Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/08

 

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд    

                                                     Прокурор М.Мөнхтайван

                                                     Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны

                                                     төлөөлөгч *******

                                                     Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа

                                                          Шүүгдэгч *******

                                                     Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг            

                                                     оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын гомдлыг үндэслэн ******* ******* холбогдох эрүүгийн  *******  дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* Баярмаа нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон *******” нэртэй хүнсний дэлгүүр орчимд байрлах хатуу хучилттай авто зам дээр 15-81 ӨВЕ улсын дугаартай Тоёота Приус маркын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн авто замын явган хүний гарцын тэмдэглэгээтэй хэсгээр зам хөндлөн гарч байсан насанд хүрээгүй хохирогч Ч.Баясахмөнхийг мөргөж зүүн хөлийн 1 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр ясны зөрөөгүй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,

 

******* *******ийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс ******* овогт ******* ******* автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг зургаан сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид  1393200 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 19810 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын нэхэмжилсэн 6387219 төгрөгийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 521000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 4682209 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ болон насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгчээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохироогүй байна. Энэ хэргийн хохирогч болох миний хүү Ч.Баясахмөнхийн биед нь учирсан гэмтэл одоо хүртэл бүрэн эдгэрээгүй эмчилгээ сувилгаа хийлгэсээр байна. Авто осол болсон 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш одоо хүртэл буюу дөрвөн сар шахам хугацаанд хүү бид хоёрт эрүүл мэнд, эдийн засгийн болон, сэтгэл санааны ихээхэн хохирол учирсан.

 

 Шүүгдэгч ******* нь бидэнд учруулсан хохирлоо бүрэн төлөх санаачилгагүй байгаа нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байна гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч би үзэж байна. Бид учирсан хохирлоосоо эм, бараа материалын үнэ замын зардал 6.387.219 төгрөг нэхэмжилснээс 1.393.200 төгрөгнөөс бусдыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож хэлэлцэхгүй орхисонд гомдолтой байна. Энэ осол гэмтлээс болж гарсан дараах нэмэгдэл зардлыг шүүгдэгч *******гаас нэхэмжилж байна. Үүнд: Төгрөг сумаас цагдаагийн дуудлагаар дөрвөн удаа ирж буцсаны замын зардал 120.000 төгрөг, сумаас ирж буцаж байгаа тээврийн хэрэгсэл билет өгдөггүй. Тэгэхдээ цагдаагийн байгууллагаар дөрвөн удаа ирсэн нотлох баримт хавтаст хэрэгт байгаа миний гарын үсгээр нотлогдоно. Эмнэлэгт боолт хийлгэх гэж 11-н өдөр такси хөлсөлж явсны хөлс 30000 төгрөг, авто осолд орох үед өмсөж явсан гутал урагдсан тул шинээр гутал авсны үнэ 90.000 төгрөг, бэлтгэлийн өмд цамцны үнэ 48.000 төгрөг, Өвөрхангай аймгийн төвд айлын гэр хөлсөлж хүүхдээ эмчлүүлж байсан үеийн түлээ нүүрсний үнэ 280.000 төгрөг, шөлний хонь худалдаж авсны үнэ 180.000 төгрөг, камер шүүлгүүлсний үнэ 20.000, шинжээчийн зардал 14.000 төгрөг, Өвөрхангай аймгийн төгрөг сумаас машин хөлсөлж бензиний зардал 42.400 төгрөг болсон. Уламжлалт эмнэлгийн бариа заслын зардал 30.300 төгрөг, хүүхэд авто осолд орсноос шалтгаалж хүүхдээ асарч байснаас миний сэтгэл санаа хямарч, эрүүл мэнд муудаж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 174.350 төгрөг болсон байгаа.

Би өрх толгойлсон эмэгтэй. Ажил хийж амьжиргаагаа залгуулж чадалгүй 3-н сар болсны сэтгэл санааны хохирол хөдөлмөрийн хөлсний оод хэмжээгээр бодож 1.260.000 төгрөг, бүгд 2.099.050 төгрөг төлөгдөөгүй үлдсэнийг нэхэмжилж байна. Эдгээр зардалтай холбоотой нотлох баримтууд болон тооцоог хавтаст хэрэгт өгсөн болно.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01-р сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоолын 7 дугаар заалтанд өөрчлөлт оруулж гэм хорын хохирол 2.099.050 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

