| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00621/И |
| Дугаар | 156/ШШ2024/00604 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2024/00604
2024 12 02 156/ШШ2024/00604
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00621/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* овогт ******* *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч М.*******,
Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч М.******* нь 1989 оны 11 сараас 2008 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн ******* сумын Зэвсэгт хүчний 232-р ангид малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
2. Хүсэлт гаргагч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1987 онд цэрэгт явж 1989 оны 10 сард цэргээс халагдаад 11 дүгээр сараас эхлэн 2008 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цэргийн ангийн малыг тасралтгүй малласан. Миний ажилд орсон тушаал байгаад ажлаас гарсан тушаал байхгүй байгаа юм. Би цалингаа авахдаа дэвтэр дээр бичилт хийлгээд гар дээрээ авдаг байсан. Иймд 1989 оны 11 сараас 2008 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн ангид малчнаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч М.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
1. хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 тал),
2. Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 5-6 тал),
3. Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасны архивын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны 08/1099 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал),
4. Батлан хамгаалахын төв архивын ажилласан жилийн архивын 2024 оны 3 дугаар сарын 14-ний 08/48 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),
5. Батлан хамгаалахын төв архивын М.*******ын цалингийн тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10 тал),
6. Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11-13 тал),
7. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 35 тал)
8. Гэрч ******* шүүхэд өгсөн ...Би 2000-2005 он хүртэл Хэнтий аймгийн ******* сумын Зэвсэгт хүчний 232 дугаар ангид малчнаар ажиллаж байсан. Намайг 2000 онд Хэнтий аймгийн ******* сумын 232 дугаар цэргийн ангид малчнаар ажил ороход М.******* нь эм хонь, хурга хариулдаг байсан сүүлийн 2 жил эм хонь авч төллүүлдэг байсан. Тэгээд би 2005 онд ажилаасаа гарахад М.******* ах хоньчноор ажилдаг байсан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 23 тал),
6. Гэрч ******* шүүхэд өгсөн ...Би 1989-1997 он хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас Хэнтий аймгийн ******* сумын 232 дугаар цэргийн ангид малчнаар аав, ээжийн хамт илгээлтээр ирж ажиллаж байсан. Намайг 1989-1998 онд Хэнтий аймгийн ******* сум 232 дугаар цэргийн ангид малчнаар ажиллаж байхад М.******* цэргээс халагдаж ирээд 1989 онд цэргийн ангийн хоньчноор ажилладаг байсан. Намайг 1989 онд ажлаасаа гарахад М.******* нь хоньчноороо ажиллаад үлдсэн. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч М.*******ын Хэнтий аймгийн ******* сумын Зэвсэгт хүчний 232-р ангид малчнаар ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Батлан хамгаалахын төв архивын ажилласан жилийн архивын 2024 оны 3 дугаар сарын 14-ний 08/48 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ
Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бичигдсэн М.*******ын нэр дээрх ХААТР-1 дүгээр маягтын лавлагаанд ажилладаг байгууллага-232 дугаар цэргийн анги, ажилд орсон он-1990, эрхэлдэг ажил-малчин, орших сум-Дэлгархаан гэж тэмдэглэгдсэн байна.
Мөн хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан гэх Ч.Алтантуяагаас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Ч.Алтантуяа нь 2000-2005 онд Хэнтий аймгийн ******* сумын Зэвсэгт хүчний 232 дугаар ангид ажиллаж байсан болох нь түүний нэр дээрх 002122 дугаартай 2003 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, мөн *******гээс гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч ******* нь 1989-1997 онд Хэнтий аймгийн ******* сумын Зэвсэгт хүчний 232 дугаар цэргийн ангид ажиллаж байсан болох нь түүний нэр дээрх 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг хэрэгт үнэлэж шийдсэн болно.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч М.******* нь 1989 оны 12 дугаар сараас 1995 он хүртэл Хэнтий аймгийн ******* сумын Зэвсэгт хүчний 232-р ангид малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байна.
Харин түүний 1989 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн ******* сумын Зэвсэгт хүчний 232 дугаар ангид малчнаар ажиллаж байсан байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. 1995 оноос Монгол Улсын хэмжээнд ажилтан бүр нэрийн данстай болж, нийгмийн даатгалын шимтгэл нь нэгдсэн системд бүртгэгдэж эхэлсэн тул шүүхээс 1995 оноос хойших хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй тул энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг 1989 оны 12 дугаар сараас 1995 он хүртэл Хэнтий аймгийн ******* сумын Зэвсэгт хүчний 232-р ангид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА