| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2226002550292 |
| Дугаар | 2023/ДШМ/13 |
| Огноо | 2023-04-13 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Бавуудорж |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2023/ДШМ/13
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Бавуудорж
Шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн
Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлыг үндэслэн Эрдэнэ-Очирын Чандмань-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2226002550292 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э.Чандмань-Эрдэнэ нь “Монфа трейд” ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт захиалга хүлээн авагч, олгогчоор ажиллах хугацаандаа буюу 2020 оноос 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн үнэ болох 8,707,178 төгрөгийг өөрийн хувийн дансаараа авсан, мөн “Монос” эмийн сангийн нэр дээр 4,325,220 төгрөгийг, “Оливе” эмийн сангийн нэр дээр 11,020,410 төгрөгийн хий падаан бичиж бусдын хариуцуулан өгсөн эд хөрөнгийг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас бусдад 24,052,808 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,
Эрдэнэ-Очирын Чандмань-Эрдэнийн үйлдлийг Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Алаач овгийн Эрдэнэ-Очирын Чандмань-Эрдэнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнийг нэг жил гурван сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнэд мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнэд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнээс 15,074,683 төгрөгийг гаргуулж хохирогч “Монфа трейд” ХХК-д олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,128,125 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 5,850,000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/шцт/36 дугаар шийтгэх тогтоолоор надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсаныг ял хүндэдсэн гэж үзэж гомдол гаргаж байна.
Би шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, хохирол төлбөрийг нарийвчлан тооцож өгсөнд талархаж байгаа. Тэгэхдээ өөрийн гэм буруугаа бүрэн хүлээж, хохирогчид учирсан гэм хорын хохирлын тодорхой хэсгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг ойрын хугацаанд төлөхөө илэрхийлж байхад анхан шатны шүүх надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг хэрэглээгүйд гомдолтой байна.
Эрүүл мэндийн шалтгаанаар нарын мэргэжлийн эмчийн хяналтад байдаг, 3 нас хүрээгүй бага насны хүүхэдтэй, ажиллахын зэрэгцээ Улаанбаатар хотод мэргэжлийн дагуу суралцдаг тул 1 жил 3 сарын хугацаанд Арвайхээр хотоос гарахгүй байх буюу зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхэд ахуй амьдрал болон хохирогчид учирсан хохирлыг богино хугацаанд төлж барагдуулахад хүнд байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасанаар ялаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хохирогч Л.Энхсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хохирогчийн зүгээс дараахь үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.
Э.Чандмань-Эрдэнэд холбогдох хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнэ нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг бүрэн ухамсарлаж, энэ үйлдлээ үргэлжлүүлэн байнга үйлдсээр хохирогчид 24,052,808 төгрөгийн хохирлыг санаатай учруулсан байдаг. Тийм ч учраас шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй учир анхан шатны шүүхээс түүнд 1 жил 3 сараар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны болон гэм буруугийн зарчимтай нийцсэн.
Анхан шатны шүүхээс Э.Чандмань-Эрдэнэд дээрхи ялыг оногдуулахдаа шүүгдэгчийг бага насны 2 хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлж байгаа, хохирогчид учруулсан нийт хохирлоос 2021 оны 06 дугаар сараас 2023 оны 02 дугаар сар хүртлэх хугацаанд 5,850,000 төгрөгийг төлсөн, “...үлдсэн хохирлоо даруйхан төлнө” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн зэргийг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж шийдвэрлэсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнэд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас түүнийг чөлөөлж дахин хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн Э.Чандмань-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирлоо даруйхан ойрын хугацаанд төлнө” гэж илэрхийлсэн боловч шүүхээс тогтоосон хохирол 15,074,683 төгрөгнөөс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг төлөөгүй байгаа нь “даруйхан, ойрын хугацаанд төлнө” гэсэн илэрхийлэл нь бодитойгоор хэрэгжээгүй байгааг харуулж байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/шшт/36 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
Прокурор Б.Бавуудорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан ажиллагаа тогтоогдоогүй. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэлбэр, гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг харгалзаж шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шинжийг, мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шинжийг бүрэн агуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэр буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хуулийг зөв тайлбарлан тухайн зүйл хэсэгт заасан нөхцөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэл бүхий байна гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнэ нь үргэлжилсэн үйлдлээр “Монфа трейд” ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын захиалга хүлээн авагч ажил олгогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас 20,924,680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 5,850,000 төгрөгийн хохирлыг төлсөн. Үлдэгдэл 15,074,680 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнэ нь хохирлын тодорхой хэсгийг төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг 3 жил түүнээс бага хэмжээгээр тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэрэгт учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар хуульчилсан. Э.Чандмань-Эрдэнийн хувьд энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Учир нь хохирлоо бүрэн төлсөн тохиолдолд дээрх зүйл буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасан хуулийн үйлчлэлд хамаарах учраас ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх боломжтой. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Чандмань-Эрдэнийг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Э.Чандмань-Эрдэнэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж зарим хэсгийг төлж барагдуулсан. Тэгэхээр Э.Чандмань-Эрдэнэд ч биш шүүгдэгч нарт эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг боломж байвал хэрэглэх ёстой гэж үзэж байна. Э.Чандмань-Эрдэнэ нь нэгдүгээрт хөнгөн хэлбэрийн гэмт хэрэгт холбогдсон. Энэ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хоёрдугаарт Э.Чандмань-Эрдэнэ нь үйлдсэн гэмт хэрэгтээ хорих ял авсан бол Өршөөлийн хуульд ёстой байсан ч шүүх өршөөлд хамрагдахгүй гэж дүгнэсэн.
Гуравдугаарт 3 хүртэлх насны хүүхэдтэй эх хүний хорих ялыг хойшлуулах хуулийн заалттай. Эцэст нь дүгнээд хэлэхэд Э.Чандмань-Эрдэнэ гомдолдоо дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг хэрэглэж ялаас чөлөөлөх боломж байна. Ийм боломжгүй байлаа гэхэд энэ хүнд хорих ял оногдуулахгүйгээр ял тэнсэх боломж байна. Иймд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж өгнө үү гэж хүсэж байна. Эмэгтэй хүн хүүхдээ хараад аймгийн төвд 1 жил 3 сар байж болно л доо. Гэхдээ энэ хүн хувийн байдлаа сая ерөнхийд нь ярьсан. Ядаж 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1 сарын хугацаагаар Улаанбаатар хотод хичээллэж сургуулиа төгсөх ёстой. Мөн хүүхэд нь төрсөн цагаасаа байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Өнөөдөр хүртэл эмнэлэгт хэвтэх гээд бичиг баримт нь бүрдчихээд байж байгаа. Хүүхдээ сар болгон хот руу аваачиж шинжилгээ өгдөг. Тэр нь хэрэг дээрээ тасралтгүй ажиллаж байж эхнэр, 2 хүүхдээ тэжээхийн хажуугаар хохирлыг төлөлцдөг. Хүний амьдрал ийм байдалтай байхад шүүх ялыг хөнгөрүүлэх хуулийн заалтыг хэрэглэж өгнө үү гэж хүсэж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүмүүнлэг энэрэнгүй ёсны гол зарчим. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.
Шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр мөнгийг барагдуулахад зорчих эрхийг хязгаарлах ялтай байгаа учраас санхүүгийн хувьд хүндрэл учраад байна. Учир нь би цалингаасаа гадна хөдөө орон нутаг болон хот суурин газраар явж бараа бүтээгдэхүүн борлуулж хохирлоо барагдуулмаар байгаа. Дээрээс нь би мэргэжлээ дээшлүүлээд эм зүйчийн бакалаврын боловсролоор 2021 онд сурч эхэлсэн.
Энэ жил 6 сард төлнө. Мэргэжлээ дээшлүүлэхээр одоо хийж байгаа үндсэн ажил маань цалингийн хувьд арай өндөр авна. Цалингаа өндөр авбал мөн адил хохирлоо барагдуулахад дөхөм болно. Зорчих эрхийг хязгаарлах ял авчихаар би төгсөж чадахгүй хойшлогдчих гээд байна. Миний бага хүүхэд ой 6 сартай. Бид хоёр ковид тусаад БОЭТ-д 1 сар гаран хэвтэж эмчлүүлсэн. Тэрнээс болоод байнга хот явж уушгиа үзүүлдэг. Ханиад хүрчихвэл хүндрүүлж болохгүй гэсэн шалтгаанаар дөнгөж ханиад хүрэхээр нь эмнэлэгт хэвтдэг. Ийм эрүүл мэндийн шалтгаантай бага насны хүүхэдтэй. Тийм учраас надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Эрдэнэ-Очирын Чандмань-Эрдэнэ нь “Монфа трейд” ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт захиалга хүлээн авагч, олгогчоор ажиллах хугацаандаа буюу 2020 оноос 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн үнэ болох 8,707,178 төгрөгийг өөрийн хувийн дансаараа авсан, мөн “Монос” эмийн сангийн нэр дээр 4,325,220 төгрөгийг, “Оливе” эмийн сангийн нэр дээр 11,020,410 төгрөгийн хий падаан бичиж бусдын хариуцуулан өгсөн эд хөрөнгийг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас бусдад 24,052,808 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Л.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай Монфа трейд ХХК нь эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Манай компани аймгийн төвүүдэд бөөний төвүүдтэйгээс нэг нь Өвөрхангай аймгийн 8 дугаар баг Кигүүр оргилын байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ бөөний төвд Эрдэнэ-Очирын Чандмань-Эрдэнэ 2016 онд эм зүйчээр ажилд ороод ажиллаж эхэлсэн. Компанийн бөөний төв гэдэг бол бусад аж ахуйн нэгж болон эмийн сангуудад өөрийнхөө эм барааг худалдаж, импортолдог юм. Ингэж худалдахдаа зарим эмийн сан, аж ахуйн нэгжүүдэд зарим тохиолдолд зээлээр худалддаг. Манай “Монфа трейд” ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбар бөөний төвөөс 2020, 2021 онд эм бараа аваад төлбөрөө төлөөгүй гээд Өвөрхангай аймгийн салбарын ажилтан Чандмань-Эрдэнээс Уянга сумын “Уянга” эмийн сангаас 2,564,895 төгрөгийг, Уянга сумын “Уянга Энэрэл” эмийн сангаас 556,714 төгрөгийг. Арвинлхам-Очир эмийн сангаас 245218 төгрөг, “Хятруун фарм” эмийн сангаас 4,674,400 төгрөгийг тус тус төлөөгүй байгаа талаар Монфа трейд ХХК-ийн борлуулалтын албанд мэдэгдсэн. Ингээд тус эмийн сангууд руу борлуулалтын албанаас утасдаж худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөх талаар шаардлага тавихад тухайн эмийн сангийн эрхлэгч нар бүгд төлбөрөө төлсөн гэж хэлээд мөнгө шилжүүлсэн дансны дугаарыг хэлэхэд нь тухайн дансны дугаар нь Өвөрхангай аймгийн салбарт ажилладаг Чандмань-Эрдэнийн хувийн данс байсан. Ингээд компанийн нягтлан бодогч Даваадулам, Чандмань- Эрдэнийн хувийн данснаас Монфа трейд ХХК-ийн данс руу мөнгө шилжиж орж ирсэн эсэхийг нэг бүрчлэн шалгахад тухайн мөнгө орж ирээгүй байсан. Мөн Чандмань-Эрдэнээс ирүүлсэн зарлагын падаан дотор Өвөрхангай аймаг дахь Монос эмийн сан дээр 4,323,220 төгрөгийн барааг зээлээр олгосон байсан. Оливе эмийн сан дээр 11,420,410 төгрөгийн эм бараа байсан. Тухайн Монос, Оливе эмийн сангуудад хандаж төлбөрөө шаардахад тус эмийн сангийн ажилтан нар нь танай Монфа трейд ХХК-аас ийм үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн аваагүй талаар хэлсэн. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр компанийн борлуулалтын хэлтсийн ажилтан, тооцооны нягтлан бодогч нар ирж хяналтын тооллого хийсэн. Тэгэхэд Монос эмийн сан, Оливе эмийн сан дээр авсан гэх эм бараанууд нь дутаж хий падаан бичсэн байдалтай зөрчил илэрсэн. Тухайн эм барааг Чандмань-Эрдэнэ хий падаан бичиж, эм бараа нь бөөний төв дээр байхгүй байсан. Ингээд компаниас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж Чандмань-Эрдэнэ нь Монфа трейд ХХК-д 24,032,808 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэсэн. Энэ талаар Чандмань-Эрдэнэд танилцуулахад өөрөө энэ мөнгөн дүнгийн хэмжээний хохирлыг компанид учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч сар бүр 3,436,116 төгрөгийг төлж компанийг хохиролгүй болгоё гэхээр нь компанийн зүгээс боломж олгож төлж барагдуулж дуусгахыг нь хүлээе гэж шийдээд хүлээсэн боловч тэрнээс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй тул цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм гэсэн мэдүүлэг /1хх-ийн 14 хуудас/,
гэрч А.Оюунсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Уянга сумын Энэрэлт эмийн сангийн эрхлэгчээр ажилладаг. Би “Монфа трейд” ХХК-наас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 619,640 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн худалдаж авсан. Тухайн өдрөө буюу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Монфа трейд” ХХК-ийн ажилтан Э.Чандмань-Эрдэнийн 5552080753 дугаарын данс руу өөрийнхөө 5554224242 дугаарын данснаас 619,760 төгрөг шилжүүлж байсан юм. Тухайн үед 619,640 төгрөг биш Чандмань-Эрдэнийн хэлснээр 619,760 төгрөг шилжүүлж байсан юм. Чандмань-Эрдэнэ цаашаа “Монфа трейд” ХХК-ийн данс руу хэрхэн шилжүүлсэн талаар би мэдэхгүй байна. Чандмань-Эрдэнэ надад хэлэхдээ би өөрийнхөө дансанд төвлөрүүлж байгаад компанийхаа данс руу шилжүүлдэг юм гэж ярьж байсан. Би “Монфа трэйд” ХХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өдөр 177,600 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 233,275 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн худалдаж авч байсан. Тухайн үед төлбөрийг нь сарын дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нийт 410,875 төгрөгийг өөрийнхөө 5554224242 тоот данснаас “Монфа трэйд” ХХК-ийн 5116003120 тоот данс руу шилжүүлж байсан. Надад одоо “Монфа трэйд ХХК-д төлөх мөнгөн төлбөр байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 19 хуудас/,
гэрч Б.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Оливе эмийн санд эм зүйч ажилтай. “Монфа трейд” ХХК-тай хамтран ажилладаг зүйл худалдаж авсан зүйл байхгүй, манай хоёр байгууллагын дунд гэрээ мэдүүлэг /1хх-ийн 21 хуудас/,
гэрч Г.Дэлгэрдалайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянхонгор аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг "Монос Баянхонгор” эмийн санд нягтлан бодогч ажилтай. “Монфа трейд” ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбартай нь 2020 онд худалдан авалт хийж байгаад 2021 онд огт худалдан авалт хийгээгүй. 2022 оноос хойш дахин худалдан авалт хийж эхэлсэн. Манай “Монос Баянхонгор” эмийн сангийн тухайд “Монфа трейд” ХХК-наас 2021 онд ямар ч худалдан авалт хийгээгүй тул 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 4,325,220 төгрөгийн бараа материал худалдан аваагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 23 хуудас/
гэрч С.Олдохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Уянга сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Ирэх жаргалан” эмийн захирал байгаа юм. Манай эмийн сан нь “Монфа трейд ХХК-тай хамтран ажилладаг, эмийн сангийн бүтээгдэхүүн худалдан авдаг. 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр би “Монфа трейд” ХХК-наас 646,350 төгрөгийн бараа авсан. Уг мөнгийг 5116003120 гэсэн ХХК-ний данс руу 628,100 төгрөг болгож хийсэн. Тухайн үед данс дахь мөнгө хүрэхгүй байсан учраас би байгаа мөнгөө хийсэн юм. 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би “Монфа трейд” ХХК-аас бараа материал худалдаж авсан. Би нийт 504,650 төгрөгийн бараа авсан. Уг мөнгийг 5116003120 гэсэн ХХК-ийн данс руу шилжүүлэг хийсэн юм. 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би “Монфа трейд” ХХК-аас бараа материал худалдаж авсан. Би нийт 80,600 төгрөгийн бараа авсан. Уг мөнгийг 5116003120 гэсэн ХХК-ний данс руу шилжүүлэг хийсэн юм. Уг 80,600 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр хийсэн. Би 1,316,700 төгрөгийн бараа материал худалдаж аваагүй. 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би “Монфа трейд” ХХК-наас бараа 600,675 төгрөгийн бараа авсан. Уг мөнгийг Чандмань гэдэг эмэгтэйд бэлнээр нь өгсөн. Дараа нь уг мөнгийг дансанд хийх байх гэж би бодоод бэлнээр өгсөн. Надад худалдан авалт хийсэн талаар баримтууд байгаа. Мөн эдгээр ХХК-ний данс руу мөнгөн дүнг өөрийн хувийн 5554013886 гэсэн данснаас шилжүүлдэг байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 25-26 хуудас/,
гэрч Ж.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Монфа трэйд ХХК-тай хамтран ажилладаг байсан. 2020, 2021 оны хооронд богино хугацаанд хамтран ажиллаж байсан. 2021 оны 06 дугаар сараас байх сайн санахгүй байна, утас нь холбогдохгүй болчихсон байсан тэр цагаас хойш харилцахаа больсон. Борлуулагч нь Чандмань-Эрдэнэ гэж эмэгтэй хүн байсан. 2021 онд богино хугацаанд цөөн удаа бараа материал худалдан авч байсан. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Чандмань-Эрдэнэ гэх хүний данс руу 280,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөн адил Чандмань-Эрдэнэ гэсэн 5552080753 гэх данс руу 131,050 төгрөг тус тус шилжүүлэн бараа материал худалдан авч байсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36-37 дугаар хуудас/,
гэрч Т.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Анар эмийн сангийн эрхлэгч хийдэг. Манайх “Монфа трейд” ХХК-аас 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 3,703,950 төгрөгийн бараа худалдаж авсан. Бараа худалдаж авсан төлбөрөө 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хаан банкны интернэт банк ашиглан 5552080753 тоот Чандмань-Эрдэнэ гэх хүний дансанд гүйлгээний утга хэсэгт "Анар" эмийн сан гэж бичээд нэг удаагийн гүйлгээгээр хийсэн. Надад холбогдох баримт нь байгаа. 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1,942,125 төгрөгийн бараа худалдаж авсан. Бараа худалдаж авсан төлбөрөө 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны интернэт банк ашиглан 5552080753 тоот Чандман-Эрдэнэ гэх хүний дансанд гүйлгээний утга хэсэгт “Анар” эмийн сан гэж бичээд нэг удаагийн гүйлгээгээр хийсэн. Надад холбогдох баримт нь байгаа. 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1,869,704 төгрөгийн бараа худалдаж авсан. Бараа худалдаж авсан төлбөрөө 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны интернэт банк ашиглан 5552080753 тоот Чандман-Эрдэнэ гэх хүний дансанд гүйлгээний утга хэсэгт “Анар" эмийн сан гэж бичээд нэг удаагийн гүйлгээгээр хийсэн гэсэн мэдүүлэг 1хх-ийн 29-30 хуудас/,
гэрч Х.Янжинлхамын мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн “...Арвинлхам-Очир эмийн сангийн эрхлэгч хийдэг. Би 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр бараа материал худалдаж аваагүй. Ямар учиртайг нь сайн мэдэхгүй байна. 2021 оны 03 дугаар сард гараа гэмтээгээд Өвөрхангай аймаг орсон. Эмийн сангийн кодоороо “Монфа трейд”-ээс хувьдаа витамин худалдаж авсан. Манай “Арвинлхам-Очир” эмийн сангийн регистр Монфад бүртгэлтэй байдаг гэсэн мэдүүлэг /1хх-ийн 33-34 хуудас/,
гэрч Ц.Даваадуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тус байгууллагад орон нутгийн салбар бөөний төвийн тайлан данс тооцоог хариуцдаг. Тухайн үед данс тооцоог гарган ажиллахад 2020, 2021 оны авлагууд их хэмжээгээр төлөгдөөгүй, авлагатай байсан. Манай хариуцсан менежерүүд авлагатай газрууд руугаа холбогдоход эм, бараа бараа материалын төлбөр төлөгдсөн эм зүйч Чандмань-Эрдэнийн хувийн дансаар шилжүүлсэн талаар мэдэгдсэн. Мөн Оливе, Монос зэрэг байгууллагууд нь тухайн падаанаас бараа хүлээн аваагүй, захиалга өгөөгүй байсан. Би 2021 оны 11 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд албан томилолтоор ирж Чандмань-Эрдэнэтэй уулзахад бараа материал дутааснаа хүлээн зөвшөөрч гар бичмэл надад бичиж өгснийг нь би авч байгууллагын удирдлагад хүргүүлсэн. Чандмань-Эрдэнэтэй сар бүр нэг удаа холбогдож байгаа бөгөөд би банкнаас зээл хөөцөлдөж байгаа, тухайн зээл бүтэхээр байгууллагыг хохиролгүй болгоно гэж хэлсэн боловч одоогоор 300,000 төгрөг Чандмань-Эрдэнэ гэх нэрээр гүйлгээ орж ирсэн гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Э.Оюундарийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 09/05 дугаартай “...эм эмийн бүтээгдэхүүнийг үнэлбэл зах зээлийн цэнэ 15,345,630.00 төгрөг гэж дүгнэж байна.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 45-55 хуудас/,
гэрч С.Олдохын дансны хуулга /1хх-ийн 186-191 хуудас/, гэрч Ж.Энхтуяагийн Хаан банкны дансны хуулга /1хх-ийн 196-198 хуудас/, гэрч Т.Бямбасүрэнгийн хаан банкны дансны хуулга /1хх-ийн199-201 хуудас/, шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнийн Хаан банкны дансны хуулга, бараа материал дутааснаа хүлээн зөвшөөрсөн гар бичмэл /1хх-ийн 125-126 хуудас/, “Эс эм аудит” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6/3 дугаартай Хараат бус аудиторын тайлан /1хх-ийн 60-67 хуудас/ зэрэг болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Эрдэнэ-Очирын Чандмань-Эрдэнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Эрдэнэ-Очирын Чандмань-Эрдэнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Эрдэнэ-Очирын Чандмань-Эрдэнэ нь “...Би үлдэгдэл төлбөрийг ойрын хугацаанд төлөхөө илэрхийлж байхад анхан шатны шүүх надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг хэрэглээгүйд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болдог.
Шүүгдэгч Эрдэнэ-Очирын Чандмань-Эрдэнэ нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өөрчлөх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.