үүдээ түгжээд хэвтэй байтал эхнэр ******* 04 цаг 20 минутын дараа ирсэн гэдэг. Иймд *******ын Улаанбаатар хотоос 19 цагт Архангай аймгийн автобусанд суугаад Хархоринд 01 цаг 10 минутад гэртээ орсон гэх мэдүүлгийг нотлох баримт нь автобус Хархоринд хэзээ ирсэн болохыг нотолсон тодорхойлолт хэрэгт хийлгэх хүсэлттэй байгаа. Уг баримт ******* 01 цаг өнгөрч байхад гараад 04 цаг хүртэл гэртээ очоогүй гэдгийг нотолно гэж үзэж байна.

 

Өмгөөлөгчийн хувьд 2022 оны 12 дугаар сарын 17-ны бямба гаригт Хархорин суманд очиж хавтаст хэргийн материалтай танилцаж, тэмдэглэж авахад хохирогч *******ийн 2022 оны 04 дүгээр 07-ны өдрийн мэдүүлгээс өөр мэдүүлэг байхгүй байсан тул нэг л мэдүүлгээр хүнийг буруутгаж байгааг дурдаж прокурорт санал хүсэлт бичгээр гаргана гэдгээ хэрэг танилцсан тэмдэглэлд тусган бичсэн. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд 2023 оны 02 дугаар 06-ны өдөр орохдоо хавтаст хэргийн материалтай танилцаж үзэхэд хавтаст хэргийн 45 дахь талд авагдсан 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хохирогчийн мэдүүлэг, 116 дугаар талд авагдсан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мэдүүлгүүд хэрэгт авагдсан байгааг урьдчилсан хэлэлцүүлэгт дурдаж ярьсан. 2022  оны 08 дугаар 06-ны хохирогчийн мэдүүлэг, 116 талд авагдсан 2022 оны 12 дугаар 14-ний өдрийн мэдүүлгүүд хэрэгт авагдсан байгааг урьдчилсан хэлэлцүүлэгт дурдаж ярьсан. Хохирогч ******* нь 2022 оны 12 дугаар 14-ний өдөр  өгсөн мэдүүлэгтээ өмнөх мэдүүлэгтээ дурдаж байгаагүй буюу намайг өшиглөх үед О.******* цуг байсан гэж мэдүүлсэн байсан. О.******* нь 2022 оны 11 дүгээр 16-ны гэрчээр мэдүүлэхдээ “******* ахтай таарч бид хоёр, нэг шил архи уучихаад, дэлгүүрээс дахин нэг шил архи аваад Билэгээ ахынд очсон.

 

Тэр хоёрын хэрүүлээс залхаад гараад явсан” гэж мэдүүлсэн, өшиглөж, тийрэхийг нь хараагүй гэдэг тул хохирогчийн мэдүүлэгээс зөрж байгаа учир О.*******гээс дахин мэдүүлэг авах шаардлагатай байна гэхэд шүүх хүлээн авч хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрөөг арилгах гэж дурдан хэргийг прокурорт буцаасан. Хохирогч *******, гэрч О.******* нарын мэдүүлгийн зөрөөг арилгах нь ******* нь ******* өшиглөсөн, тийрсэн үү, эсвэл хохирогч гүтгэж байна уу гэдгийг нотлох тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэд *******ийн биеийн байцаалтанд Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр 15-ны 20 дугаар тогтоолоор 3 жил хорих ял, 2013 оны 11 дүгээр 28-ны 20/а дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 5 сарын хорих ял, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар 05-ны 42 дугаартай шийтгэх тогтоолоор 10 жил 1 сар хорих ял, мөн шүүхийн 2017 оны 02 дугаар 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 10 жил 1 сар хорих ял авсан буюу ял эдэлж байхдаа 7 дугаар сарын хугацаатай хорих ял авч байсан мэтээр дурдан бичиж эрх зүйн байдлыг нь илтэд дордуулсан байдаг. Гэтэл хэрэгт авагдсан ял шалгах хуудсанд Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоолууд хүчингүй болсон. Чингэлтэй Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 1 удаа шийтгүүлсэн баримт авагдсан байдгийг дурдаж байна.

 

Мөн Эрүүгийн хэргийн 25 дугаар талд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст гэх 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн  4/3499 дугаартай албан тоотод “95544855 дугаарын утаснаас 2022 оны 03 дугаар сарын 26-наас 2022 оны 03 дугаар сарын 28-нд гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалтыг хавсралтаар хүргүүлэв” гэсэн атал хавсралт нь хэрэгт байхгүй байгааг хэрэгт хийлгэх шаардлагатай байна.

 

Иймд Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/58 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Яллагдагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхээс яллагдагч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон баг Эрдэнэзуугийн гудамж 1-48 тоотод байрлах гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх хэрэг гарсан орон байранд үзлэг хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд зааснаар хохирогч ******* нь гэрийн хаана сууж байсан, түүнийг ******* хаанаас яаж өшиглөсөн болохыг тогтоож, туршилт хийх. Гэрч *******ын ирсэн гэх автобус Хархоринд хэдэн цагт ирсэн талаар тодорхойлолт гаргуулах, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт яллагдагчийн эцэг, эхийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээллийг тусгана гэж заасан байх ба яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч *******ийн биеийн байцаалтын талаар тусгахдаа урьд ял шийтгэл эдэлж байсан, суллагдсан талаарх мэдээллийг бүрэн оруулаагүй байгааг шалгах зэрэг шүүх хуралдаанаанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байна гэж дүгнэж хэргийг прокурорт буцаажээ.

 

Прокуророос хэргийн газарт нөхөн үзлэг хийгээд ач холбогдол бүхий нөхцөл байдал, хэргийн шийдвэрлэлттэй холбоотой нотлох баримт гарч ирэхгүй. Хохирогч ******* нь хэрэг гарах үед юу болсон талаар тодорхой мэдүүлсэн тул заавал туршилт хийх шаардлагагүй, гэрч хохирогч нарын зөрүүтэй мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй учир Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/58 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

 

Шүүгчийн захирамжинд заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс прокурорын  бичсэн “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” тухай 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/58 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/58 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.