Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 152/ШШ2024/00488

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д-ын,

Хариуцагч: УАТСЕБХСд холбогдох,

УАТСХСийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож, машинист, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч Д.Д,

Хариуцагч УАТСХСийн захирал Ш.Э, түүний өмгөөлөгч Б.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нууцзаяа нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1980 онд төрсөн, ам бүл 6, эхнэр, 6-17 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сургуульд ажилд орсон. Анх орохдоо 9 хүн сонгон шалгаруултад орж, би тэнцэж намайг ажилд авч байсан. Ажиллаж байхдаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. Тэгтэл 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр намайг дуудаж уулзаад чамайг ажлаас халлаа гэхээр нь яагаад гэхэд би өөрийн нөхөр Ганзоригийг ажилд авна гэж хэлээд шууд ажлаас халсан. Би сумынхаа хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан боловч ТСанд хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул шүүхэд ханд гэсэн учраас танай шүүхэд хандаж байна. Иргэн хүний хувьд хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулах шаардлага гарсан. Захирал Ш.Э нь ямар ч үндэслэлгүй намайг ажлаас халсан тул ажилдаа буцаж орох хүсэлтэй байх тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Дыг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн  Б/08 дугаартай тушаалаар ажлаас халсан байгаа. Дотоод журмынхаа 12.3 дугаар зүйлийг баримталсан юм байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дүгээр зүйлийг үндэслэн ажлаас халсан. Яагаад үндэслэлгүй гэж үзэж байна гэвэл 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр маргаан гарсан гээд архи уусан гэдгийг яриад байгаа. Энэ үед А/21 тушаалаар сахилгын шийтгэл авчихсан. Түүнээс хойш 12 дугаар сард гаргасан зөрчлөөр нь 5 дугаар сарын 06-ны өдөр халчихсан. Тэгэхээр сахилгын шийтгэл давхардаж байна гэж харж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэж заасан. 12 дугаар сард гаргасан зөрчлийг илрүүлээд түүнээс хойш сарын дотор арга хэмжээ авах ёстой, авчихсан. Гэтэл 12 дугаар сарын зөрчилд дахин 5 сарын дараа арга хэмжээ авах боломжгүй. Тиймээс хууль зөрчсөн шийдвэр болжээ гэж нэхэмжлэл гаргасан” гэв.

Хариуцагч Увс аймгийн ТСын ЕБХСийн захирал Ш.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ТСын Хахираа багийн Ерөнхий боловсролын сургуульд машинист, сантехникийн ажлын байранд 9 хүн ажилд орох өргөдөл өгсөн. Эдгээр хүмүүс дотор мэргэжлийн үнэмлэхтэй хүн байгаагүй улмаас тойрог ширээний ярилцлагыг дараах чиглэлээр явуулсан. Ярилцлагын чиглэл нь: Ажилд сонгогдсон хүн машинист, сантехникийн сургалтанд сууж мэргэжлийн үнэмлэхтэй болох төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг чандлан сахих, хүүхдийн орчинд ажиллах учир хүүхэд хөгжүүлэх чадвар, чин хүсэлтэй байх гэсэн шаардлагыг танилцуулсаны дараа 9 хүнээс хүн нь өөрийн хүсэлтээр нэрээ татсан. Үлдсэн 3 хүнээс Б овогтой Дыг ардын авьяастай мужаан хийх гарын ур дүйтэй гэсэн давуу талаар нь сонгож цаашид сантехник машинистын сургалтанд сууж мэргэжлийн сертификат, үнэмлэхтэй болох шаардлага тавьж, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр машинист, сантехникийн ажилд түр томилсон. Б овогтой Д нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа удаа дараа /3 удаа/ хэрэглэсний дараа хамт олны хурлаар алдаа дутагдлыг нь хамтран ярилцаж сануулах арга хэмжээ авсан. Дулааны ажил 5 дугаар сарын 15-ны өдөр дуусаж, 16-ны өдрөөс цэвэрлэгээ, тохижилтын ажилд ирээгүй. Ажилдаа ирэхийг шаардахад би газар тариалангийн ажилтай энэ ажлаас өргөдлөө өгөөд гарна гэж хэлээд гарч явчихаад үдээс хойш нь сургуульд ирж ажлаас хийсэн. 8 дугаар сарын 02-ны өдрөөс сургуулийн урсгал засвар хийх үеэр дундаас нь ажлаа орхиод явчихдаг, утсаар яриад шаардлага тавьж ажлаа гүйцэт хийгээрэй гэхэд би хадлан хадах ажилтай байна, чадахгүй намайг ажлаас халчих гэж хариу хэлж шаардага хүлээж авахгүй урдаас хэрэлдсэн. Дараа нь ирж ажлаа гүйцээхээр нь би янз бүрийн зүйл хэлээгүй. Ажлаа хэвийн гүйцэтгэж байгаад 11 дүгээр сард ээлжинд хонох үедээ архи уусан байсныг сүүлд мэдээд дараагийн ээлжинд байхад ангиудын паар хүйтэн бүлээн, зууханд түлсэн нүүрс дөнгөж асаж, зуухны үнс гүйцэд шигшиж буулгаагүйн улмаас дөнгөж асаж байсан. Ээлж хүлээж авах хүн ийм байпалтай ээлж авахгүй, түрүүчийн ээлжинд хоноход галаа унтраачихсан байсныг хүлээж аваад галлагаа үргэлжлүүлээд хийсэн. Үргэлж ийм байдалтай байж болохгүй гээд шаардлага тавихад өөрийн дутагдлаа хүлээж авахгүй нүүрсний хувингаар ээлж авах галчийг цохисон. Би хажуунаас нь та согтуу байгаа учир гэртээ харьж амраарай, маргааш өрөөнд уулзъя гэхэд эргээд намайг дайрч доромжлоод гараад явсан. Тэгээд би өрөөнд ажлаа хийж байтал орж ирээд миний халагдах тушаал одоо гаргаж өг гэж шаардсан. Би гэртээ харьж унтаж амраад эрүүл болохоор чинь ярилцъя гэхэд над руу хол явахыг чинь харна гэж хэлээд давс цацаж, ажлын өрөөнд дарамталж, ёс зүйн зөрчил гаргаад гараад явсан. Гарч яваад багийн айлуудаар орж намайг хахуульд үхэр үхэр авч идсэн гэж худал ярьж явсан. Над руу утсаар ярьж чи хахууль авсан, авлигатай тэмцэх газраар шалгуулан гэхээр тэгээрэй л гэлээ. Эрүүл болоод орж ирж уучлалт гуйхыг хүлээсэн, Б.Дыг алдаа дутагдлыг хамт олны хурлаар авч хэлэлцэх гэсэн боловч тэр хуралд ирээгүй. Хамт олонд танилцуулж дотоод журамд заасны дагуу сахилгын шийтгэл 12 дугаар сард оногдуулсан. Ажлын шаардлага тавихад эрүүл, согтуу үедээ намайг халчих, би энэ ажлаас гарна гээд байгаа хүнийг шаардаж ажиллуулах үнэхээр хэцүү байсан. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өрөөндөө дуудаж алдааг нь өөрт нь ойлгуулахад согтуу байсан миний буруу гэж хэлсэн боловч өөр хүмүүсийг буруутгаж 100 хувь алдаагаа хүлээн зөвшөөрөөгүй. 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэл өгсөн. Мэдэгдэлд за ойлголоо гээд аваад өрөөнөөс гарсан. Тэгээд ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эхнэр нь болох Ч.Атэй хамт дуудаж уулзаад ярилцсан. Манайх зээлтэй одоо ажлаас гарахад хэцүү байна гээд гэр бүлийн хамт учирлан гуйсан. Тэгээд цашид ажлын байр нь дээр архи уухгүй, хурал цуглаандаа идэвхтэй оролцох, ажлын шаардлагыг биелүүлж, хариуцлагатай ажиллавал хугацааг сунгаж ажиллуулъя гэсэн. Тэгээд өөрөө 4 дүгээр сар дуустал ажиллуулж өгнө үү гэсэн хүсэлт бичиж өгсөн. Хүсэлтийн 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр эхнэртэй нь хамт дуудаж уулзаад ажлаас чөлөөлөх тухай ярьсан. Тэгээд 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр тушаал гаргаж ажлаас чөлөөлөх тухай ярьсан. Тэгээд 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн байгаа. Анх ажилд ороход тавьсан шаардлагын дагуу мэргэжлийн сургалтад сууж өөрийгөө хөгжүүлээгүй, ёс зүйн зөрчил удаа дараа гаргасныг улмаас шат дараалалтай арга хэмжээ авч ажилласан. Иргэн хүний хувьд албан байгууллагыг хариуцаж, удирдаж ажиллаж байгаа би ажлын байран дээр алдаа дутагдал удаа дараа гаргасан ажилтанд шаардлага тавьсны эцэст хэл амаар доромжлуулж, гүтгүүлсэн тул нэрээ цэвэрлүүлж авмаар байна” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Л шүүхэд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч хуульд заасны дагуу боломжит хугацаа олгож байсан. Тухайн машинист нь тухайн сургуулийн байрыг халаах үүрэгтэй. Сургуульд хүүхдүүд байгаа. Гэтэл ажил үүргээ биелүүлэхгүй ажлын байранд согтуу байсан учраас ажлаас чөлөөлсөн. Б.Дын өмгөөлөгчийн хувьд нэг шийтгэлд 2 удаа арга хэмжээ авсан. Хуульд нийцэхгүй байна гэдэг зүйлийг ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Б.Д нэг биш, удаа дараа зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд ажлын байранд  архи согтууруулах ундаа хэрэглэх нь ноцтой зөрчил гэж заасан. Иймд ноцтой зөрчил гэж үзэж ажлаас халах үндэслэлтэй болохыг заасан. Б.Дд тухайн зөрчил гаргасантай холбогдуулаад сануулж, шаардаж байсан. Б.Д нь ажил олгогчийг удаа дараа хэл амаар доромжилж хэлж байсан. Архи ууж байгаа тохиолдолд заавал мэдэгдэх хуудас өгдөггүй. Захирал Ш.Эийн хувьд Б.Дд боломжит хугацааг өгсөн. Архи уусан учраас ажлаас чөлөөлж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар заавал мэдэгдэх шаардлагагүй. Ноцтой зөрчилд архи болон мансууруулах зүйл хэрэглэсэн бол ажлаас чөлөөлнө гэж заасан. Уг заалтыг баримталж ажлаас чөлөөлсөн байгаа. 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай ТСын ЕБХСийн захирлын тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тухайн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн ТСын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 44 дугаартай албан бичгийн хуулбар, Увс аймгий ТСын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай тушаалын хуулбар, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэг талаас ТСын ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар сургуулийн захирал, нөгөө талаас Б.Д нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, ТСын хоёрдугаар сургуулийн дотоод журам, ТСын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн хамт олны хурлын протоколын хуулбар, тус сургуулийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/21 дугаартай тушаалын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/07 дугаартай тушаалын хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай мэдэгдлийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б.Дын хүсэлтийн хуулбар, Б.Дыг ажлаас чөлөөлөх тухай 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай тушаалын хуулбар, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч УАТСЕБХСд холбогдуулан, тус сургуулийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож, машинист, сантехникчийн ажлын байранд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасан.

3. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Увс аймгийн ТСын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/01 тоот тушаалыг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу хөдөлмөрин маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Увс аймгийн ТСын Засаг даргын тамгын газарт ханджээ.

Тус сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 44 дугаартай албан бичгээр “Тус сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тул та хуульд заасан  хугацаанд харьяа шүүхэд хандаж гомдлоо шийдвэрлүүлнэ үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Д нь 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан хянан шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайбарлаж байна.

4.1. Нэхэмжлэгч Б.Д нь 2023 оны 11 дүгээр сард албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар маргаагүй. Хариуцагч нь Б.Дын дээрх зөрчилд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Улмаар түүнээс хойш хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй байхад 11 дүгээр сард гаргасан зөрчлийг нь үндэслэн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 5 сарын дараа ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан шинжтэй байгаа тул хууль бус гэв.

5. Хариуцагч болон түүний өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.

5.1. Хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулаагүй. Нэхэмжлэгч Б.Д нь удаа дараа байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргасан учраас түүний дээрх үйлдлүүдэд үндэслэн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдлолд ажилтанд заавал мэдэгдэх шаардлагагүй тул хариуцагч Увс аймгийн ТСын ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар сургуулийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/01 тоот тушаал эрх зүйн үндэслэлтэй гэв.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1. Нэхэмжлэгч Б.Д нь Увс аймгийн ТСын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар тус сургуулийн зуухны машинист, засварчнаар түр томилогдож, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэг талаас нэхэмжлэгч Б.Д, нөгөө талаас хариуцагч Увс аймгийн ТСын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн захирал Ш.Э нар хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

6.2. Увс аймгийн ТСын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/21 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Дыг “...ажил үүрэг гүйцэтгэх үедээ хуулийн заалт, гэрээ, төрийн албан хаагчийн ёс зүйг удаа дараа зөрчсөн, ажлын байран дээрээ хариуцлагагүй хандсан тул цалингийн 25 хувиар, нэг сарын хугацаатай бууруулах шийтгэл” оногдуулжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс ажил олгогчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/21 тоот тушаалын талаар маргаагүй бөгөөд энэхүү тушаал нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

6.3. Хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 22 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Б.Дд “...удаа дараа ажлаа гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэж, тавьсан шаардлагыг эсэргүүцэн ёс зүйн зөрчил гаргасан тул Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, байгууллагын дотоод журмын дагуу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас тань чөлөөлөхийг үүгээр мэдэгдье” гэх мэдэгдэл хүргүүлжээ.

Гэвч хариуцагч нь нэхэмжлэгч Б.Дын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн цуцлах шийдвэр гаргаагүй бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий Б/01 тоот тушаалыг гаргасан байна.

6.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Б.Д, түүний эхнэрийн хүсэлтийг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргах хугацааг 4 сараар хойшлуулж, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шийдвэр гаргасан гэж тайлбарласан бол нэхэмжлэгч талаас сургуулийн захирал Ш.Эийн бич гэсэн зүйлийг бичсэн гэж тайлбарласан.

Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хариуцагчаас чухам ямар зөрчлийн улмаас нэхэмжлэгч Б.Дд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан тухай тодруулахад “... Б.Д нь ажил үүргээ гүйцэтгэх үедээ удаа дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, төрийн албан хаагчийн хувьд зохисгүй авирлаж, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн...” гэж тайлбарласан ба нэхэмжлэгч талаас дээрх тайлбарыг үгүйсгээгүй.

Харин нэхэмжлэгч болон хариуцагч нараас нэхэмжлэгч Б.Д нь дээрх зөрчлийг гаргаснаас хойш дахин ямар нэгэн зөрчил гаргасан эсэх талаар тодруулахад зохигчдын хэн аль нь “сахилгын зөрчил гаргаагүй” гэх тайлбар гаргасан.

7. Ийнхүү хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгч Б.Дын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хууль тогтоомж зөрчсөн гэх удаа дараагийн үйлдлүүдэд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр сахилгын шийтгэл хүлээлгэсэн ба дээрх хугацаанаас хойш нэхэмжлэгч Б.Д хөдөлмөрийн сахилгын зөрчил үйлдээгүй байхад 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байна.  

8. Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Дыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.8, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.5 дахь заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтыг удаа дараа зөрчсөн гэж буруутгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтуудыг тус тус баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь бодит байдалд нийцэхгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Дыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасан “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсонгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “123.1.Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж заасан бол 123.7 дахь хэсэгт “Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй” гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч Б.Д нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр сахилгын шийтгэл хүлээснээс хойш дахин зөрчил гаргаагүй байхад хөдөлмөрийн сахилгын зөрчил удаа дараа гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг баримтлан 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэл хүргүүлж, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан хариуцагч Увс аймгийн ТСын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн захирлын Б/01 тоот тушаалыг нэхэмжлэгч Б.Дын сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан гэж үзэх үндэслэлтэй.

9. Түүнчлэн, төрийн албан хаагчийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль зөрчсөн гэж буруутгаж байгаа бол тухайн байгууллагын дэргэдэх Ёс зүйн хороо буюу дэд хороо дүгнэлт гаргаж, томилох эрх бүхий албан тушаалтан Ёс зүйн хороо буюу дэд хорооны дүгнэлтийг үндэслэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан хариуцлагаас сонгон сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалттай байна.

Энэ тохиолдолд, нэхэмжлэгч Б.Д нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж зөрчсөн эсэх талаар Увс аймгийн ТСын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн Ёс зүйн дэд хороо хянан шалгах ажиллагаа явуулж, дүгнэлт гаргаагүй болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн ёс зүйг удаа дараа зөрчсөн гэж буруутгаж, ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан хариуцагчийн шийдвэрийг эрх зүйн үндэслэлгүй гэж үзнэ.  

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн ТСын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн тус сургуулийн машинист, сантехникийн ажилд эгүүлэн тогтоов.

11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн ТСын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулиас 70,200 төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн 10015000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан Увс аймгийн ТСын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Дыг тус сургуулийн машинист, сантехникийн ажлын байранд эгүүлэн тогтоосугай.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн ТСын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулиас 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА