Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/14

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 13-ны өдөр                Дугаар 2023/ДШМ/14                                 Өвөрхангай аймаг

 

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                              Прокурор Д.Алимаа /цахимаар/

                                              Шүүгдэгч, хохирогч ******* өмгөөлөгч

                                              Б.Ариунжаргал  /цахимаар/

                                              Шүүгдэгч, хохирогч ******* /цахимаар/

                                              Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч, хохирогч А.Отгонтулгын гомдлыг үндэслэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн  *******  дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

*******, ******* нарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Тайж овогтой Самбуугийн Цэрэнцамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Боржигон овогтой Алтангэрэлийн Отгонтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, шүүгдэгч Тайж овогтой Самбуугийн Цэрэнцамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Боржигон овогтой Алтангэрэлийн Отгонтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******ас хохиролд 816,150 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдаж, хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч, хохирогч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

 

Би өөрт холбогдох хэргийн материалтай танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дугаар зүйлийн 6.15, 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг өмгөөлөгчөөр дамжуулан гаргасан боловч шүүхээс хүлээж аваагүй төдийгүй яллагдагч ******* нь миний биед халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэж яллагдагчаар татсан ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус хэрэгт гэрчээр оролцож буй Н.Очирсүрэн гэх этгээд тухайн гэмт хэрэгт хамтран оролцож намайг мөн зодсон, мөн дахин шинжээч томилуулж өөрийн гэмтлийн зэргийг тогтоолгох шаардлагатай байна гэж үзэж анхан шатны шүүхэд дахин шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж байсан. Гэтэл миний хуульд заасан хохирогчийн эрхийг хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14118 дугаартай шинжээчийн дүгнэлтэд  А.Отгонтулгын биед эрүү ясны хугарал, зулайд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ” гэж дүгнэсэн байдаг бөгөөд энэ дүгнэлтийг анхнаасаа миний бие хүлээн зөвшөөрөхгүй байсан тул прокурор болон шүүхийн шатанд дахин шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан.

 

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудаст “... Гэмтсэн эрхтэн толгой, эрүү, шүд,  хаана: хүнд зодуулсан. гол зовиур толгойноос цус их хэмжээгээр гараад тогтохгүй, тархи толгой өвдөнө. Эмчийн тэмдэглэл: Ам ангайж юм зажилж чадахгүй ...” гэсэн дүгнэлтээр миний биед учирсан гэмтлүүд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад маш ихээр нөлөөлж, одоогоороо эмчилгээ хийлгэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1-т хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрхтэй. Үүнд мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, 15.1 дүгээр зүйлд хүсэлт, гомдол гаргах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй, 5.4 дүгээр зүйлд хүсэлтийг шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана гэж  заасан атал мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорт удаа дараа яллагдагчаар татагдвал зохих этгээдийг татаагүй тухай, гэмт хэргийн шинжийг бүрэн нотлоогүйг шалгуулах тухай, дахин шинжээч томилох зайлшгүй шаардлагатай байгаа тухай гэрчээр Түвшинтөрийг асуулгах тухай зэрэг хүсэлтүүдийг хохирогчийн зүгээс удаа дараа гаргасан боловч прокурорын байгууллагаас хүлээж аваагүй гэжээ.            

           

              Прокурор Д.Алимаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүх хуралдааны явцад С.Отгонтулга болон түүний өмгөөлөгч нараас Очирсүрэнг оролцуулах хүсэлт гаргасан. Үүнийг шүүх хангаж А.Отгонтулгын гомдолдоо дурдсан байгаагаар Очирсүрэнгээс мэдүүлэг авсан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авсан. Энэ мэдүүлгээр шүүгдэгч *******, ******* нар нь зодолдож байх явцад гэрч Очирсүрэн очиж салгах үйлдэл хийсэн. Түүнээс биш *******тай нийлж хохирогч А.Отгонтулгын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Тийм учраас яллагдагчаар татах үндэслэлгүй байна.

              Хохирогч А.Отгонтулгын зүгээс миний шүд хөдлөөд байгаа, ангайхад өвдөж байгаа, юм идэхэд хүндрэлтэй байгаа гэсэн тайлбар хэлсэн. Ангайх, юм идэхэд хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг гэмтлийн зэрэг тогтоох журамд хөдөлмөрийн чадвар алдалтыг 20 хувь алдагдуулж байна гэж үзэхээр байгаа. Ам ангайх үйл ажиллагаа их хэмжээгээр алдагдаж, эрүүний хэлбэр бүрэн өөрчлөгдөж байна гэдэг тайлбар хэлдэг. Үүнийг үндэслэлгүй байна гэж хэлмээр байна. Учир нь шүүх шинжилгээ хийх журамд бэхэлгээгүйн улмаас шүд 3, 4 чигт ганхсан, сондгой шүд булгарах, эсхүл бүдүүвч хүртэл цоорсон шүд эмтрэх зэргийг хэдэн ч шүд унасан байсан унасан гэж үзэхгүй гэж тайлбарласан байгаа. Хохирогч А.Отгонтулгын тухайд хохирогч ******* үйлдлийн улмаас эрүү яс хугарсан. Шүд нь өөрөө эрүү ясанд бэхлэгдсэн байдаг. Эрүү яс механик байдлаар хугарсан үйлдлийн улмаас шүдний хөдөлгөөн бага зэрэг ганхсан байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл эрүүнд бэхлэгдсэн байхад эрүү нь хугарч шүдний үйл ажиллагаа бүхэлдээ буюу зажлах өдөр тутмын хэвшил нь байхгүй болчихоор нааш цааш ганхахыг үгүйсгэхгүй. Эрүү яс нь 4-н долоо хоногоос дээш хугацаагаар буюу удаан хугацаагаар эдгэрэх шинж нь хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа бөгөөд эрүү яс эдгэрсний дараа шүд өдөр тутмын зажилах үйл явцдаа ороод эрүү бүрэн эдгэрээд бэхлэгдээд ирэхээрээ шүд нь хэвийн болох учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа юм гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Түүнээс шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт өөрчлөгдөх боломжгүй буюу хүнд рүү орох боломжгүй. Нөгөө талаар хохирогч А.Отгонтулгын тухайд шүд хөдлөөд, өвдөөд, хариугүй унах гээд байна гэж байгаа хэдий ч энэ талаар бусад нотлох баримтуудыг огт гаргаж өгдөггүй. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд эмнэлгийн байгууллагад үзүүлсэн талаар хавтаст хэрэгт байгаа боловч өнөөдрийн байдлаар миний 3, 4 шүд унаад байна гэдэг ч юм уу нэг ч нотлох баримт гаргаж өгдөггүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслээд мөн хохирогчийг өөрийн биеэр үзээд шүүх шинжилгээний байгууллага дүгнэлт гаргасан. Иймд хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон учир шүүгдэгч, хохирогч А.Отгонтулгын зүгээс гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

                Шүүгдэгч ******* өмгөөлөгч Б.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын тайлбартаа санал нэг байна. Уг хэрэг бүрэн нотлогдсон, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Иймд А.Отгонтулгын гомдлыг үндэслэлгүй байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                 Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед би *******тай хоёулаа л зодоон хийсэн. Хадам ах салгасан л болохоос биш зодолдсон зүйл байхгүй. Би цохисноо хүлээн зөвшөөрсөн. *******д гэмтэл учруулсан нь миний буруу. Хохирлыг төлнө гэж хэлсэн байгаа. Өөр нэмж тайлбарлах зүйлгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

                 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч, хохирогч А.Отгонтулгын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

               ******* нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг Сансар хорооны нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас А.Отгонтулгыг зодож эрүү ясны хугарал, зулайд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

               ******* нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг Сансар хорооны нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас С.Цэрэнцамбыг зодож зүүн талын 6, 7 дугаар хавирганы хугарал, дух, хамрын нуруу, эрүү хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч А.Отгонтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...гэрээс гараад хашааны хаалгаар гарангуут ******* намайг шууд цохисон. Та яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд барилцаад авсан. ******* урдаас цохиод хадам ах нь хойноос чулуугаар цохисон. Би хэсэг ухаан алдах шиг болсон. ...тэгээд би гэртээ очоод цустай хувцсаа тайлаад толгойгоо угаагаад тэгсэн цус гоожоод тогтохгүй байсан. Тэгээд би түргэн дуудаж үзүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 198 дугаар хуудас/,

                хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...бид хоёр барилцаад авсан тэгээд намайг унагаагаад доороо хийгээд ******* намайг зодож байхад хадам ах ирээд А.Отгонтулгыг дээрээс нь татаж аваад салгасан. Намайг босоод ирсэн чинь гөлөгнүүдээ ална гээд хадам ах бид хоёр руу дайраад байсан. ...миний зүүн талын 2 хавирга хугарсан байна гэсэн, толгойны урд хэсэгт халцарсан мөн толгойдоо цохиулсан би толгой өвдөөд байна... гэх мэдүүлэг /хх-ийн 9-15 дугаар хуудас/,

               гэрч У.Доржгочоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Архиа ууж байхдаа л *******, Тулга хоёр хоорондоо цаг зүүсэн гээд тэр цагаа харуулаад шорон орон яриад байсан. Тэгээд архиа ууж дуусаад Цамба ах түрүүлж гарсан араас нь Тулгаа гараад мөн араас нь Очироо ах Баадай тэр хоёр гарсан. Би зодоон болсныг мэдээгүй гэрээс сүүлд  гараад ирэхэд Цэрэнцамба, Тулга хоёрын хувцас шороо болсон зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

               гэрч Н.Очирсүрэн шүүх хуралдаанд өгсөн: ...*******, *******, Доржгочоо, Баасанбат 4 манайд архи барьсан орж ирсэн. Тэгээд авч ирсэн архиа ууцгаасан. Архиа дуусаад явахаар болоод такси дуудна гээд яриад байсан. Тэгээд 4-үүлээ гараад явсан. Би хувцсаа өмсөөд гэрээ цоожлоод араас нь гарахад ******* ******* дээр гарчихсан зодож байсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гээд татаж аваад чи яв гэсэн. Гэтэл яадаг гөлөгнүүд вэ гээд хашгирсан чинь ******* цохиод авсан. Тэгээд би яагаад байгаа юм бэ та нар гээд байж байтал такси ирээд би С.Цэрэнцамбыг суулгаад гэрт нь хүргэж өгсөн гэх мэдүүлэг,

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2022 оны 10 дугаарсарын 18-ны өдрийн: “...А.Отгонтулгын биед эрүү ясны хугарал, зулайд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй...” гэсэн 14118 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

             Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн: “...Үзүүлэгч ******* биед цээжний зүүн талд 6 дугаар хавирга зөрүүгүй, 7 дугаар хавирга бага зэрэг зөрүүтэй хугарал, дух, хамрын нуруу, эрүү хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх 644 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/ зэрэг болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Тайж овгийн Самбуугийн Цэрэнцамба, Боржигон овгийн Алтангэрэлийн Отгонтулга нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

              Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

    Шүүгдэгч ******* нь ... хэрэгт гэрчээр оролцож буй Н.Очирсүрэн тухайн гэмт хэрэгт хамтран оролцож намайг зодсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дугаар зүйлийн 6.15, 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай. Шинжээч томилуулж өөрийн гэмтлийн зэргийг тогтоолгоно гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан ба шүүгдэгч, хохирогч А.Отгонтулгын  гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч *******, ******* нар нь зодолдож байх явцад гэрч Очирсүрэн очиж салгах үйлдэл хийсэн, *******тай нийлж хохирогч А.Отгонтулгын эсрэг үйлдэл хийсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 14118 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 644 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.Отгонтулгын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

           Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч А.Отгонтулгын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон  

                                                   ТОГТООХ нь:

           1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч А.Отгонтулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.