Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 147/ШШ2024/00318

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух, *******гийн*******ын

 ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Би 1982 оноос Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд малчнаар ажиллаж, хөдөлмөр эрхэлж эхэлсэн. 1983 оны 06 дугаар сараас 1986 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Мөнхманлай нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тушаалаар барилгачнаар томилогдон ажиллаж, 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тушаалаар барилгын бригадын даргаар томилогдон нэгдэл тарж, компани болох хүртэл буюу 1991 оныг хүртэл ажилласан. Иймд миний 1982 оны 01 дүгээр сараас 1983 оны 06 дугаар сар хүртэл Мөнхманлай нэгдэлд малчнаар, 1986 оны 07 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Мөнхманлай нэгдэлд барилгачнаар, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг хүртэл Мөнхманлай нэгдэлд барилгын бригадын даргаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв. 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай тушаал, 1-р хавсралтын хуулбар, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 90 дугаартай тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2000 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11/205 дугаартай цалингийн лавлагаа, *******ын цэргийн батлахын хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал малчнаар, 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл барилгачнаар, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг хүртэл барилгын бригадын даргаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. ******* нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл барилгачнаар, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг хүртэл барилгын бригадын даргаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай тушаал, 1-р хавсралтын хуулбар (цэргийн албанаас ирсэн *******ыг барилгачнаар томилсон), Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 90 дугаартай *******ыг барилгын бригадын даргын ажилд томилсон тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2000 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дугаартай *******ын 1982-1984, 1987-1989 онуудын цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11/205 дугаартай 1982, 1990 онуудын цалингийн лавлагаа (хх 6-12х),  

5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: ******* бид хоёр 1980 онд 8 дугаар анги хамт төгсөж байсан. ******* 8 дугаар ангиа төгсөөд Дорнод аймгийн техникумд малын зоотехникчээр суралцахаар явсан боловч сургуулиа хаяад ирж байсан. Тэгээд 1982-1983 онуудад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдлийн 2 дугаар бригадын Цагаан-Овоо гэх газарт *******гийнх гэж айлд нэг жил туслах малчнаар ажилласан. Ингээд 1983 онд цэргийн албанд татагдсан. 3 жилийн цэргийн алба хааж 1986 онд халагдсан. Цэрэгт байхдаа хөгжмийн салааны дарга хийдэг байсан. 1986 онд цэргээс ирээд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдлийн барилгын туслахаар ажиллаж байгаад 1992 он хүртэл барилгын бригадын даргаар ажилласан. Бид нэг ангид хамт сурч байсан учраас хаана, ямар ажил хийж байсныг нь сайн мэдэж байна. гэх мэдүүлэг, (хх-17х) 

6. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: ******* 1982 оноос 1983 онуудад Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдлийн 2 дугаар бригадад туслах малчнаар ажиллаж байсан. 1983 оны хавар 3 жилийн цэргийн албанд татагдсан. 1986 онд Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдлийн Барилга, барилгын бригадад туслах ажилчнаар ажилд орсон. 1988 онд Барилга, барилгын бригадын дарга болсон. Мөнхманлай нэгдэл 1992 онд хувьчлалд орж Мөнхманлай ХК болсон. ******* компанид ажиллаад үлдсэн. Бид нэг нэгдлийн нэг бригадад хамт байдаг байсан болохоор ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-18х) 

7. Иймд *******ын Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал малчнаар, 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл барилгачнаар, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг хүртэл барилгын бригадын даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******гийн*******ын Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал малчнаар, 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл барилгачнаар, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг хүртэл барилгын бригадын даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              П.БОЛОРМАА