Прокурор М.Мөнхтайван шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******аас Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад өөрчлөлт оруулах, гэм хорын хохирол 2,099,050 төгрөг нэмж гаргуулж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотод үзүүлье гэхэд нь намайг зөвшөөрөөгүй гэж ярьж байна. Надад тийм зүйл ерөөсөө яриагүй. Өвөрхангай аймагтаа үзүүлээд өгье гэж ч надтай яриагүй. Хүүхэд чинь яаж байна гэж ярих нь ч ховор байсан. Хохирлоо давж заалдах гомдолдоо бичсэн байгаа. Түүнийгээ нэхэмжилнэ гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч арай л хүнлэг бус хандаж байна. Таяг авч өгснийг эс тооцвол өөр тус дэм үзүүлээгүй байсан. Таксигаар явсан гэж байгаа боловч билетгүй байна гэж байгаа. Билет бичиж өгдөг таксины жолооч байхгүй. 11 удаа гэрээсээ эмнэлэг явж боолт хийлгэхэд тэр хүүхдийг эх нь үүрээд явж чадахгүй. Такси л хөлсөлж таарна. Гэтэл шүүх үүнийг зардал биш гэж үзэж байх жишээтэй.

 

Өвөрхангай аймгийн Төгрөг сумаас 4 удаа цагдаад дуудагдаж ирсэн, ялгаагүй сум хооронд билет бичих гэж байдаггүй. Бүгд 4 удаа дуудагдаж ирээд хэргийн материалд гарын үсэг зурсан баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл Төгрөг сумаас хэдэн удаа ирсэн нь тодорхойгүй гэж байгаа. Осол болох үед өмсөж явсан гутал хувцас нь урагдсан байхад түүний зардлыг төлөхгүй байгаа. Энэ хэргийг шалгаж шийдвэрлэхээс эхлээд хуулийг бүрэн биелүүлээгүй.

 

Шүүгдэгч нь хэргийн газрыг орхиж явсан гээд давхар зүйлчлэгдэх ёстой байсан. Гэтэл тэрийг зүйлчлээгүй. Эмчилгээ хийлгэхээр аймагт ирээд айлын гэр түрээслээд түүндээ нэмэгдэл түлш авсан. Хөдөө бол аргалаа түүгээд, харганаа түүгээд амьдарч байх хүмүүс. Гэтэл энэнээс болоод аймгийн төвд байнгын эмнэлгийн хяналтад байх шаардлагатай болсон учир арга буюу айлын гэр түрээсэлж амьдарч байгаа. Ясны гэмтэлд шөл уулгах гэж шинэ хонь авдаг. Энэ чинь амьдралд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээг хуулийн адил дагаж мөрдөнө гэсэн хуулийн зохицуулалт байгаа шүү дээ. Хэрэг учрал болсон газар камер шүүлгэсэн, шинжээч томилуулсан. Энэ бүх зардлыг хохирогч төлж байгаа. Энэнд шүүгдэгч нэг ч төгрөгийн зардал төлөөгүй. Хүүхдээ харж байгаад бие нь муудаад хохирогч өөрөө эмнэлэгт 2 долоо хоног хэвтсэн. Тэрэндээ эмнэлгийн ор хоногийн мөнгө гэж 174,350 төгрөг төлсөн. Энэ бүх зардлуудыг өөрөө ажил хийж чадаагүй байж өөрөө төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй. Шүүгдэгч баримт шаардаж хохирол төлөхгүй байгаа нь түүний мэдүүлэг өмгөөлөгчийн тайлбараар харагдана. Хохирлыг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуульд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг бодитойгоор учирсан байх ёстой. Тухайн бодитой учирсан хохирлоо нотолсон баримт нь байж мөнгөн хэлбэрээр хохирлыг барагдуулахаар хуульчилсан. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс давах гомдолдоо 10-н хохирол буюу 2,099,050 төгрөг гаргуулна гээд жагсаалт гаргасан байна. Гэтэл энэ гаргасан жагсаалтаа нотолсон баримт хэргийн материалд ерөөсөө байхгүй. Шүүх нотлох баримтад үндэслэсэн шийдвэр гаргадаг. Нотлох баримтад үндэслэхгүй бол хүн болгон ирээд ингэсэн, тэгсэн гээд хүний амаар шийдвэр гаргавал энэ дотор худлаа ярих ч хүн бий, үнэн ярих ч хүн бий. Тэгэхээр анхан шатны шүүх хуулийн дагуу нотлох баримтуудаа үндэслэж шийдвэрээ гаргасан.

 

Хохирогч талаас шүүгдэгч ******* анх хохирогчийг эмнэлэгт үзүүлэх үед хамт хот руу авч явж үзүүлье, хамт эмчлүүлье гэхэд хамт явахгүй гээд зөвшөөрөөгүй байдаг. Энэ талаар шүүгдэгч хэлдэг. Мөн гутал урагдсан, камерын бичлэг шүүсэн гэж байна. Гэтэл камерын бичлэг хэргийн материалд байхгүй. Хэргийн газрыг орхиж явсан гэж байна. Гэтэл хэргийн нөхцөл байдал яасан гэдэг нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр байгаа. Тэр дээр хохирогч хүүхэд нэг хөлөө мөргүүлээд эрхий хуруун дээгүүр нь дугуй нь дайраад гарчихсан түүнээс яг мөргөлдөөд, унаад аймар юм болсон зүйл байхгүй гэдэг. Тэгээд зүгээр үү гээд асуусан чинь эмээ дээрээ очоод эмээтэйгээ хамт явчихсан. Тэгээд л энэ хэд салаад явчихсан. Дараа нь нөхөж камерын бичлэгийг шүүсэн. Замын хоёр талд хоёуланд нь дэлгүүрүүд байсан. Тэгэхэд гутал хувцас нь урагдаад аймар болсон, шинэ хувцаснууд авч өгсөн гээд байна. Энэ хувцаснуудынхаа зургийг аваад нотлох баримтаар өгөх байсан шүү дээ. Тэгсэн бол гутал нь урагдсан байна гээд бид нар харж болох байсан. Гэтэл урагдсан ч юм уу урагдаагүй ч юм уу ерөөсөө тодорхойгүй гутлын мөнгө нэхээд байгаа. Шөлний хонь авсан гэж байгаа. Үнэхээр шөлний хонь авсан бол малчид бүгдээрээ тамгатай болчихсон байхад тэр малчнаас ийм хонь авлаа, эсхүл мөнгө шилжүүлсэн баримт нь хүртэл байх ёстой. Гэтэл тийм зүйл ерөөсөө байхгүй хонины мөнгө нэхээд байгаа. Камер шүүлгэсэн гэхэд баримт гарах ёстой. Шинжээчийн зардал 14,000 төгрөг гэхэд бас л баримт байх ёстой. Ерөөсөө баримт байхгүй.

 

Давж заалдах гомдолдоо 4 сар ажлаа хийж чадаагүй учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр мөнгө нэхэмжлээд байгаа. Гэтэл нийгмийн даатгалаа төлсөн юм уу? өөр газар ажиллаж байсан юм уу? гэдгээ нотолсон баримт ерөөсөө байхгүй. Монгол Улс эрх зүйт төртэй, хууль дээдэлдэг зарчимтай ийм улс болохоор хуулиа л үндэслэж анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Тэгэхээр хохирогч талд иргэний хэргийн шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа. Мэргэшсэн иргэний хэргийн шүүх нь угаасаа байгаа. Иргэний хэргийн шүүхэд ярьж байгаа, нэхэмжилж байгаа зүйлүүд нь үнэн юм бол нотлох баримтуудаа гаргаад, таксины жолоочийг, хонь авсан малчнаа гэрчээр асуулгаад, хуульд заасан шаардах эрх нь байгаа бол нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

           Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон *******” нэртэй хүнсний дэлгүүр орчимд байрлах хатуу хучилттай авто зам дээр 15-81 ӨВЕ улсын дугаартай Тоёота Приус маркын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн авто замын явган хүний гарцын тэмдэглэгээтэй хэсгээр зам хөндлөн гарч байсан насанд хүрээгүй хохирогч Ч.Баясахмөнхийг мөргөж зүүн хөлийн 1 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр ясны зөрөөгүй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь  ...Шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь түүний гэм бурууд тохироогүй, бид учирсан хохирлоосоо эм, бараа материалын үнэ замын зардал 6.387.219 төгрөг нэхэмжилснээс 1.393.200 төгрөгнөөс бусдыг хэрэгсэхгүй болгож хэлэлцэхгүй орхисонд гомдолтой гэм хорын хохирол 2.099.050 төгрөгийг нэмж шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

            Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ.

           Учир нь анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн онцгой нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан 6-н сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэжээ.

           Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

           Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохиролтой  холбоотой баримтууд болох хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумаас Цагдаагийн байгууллагын дуудсанаар мэдүүлэг өгөхөөр 4-н удаа ирж очсон бензений зардал 120000 төгрөг, 11-н өдөр эмнэлэгт боолт хийлгэхээр явсан таксины зардал 30000 төгрөг, камер шүүлгүүлсний үнэ 20.000 төгрөг, шинжээчийн зардал 14.000 төгрөг... гэх мэт хохирлууд нь заавал тухайлсан баримт шаардагдахгүйгээр хэрэгт авагдсан бусад баримтаар тухайн зардал хохирогчоос гаргасан болох нь тогтоогдож байхад шүүгдэгч нь хохирлыг төлөхгүй гэж байгаа байдал мөн хэргийн газрыг орхиж явж байгаа нь шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшсэн онцгой нөхцөл гэж үзэх боломжгүй шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь хөнгөдсөн буюу түүний гэм бурууд болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

             1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

             2. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.