Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 02146

 

 

“ДӨ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/02137 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ДӨ” ХХК-ийн “НМ” ХХК-д холбогдуулан гаргасан 120 546 481 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ДӨ” ХХК нь “НМ” ХХК-тай 2019 оноос хамтран ажиллаж ирсэн буюу 2020 оны 01 сарын 20-ны өдөр 20/01 дугаар хамтран ажиллах гэрээг байгуулсан байна. Энэхүү гэрээний зорилго нь нэг талаас нэхэмжлэгч нь хариуцагчийн шаардлагын дагуу, хонь цуглуулж, махыг бэлтгэн нийлүүлэх ажлыг гэрээнд заасан хугацаанд, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарын шаардлагыг бүрэн хангасан, өөрийн үйлдвэрт нядлан, ангилж, хайрцаглан хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас хариуцагч нь экспортод гаргахад бэлэн болгож, стандарт шаардлагыг хангасан мах буюу бүтээгдэхүүний төлбөр тооцоог өөрийн дансаар дамжуулан нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэх, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулахад оршино. Талуудын хооронд ажил хэргийн итгэлцэл буй болсон, нэгэнт гэрээ байгуулагдсан тул дээрх гэрээ болон хариуцагчийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн өөрийн хөрөнгөөр хонь худалдан авч 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 19 163.34 кг хонины махыг 5 ангилан тээвэрлэлт хийхэд бэлэн болгож, хариуцагчийн томилсон төлөөлөгчид хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарын шаардлагыг бүрэн хангасан, стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг холбогдох бичиг баримтын хамт актаар хүлээлгэн өгсөн атал төлбөр тооцоог бүрэн барагдуулаагүй. Нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 20/0101 болон 20/01/02 дугаар нэхэмжлэхээр тус тус нэхэмжилсэн. Хариуцагч нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчид 2019 оны гэрээний үлдэгдэл төлбөр 10 638.13 ам.доллар, 2020 оны гэрээний үлдэгдэл төлбөр 28 155.36 ам.доллар, гүйцэтгээгүй төлбөрийн алданги 3 550 ам.доллар, нийт 43 343.49 ам.доллар буюу 120 546 481 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд “НМ” ХХК-аас 120 546 481 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар шүүх хуралдаанд тайлбар хийх болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч “НМ” ХХК-аас 120 546 418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДӨ” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 757 950 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 2 735 төгрөг, нийт 760 685 төгрөгийн 760 682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “НМ” ХХК-аас 760 682 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ДӨ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд оролцохоор очиж байгаа талаар шүүгчийн туслахад утсаар холбогдож мэдэгдсэн. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох хүрэлцэн ирэх боломжит хугацааг харгалзаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй мөн эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхээр хангаагүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг гардан авсан үеэс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа илэрхийлсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “ДӨ” ХХК нь хариуцагч “НМ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 43 343.49 ам.доллар буюу 120 546 481 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“ДӨ” ХХК болон “НМ” ХХК-ийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 20/01 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр нийлүүлэгч нь зуучлагчийн шаардлагын дагуу хонь цуглуулж мах бэлтгэн нийлүүлэх ажлыг гэрээнд заасан хугацаанд шилжүүлэх, зуучлагч нь бүтээгдэхүүний үнийг өөрийн дансаар дамжуулан нийлүүлэгчийн дансанд шилжүүлэхээр талууд тохиролцсон байна. Талууд гэрээндээ нэг талыг “зуучлагч” гэж нэрлэсэн байх боловч гэрээний гол нөхцөл нь нэг тал эд хөрөнгө бэлтгэн нийлүүлэх, нөгөө тал үнийг төлөх үүрэг хүлээсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх-6-10/

            Мөн талууд гэрээний 10.3 болон 10.4-т төлбөрийг барагдуулаагүй бол шилжүүлээгүй төлбөрийн үлдэгдэл хуанлийн 1 хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын бичгээр хийх шаардлагыг хангасан, мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.

            2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн мах хүлээлцсэн актаар нэхэмжлэгч “ДӨ” ХХК нь “НМ” ХХК-д 20 750 кг махыг нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх15/

            Хариуцагч “НМ” ХХК нь нэхэмжлэгч “ДӨ” ХХК гэрээний дагуу мах бэлтгэн нийлүүлж хүлээлгэн өгсөн болон үнийг төлөөгүй гэх үйл баримтын талаар талууд маргаагүй.

Хэргийн 17 дугаар талд авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн мэдэгдлээр хариуцагч “НМ” ХХК нь нэхэмжлэгч “ДӨ” ХХК-д 19 831 кг махны урьдчилгаа төлбөрт 30 000 ам.долларыг 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг тээвэрлэлтийн автомашинд махыг бүрэн ачуулж экспортод гаргахад бэлэн болгосныг талууд харилцан хүлээн зөвшөөрснөөс хойш ажлын 3 хоногт шилжүүлэх талаар мэдэгдсэн байна.

           Хариуцагч “НМ” ХХК нь нь дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй,  нэхэмжлэлийн шаардлагыг няцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч махны үнэ 38 793,49 ам.доллар, алданги 3 550 ам.доллар, нийт 43 343,49 ам.доллар буюу 120 546 481 төгрөгийг шаардах эрхтэй.

            Нэхэмжлэгчээс махны үнэ 43 343.49 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гарах өдрийн ханш 2 781 төгрөгөөр тооцож 120 546 418 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасантай нийцсэн  байна.

            Анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тайлбарлан өгсөн байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох боломжит хугацааг шүүх олгосон гэж үзнэ. /хх,26-27/

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/02137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 760 685 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                    ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

                                                                                                        Д.БАЙГАЛМАА