Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2024/00258

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2024/00258

Завхан айм

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхүүгээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ... аймгийн ... сумын ... багийн ... 7-1 тоот  хаягаар оршин суудаг ... овогт Д-ийн Л-ын нэхэмжлэлтэй “Мал маллаж байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Л нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Л нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие малчнаар тэтгэвэрт гарах гэтэл малчны А дансны нэр овгийн эхний үсэг зөрүүтэй учраас өндөр насны тэтгэвэрт гарах боломжгүй байгаа тул 1995 онд адуу 4, үхэр 6, хонь 9, ямаа 9 бүгд 28 толгой малыг Г.Л нэрээр архиваас гарсан учир Д.Л нэрээр мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Л нь 1995 онд адуу 4, үхэр 6, хонь 9, ямаа 4, бүгд 28 толгой мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

Нэхэмжлэгч ... овогт  Д-ийн Л нь 1995 онд адуу 4, үхэр 6, хонь 9, ямаа 4, бүгд 28 толгой мал маллаж байсан болох нь хэрэгт авагдсан:     

- ... овогт Д-ийн Л ИЗ69121018 дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,

-... аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/471: “... ... сумын ... багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан Г.Л-ын 1995,  Д.Л-ын 1996-2000, 2017-2023 оны мал тооллогын бүртгэл.

 

Малын төрөл

Тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын  А дансанд бүртгэгдсэн малын тоо

1995

1996

1997

1998

1999

2000

2001

Тэмээ

-

-

-

-

-

-

-

адуу

4

5

5

2

3

-

-

Үхэр

6

6

10

10

9

4

2

хонь

9

9

41

11

4

4

55

ямаа

9

6

9

8

6

10

43

Бүгд дүн

28

26

65

31

22

18

100

 

Малын төрөл

Тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын  А дансанд бүртгэгдсэн малын тоо

2018

2019

2020

2021

2022

2023

Үхэр

3

3

-

-

-

9

Хонь

60

70

80

80

124

140

ямаа

48

58

60

65

68

75

Бүгд  дүн

111

131

140

145

192

224

 

Жич: 1998 оны ... багийн малын  А данс архивт шилжигдэн ирээгүй, 1999 оноос 1998 оныг хуулж бичив...” гэсэн архивын лавлагаа,1995 оны малын А дансны хуулбар,

-... аймгийн ... сумын ... багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаартай: “...Д-ийн Л /.../ нь тус багийн харьяат малчин өрх мөн бөгөөд 1995 оны мал тооллогоор өрхийн тэргүүлэгчийн эцэг /эх/-ийн нэрийг Г гэж сольж бичсэн болохыг, манай багт Г.Л нэртэй өрх байхгүйгээр нотлох тодорхойлов..:” гэсэн тодорхойлолт,

-Гэрч С.Ж-ын: “...Миний бие 1992-1999 оны дуусталх хугацаанд ... аймгийн ... сумын ... ...-р багийн иргэн, малчнаар ажиллаж амьдарч байсан. ... багийн зуслангийн газар нутаг болох ... аймгийн ... сумтай хил залгаа орших ... гэдэг газар гэр бүлийн хамт 1993-1998 он хүртэл 5 жил нутаглаж амьдрахад Д-ийн Л-тай 1994-1996 оны 4 улиралд айл байж  1 өвөлжөөнд өвөлжиж, хаваржаа зуслангаар байнга хамт айлсаж нутаглаж байсан. Тухайн үед Д.Л-ынх үхэр, адуу, хонь, ямаа гэсэн 4 толгой мал маллаж амьдардаг байсныг би мэдэх юм...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч ... овогт Д-ийн Л нь 1995 онд адуу 4, үхэр 6, хонь 9, ямаа 4, бүгд 28 толгой мал маллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Л-аас ирүүлсэн “Мал маллаж байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ... овогт  Д-ийн Л нь 1995 онд адуу 4, үхэр 6, хонь 9, ямаа 4, бүгд 28 толгой мал маллаж байсан болохыг тогтоосугай.         

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРТНАСАН