| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2017/0286/З |
| Дугаар | 221/МА2017/0808 |
| Огноо | 2017-11-15 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2017/0808
2017 оны 11 сарын 15 өдөр Дугаар 221/МА2017/0808 Улаанбаатар хот
А.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч А.Б, түүний өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, П.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0412 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч болон, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, А.Б-ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0412 дугаар шийдвэрээр:
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4, 27.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 47.1-д заасныг барлимтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгож, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 тоот тушаалын Ц.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн “ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч А.Б, түүний өмгөөлөгч Ц.Б нар давж заалдах гомдолдоо: “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0412 дугаар шийдвэрийн зарим хэсгийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч дараахи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1. Хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд зааснаар захиргааны актын илэрхий алдааг захиргааны байгууллага өөрсдийн санаачлагаар засах хүсэлт байна. ... эхний нэхэмжлэлийн шаардлага болох захиргааны актын илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарласан.
Өөрөөр хэлбэл, 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн №Б/02 тоот тушаалын Ц.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хариуцагч хүлээн зөвшөөрөөд байхад нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж дүгнэхгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотой гэж үзэж байна.
Мөн шүүх ... маргаж буй актын улмаас нэхэмжлэгч А.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа мэт харагдах боловч гэж дүгнэсэн атлаа Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан "захиргааны акт илт хууль бус болох" нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь Ц.Б болон А.Б хоёрыг 2 өөр цаг хугацаанд "нэг албан тушаалд" давхардуулан томилсон 2 өөр захиргааны актын алийг нь илүү хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй учир Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Татварын ерөнхий газрын дарга 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн №Б/02 тоот тушаал (Ц.Б-д холбогдох хэсэг)-ыг гаргахдаа төрийн үйл ажиллагааны шударга ёсны зарчмыг зөрчсөнийг шүүх анхаарахгүйгээр илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон юм.
Нөгөө талаар Ц.Б-ыг маргаж байгаа албан тушаалд томилсон 02 дугаартай акт нь эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж нэхэмжлэгч А.Б маргаж байхад шүүх Ц.Б-ыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн. Шүүх дээрх тушаал нь нэхэмжлэгч А.Б-ын эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь дээрх тушаал нь А.Б-ыг албан тушаалаас нь үндэслэлгүйгээр чөлөөлөх, цаашилбал уг албан тушаапд үргэлжлэн ажиллах боломжийг хязгаарлаж эрх ашиг сонирхолд нь шууд халдаж байгаагаас гадна сул орон тоо байхгүй байхад Ц.Б-ыг маргаж байгаа албан тушаалд томилж А.Б-д ялгавартай хандсан уг захиргааны акт нэхэмжпэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж байгаа болно.
2. Захиргааны хэргийн шүүхийн гол зорилго нь Захиргааны байгууллагын хууль бус дур зоргын үйл ажиллагаанаас хүн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх явдал билээ. Гэтэл тус шүүх "эрх нь зөрчигдсөн мэт харагдах" гэх мэтээр нэхэмжлэгчийг доромжилсонтой адил дүгнэлт хийснээс гадна "өөрөө зөвшөөрч сэлгэн ажилласан" гэсэн хууль зүйн ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийж байгаа нь захиргааны хууль бус үйл ажиллагааг дэмжсэн шийдвэр гаргасан юм.
Тодруулбал, хариуцагч Татварын ерөнхий газрын дарга материаллаг хууль болон хуулиар тогтоосон журмыг зөрчиж маргаж байгаа 2017 оны 1 сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалыг гаргасан талаар шүүх дүгнэлт хийж уг захиргааны актыг хүчингүй болгосон атлаа актын үр дагаврын асуудлыг шийдвэрлэхдээ "өөрөө зөвшөөрч сэлгэн ажилласан" ...гэх мэт хууль зүйн хувьд үндэслэлгүй, хамааралгүй акттай холбогдуулан дүгнэлт хийж, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Мөн шүүх хариуцагч захиргааны албан тушаалтны хууль бус дээрх тушаалаар иргэн А.Б-ыг ямар ч шалтгаангүйгээр албан тушаалаас чөлөөлж эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар дүгнэсэн атлаа шаардлага гаргаагүй Б/76 дугаар тушаалыг үндэслэн дүгнэлт хийж, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг "хохирсон дээрээ хохирч байг" гэсэнтэй адил гэж ойлгохоор байгаагаас гадна нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах заалтыг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл, А.Б бусдын адил оюутан хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, гэр бүлээ тэжээх, орон байрны хөлсийг төлөх зэрэг амьдралын наад захын хэрэгцээг шийдвэрлэхийн тулд хожим албан тушаал бууруулан томилсон Б/76 дугаар тушаалын дагуу байцаагчийн ажлыг хийж байсныг шүүх буруутгаж байгааг ойлгохгүй байна.
Шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтуудад хууль зүйн үүднээс тал бүрээс нь бодитойгоор дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байгаа юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар давж заалдах гомдол гаргаж байна ...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Б- нь “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаал[1]-ын Ц.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 тоот тушаал[2]-ыг хүчингүй болгож, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалын Ц.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэлийн “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр тушаалыг илт хууль бусад тооцуулах” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 тоот тушаалын Ц.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хариуцагч хүлээн зөвшөөрөөд байхад нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон ... шүүх маргаж буй актын улмаас нэхэмжлэгч А.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа мэт харагдах боловч гэж дүгнэсэн атлаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус болох нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй ...нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй Б/76 дугаар тушаалыг үндэслэн ... нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийсэн ...” гэх агуулга бүхий гомдол гаргасан нь үндэслэлтэй байна.
Аливаа захиргааны байгууллагын эрх эүхий албан тушаалтан нь өөрийн харьяа албаны төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох, шилжүүлэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсны Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэж тус тус заасан зарчимд нийцүүлэн шийдвэр гаргасан тохиолдолд тухайн шийдвэрийг хууль ёсны гэж үзнэ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж хуульчилжээ.
Нэхэмжлэгч А.Б нь Өмнөговь аймгийн Татварын газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 127 дугаар тушаалаар тус газрын Төрийн захиргаа, хууль эрх зүйн хэлтсийн дарга, татварын улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байжээ.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолын 3 дахь заалтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гааль, татварын ерөнхий газар татан буугдаж, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэж тусдаа хоёр байгууллага болсноор аймгуудын Татварын хэлтсийн өмнөх бүтцэд байсан Төрийн захиргаа, хууль эрх зүйн тасаг нь Захиргааны тасаг болж өөрчлөгдсөнөөр тус тасгийн даргын орон тоо хасагдаагүй байна.
Түүнчлэн Төрийн захиргаа, хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалаас “хууль эрх зүй”-тэй холбоотой чиг үүрэг хасагдаж, Захиргааны тасаг болсноор нэхэмжлэгч А.Б-ын өмнө эрхэлж байсан тасгийн дарга, улсын ахлах байцаагчийн албан тушаалын ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж байх ба тус албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага өөрчлөгдсөн тохиолдолд хариуцагч нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр чөлөөлж, түүний оронд шаардлага хангасан этгээдийг томилох байжээ. Харин хариуцагч тус албан тушаалд тавигдах шаардлага өөрчлөгдсөн гэх үндэслэлээр түүнийг чөлөөлөөгүй, энэ талаар маргаагүй байна.
Хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/192 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон атлаа 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар адил үндэслэлээр тус албан тушаалд Ц.Б-ыг томилж, нэхэмжлэгчийг чөлөөлсөн нь үндэслэлгүй, илэрхий алдаатай байна.
Учир нь, хариуцагч нь Б/02 тоот тушаалаар нэр бүхий албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлж, томилж шийдвэрлэхдээ Татварын ерөнхий газрын даргад ажилтныг томилж чөлөөлөх асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрх олгосон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8 8.4, мөн тус газрын бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөнтэй холбоотой хууль, эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр болох Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6.4, 271.6.9, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гааль, татварын ерөнхий газрыг татан буулгахаар шийдвэрлэсэн Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2016 оны 301 дүгээр тушаал, “Татварын ерөнхий газрын харьяа нэгжийн бүтэц”-ийг баталсан Татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/03 дугаар тушаал зэргийг үндэслэжээ.
Мөн тус тушаалд Татварын ерөнхий газрын даргын А/01 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.9 /албан хаагчийг сэлгэн ажиллуулахад дараах үндэслэлээр шийдвэрлэнэ, 4.9.1, /байгууллагын бүтэц зохион байгуулалт, орон тоо өөрчлөгдсөн/, 4.10 /татварын албаны хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо өөрчлөгдөх болон бусад үндэслэлээр тухайн албан хаагчтай зөвшилцсөний үндсэн дээр Татварын алба хооронд шилжүүлэн ажиллуулахад дараах үндэслэлээр шийдвэрлэнэ/, 4.10.3 /бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн улмаас/, 4.10.4, /албан хаагчийн мэдлэг ур чадвар, ажлын туршлагыг харгалзан/ дэх заалтуудыг удирдлага болгосон байна.
Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсаны улмаас тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар, хэрэв төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгохоор заасан байхад хариуцагчаас маргаан бүхий Б/02 тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ц.Б-ыг тус албан тушаалд томилсны улмаас нэхэмжлэгч А.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна.
Ийнхүү хариуцагч нь Б/02 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Б-ыг Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, тус албан тушаалд Ц.Б-ыг томилж шийдвэрлэхдээ төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанд томилох, чөлөөлөх, шилжүүлэхтэй холбоотой харилцаанд мөрдөгдөх Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүй, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гараагүй, байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр тухайн албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасан нөхцөл байдал бий болоогүй байхад 2013 оноос тус албан тушаалыг эрхэлж байсан төрийн жинхэнэ албан хаагч А.Б-ыг тодорхой шалтгаангүйгээр ажлаас чөлөөлж, түүний оронд мөн шалтгаан үндэслэл заалгүйгээр тус хэлтсийн татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх тасгийн улсын байцаагч Ц.Б-ыг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчимд нийцээгүй, төрийн албан хаагчийн нэмэлт баталгааг алдагдуулсан, хууль бус байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актын илт хууль бус байх нөхцлүүдийг тоочин заах хэлбэрээр хуульчилжээ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Татварын ерөнхий газрын дарга нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар төрийн албаны харилцааг тусгайлан зохицуулсан Төрийн албаны тухай хуульд заасан тухайн албан тушаалыг гүйцэтгэж буй албан хаагчийг ажлаас чөлөөлөх, тус орон тоонд өөр хүн томилох шалтгаан нөхцөл бүрдээгүй байхад А.Б-ыг ажлаас чөлөөлж, түүний оронд өөр хүн томилсныг нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байсан гэж үзэх буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бусад тооцох үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийн тус шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах” шаардлагын тухайд:
Тус маргаан бүхий тушаал нь 01 дүгээр сарын 31-ний өдөр гарсан байх боловч цаг хугацааны хувьд 26 хоногийн өмнөх өдрөөс буюу 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгч А.Б-ыг Захиргааны тасгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, үндэслэлгүй байхаас гадна хариуцагч нь харьяа салбар нэгж дэх төрийн жинхэнэ албан хаагчийг ажилд томилж, чөлөөлөх эрх хэмжээг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй атлаа нэхэмжлэгчийг Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн мэдэлд шилжүүлж, түүний эрх зүйн байдлыг тодорхой бус болгож шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуульд нийцээгүй, захиргааны шийдвэр хуульд үндэслэсэн байх, үр нөлөөтэй, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх, мөн шийдвэрт гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд, хугацааг тус тус заахыг шаардсан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг тогтоож, хуульчилсан Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй, хууль бус тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байна.
Анхан шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарласан байна.
Нэхэмжлэлийн “ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагын тухайд:
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага өөрчлөгдөөгүй, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдсан байхад нэхэмжлэгч А.Б-ыг албан тушаалаас чөлөөлж, бодит нөхцөл шаардлага үүсээгүй байхад үндэслэл шалтгаан заалгүйгээр Ц.Б-ыг тус албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуульд нийцээгүй, илэрхий алдаатай, мөн хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажилд томилох талаар шийдвэр гаргах эрх хэмжээ бүхий этгээд атлаа түүнийг ямар нэгэн ажил албан тушаалд томилолгүйгээр аймгийн татварын хэлтсийн мэдэлд шилжүүлж, хөдөлмөрлөх эрхийг нь ойлгомжгүй байдлаар тасалдуулсан нь хууль бус байх тул нэхэмжлэгч А.Б-ыг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/192 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байсан Захиргааны тасгийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч, улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэв.
Тодруулбал, хариуцагч нь Гааль, татварын ерөнхий газар өөрчлөн зохион байгуулагдаж, Татварын ерөнхий газар болсны дараа Захиргаа, хууль эрх зүйн хэлтсийн даргын чиг үүрэг үгүй болж, хасагдаагүй, мөн тавигдах ерөнхий болон тусгай шаардлага өөрчлөгдсөн гэж хариуцагчаас үзээгүй, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно” гэж заасан төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх нөхцөл байдал үүсээгүй байхад нэхэмжлэгч А.Б-ыг чөлөөлж, түүний оронд Ц.Б-ыг томилсон нь дээр дурдсан үндэслэлүүдээр хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн “ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь анхнаасаа 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/192 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Б-ыг Захиргааны тасгийн дарга, улсын ахлах байцаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон нь хуулиар тогтоосон журамд нийцээгүй, илт үндэслэлгүй, мөн түүнийг чөлөөлж, тус албан тушаалд өөр хүн томилж, мөн өөр тушаалаар дахин чөлөөлж аймгийн Татварын хэлтсийн мэдэлд шилжүүлсэн нь хууль бус байх тул хариуцагч нь Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулиар тогтоосон албан тушаалтныг томилж чөлөөлөх, шилжүүлэх бүрэн эрхийн хүрээнд тус шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд жинхлэн томилох боломжтой гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг илт хууль бусад тооцож, нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0412 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалын Ц.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Б-ыг урьд эрхэлж байсан Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Захиргааны тасгийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Татварын ерөнхий газрын даргад даалгасугай” гэж, 2 дахь заалтын “... хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж ...” гэснийг “хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