Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 133/ШШ2025/00010

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: **********-н нэхэмжлэлтэй

хариуцагч: **********-д холбогдох

************ байршилтай орон сууцны 10 м.кв талбайн зөрүү 16,822,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч **********, хариуцагч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: ********** байршилтай орон сууцны 10 м.кв талбайн зөрүү 16,822,420 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн үндэслэл: ********* миний бие 2024 оны 06 сарын 19 өдөр иргэн **********-тай 53.5 м.кв талбайтай 2 өрөө байрыг 90 сая төгрөг /1 м.кв- 1,682,242 төгрөг/ худалдан авах гэрээ байгуулж, ******** банкинд ипотекийн зээлд хамрагдсан. 08 сарын 02 өдөр урьдчилгаа 1,8 сая төгрөг, 08 сарын 07 өдөр үлдэгдэл 88,2 сая төгрөгийг ******* банкны дансаар шилжүүлж тухайн өдөр байраа хүлээж авсан. 08 сарын 29-нд авсан байрны бодит талбай 53.5 м.кв-даа хүрэхгүй болохыг хэмжиж мэдээд **********-тай утсаар холбогдож дутуу м.кв-ын зөрүү мөнгөө буцааж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд хүлээн зөвшөөрөөгүй, дугаар блоклосон, чатаар холбогдсон ч зөрүү мөнгө өгөхгүй гэсэн. “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 дагуу хэмжиж үзэхэд 37 м.кв талбай байна. Зөрүү 16 м.кв талбайн мөнгө болох 16 м.кв*1,682,242=26,915,887 төгрөг буцаан төлүүлэх хүсэлтэй байна. Сүүлд албан ёсны хэмжилтийн компаниар хэмжилт хийлгээд метр квадрат нь багасаад 43 метр квадрат болсон. Шинэ стандартаараа ариун цэврийн өрөө балкон хоёрыг оруулж тооцсон. 10 метр квадратын зөрүү байгаа. Тухайн үед надад хүлээлгэж өгөхдөө 53,5 метр квадратыг 90 сая төгрөгөөр үнэлж өгсөн. Би хугацаанд төлбөрийг 100 хувь шилжүүлээд байрыг авсан. Тодорхой хугацааны дараа буюу 08 дугаар сарын 20-ны үеэрх байрныхаа метр квадратын талбайг бага байна, хэмжээндээ хүрэхгүй байна гэдгийг мэдсэн. Тухайн үед худалдагч талтай холбогдож хэлэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Удаа дараа зөрүүтэй байна гэдгээ хэлж зөрүүнийхээ мөнгийг шилжүүлж авах хүсэлтэй байна гэдгээ хэлсэн ч хүлээж аваагүй. Миний дугаарыг блоклосон. Тэгээд хууль дүрмийнх нь дагуу явъя гэдгээ хэлсэн. Миний тухайд энэ байрыг авахад ипотекийн зээлээр авсан. Худалдах гэрээний 4.1-д худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэж заасан. Тэгээд бүрэн ашиглах боломжтой гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй гэсэн байгаа. Энэ дээр бол биет байдлын доголдолтой байрыг хүлээлгэж өгсөн гэж үзэж байна. Сүүлд яг мэргэжлийн хэмжилт хийдэг байгууллагаар хэмжүүлээд батлагдсан. Зээл аваад дээрээс нь давхар давхар зардлууд гараад сум орон нутгаас олон дахин наашаа ирж байгаатай холбоотой үргүй зардлууд их гарч байна. Зээлийн хүү, ирж, очих унааны зардал, хэмжилт хийлгэсэн зардал, байгаа байрны дулааны илүү төлбөр төлөгдөөд зардал их гарч байна. Иймд богино хугацаанд шийдвэрлүүлж, илүү төлсөн метр квадратын мөнгийг буцааж авах хүсэлтэй байна гэв.

3. Хариуцагчийн татгалзал: Тухайн байрыг манай гэр бүл 2019 оны 09 сард иргэн **********-с 53.5 м.кв талбайтай байрыг худалдаж авч, 2024 оны 6 сар хүртэл амьдарч ирсэн. Энэ хугацаанд тухайн байрыг хэмжиж үзээгүй, улсын хяналт шалгалтаар хүлээн зөвшөөрөгдсөн бичиг баримттай байр гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн амьдарсаар ирсэн. Байрыг одоо үеийн ханшийг судалж байж үнээ тогтоогоод **********-той харилцан тохиролцсоны үндсэн дээр байрыг худалдсан тул зөрүү мөнгийг буцаах боломжгүй. Байрныхаа гэрчилгээг **********-д шилжүүлсэн. Миний хувьд энэ байрыг анх зарахдаа зарын доор дугаараа бичсэн. Тэр хүн орж ирээд манай байрыг сонирхсон. Тэгээд би байраа тавилга дагалдуулаад 90 саяд өгнө гэж хэлсэн. Тэгээд орчин үеийн байрны үнэ ханшийг судалж байгаад энэ хүн зээл хөөцөлдөнө, өмнө нь 2 байр хөөцөлдөөд бүтсэнгүй гэж байсан. Тэгээд банкны зээлээ хөөцөлдөж эхэлсэн. Би хөдөө зуны амралтаар явж байгаад эргэж ирээд гэрчилгээг нь гаргаж өгсөн. 5 төрлийн тавилга дагалдаад 90 сая төгрөг болно гэдгийг хэлсэн. Байр шилжүүлэхдээ татварын мөнгө 2 сая төгрөгийг хасаад 88 сая төгрөг өгсөн байгаа. Метр квадрат нь тэдэн төгрөг шүү гэж яг нарийн тохиролцож, бодож тооцоолж өгөөгүй. Бүхэлд нь анхнаасаа л тавилгатай нь нийлүүлээд 90 сая төгрөг болно гэж тохироод татварын 2 сая төгрөгөө хасаад 88 сая төгрөг надад өгсөн. Гэхдээ зарахын өмнө би байраа зарахгүй гэж хэлж байсан. Яагаад гэвэл би нялх хүүхэдтэй өвөл болж байгаа тул гэрт амьдарч чадахгүй нь. Байр олдохгүй байгаа тул зарахгүй гээд хэлэхэд энэ хүн зарна гэж өч төчнөөн ажил болчихоод хүний ажил цалгардууллаа гээд байхаар нь өөрийгөө золиослоод нэгэнт ярьсан юм чинь хэлсэндээ хүрээд байраа зарсан. Би гэрт амьдарч байгаа болохоор маш их ханиадтай байна. Байрандаа байсан бол хүүхэд өвдөхгүй байх байсан. Энэ байрыг худалдаж авахад л яг ийм метр квадраттай байсан. Тэгээд намайг энэ хүн бичиг баримт өөрчилсөн ч гэх юм уу, луйвардсан гэсэн утгатай зүйл ярьсан. Миний хувьд бичиг баримт сольж засварласан зүйл байхгүй. Би энэ байрыг худалдаж авснаасаа хойш улсын бүртгэлийн гэрчилгээнд нь л итгэж найдаж явсан. Өөрөө хэмжилт хийж үзээгүй. Гэрчилгээгээ сольж байгаагүй. Хуурамчаар үйлдээгүй гэдгээ хэлмээр байна гэв.

4. Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-**********-н ******** дугаар /Ү-**********/ үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

-2024 оны 06 сарын 19-ний өдрийн ***** бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,

-*********-н Төрийн банкны депозит дансны хуулга,

-Байрны план зураг,

-“**********” ХХК-ийн хэмжилтийн зураг.

 

5. Хариуцагчаас иргэний хэрэгт ирүүлсэн нотлох баримт:

-**********-н ********** дугаар /Ү-**********/ үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

-2019 оны 09 сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар.

 

6. Хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

-******** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15/539 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч ********** нь хариуцагч **********-д холбогдуулан орон сууцны талбайн үнийн зөрүү 26,915,887 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд шаардлагаа багасгаж 10 м.кв талбайн үнийн зөрүү 16,822,420 төгрөг гаргуулахаар шаарджээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...**********-тай 53.5 м.кв талбайтай 2 өрөө байрыг 90 сая төгрөг /1 м.кв- 1,682,242 төгрөг/ худалдан авах гэрээ байгуулсан. Авсан байрны бодит талбай 53.5 м.кв-даа хүрэхгүй байх тул 10 м.кв талбайн зөрүү 10м.кв*1,682,242=16,822,420 төгрөг буцаан төлүүлнэ… гэж тодорхойлсон.

4. Хариуцагч ********** нь ...манай гэр бүл 2019 оны 09 сард иргэн *********-с 53.5 м.кв талбайтай байрыг худалдаж авч, 2024 оны 6 сар хүртэл амьдарч ирсэн. Энэ хугацаанд тухайн байрыг хэмжиж үзээгүй, улсын хяналт шалгалтаар хүлээн зөвшөөрөгдсөн бичиг баримттай байр гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн амьдарсаар ирсэн. Метр квадрат нь тэдэн төгрөг шүү гэж яг нарийн тохиролцож, бодож тооцоолж өгөөгүй. Бүхэлд нь анхнаасаа л тавилгатай нь нийлүүлээд 90 сая төгрөг болно гэж тохироод татварын 2 сая төгрөгөө хасаад 88 сая төгрөг надад өгсөн. **********-той харилцан тохиролцсоны үндсэн дээр байрыг худалдсан тул зөрүү мөнгийг буцаах боломжгүй…гэж татгалздаг.

5. Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад:

**********, ********** нар нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *********** байршилтай, улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр 53.5 м.кв талбайтай гэх байрыг 90,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, байрны өмчлөх эрхийг **********-д 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлэн өгсөн үйл баримт нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******** бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ******** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Харин байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авсны дараа буюу 2024 оны 08 сарын 29-нд нэхэмжлэгч ********** нь авсан байрны бодит талбай 53.5 м.кв-даа хүрэхгүй буюу хэмжиж үзэхэд 37 м.кв талбай байгаа талаар хариуцагч **********-д утсаар мэдэгдэж, дутуу м.кв-ын зөрүү мөнгөө буцааж авах талаар мэдэгдсэн, хариуцагч м.кв-ын зөрүүг буцаан өгөхөөс татгалзсан гэж үндэслэлээ тайлбарлаж байна.

6. Шүүх  талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. Учир нь худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

7. Нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээнд тохирсон ёсоор байрны өмчлөх эрхийг шилжүүүлэн өгсөн, үнийг хүлээн авсан гэх үйл баримттай маргаагүй.

Харин авсан орон сууц нь гэрээнд заасан хэмжээнээс бага талбайтай болохыг хожим мэдсэн тул илүү төлсөн мөнгийг буцаан гаргуулна гэж шаардаж байх тул гэрээний үнэ маргааны зүйл болжээ.

8. Нэхэмжлэгч ********** нь **********-тай 53.5 м.кв талбайтай 2 өрөө байрыг 90 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон нь байрны 1 м.кв-ыг 1,682,242 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэж ойлгоно,

...Худалдах гэрээний 4.1-д худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэж заасан. Тэгээд бүрэн ашиглах боломжтой гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй гэсэн байгаа. Энэ дээр бол биет байдлын доголдолтой байрыг хүлээлгэж өгсөн гэж үзэж байна… гэж маргаж, “********” ХХК-ийн хэмжилтийн зургийг нотлох баримтаар ирүүлсэн,

“*********” ХХК-ийн хэмжилтийн зурагт “...************ орон сууцны талбайн хэмжилтийг MNS 6058:2009 Монгол Улсын стандартын дагуу хийж гүйцэтгэхэд орон сууцны нийт талбай нь 43.72 м.кв болохыг тодорхойлж холбогдох зураг зөвшөөрлийг хавсаргав...” гэжээ.

Хариуцагч ********** нь “Метр квадрат нь тэдэн төгрөг шүү гэж яг нарийн тохиролцож, бодож тооцоолж өгөөгүй. Бүхэлд нь анхнаасаа л тавилгатай нь нийлүүлээд 90 сая төгрөг болно гэж маргадаг.

9. Талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсэж гэрээнээс үүсэх үүрэг бий болжээ. Байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэх, хүчин төгөлдөр бусад тооцох хуульд заасан нөхцөл байдал байхгүй тул дээрх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

10. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй., мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэсэн байх тул нэхэмжлэгч ********** нь орон сууцны дутуу талбайн үнийг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй байна.

11. Гэрээний эрх зүйн хувьд хуульд нийцсэн гэрээ нь талуудын хооронд бий болсон харилцааг илүү нарийвчилан зохицуулсан байдаг.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан ба маргаан бүхий гэрээгээр 2 өрөө байрыг худалдах, худалдан авахаар хүсэл зоригийн илэрхийлэл тусгагджээ.

Тодруулбал, гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд тухайн байрны үнийг харилцан тохиролцсон, хариуцагч нь байраа худалдахаар тодорхой үнийн санал гаргасан, үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байрны үнийг төлж, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байна.

 Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заажээ. Нотлох баримтаар авагдсан гэрээг судлахад гэрээний 2.1-д үл хөдлөх эд хөрөнгий мэдээлэл хэсэгт …53м.кв талбайтай гэж хэдийгээр бичигдсэн боловч 3.1-д гэрээний зүйлийн үнэ хэсэгт …үл хөдлөх эд хөрөнгийг …ерэн сая төгрөгөөр худалдахаар тохиролцов гэснээс үзэхэд орон сууцыг бүхлээр нь буюу байгаа байдлаар нь үнэлж худалдахаар тохиролцсон үгийн шууд утга байх ба харин орон сууцны талбайн нэг метр квадратыг нь үнэлж нийт талбайд харьцуулан үнийг тодорхойлсон нөхцөл гэрээнд тусгагдаагүй байна.

Худалдах худалдан авах гэрээний харилцааг Иргэний хуулийн хорин хоёрдугаар бүлэгт зохицуулсан ба нэхэмжлэгч биет байдлын доголдлыг нэхэмжлэлийн үндэслэл болгожээ. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгийг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар заажээ. Маргаан бүхий хөрөнгө буюу орон сууцны хувьд худалдан авагч 10м.кв /нэхэмжлэл гаргах үед 16м.кв гэж тодорхойлсон/ талбайн дутууг хэмжилт хийх зэрэг байдлаар мэдэх тогтоох боломжтой гэж үзэхээр нөхцөл байдал юм.  

12. Дээрх үндэслэлээр хариуцагч **********-д холбогдуулан ************ байршилтай орон сууцны 10м.кв талбайн үнийн зөрүү 16,822,420 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч *********-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **********-д холбогдуулан *********** байршилтай орон сууцны 10 метр квадрат талбайн үнийн зөрүү 16.822.420 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч ***********-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ҮЙТҮМЭН