Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 152/ШШ2024/00484

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,                                           

Нэхэмжлэгч: УДС ХХК-ийн,       

Хариуцагч: ШЭ ХХК-д холбогдох,      

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 36,715,190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 24ий өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн ерөнхий захирал ДС шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “УДС” ХХК нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулдаг онцгой объект бөгөөд Увс аймгийн Улаангом сумын ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад дулаан үйлдвэрлэж, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааг хэвийн явуулж, дулаанаар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Хариуцагч ШЭ төв нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дулааны эрчим хүч хэрэглэсэн 24,476,793 төгрөгийг төлөхгүй байгаагаас шалтгаалж “УДС” ХХК нь цахилгаан эрчим хүч, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, нүүрс, дизель түлшний их хэмжээний өрөнд орж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11-д халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоон гэж тус тус хуульчилсан. Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаартай “Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай” тушаалын б/ Увс аймгын халаалтын улирал эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон. Нэхэмжлэгч “УДС” ХХК нь дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх хангах үйл ажиллагааг хуулийн дагуу тасралтгүй хугацаандаа явуулж ирсэн болно. “УДС” ХХК нь Увс аймгийн Улаангом сумын “ШЭ” төвийн эзэн н.Бд 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1/47 дугаартай “Албан мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл дулааны төлбөр төлөөгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж хуульчилсан. Иймд хариуцагч ШЭ төвөөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 24,476,793 төгрөг, алданги 12,238,397 төгрөг, нийт 36,715,190 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.        

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн захирал ДСын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би, хариуцагч “ШЭ” төвийн захирал М.Б бид дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.

1. Хариуцагч “ШЭ” төв нь 2015-2024 оны хооронд төлөгдөөгүй дулааны төлбөр нийт 24,476,793 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 15,976,793 төгрөгийг төлж барагдууллаа.

2. Хариуцагч “ШЭ” төв нь үлдэгдэл төлбөр 8,500,000 төгрөг, алданги 341,526 төгрөг, нийт 8,841,526 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны дотор “УДС” ХХК-ийн Хаан банкны ..... тоот данс руу үл маргах журмаар шилжүүлнэ.

3. Нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн захирал ДСын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би хариуцагч “ШЭ” төвөөс 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөрийн алданги 11,896,871 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

4. Хэрэв дээрх эвлэрлийн гэрээг хариуцагч “ШЭ” төв нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг “ШЭ” төв зөвшөөрсөн болно.

5. Дээрх эвлэрлийн гэрээг талууд хэн нэгний дарамт шахалтгүй сайн дурын үндсэн дээр байгуулсан болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч “ШЭ” ХХК-ийн захирал М.Б нар нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Үүнд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 36,715,190 төгрөг гаргуулах тухай шаардлагаас алданги 11,896,871 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “ШЭ” ХХК-ийн захирал М.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 15,976,793 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл төлбөр 8,841,526 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч “УДС” ХХК-д бүрэн төлж барагдуулах,        

3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод тэнцүү хэмжээгээр хариуцуулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,526 төгрөгөөс 170,763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 170,763 төгрөгийг, хариуцагч “ШЭ” ХХК-с  78,207 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “УДС” ХХК-д олгох нь зүйтэй байна.         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:  

1. Нэхэмжлэгч “УДС” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 36,715,190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас алданги 11,896,871 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “ШЭ” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 15,976,793 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр 8,841,526 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулах нөхцөлөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                         

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,526 төгрөгөөс 170,763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 170,763 төгрөгийг, хариуцагч “ШЭ” ХХК-с 78,207 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “УДС” ХХК-д олгосугай.     

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.8 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.    

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА