Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/04

 

******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

                                           Прокурор Ц.Нэргүй

                                           Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн

                                           Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/246 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч *******ын өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гомдлыг үндэслэн *******т холбогдох эрүүгийн  *******  дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* ******* нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ******* ******* ******* сумын 4 дүгээр багийн “” гэх газар тариалангийн талбайд тариалангийн услалтын системд ашиглахаар байрлуулсан тус сумын газрын өмчлөлийн 50,000 литрийн хэмжээтэй усны нөөцийн төмөр савыг машин механизм ашиглан хулгайлж ******* ******* ******* сумын газарт 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

******* *******ын үйлдлийг ******* ******* прокурорын газрын хяналтын прокуророос: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Боржигон овгийн ******* *******ыг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч , иргэний нэхэмжлэгч , нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, 50,000 литрийн багтаамжтай усны нөөцийн савыг ******* ******* ******* сумын ЗДТГ-т буцааж өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 250,000 төгрөгийг Цагдаагийн Ерөнхий газарт төлсөн болохыг тус тус дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 64-70 УНО улсын дугаартай “Daewoo” маркын автомашины үнэ болох 45,000,000 /дөчин таван сая/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорихоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгчийн *******ын өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/246 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн би анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийг буруу тайлбарлан буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч *******, хохирогч ******* ******* Гучин ус сумын Тамгын газар хоёрын хооронд нийтийн эрх зүйн харилцааны дагуу худалдах худалдан авах харилцаа үүссэнийг нотлох баримтууд болох шүүгдэгчийн зүгээс гэрээнд заасан үүргийнхээ дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн худалдан авагч тал хариу төлбөр тооцоо хийсэн, төлбөр тооцооноос болж гэрээний талуудын дунд маргаан гарсныг нотлох баримтууд авагдсан байна. Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч, хохирогч хоёрын дунд нийтийн эрх зүйн харилцаагаар зохицуулагдах ёстой маргаан үүссэн байхад мөрдөгч, прокурор, шүүх эрүүгийн гэмт хэрэг гэж дүгнэж худалдах худалдан авах ажиллагааны нэг тал болох *******т ял шийтгэл оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийг буруу тайлбарлан буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг ноцтой зөрчиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хулгайн гэмт хэргийг тодорхойлохдоо, "... нууцаар ... авсан бол” гэж тодорхойлсон. Шүүгдэгч ******* нь хулгайлан авсан гэгдэж байгаа өөрийн нийлүүлсэн эд хөрөнгийг төлбөр тооцоогоо бүрэн хийхгүй бол буцаан авна гэсэн мэдэгдлийг албан бичгээр мэдэгдсэн, хохирогч гэх тал албан албан ёсоор хариу мэдэгдээгүй тул иргэний хуульд заасан хэм хэмжээний дагуу өөртөө туслах үйл ажиллагаа явуулсан байх тул шүүгдэгч *******ын үйлдэл хулгайн гэм хэрэг гэж дүгнэх хуулийн үндэслэлгүй байна.

 

Иймд ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/246 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч *******ыг цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч *******ын өмгөөлөгчийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******ыг цагаатгаж өгнө үү гэсэн утга бүхий гомдол гаргасан байна. Хавтаст хэргийн хүрээнд ******* нь хулгайлах гэмт хэрэг буюу шунахайн сэдлээр бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйл баримт тогтоогдож *******ыг анхан шатны шүүхээс хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч *******ын хувьд хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс *******ын хэргийг хянан хэлэлцээд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж хэргийн бодит байдал, үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Мөн *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэж байгаа. Иймд ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч *******ын үйлдлийн сэдэл нь юу байсан бэ гэдэгт шүүх дүгнэлт хийх ёстой гэж бодож байна. Учир нь би тэдэн сарын тэдний өдөр танай юмыг авна шүү гэж мэдэгдчихээд хулгай хийдэг хулгайч гэж байхгүй. Энэ хүн тооцоогоо нийлэхгүй бол би эд хөрөнгөө буцааж авна гэж албан бичгээр мэдэгдсэн. Гэтэл сонгуулийн үр дүнгээр дарга өөрчлөгдөөд өмнөх ажлыг би мэдэхгүй гээд сүүлийн дарга тооцоо нийлэхээс татгалзсан. Үүнээс болж энэ асуудал үүссэн. Хамгийн гол нь шинэ дарга эрх залгамжилж авч байгаа субъект учир өмнөх ажил надад хамаагүй гэх биш энэ харилцаанд орж түүний үйл явцад үнэлэлт дүгнэлт өгч үүрэг хүлээвэл хүлээгээд, хүлээгүй бол тооцоо нийлээд, ийм ийм шалтгаанаар хүлээх ёсгүй гэдгээ хэлэх ёстой байсан. Гэтэл би шилжүүлгээр мөнгийг шилжүүлсэн гээд тооцоо нийлэлгүй орхисон. Тэгэхээр энэ хэргийн гол шалтгаан нь хохирогч гэх ******* ******* ******* сумын Тамгын газар, шүүгдэгч ******* хоёрын хооронд нийтийн эрх зүйн харилцаа үүссэн. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээ үүссэн. Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т иргэн хүн өөртөө туслах үйл ажиллагаа явуулах ёстой. Тэр нь худалдсан эд хөрөнгөө буцааж авах, өгсөн зүйлээ устгах зэрэг ийм ажлуудыг хийж болно. Хэрвээ ийм арга хэмжээ авагдсан байвал үнийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж хуульчилсан. Иргэний хуулиар хуульчилсан харилцаа байхад хулгайн гэмт хэрэг гэж Эрүүгийн хууль хэрэглэж байгаа нь хууль хэрэглээний хувьд буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэм буруугүйгээр бусдад хохирол учруулбал түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан байдаг. Тухайн үед Тамгын газарт хохирол учирсан байж болно. *******ын үйлдэл гэм буруугүйгээр учруулж байгаа хохирол юм. Учир нь арилжаа наймаа хийсэн, тооцоо нийлээгүй, заавал худалдагч, худалдан авагч хоёр гэрээгээр тооцоо нийлж, өр авлагаа тохирох ёстой. Гэтэл ийм ажиллагаа явуулах гээд удаа дараа утсаар яриад, албан бичиг явуулаад байхад түүнд нь хариу өгөөгүй учраас энэ хүн арга хэмжээ авсан. Тийм учраас ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* ******* ******* сумтай гэрээ байгуулаад ажил нь 2016 оноос 2017 оны 09 сар хүртэл 2 жилийн хугацаанд явагдсан. Мөнгө төгрөгийн тооцооны хувьд 24,500,000 төгрөгөөр тохиролцож ажлаа хийгээд дуусаж манайх руу 2017 оны 09 сар хүртэл нийтдээ 7-н удаагийн гүйлгээгээр цувуулж өгсөн. 7-н удаагийн баримт дээр 2 сая төгрөгийн гүйлгээ огт манайд орж ирээгүй. Тэрийг манай компаниас дансны хуулга авч үзээгүй. Дээрээс нь 7-н удаагийн гүйлгээг нэмээд үзэхээр 24,500,000 төгрөгдөө хүрдэггүй дутуу байдаг. Анхан шатны хурал дээр тэрийг тооцоо бүрэн гүйцэт болсон гэж үзээд намайг ялласан. Миний хувьд компаниа 2012 онд байгуулаад одоог хүртэл тасралтгүй 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа. Урьд өмнө нь сум, аймагт ажил хийж гүйцэтгэсэн ч шүүхээр орж маргаан үүсгэж, шийтгэл хүлээж байгаагүй. Ямар ч байсан тооцоо нийлээгүй, мөнгө дутуу байсан талаар анхны мэдүүлэгтээ ч өгч байсан. Тухайн үед албан тоот өгсөн боловч сум нь хариу өгөөгүй. Би шүүх хуралдаанаас өмнө өөрөө суманд очиж байж тоотынхоо хариуг авъя гээд хариугаа аваад, албан тоот очсон бичиг хэргээс нь манайхаас очсон бичигтээ хуулбар үнэн гэж материалдаа өгсөн гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч *******ын өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* *******ыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ******* нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ******* ******* ******* сумын 4 дүгээр багийн гэх газрын тариалангийн талбайд байрлуулсан 50-н тонны усны нөөцийн савыг машин механизм ашиглан авсан үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч түүний үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж чадахгүй байна.

 

Учир нь: Шүүгдэгч ******* нь Чамин Хаус ХХК-ийн захирал ба тус компани нь ******* ******* ******* сумын газартай усалгаатай газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулж уг 50-н тонны усны нөөцийн сав болон бусад усалгааны тоног төхөөрөмжийг нийлүүлсэн болох нь хохирогч , шүүгдэгч *******, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, төлбөрийн хүсэлтүүд, /1хх-ийн 145-149, 152, 153 хуудас/, төлбөрийн нэхэмжлэх, барааны жагсаалт, бараа нийлүүлэх хуваарь /1хх-ийн 150-151 хуудас/, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг хүлээлцсэн хурлын тэмдэглэл /1хх-ийн 154 хуудас/ зэргээр,

******* ******* ******* сумын газар нь уг гэрээний төлбөрийг дутуу барагдуулсан нь шүүгдэгчийн мэдүүлэг, ******* ******* ******* сумын даргаас гаргаж өгсөн төлбөрийн хүсэлт, төлбөрийн нэхэмжлэхээр,

 Шүүгдэгч нь ******* ******* ******* сумын даргаас усны нөөцийн савны үнэ 4.000.000 төгрөгийг шилжүүлэхийг мэдэгдэж, шилжүүлээгүй тохиолдолд нийлүүлсэн усны нөөцийн савыг буцааж авахыг мэдэгдэж байсан болох нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/25 тоот албан бичгээр тус тус нотлогдож байгаагаас үзэхэд шүүгдэгч *******ыг хулгайлах гэмт хэргийн шинж болох бусдын эзэмшлээс нууц далд аргаар уг 50-н тонны усны нөөцийн савыг авсан гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд ******* *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хохирогч , гэрч , , , нарын болон шүүгдэгч *******ын мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ******* ******* ******* сумын 4 дүгээр багийн гэх газраас 50-н тонны усны нөөцийн савыг авсан болох нь тогтоогдсон байхад прокуророос 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэж яллах дүгнэлтэнд буруу бичсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр ******* аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/246 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож,  ******* *******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатган, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар ******* аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/246 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн ******* *******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа ******* *******ыг сулласугай.

 

3. ******* ******* нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 49 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

4. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14  хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар оролцогч гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.