| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0678/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2017-12-28 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч Д.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шонхор овогт Дарамсүрэнгийн Энхбатад холбогдох эрүүгийн 201725030746 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Шонхор овогт Д.Э, Монгол Улсын иргэн, 1983 оны 12 сарын 09-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, экскаваторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамжны 498 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
2007 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анан шатны шүүхийн 279 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,
2011 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 287 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 10 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ..........................................
Шүүгдэгч Д.Э нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 46 гудамжны 972 тоот хашаанд байрлах монгол гэрийн тооноор хууль бусаар, нууцаар нэвтрэн орж 30 инчийн эл си ди зурагт, бүтээлэг зэрэг эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5 буудлын орчимд явж байгаад гэр хорооллын гудамжаар баруун тийш эргэн явж байгад уулан дээр байх улаан өнгийн хашаатай, ногоон өнгийн төмөр хаалгатай хашааны хаалгаар явж ороод зүүн талын монгол гэрийн тооноор дотогш нэвтрэн орж гэрийн хойморт байх 32 инчийн шиг санаж байна зурагтыг аваад хаалгыг дотроос нь гадагш өшиглөж гараад хашаагаар нь гадагшаа гараад явж байхад тэр орчмын айлаас эрэгтэй хүн гарч ирээд намайг харахаар нь би зурагтаа тавьчихаад зүүн тал руу 5 буудлын орчимд зугтаасан, намайг араас хөөгөөд өөдөөс цагдаагийн алба хаагч нар ирээд барьж авсан юм..” гэсэн мэдүүлэг /хх-109-110х/,
Шүүгдэгч Д.Эаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Монгол гэрийн тооноор орж Эл Си Ди зурагт авсан нь үнэн. Зурагт авч гараад явж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Э.Баяржаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө би 07 цаг 40 минутын орчимд гэрээсээ гараад орой 20 цагийн орчимд гэртээ хүүхэдтэйгээ ирэхэд хаалганы цоож, цүүтэйгээ мултарсан, гэртээ ороод харахад гэрийн хамаг эд зүйл бусниулсан байдалтай, гэрийн хойморт байх 32 инчийн эл си ди зурагт алга болсон, манай гэрийн зүүн талд орны адьяал алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Дуудлага өгчихөөд би арынхаа айлаас ороод асуухад “уг айлын эзэн танай гэрийн тооноор хулгайч ороод зурагтыг чинь аваад гараад явж байхад нь цагдаад барьж өгсөн гэж байсан юм” гэсэн мэдүүлэг /хх 28-29х/,
Гэрч Д.Гантүлхүүрээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 15-16 цагийн орчимд би өөрийн хашаандаа бага хүүгээ дагуулаад салхилж байсан юм. Тэр үед хэргийн холбогдогч залуу айлуудын хашаагаар өндийж хараад зай завсараар нь шагайгаад байсан юм. Тэр үед уг залуу манай урд талын хашааны айл руу чигээрээ яваад өгөхөөр нь наад хашаа чинь битүү цааш нь гарахгүй гэтэл уг залуу газраас нэг зүйл барьж аваад уг айлын хашаа руу явж орсон бөгөөд хэсэг хугацааны дараа гэр дээр нь гарчихсан сууж байгаа харагдахаар нь цагдаагийн 102 дугаарын утас руу дуудлага өгсөн юм. Тэгээд хараад байж байхад хойноо юм үүрчихсэн гарч ирэхээр нь хөөе гээд орилоход үүрч байсан зүйлээ орхичихоод доошоо чигээрээ гүйсэн юм. Тэгээд авч явсан зүйлийг нь харахад зурагт байхаар нь хулгайч юм байна даа гэж бодоод араас нь гүйгээд миний хойноос манай найз Чимэдцэрэн гүйж ирээд бид нар хойноос нь гүйсээр байгаад 5 буудлын орчмоос уг залууг барьж авсан юм. Тэр үед цагдаагийн ажилтнууд надтай утсаар холбогдоход 5 буудал дээр барьчихсан байна гэхэд цагдаагийн ажилтнууд ирээд уг залууг барьж яваад буцаад хэргийн газар дээр ирээд зурагтыг хулгайчийн хамт цагдаа нарт хүлээлгэн өгсөн ..” гэсэн мэдүүлэг /хх 30х/,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-16х/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-18х/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-19х/,
Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-23х/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24-25х/,
Эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл /хх-26х/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-27х/,
Шүүгдэгч Д.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 45х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 62х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 46 гудамжны 972 тоот хашаанд байрлах монгол гэрийн тооноор хууль бусаар, нууцаар нэвтрэн орж 30 инчийн эл си ди зурагт, бүтээлэг зэрэг эд зүйлийг хулгайлсан болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн байх ба түүнийг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар шүүгдэгч Д.Эын гэмт үйлдлийг тухайн үед мөрдөгдөж байсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 45 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдав.