| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00587/и |
| Дугаар | 152/ШШ2024/00496 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 152/ШШ2024/00496
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Л.Чгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Л.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Ч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд орос хэлний багшаар ажилд орсон. Тус сургуульд 1995 оны 02 дугаар сарыг дуустал ажиллаж байгаад Өсвөрийн зохион бүтээгчдийн сургууль нь татан буугдах болсон тул ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хугацааны цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтэрт бичигдэж баталгаажсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн сургуулиас гарсан тушаал олдохгүй байгаа. Энэ тухай Увс аймгийн архиваас лавлагаа, тодорхойлолт авсан болно. Иймд 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд орос хэлсний багшаар Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Тухайн үед хамт ажиллаж байсан М.Ж, П.Л нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 303 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 130 дугаартай зөвлөмжийн хуудас, Л.Чгийн, 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрэл зураг, гэрч М.Ж, П.Л нарын иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Л.Чгийн хүсэлтээр М.Ж, П.Л нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хүсэлт гаргагч Л.Чгийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Л.Ч нь шүүхэд хандаж 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Л.Чгийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 303 дугаартай тодорхойлолтоор “Увс аймгийн Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн тушаалын баримт тус архивд шилжиж ирээгүй тул Л.Чд холбогдох баримтыг гаргах боломжгүй болно” гэжээ.
Иймээс хүсэлт гаргагч Л.Чгийн 1994-1995 оны хооронд орос хэлний багшаар ажиллаж байсан Увс аймгийн Улаангом сумын Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн тушаал болон цалингийн баримт архивт хадгалагдаагүйн улмаас хүсэлт гаргагч Л.Ч нь тус сургуульд 1994-1995 оны хооронд ажилласан хугацааг тооцуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон болох нь Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 130 дугаартай зөвлөмжийн хуудсаар тогтоогдож байна.
3.2. Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Л.Чгийн хөдөлөмрийн дэвтрийг Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн захиргаанаас 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгосон байх бөгөөд тус дэвтрээр Л.Чгийн 1994 оны 3 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, цалин хөлс авч байсан болох нь тогтоогдож байна.
3.3. Гэрч М.Ж шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Намайг Увс аймгийн Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд химийн багшаар ажиллаж байхад Л.Ч 1994 онд орос хэлний багшаар ажилд орж байсан. Өсвөрийн зохоин бүтээгчдийн сургууль нь 1995 оны 8 дугаар сард татан буугдаж, биднийг өөр өөр сургуулиудад хуваарилж байсан. Би Улаангомын 2 дугаар 10 жилийн сургуульд, Л.Ч багш 1 дүгээр 10 жилийн сургуульд хуваарилагдаж байсан. Бид өөр сургуульд хуваарилагдсан хэдий ч нэг аймагт багшаар ажиллаж байгаа учраас байнга холбоотой байдаг. Тухайн үед Өсвөрийн зохион бүтээгчдийн сургууль нь 15 орчим багш ажилладаг байсан ба захирлаар нь н.Идэш багш ажиллаж байсан. Монгол хэлний багш П.Л, хөдөлмөрийн багшаар н.А, технологийн багшаар н.А, Х, дүрслэх урлагийн багшаар Г.С, гадаад хэлний багшаар Б, физикийн багшаар Д.Б, менежерээр О.Б гэх хүмүүс ажиллаж байсан” гэжээ.
3.4. П.Л шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Би 1980-1981 оны хичээлийн жилд Архангай аймгийн Техник мэргэжлийн сургуулийг Монгол хэлний багшаар төгсөж ирээд 1981-1992 оны хичээлийн жилд Увс аймгийн Тариалан сумын 8 жилийн сургуульд монгол хэлний багш, 1992-1994 оны хичээлийн жилд Улаангомын Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд монгол хэлний багшаар, 1994 оны 10 дугаар сараас 1997 оны хичээлийн жилд Чандманий 5 дугаар дунд сургуульд монгол хэлний багшаар, 2002-2006 оны хичээлийн жилд ахлах 3 дугаар сургуульд багшаар, 2006-2010 онд Улаангомын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд багшаар, 2010-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд тус тус ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Намайг Увс аймгийн Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд монгол хэлний багшаар ажиллаж байхад Л.Ч 1994 онд орос хэлний багшаар ажилд орсон. Бид хамтдаа 1994 оны хичээлийн жилд Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд ажилласан. Тухайн үед Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд монгол хэлний багшаар би П.Л, хөдөлмөрийн багшаар н.А, технологийн багшаар н.А, Х, дүрслэх урлагийн багшаар Г.С, холбоо, мэдээллийн багш Ц, физикийн багшаар Д.Б, менежерээр О.Б, захирлаар И, нярав Ч, сантехникч Л, үйлчлэгч О гэх хүмүүс ажиллаж байсан” гэжээ.
Гэрч М.Ж, П.Л нар нь хүсэлт гаргагч Л.Чгийн шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1994-1995 оны хооронд Увс аймгийн Улаангом сумын Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлэгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Л.Чг 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом сумын Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан гэж дүгнэж, түүний хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
5. Шүүхээс хүсэлт гаргагч Л.Чгийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Б овогт Л.Чгийн (РД:ХЛ69072808)-ийг 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом сумын Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Л.Чгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА