Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 594

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Н.Б*******, 

Хариуцагч: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяасүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Н.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбардаа: ”Н.Б******* миний бие 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт Зам, замын барилга байгууламжийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр орж, ажил үүргээ хуулийн дагуу зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн N212 тоот захирамжаар Чингэлтэйн гудамж 7 буудлын уулзвараас Чингэлтэй эцэс хүртэлх 3,3 км авто замын өргөтгөл, шинэтгэлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон.

Дээрх сонгон шалгаруулалтад 11 компани оролцсон бөгөөд эдгээр аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлэх, тодруулга авах, үнэлгээний хорооны хурал зарлах, хуралдуулах, үнэлгээ өгөх зэрэг бүхий л ажиллагааг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2014 оны 212 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны урамшууллыг зохицуулах журам”-д заасны дагуу явуулсан болно.

Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Г******* нь Б/10 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халах шийдвэр гаргасан.

Нийслэлийн Засаг даргын дээрх албан бичигт 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаас гаргасан тодруулга авах шийдвэрийг биелүүлээгүй, тендерт оролцогчдод нэгэн зэрэг мэдэгдэл хүргүүлээгүй, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Үнэлгээний хороог хуралдуулаагүй боловч хуралдсан, ирц бүрдсэн мэтээр баримт бүрдүүлсэн зэргээр төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.

1. Н.Б******* төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд ажил үүргээ гүйцэтгэхдээ ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаагүй. Гэтэл иргэн миний Үндсэн хуулиар олгогдсон ажил, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхэд хууль бусаар халдаж, эрх ашгийг маань хохироож байна.

2. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3-д “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна", 11.4-д “сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийн харьяалах хэлтсийн даргын болон Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын саналыг үндэслэн газрын даргын тушаалаар ногдуулна” гэж заасныг тус тус зөрчсөн. Намайг ажлаас халах үндэслэлийг сахилгын зөрчил гаргасан хэмээн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг удирдлага болгосон боловч тушаалд ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, гаргасан гээд байгаа зөрчил нь нотлох баримтаар тогтоогдоогүй.

3.Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг эрх бүхий этгээд шалгаж, тогтоож холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргах байтал хөндлөнгийн этгээдийн нөлөөлөл, шахалт дарамтаар жирийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчсөн.

4.Түүнчлэн ажлаас халах тушаалын үндэслэл болсон нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01/2963 дугаартай албан бичиг хуульд нийцээгүй. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргах ёстой. Гэтэл гэрээ байгуулах эрх олгосон 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс хойш ирсэн Г******* ХХК-ийн гомдлыг хууль зөрчин хүлээн авснаас гадна гомдлын дагуу бусдын эрх ашгийг зөрчсөн үүрэг даалгавар өгсөн нь буруу юм.

Иймд Н.Б******* миний зөрчигдсөн эрхийг сэргээж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн  Б/10 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбардаа:”..”Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2016.01.28-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Н.Б*******д сахилгын шийтгэл ногдуулж ажлаас үндэслэлгүй халсныг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Уг тушаал нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 сарын 22-ны өдрийн албан бичгийг үндэслэн гарсан байдаг. Гэтэл Г******* ХХК нь тендер нээх үед нийгмийн даатгалын өртэй байсан бөгөөд тоног төхөөрөмж нь тухайн компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байгаагүй үндэслэлээр тендерт шалгарч чадаагүй байдаг. 

Г******* ХХК нь Сангийн яам, Нийслэлийн Засаг дарга, Авилгатай тэмцэх газар тендерийг шалгуулах тухай хүсэлт гаргасны дагуу Сангийн яам тендерийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд гэрээ байгуулснаас хойш гомдол гаргах бол шууд шүүхэд гаргах тухай заалтыг зөрчиж гомдол гаргасан байтал Нийслэлийн Засаг дарга гомдлыг хүлээн авч, хугацааг харгалзан үзэхгүйгээр маргаан бүхий тушаал гарах үндэслэл болсон дүгнэлтийг гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. 

Ийнхүү Нийслэлийн Засаг дарга уг гомдлыг хүлээж авснаас хойш ажлын 10 хоногт шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй төдийгүй 9 дүгээр сарын 22-ны өдөр гомдлыг шийдвэрлэсэн нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад буюу Төрийн албаны тухай хуулийн 26.4-д сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн учир Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга уг шийдвэрийг үндэслэн тушаал гаргасан нь үндэслэлгүй байгаа юм.

Харин Авилгатай тэмцэх газар Үнэлгээний хороонд ажилласан 7 гишүүнийг шалгаж, Г******* ХХК нь тендерт оролцох үедээ нийгмийн даатгалын өртэй, тоног төхөөрөмж нь компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлгүй байсан гэдэг үндэслэлээр тендерт шалгаруулаагүй Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. 

Мөн Г******* ХХК Захиргааны хэргийн шүүхэд уг тендертэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан боловч 2016.05.26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. 

Дээрх 2 нөхцөл байдлаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын маргаан бүхий тушаал үгүйсгэгдэж байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бүрдээгүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу гэж үзэж байгаа бөгөөд үүнийг Захиргааны хэргийн шүүх, Эрүүгийн хэргийн шүүхийн дүгнэлтээр тус тус хууль бус гэдгийг баталсан. 

Мөн маргаан бүхий тушаалын үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын захирамж нь цаг хугацааны хувьд Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54.1, 54.4.1, 54,7 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь энэ тендер хүчин төгөлдөр болж, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн автозамын газар Э******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тендер хүчин төгөлдөр болж, гэрээ байгуулснаас хойш буюу хуулийн хугацаа хэтэрсэн байхад тендерт оролцогч Г******* ХХК нь Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан ба Нийслэлийн Засаг дарга гомдлыг хүлээн авсан төдийгүй гомдлыг ажлын 10 хоногт шийдвэрлэж дүгнэлт гаргах хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Дээрээс нь 9 дүгээр сарын 22-ны өдрийн мэдэгдлээ Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт 3 сарын дараа хүргүүлсэн. Гэтэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь Нийслэлийн Засаг даргын харьяа байгууллага. Ийнхүү Төрийн захиргааны байгууллагын хоорондын уялдаагүй байдлаас болж төрийн жинхэнэ албан хаагчийг үндэслэлгүй халсан байна. 

Мөн Үнэлгээний хороо 6 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар Г******* ХХК-ийн нийгмийн даатгалын лавлагааг авахаар шийдвэрлэсэн ч үүнийгээ биелүүлээгүй гэдэг. Гэтэл сая 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 5 байгууллага руу тодруулга авахаар албан бичиг хүргүүлсэн нь нотлогдож байна. 

Ийнхүү маргаан бүхий тушаал үндэслэлгүй гарсан нь маш олон үндэслэлээр батлагдаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Г******* нь шүүхэд гаргасан тайлбардаа: ”Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/20-ны дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дүрэм”-ийн 3.1-т зааснаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Нийслэлийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, тайлагнах ажлыг эхлэхийн зэрэгцээ нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг эзэмшүүлэх, Нийслэлийн Засаг даргыг бүх талын мэдээллээр хангах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх" үндсэн чиг үүрэгтэй.

Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар Н.Б******* томилогдон ажилласан. Уг хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг зохион байгуулах явцдаа холбогдох хууль тогтоомжийг дараах байдлаар зөрчсөн. Үүнд:

1.Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/272 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №3 дугаар хуралдаанаар тендер ирүүлсэн Т******* ХХК, Т******* ХХК, Х ХХК, Н ХХК, Г******* групп ХХК-иудын нийгмийн даатгалын өрийн талаар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс тодруулга авахаар нарийн бичгийн дарга Н.Б*******д даалгасан шийдвэрийг биелүүлээгүй.

2. Сангийн яамны 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн  6/4158 дугаар албан бичгийн дагуу 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 5 дугаар хурлаар үнэлгээний талаар дахин хэлэлцэн шийдвэрлэсэн нь үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээ хүчин төгөлдөрт тооцогдоно гэж заасныг зөрчсөн байна.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын орлогч Д.Мийн 7 дугаар сарын 27-ны өдрийн 2/981 тоот албан бичгийн дагуу нийслэлийн Авто замын газраас 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс 3,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын гэрээ”-г байгуулсны дараа оролцогч Г******* групп ХХК-нд 2015 оны 8 дугаар сарын 06-ны “Хариу хүргүүлэх тухай” 2/1028 тоотоор мэдэгдсэн нь Төрийн болон орон өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 зүйлийн 29.1-д “Хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж зөрчсөн зэрэг алдаа дутагдлыг гаргасан.

Мөн нийслэлийн Засаг даргын 2015 оны А/10 дугаар захирамжаар байгуулагдсан “Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3,3 км замын өргөтгөл, шинэчлэлт”-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний бүрэлдэхүүнийг томилсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т зааснаар захиалагч нь “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль журамд нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” эрхтэй гэж заасны Нийслэлийн Засаг дарга нь тус үнэлгээний хорооны үйл ажиллагаа, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгуулах шаардлага тавих бүрэн эрхтэй юм.

Н.Б******* нь тус хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг худалдан авах ажиллагааг зохион байгуулах явцдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2014 оны 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ыг зөрчсөн болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон тул түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тус газрын ёс  зүйн хорооны 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар танилцуулан газрын даргын 2016 оны Б/10 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан.

Иймд Н.Б*******ийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбардаа:”...”Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/20 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дүрэм”-ийн 3.1-д зааснаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Нийслэлийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, тайлагнах ажлыг эрхлэхийн зэрэгцээ нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, Нийслэлийн Засаг даргыг бүх талын мэдээллээр хангах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах нь манай газрын үндсэн чиг үүрэг юм. 

Н.Б******* нь худалдах авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, Нийслэлийн Засаг даргын А/272 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа үнэлгээний хорооны зохион байгуулах чиг үүрэгтэй холбоотойгоор тодорхой зөрчлүүдийг гаргасан байдаг бөгөөд үүнээс үүдэн ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Түүнээс уг тендерийн үйл ажиллагаа хууль бус болсон эсэхтэй огт холбоогүй. Манай байгууллага Нийслэлийн Засаг даргын 2015 оны 1/2983 дугаар албан бичиг тус Чингэлтэй гудамж 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэл 3.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар ямар нэгэн үнэлгээг өгөөгүй. Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны гишүүд, зохион байгуулах чиг үүргийг хүлээсэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар тухайн төсөл, арга хэмжээг зохион байгуулахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгаж, зөрчлийг тогтоосноор уг албан бичгийг гаргасан.

Г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шүүхээс дүгнэхдээ үнэлгээний хорооны шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэдгийг тогтоосон гэж ярьж байна. Гэтэл Г******* ХХК-ийг шалгаруулаагүй үнэлгээний хорооны дүгнэлт хууль зөрчсөн эсэх асуудал дээр маргаан үүсгэсэн. Харин одоо Н.Б******* үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа ямар хууль тогтоомж зөрчсөн тухай асуудал яригдаж байна. Тиймээс энэ 2 асуудал хоорондоо холбоогүй. 

Н.Б******* нь үнэлгээний хорооны нарийн бичгээр ажиллаж байхдаа холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэдэг нь Нийслэлийн Засаг даргын гомдол шалгах комиссоос ирүүлсэн албан бичиг болон бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл үнэлгээний хорооноос гарсан хурлын шийдвэрийг биелүүлж, Г******* ХХК нийгмийн даатгалд өртэй эсэх тодорхойлолтыг аваагүй. Гэтэл Сангийн сайдын 2014 оны 212 дугаар тушаалаар гарсан Үнэлгээний хорооны зохион байгуулах үйл ажиллагаа, урамшууллын журмын дагуу үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь тухайн үйл ажиллагааг зохион байгуулах, мэдэгдэх, гишүүдийг мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэй байдаг. Хэрвээ шийдвэрийг биелүүлж, дүүргийн нийгмийн даатгалын газраас лавлагаа авсан бол дараагийн хурал дээр үнэлгээний хорооны гишүүдэд энэ талаараа танилцуулах үүрэгтэй байсан. 

Мөн Сангийн яамнаас үнэлгээний талаар дахин шийдвэрлэх тухай шийдвэр гарсан байтал тухайн шийдвэрийг хэрэгжүүлэлгүйгээр, үнэлгээний хорооны дарга, гишүүдийг оролцуулалгүйгээр үнэлгээний хорооны хурлыг зохион байгуулсан байгаа юм.

Түүнчлэн Үнэлгээний хорооны хурал нь Сангийн яамны 2014 оны 212 дугаар тушаалаар батлагдсан журамд заасан “үнэлгээний хорооны хуралдаан үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичиг болон бусад гишүүдийн дийлэнх олонх буюу 75%-аас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэж заасныг зөрчсөн төдийгүй дахин хурал хийж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бол гомдол гаргасан компанид нэгэн зэрэг мэдэгдлийг хүргүүлэх ёстой чиг үүргийг биелүүлээгүй. 

Тэгэхээр Нийслэлийн Засаг даргын албан бичиг нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт 2016 оны 1 сарын 28-ны өдөр ирсэн бөгөөд архиваас шүүлт хийхэд өмнө нь албан ёсоор ирээгүй байсан. Бичгийг хүлээж аваад ёс зүйн хорооны хурал хийж, нэхэмжлэгчид танилцуулж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан уг тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Г******* ХХК шүүхэд гомдол гаргах ёстой байтал Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, Нийслэлийн Засаг дарга түүнийг нь хүлээж авсан нь хууль зөрчсөн гэж байна. Гомдол гаргах эрх хэзээд ч хэнд ч нээлттэй байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “захиалагч нь үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах эрхтэй” гэж заасан байдаг. Ийнхүү Нийслэлийн Засаг даргаас үнэлгээний хороо байгуулж, захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд Нийслэлийн Засаг дарга нь үнэлгээний хороо нь хууль тогтоомж зөрчсөн эсэхэд хяналт тавьж, шийдвэр гаргах эрхтэй. Түүнчлэн тухайн үед үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан С.Оээс ч “нарийн бичгийн дарга нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн учир үүнийг шийдвэрлэж арга хэмжээ авч өгнө үү” гэсэн албан бичиг ирсэн байдаг.

Тендерийн зохион байгуулалттай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлж, үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хяналт тавьж, гаргасан зөрчлийг арилгахыг үнэлгээний хорооны дарга, мэргэжилтнүүдэд даалгадаг. 

Аливаа ажил үйлчилгээг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулах нь тухайн мэргэжилтний ажлын үндсэн чиг үүрэгт хамаарна. Гэтэл уг үүргээ биелүүлж, 6.5-ны өдрийн Үнэлгээний хорооны хуралдаан дээр Г******* ХХК-ийн нийгмийн даатгалд өртэй эсэх лавлагааг танилцуулаагүйгээс Г******* ХХК-ийг тендерээс хассан байдаг. Энэ нь үндэслэлгүй болох нь Сангийн яамны албан бичгээр тогтоогдож, Сангийн яамнаас дахин үнэлгээ хийхийг даалгасан. Гэтэл дахин үнэлгээ хийхдээ холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Н.Б*******ийн “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01/2983 дугаар  албан бичгээр “...Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан Н.Б*******ийн гаргасан зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ авах” -ыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад үүрэг болгосны дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/10 дугаар  тушаалаар Н.Б*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нийслэлийн Засаг даргын дээрх албан бичигт дурдсанаар Г******* групп ХХК-иас нийслэлийн Засаг даргад ирүүлсэн гомдлын дагуу тендертэй холбоотой баримт бичгүүдэд шалгалт хийж, үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан Н.Б******* нь “Үнэлгээний хорооны 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаас гарсан тодруулга авах тухай шийдвэрийг биелүүлээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг зөрчиж, тендерт оролцогчдод нэгэн зэрэг мэдэгдэл хүргүүлээгүй, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр үнэлгээний хороог хуралдуулаагүй атлаа хуралдсан ирц хүрсэн мэтээр баримт бүрдүүлж, удирдлагыг хууран мэхэлж гарын үсэг зуруулсан...” зөрчлийг гаргасан гэж үзжээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.Б******* нь дээрх зөрчлийг гаргасан нь тогтоогдохгүй байна.

Тодруулбал: Үнэлгээний хорооны 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаас гарсан тодруулга авах тухай шийдвэрийг биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан боловч 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Үнэлгээний хорооны хурлаар  тус хорооны дарга С.О “...нийгмийн даатгалаар хасагдаж байгаа компаниудыг харьяа дүүргүүдээс тодруулга авах”-ыг үнэлгээний хорооны нарийн бичгийн даргад үүрэг болгосны  дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2/707 тоотоор Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст, мөн өдрийн 2/706 тоотоор Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2/705 тоотоор Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст, 2/708 тоотоор Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс тендерт оролцогч компаниудын нийгмийн даатгалд өр төлбөртэй эсэхийг тодруулсан нь хэрэгт авагдсан баримтаар  нотлогдож байна.

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг зөрчиж, тендерт оролцогчдод нэгэн зэрэг мэдэгдэл хүргүүлээгүй, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр үнэлгээний хороог хуралдуулаагүй атлаа хуралдсан ирц хүрсэн мэтээр баримт бүрдүүлж, удирдлагыг хууран мэхэлж гарын үсэг зуруулсан зөрчлийг гаргасан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч Худалдан авах ажиллагааны газраас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2/792 дугаар албан бичгээр  “Г******* групп” ХХК-д тендерт шалгараагүй талаар мэдэгдсэн талаарх баримт хэрэг авагдсан бөгөөд Г******* групп ХХК нь уг тендертэй холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт тус яамны 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 6/4158 дугаар албан бичгээр “...түүнчлэн тендерт оролцогчийн үндсэн машин механизм нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг тендерийн материалд ирүүлсэн фидуцийн гэрээний дагуу тодруулж, үнэлгээг дахин хийх нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргажээ.

 Тус үнэлгээний хороо дээрх Сангийн яамны шийдвэрийн дагуу 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хурлаар үнэлгээг дахин явуулж өмнө шалгаруулсан Э******* ХХК-ийг шалгаруулсныг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар  Г******* групп ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 395 дугаар  шийдвэрээр “...бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэрээр үнэлгээний хорооны шийдвэр болон тендер шалгаруулалт хууль зөрчөөгүй болохыг нэгэнт дүгнэсэн тул үнэлгээний хорооны үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгч Н.Б*******д сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 150 дугаар  прокурорын тогтоолоор Г******* групп ХХК-ийн тендерийг хууль бусаар явуулсан тухай гомдлыг шалгаад Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан тушаалтнууд, тендерийн үнэлгээний хорооны гишүүд нь албан тушаалаа урвуулсан, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн нь тогтоогдоогүй, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүй гэж үзэн Авилгатай тэмцэх газрын 292 дугаартай гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Дээрх нөхцөл байдлууд нь нэхэмжлэгч Н.Б*******д Төрийн албан тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй бөгөөд уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд ...сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасанд нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Н.Б*******ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд урьд авч байсан цалинг тооцон, зохих журмын дагуу татвар шимтгэлүүдийг суутган тооцож олгох, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгаж шийдвэрлэлээ.

             

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,1, 106.3.1, 106.3.12  дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь: 

 

1.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Б*******ийг урьд эрхэлж байсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгчид 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд урьд авч байсан цалинг, зохих журмын дагуу татвар шимтгэлүүдийг суутган тооцож олгох, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгасугай.    

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.АДЪЯАСҮРЭН