Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/01137

 

Ж.Мааманхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2016/00235 дугаар шийдвэр,        

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 203/МА2016/00051 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Ж.Мааманхүүгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Улам-Өрнөхөд холбогдох,

Автомашин худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан Улам-Өрнөхөд Ланд-105 машиныг эргүүлэн өгч, 38 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 347 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Улам-Өрнөх гэх хүн Цогтцэций сумын ногоон халуун усны газрын эзэн Цогнэмэхийн Ланд-105 маркийн автомашиныг худалдан авах гэж 2015 оны 11-р сарын сүүлээр хэд хэдэн удаа уулзаж, наймаа хийх гэж байсан боловч үнэ өртөг дээрээ тохирохгүй байсан. Улмаар Цогнэмэх гэх хүн Цогтцэций сумын Ж.Мааманхүү гэх хүнд өглөгтэй, Мааманхүү гэх хүнтэй уулзаад наймаа хийлгээд би машиныг арай хямд авч болох юм байна гэж Улам-Өрнөх ярьсныг миний хүү М.Ганбат сонсоод надад хэлсэн. Би Улам-Өрнөхтэй утсаар ярихад Улам-Өрнөх надад хэлэхдээ Мааманхүү ах та тэр машиныг надад аваад өгчих гэсэн. Цогнэмэхээс авч чадах нэг шалтгаан байсан нь надад халуун усны барилга худалдаж авсны үлдэгдэл төлбөр болох 28 000 000 төгрөгийн өглөгтэй байсан юм. Би Цогнэмэхтэй уулзаж уг Ланд-105 машиныг 38 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод дахин Улам-Өрнөхтэй утсаар ярьж “38 000 000 төгрөгөөр авахаар тохиролцлоо, чи авах юм уу” гэхэд Улам-Өрнөх “болно, би авна” гэж хэлсэн. Улмаар би Цогнэмэхийн хүү болох Эрдэнэбаяртай 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээ хийж машиныг авсан. Машиныг авчихлаа гэж Улам-Өрнөх рүү ярихад Улам-Өрнөх 3, 4 хүнтэй ирж машин үзээд уначихсан машин байна гэхдээ яахав нэгэнт авна гэсэн юм чинь гээд надад унаж явсан Маяти маркийн машин, 12 цагаантай эмээлээ үлдээгээд зөрүү мөнгийг нь дараа өгөхөөр тохиролцоод явсан. Гэтэл маргааш нь надтай утсаар яриад “Энэ машиныг би авснаа хүнд мэдэгдэхгүй байж байгаад хүнд зараад таны мөнгийг өгөх арга байна, би очлоо. Та барьцаа авах уу эсвэл надад итгэж байна уу” гэхэд чи бол итгэл хүлээсэн нэр хүндтэй хүнд би итгэлгүй яахав чи өөрөө мэд гэж хэлсэн. Ингээд Улам-Өрнөх хүрч ирээд урьд хийсэн наймааны Маяти маркийн машин болон 12 цагаантай эмээлээ аваад та миний машиныг гараашдаа хийгээд хадгалж бай, би 2016 оны 6 дугаар сарын 01-ний дотор машины мөнгө 38 000 000 төгрөг өгнө гээд машины километрийн заалтыг бичиж 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг өөрийн гараар бичиж хийгээд гарын үсгээ зураад 1 хувь гэрээгээ аваад явсан. Улам-Өрнөхийг ийнхүү гэрээ хийсэн болохоор Цогнэмэхээс авсан машины үнийн зөрүү болох 10 000 000 төгрөгийн 4 600 000 төгрөгийг нь 2015.12.18-нд, мөн сарын 21-нд 5 000 000 төгрөгийг төлсөн юм. Гэтэл сүүлд утсаар яриад би наад машиныг чинь авахаа болилоо, авахгүй гэж гэрээний үүргээсээ татгалзсан юм. Улам-Өрнөх нь надад гэрээ хийж өгөхийн оронд би энэ машиныг авахгүй гэдгээ хэлчихээд орхиод явсан бол би Цогнэмэхэд 10 000 000 төгрөг өгөлгүйгээр машиныг нь эргүүлэн өгөх бололцоо байсан. Улам-Өрнөх нь миний өөрийн хөрөнгө 38 000 000 төгрөгөөр Цогнэмэхээс Ланд 105 маркийн машин авна гэж авхуулчихаад худалдах-худалдан авах гэрээний үүргээсээ татгалзсан тул би нэгэн адил гэрээнээсээ татгалзаж Улам-Өрнөхөөс машины үнэ 38 000 000 төгрөг мөн тэмдэгтийн хураамж 347 950 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Мааманхүү нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Миний бие анх гаргасан нэхэмжлэлдээ гэрээг цуцлах хүсэлтэй байна гэж бичсэн нь миний буруу ойлголт байжээ. Би ойлгохдоо уг гэрээ 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэж бичсэн болохоор гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан нь миний нэхэмжлэлээс татгалзаж магадгүй гэж гэрээг цуцлах гэж бичсэн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан Б.Улам-Өрнөхөд Ланд 105 маркийн автомашиныг нь эргүүлэн өгч, гэрээнд бичигдсэн 38 000 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Б.Улам-Өрнөхөөс гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би иргэн Н.Цогнэмэхийн Ланд 105 маркийн автомашиныг худалдан авахаар сонирхож байсан бөгөөд Ж.Мааманхүү нь надтай холбогдож Н.Цогнэмэхийн машиныг сонирхож байна уу би Н.Цогнэмэхээс авлагатай, үнийг нь бууруулаад авч өгч чадна гэж хэлсэн. Ингээд Цогт-цэций сум дээр очиж Мааманхүүтэй уулзахад тээврийн хэрэгслийн худалдах-худалдан авах гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Ингэсний дараа машинаа авахаар очоод нүдээр үзээд уг машиныг унаж шалгатал унасан, сэвтэй, битүү замасктай байсан тул ийм машин худалдан авах боломжгүй гэдгээ хэлээд больсон. Ж.Мааманхүү нь Н.Цогнэмэхээс авлагатай тэр авлагыг нь төлдөггүй байсан учраас автомашиныг нь надад зуучлан худалдаж авлагаа авах зорилготой байсан юм. Миний бие уг машиныг худалдан авахаар бол чанар иж бүрдлийг нь шалгах эрхтэй бөгөөд Ж.Мааманхүүгийн автомашиныг худалдан авахаар тохироогүй. Ж.Мааманхүү нь уг автомашины эзэмшигч биш тул надтай худалдах-худалдан авах гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш юм. Иймд би Ж.Мааманхүүд мөнгө төлөх үндэслэлгүй. Ж.Мааманхүү, Н.Цогнэмэх нарын надад худалдахаар ярьж, үзүүлж байсан ланд 105 маркийн автомашин нь тэр үед 2015.12.16-ны өдөр Капитрон банкны эзэмшлийн нэр дээр байсан бөгөөд Н.Цогнэмэх, Ж.Мааманхүү нар уг машиныг худалдах эрхгүй этгээдүүд байсан юм. Ж.Мааманхүү нь хүний машиныг худалдахаар хуурамч гэрээ байгуулсныг мэдэж би өөрөө банкны барьцаанд байсан эвдэрхий машиныг худалдан авахаас сэргийлж чадсанаар хохиролгүй үлдэж чадсан юм. Ж.Мааманхүүг миний өмнөөс үүрэг гүйцэтгэх талаар ямар нэгэн гэрээ байгуулж төлөөлөл хэрэгжүүлэх зөвшөөрлийг Б.Улам-Өрнөх миний бие олгоогүй болно. Иймд автомашин худалдан авахаар ярилцаж байсан нь худалдан авагчийн үүргийг хүлээхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ж.Мааманхүү нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тайлбар гаргасан байна. Уг тайлбартай танилцаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь худалдан авах гэсэн машин миний сэтгэл ханамжид нийцээгүй учир худалдан авахаас татгалзсан юм гэжээ.

Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2016/00235 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.Мааманхүүгийн нэхэмжлэлтэй Б.Улам-Өрнөхөд холбогдох 38 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Мааманхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 203/МА2016/00051 дүгээр магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2016/00235 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг бүхэлд нь “Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 3232Өмө улсын дугаартай, Toyota Landgruiser-105 маркийн автомашиныг Ж.Мааманхүүгээс хүлээн авч, 38 000 000 төгрөгийг Ж.Мааманхүүд төлөхийг Б.Улам-Өрнөхөд даалгасугай” гэж, 2 дугаар заалтын “...улсын орлогод...” гэсний дараа “...хэвээр үлдээж, хариуцагч Б.Улам-Өрнөхөөс 347 950 төгрөг гаргуулан Ж.Мааманхүүд олгосугай.” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Мааманхүүгийн давж заалдах гомдол гаргахад төлсөн 347 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Ж.Мааманхүү анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...Гэтэл маргааш нь надтай утсаар яриад ...хүнд зараад таны мөнгийг өгөх арга байна ...ингээд Улам-Өрнөх хүрч ирээд Маяти машин, 12 цагаантай мөнгөн эмээлээ аваад машиныг та хадгалж бай. Би 2016.6.01-ний дотор машины мөнгийг чинь өгнө” гэх зүйлийг нэхэмжлэлдээ дурдаж тодорхой бичсэн. Энэхүү нэхэмжлэлд дурдсан зүйлээс харахад нэхэмжлэгч өөрөө хариуцагч намайг худалдан авах гэрээнээс татгалзахад зөвшөөрөөд харин нэхэмжлэгчид Ланд 105 маркийн автомашиныг нь хүнд зарж өгөх, улмаар хугацааны хувьд 2016.6.01-ний өдөр гэхэд зарж мөнгийг нь өгөхөөр тохиролцсоныг шүүх анхааран үзэлгүйгээр худалдан авсан машиныг хадгалуулсан мэтээр хийсвэр дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Хэрэв шүүх дээрх дүгнэлт хийж байгаа бол хариуцагч би ер нь машинаа хэдийд Ж.Мааманхүүгээс авахаар тохиролцсон нь бүр ойлгомжгүй болж байна. Харин хүнд зарж өгөхөөр тохиролцож барьцаанд тавьсан зүйлээ би буцаан авсан тодорхой байсаар байхад үүнийг шүүх анхааран үзсэнгүй.Шүүх Ж.Мааманхүүд машиныг хадгалуулахаар тохиролцсон гэх ба энэ нь хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлд заасан хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж үзэхээр болоод байна. Миний хувьд нэхэмжлэгчтэй ямар нэгэн байдлаар хадгалалтын гэрээ байгуулж машин хадгалуулаагүй, машиныг чинь зарж өгөх учраас эзэнд нь өөрт нь үлдээгээд явсан юм. Шүүх хадгалуулсан гэдгийг ямар нотлох баримтыг үндэслэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй болсон. Мөн хэргийн зохигчид бидний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үздэг. Гэтэл бодит байдал дээр уг гэрээг барьцаанд тавьсан эд зүйлээ аваад машиныг чинь хүнд зарж өгье гэж тохироод явах гэхэд, чи ер нь гэрээ заавал байгуулчих гэхэд нь би үгүй гэсэн боловч гэрээ байгуул гэсээр байгаад аргагүйн эрхэнд би машиныг зарж өгөх хэлцлээ халхавчилсан гэрээг байгуулсан юм. Хэрэв шүүх хэрэгт авагдсан гэрээг хүчин төгөлдөр байна гэж үзэж байгаа бол 2015.12.17-ны өдөр Мааманхүүтэй байгуулсан гэрээний 3 дахь хэсэгт “...тээврийн хэрэгсэл нь чанар иж бүрдэлийн хувьд стандартын шаардлага хангасан байна”, 5 дахь хэсэгт “худалдан авагч нь гэрээнд заасан шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийн доголдлын талаар худалдагчид гомдлын шаардлага тавина”, 6 дахь хэсэгт “худалдагч доголдлыг арилгах, ...эсхүл тээврийн хэрэгслийг буцаан авах” гэж тус тус заасан. Гэрээний дээрх заалтуудаас үзвэл хариуцагч би уг машиныг гэр лүүгээ унаж яваад үзэхэд машин үнэхээр гэрээнд зааснаар техникийн шаардлага хангаагүй байсан учраас л би машиныг худалдан авахаа болилоо гэсэн шаардлагыг машин авсаныхаа маргааш нь ирж хэлээд машиныг Ж.Мааманхүүд буцаан өгсөн. Нөгөөтэйгүүр худалдан авагч өөрийн авч буй хөрөнгөө өөрийн сэтгэл ханамжид бүрэн нийцсэн эд хөрөнгийг худалдан авах нь худалдан авагчийн давуу эрх байдаг атал шүүх миний давуу эрх болон машиныг буцаан өгсөн эрхийг зөрчиж хууль бус шийдвэрээр доголдолтой машиныг та авах ёстой гэсэн байдлаар шийдвэр гаргаад байгаа нь мөн хууль зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх” үүргийг хүлээдэг. Энэхүү хуулийн заалтаас үзвэл нэхэмжлэгч Ж.Мааманхүү хариуцагч надад биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй баримт бичгийг шилжүүлэн өгөөгүй, харин биет байдлын доголдолтой, эрхийн зөрчилтэй машин шилжүүлсэн. Учир нь Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн 2016.4.04-ний өдрийн тээврийн хэрэгслийн лавлагааг нотлох баримтаар хавсаргасан ба уг тээврийн хэрэгслийн лавлагаан дээр автомашины марк гэдэгт Ланд 100 гэж бичигдсэн нь Ж.Мааманхүү намайг хуурч мэхлэн Ланд 105 машин гэж зарж байгаа боловч уг машин тээврийн хэрэгслийн лавлагаагаар Ланд 100 маркийн автомашин болоод байна. Хэрэв магадлалыг хэвээр үлдээсэн тохиолдолд би Ланд 100 маркийн автомашиныг авах болоод байна. Миний хүсэж буй автомашин бол биш юм. Түүнчлэн автомашин тухайн үед Капитрон банкны зээлийн барьцаанд байсан болохыг Капитрон банкны 2015.12.23-ны өдрийн 15/139 дүгээр албан бичиг, зээлээр автомашин худалдан авах зээл зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогддог ба эрхийн зөрчилтэй болох нь үүгээр нотлогдох юм....Эцэст нь хариуцагч намайг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ нотолж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, шийдвэрлэснийг миний бие хүлээн зөвшөөрхгүй байгаа. Би хавтаст хэрэгт гэрч асуулгаж, өөр бусад нотлох баримтыг гарган өгсөөр байхад түүнийг хэрхэн үнэлснээ шийдвэртээ огт тусгаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлүүдийг дээрх бичсэн баримтуудаар няцаан тайлбарлаж гомдлоо гаргаж байгааг эрх бүхий албан тушаалтан та бүхэн нягтлан шалгаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 178 дугаар зүйлд зааснаар Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 00051 тоот магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 235 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:         

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу зөв тодорхойлж, маргааныг үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Харин худалдах-худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан эрх зүйн хэм хэмжээнээс гадна шүүх талуудыг өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж үзэж, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3.-т заасныг давхар баримталж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь учир дутагдалтай болжээ. Хууль хэрэглээний болон найруулгын алдааг магадлалд өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Зохигчид нь иргэн Н.Цогнэмэхийн эзэмшил, ашиглалтад байгаа автомашиныг нэхэмжлэгч Ж.Мааманхүү Н.Цогнэмэхээс авах 28 000 000 төгрөгийн авлагыг тооцож, 38 000 000 төгрөгөөр худалдан авах, хариуцагч Б.Улам-Өрнөх нь уг автомашиныг Ж.Мааманхүүгээс 38 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогджээ. Уг хэлцлийн дагуу нэхэмжлэгч Ж.Мааманхүү нь Н.Цогнэмэхийн хүү Ц.Эрдэнэбаяртай худалдах-худалдан авах гэрээг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулж, автомашины үнэд 28 000 000 сая төгрөгийн авлагаа тооцож, 10 000 000 төгрөгийг төлжээ. Харин хариуцагч Б.Улам-Өрнөх нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр автомашиныг Ж.Мааманхүүгээс хүлээн авч, машины үнэд Маяти маркийн автомашин, 12 цагаантай мөнгөн эмээл өгч, зөрүү 2 000 000 төгрөгийг хавар өгөхөөр тохиролцсон боловч маргааш нь гэрээний зүйл болох автомашиныг болон төлбөрт өгсөн эд хөрөнгийг харилцан буцааж, худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулан, хариуцагч гэрээний үнэ 38 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлөх, нэхэмжлэгч тэр хүртэл автомашиныг хадгалахаар тохиролцсон байна.

Маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдлын талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч талуудыг арилжааны гэрээний үүргийг худалдах-худалдан авах гэрээний үүргээр сольсон гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Зохигчид анхнаасаа худалдах-худалдан авах гэрээний талаар ярилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн байх ба гэрээний үнийг төлөх арга, хэлбэрийг өөрчилсөн явдал нь гэрээний харилцааны төрлийг тодорхойлох үндэслэл болохгүй юм.

Гэрээний зүйл болох эд хөрөнгийн чанарын байдлыг нэхэмжлэгч Ж.Мааманхүү бус харин хариуцагч Б.Улам-Өрнөх өөрөө анх шалгаж үзэн, сонголт хийсэн байх ба түүний сонголтын дагуу Ж.Мааманхүү Н.Цогнэмэхээс автомашиныг худалдаж авсан байх тул эд хөрөнгийн биет байдлын доголдлын улмаас гэрээнээс татгалзах тухай хариуцагчийн тайлбар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй байна. Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн дутагдлын талаар шаардах эрхээ алдах тухай Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.-д заасан зохицуулалтыг шүүх тухайн маргаанд хамааруулж хэрэглэсэн нь зөв болжээ.

Өөрийн шаардлага, татгалзлыг өөрөө нотлох хэргийн оролцогчийн үүргийг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-дэх хэсгийн шаардлагыг хариуцагч Б.Улам-Өрнөх хангаагүй, гэрээнээс татгалзаж буй түүний тайлбар баримтаар нотлогдоогүй байна. Энэ талаар шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 203/МА2016/00051 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг дараах байдлаар өөрчилсүгэй:

 “1.Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 143\ШШ2016\00235 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч Б.Улам-Өрнөхөд 32-32 ӨМӨ улсын дугаартай Тоёота Ландкрузер 105 маркийн автомашиныг олгож, түүнээс 38 000 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ж.Мааманхүүд олгосугай” гэж, 2 дахь заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагч Б.Улам-Өрнөхөөс 347 950 төгрөг гаргуулан Ж.Мааманхүүд олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй”.

2.Магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.         

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН