| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0482/З |
| Дугаар | 128/ШШ2024/0682 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2024/0682
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “С” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.С, Д.Т,
Хариуцагч: Шүүх шинжилгээний ерөнхий газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б., У.Б, П.А, Л.Э,
Хариуцагч: Шүүх шинжилгээний ерөнхий газрын тендерийн Үнэлгээний хороо,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д, Р.Д, Ж.О,
Маргааны төрөл: Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх шинжилгээний байгууллагын лабораториудын шинжилгээний багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэх тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, Ш.Ү, Ж.Э, Д.Т, хариуцагч Шүүх шинжилгээний ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхамчин, П.А, У.Б, Л.Э, хариуцагч тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д, Б.Д, Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгчээс 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Шүүх шинжилгээний байгууллагын лабораториудын шинжилгээний багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “С” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын “Шүүх шинжилгээний байгууллагын лабораториудын шинжилгээний багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо”-нд, гэрээ байгуулахыг Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт тус тус даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.
Сангийн яам манай компаниас гаргасан тус гомдлыг хүлээн авч хянан үзээд 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/1800 дугаартай албан бичгээр хариу өгсөн бөгөөд тус албан бичигт “...гомдолд манай санал болгосон ******* улсын ******* үйлдвэрлэгчийн загварын дээж байрлуулах тавиурын тоо 240х2=480 юм гэж дурдсан байх тул тус төхөөрөмж нь 2 тавиуртай эсэхийг тодруулж, Тендер сонгон шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 5.9, 5.10-т заасны хэрэгжүүлэн ажиллана уу.”, мөн “Түүнчлэн захиалагч нь оролцогчдод хүргүүлэх шийдвэрийг боловсруулахад Сангийн яамны сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн баталсан А/255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “тендер үнэлэх, давуу эрх олгох тухай аргачлал, заавар”-ын 10.8-д нийцүүлэн үндэслэлийг тодорхой дурдаж ажиллана уу..” хэмээн тус тус дурдсан. Хариуцагч Шүүх шинжилгээний ерөнхий газар нь Сангийн яамны дээрх хариуг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай албан бичгээр “тус төхөөрөмж нь 2 тавиуртай эсэхийг тодруулж” манай компанийн зүгээс тус албан бичигт 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 172 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн.
Гэтэл хариуцагч Шүүх шинжилгээний ерөнхий газар нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр “Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тоот албан мэдэгдлийн шийдвэрийг хэвээр үлдээх болсныг үүгээр мэдэгдье.” гэсэн хариуг өгсөн.
Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг хүлээн д эс хүлээн зөвшөөрч шүүхэд энэхүү нэхэмжлэлээ гаргаж байна. Тус тендер нэг компани оролцсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс “С” ХХК-г шалгаруулаагүй нь үйлдэл нь хууль бус, үндэслэлгүй хэмээн үзэж байгаа тул шалгаруулаагүй захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, “С” ХХК-ийн тендерт хүргүүлсэн тендерийн баримт бичгийг дахин үнэлэхийг даалгах шаардлага гаргаж байгаа болно.
Нэг. Нэхэмжлэгчийн зүгээс тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Үүнд: Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн дугаартай мэдэгдэлд. “.. танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй” гэсэн.
Захиалагч нь тус хуулийн холбогдох зүйл, заалтыг баримталсан ч тухайн тендерийн техникийн тодорхойлолтын ямар зүйл, заалтыг хангаагүй тухай бичээгүй бөгөөд шаардлага хангаагүй” гэх мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлийг бүрэн хангахгүй хууль, захиргааны хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна. Тодруулбал:
Сангийн яамны үзээд 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/1800 дугаартай албан бичигт “Сангийн яамны сайдын 2023 оны 12 сарын 25-ны өдрийн баталсан А/255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “тендер үнэлэх, давуу эрх олгох тухай аргачлал, заавар”-ын 10.8-д нийцүүлэн үндэслэлийг тодорхой дурдаж ажиллана уу” гэсэн боловч хариуцагч нь тухайн журмын заалтыг баримтлаагүй, Сангийн яамнаас өгсөн чиглэлийг мөрдөж хэрэгжүүлээгүй.
“С ХХК нь ямар шаардлага, үндэслэл хангаагүй талаар мэдээлэл аль ч мэдэгдэл дээр байхгүй бөгөөд үндэслэлийг тодорхой өгөөгүй оролцогчийг эрхийг ноцтой зөрчсөн.
“С” ХХК санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтын аль хэсэгт заасан ямар шалгуурыг хангахгүй байгаа талаар дурдаагүй бөгөөд нийцсэн байхад нийцээгүй хэмээн үзэж шалгаруулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус юм.
Хоёр. Манай компани тендерийн техникийн тодорхойлолтыг 100 хувь бүрэн хангасан ба техникийн тодорхойлолтод заагаагүй зүйлийг дур мэдэн нэмж оруулаагүй бөгөөд түүнчлэн бусад давуу талуудын талаарх үнэн, зөв мэдээллийг хангалттай хүргүүлж, нэмэлтээр хийх ажлуудыг санал болгосон. Үүнд:
1. Техникийн тодорхойлолтод SPS4 автомат дээж авагчтай байх (ІСP-MS-д зориулагдсан) гэж заасан бөгөөд энэ нь ******* 7900 ICP-MS төхөөрөмжийн үзүүлэлт юм. SPS4 гэдэг зөвхөн ******* үйлдвэрлэгчийн технологийн нэршил бөгөөд төхөөрөмжийн дээж байрлуулах тавиурын тоог зааж байгаа үзүүлэлт. ******* 7900 ICP-MS загварын дээж байрлуулах тавиурын тоо 360
2. Харин манай санал болгосон ******* улсын ******* үйлдвэрлэгчийн *******- 2030 загварын дээж байрлуулах тавиурын тоо 240х2=480 юм. Энэ үзүүлэлтийг техникийн тодорхойлолт дээр маркийн автомат дээж авагчтай гэж бичсэн. Энэ нь нэг удаагийн шинжилгээгээр шаардлагаас 120 дээж илүү шинжлэх давуу талтайг харуулна.
2. ******* загвар нь ул мөр төдий байгаа элементийг шинжилсэн туршлага, шинжилгээний ажлын мэдээллийг гарган үзүүлэх давуу талтай бөгөөд энэ тухай үйлдвэрлэгчийн каталогийн 4,,10,,11-р хуудсанд дэлгэрэнгүй танилцуулсан болно.
3. ******* загвар нь эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй. Энэ шинээр дагаж мөрдөж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журамд заасан ашиглалтын хугацааны хувьд урт, эдийн засгийн хэмнэлтийг харуулсан том үзүүлэлт билээ. ICP-MS тоног төхөөрөмжийн хамгийн их зардал болох Аргон хийн тогтмол зардал ******* 7900 ICP-MS загварын хувьд 18-24 л/мин буюу 7,800л бүхий бүтэн хийн баллоноор 5 цаг ажиллах үзүүлэлтийг тухайн төхөөрөмжийн хувьд техникийн үзүүлэлтэд заасан байдаг. Харин манай санал болгосон ******* загвар нь 12л/мин буюу 7,800л бүхий бүтэн хийн баллоноор 10 цаг ажиллах буюу 2 дахин илүү хүчин чадалтай төхөөрөмж юм.
4. ******* загвар нь эко горимоор ажилладаг ба идэвхитэй хэмжилт хийгээгүй үед хийн зарцуулалтыг 5 л/мин болгож цахилгаан зарцуулалтыг 0.5кВт хүртэл бууруулдаг, мөн бүтээмжийг алдагдуулахгүйгээр шинжилгээг шууд үргэлжлүүлэн хийж болно. Харин ******* 7900 ICP-MS загварт эко горимоор ажиллах техникийн үзүүлэлт байхгүй.
5. ******* загвар нь бага-цэвэршилттэй буюу 99.95% аргон хий ашиглаж болно. Энэ нь бага үнэтэй тул ашиглалтын зардлыг мөн бууруулах боломжтой. Харин ******* 7900 ICP-MS загвар нь 99.99% аргон хий ашиглана. Энэ нь өндөр үнэтэй тул ашиглалтын зардал өндөр юм.
6. ******* загварын бүтэц нь засвар үйлчилгээ хийхэд илүү хялбар болсон. Учир нь бүх эд ангиудыг тусгай багаж, хэрэгсэлгүйгээр задалж, угсрах боломжтой бөгөөд энэ нь цэвэрлэгээ, засвар үйлчилгээг хурдан шуурхай хийж, түүнтэй холбоотой саатал гарахгүй байх үндэс болсон. Мөн эд ангиуд болон сэлбэг хэрэгсэл нь маш жижиг хэсгээр салдаг тул аливаа гэмтэлтэй эд ангиудыг дангаар нь солих боломжтой. Энэ нь мөн засвар үйлчилгээний зардал хямд байх давуу тал болно.
7. ICP-MS төхөөрөмж нь Argon хийгээр ажиллах тул тендерийн техникийн тодорхойлолтод шаардаагүй боловч бид өөрсдийн зардлаар нэмэлтээр хийн хоолойн холболтуудыг мэргэжлийн компанитай хамтран хийж гүйцэтгэнэ. Энэ нь ашиглагч байгууллагаас хийн хоолойн холболтуудыг хийлгэхэд дахин зардал гаргахгүй байхаар тооцож нэмэлтээр хийж, иж бүрэн үйлчилгээг үзүүлэхээр тооцоолсон болно.
8. ICP-MS тоног төхөөрөмж дээр тоон шинжилгээ хийх элемент тус бүрд стандарт дээж шаардлагатай болдог. Манай компани техникийн тодорхойлолтод заагаагүй Дараах 32 төрлийн стандарт дээжүүдийг нэмэлтээр нийлүүлэх төлөвлөлтийг гаргаж, саналыг хүргүүлсэн билээ. Энэ нь захиалагч байгууллагаас стандарт дээжүүдийг худалдан авах зардлыг бууруулж байгаа билээ.
Дээрхээс үзвэл Манай “С” ХХК-ийн санал болгосон бараа, ажил үйлчилгээ нь захиалагчийн техникийн тодорхойлолтод нийцсэн байхад нийцээгүй хэмээн үзэж “С” ХХК сонгон шалгаруулахаас татгалзсан шийдвэр үйл ажиллагаа буюу зөвлөмж нь хууль бус эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг хүчингүй болгуулах 1 шаардлага гаргаж байгаа билээ. Захиалагч буюу Шүүх шинжилгээний ерөнхий газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2. дахь хэсэгт зааснаар сан энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ. ...” гэж заасны дагуу мэдэгдэх үүрэгтэй атал мэдэгдээгүй, мөн үнэлгээний хорооны шийдвэрийг танилцуулаагүй, үнэлгээний хорооны шийдвэртэй танилцах боломж олгоогүй юм.
Мөн үнэлгээний хороо хуралдаж ямар шалтгаанаар тендерт шалгаруулахаас татгалзаж буй талаар тэмдэглэл үйлдэж, тухайн тэмдэглэлийг үндэслэн захиалагч оролцогч нарт мэдэгдэл хүргүүлдэг билээ. Гэтэл Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичигт сонгон шалгаруулахаас татгалзаж буй үндэслэлийн талаар огт дурдаагүй байдлаас үзвэл үнэлгээний хороо хуралдаагүй шууд шийдвэр гаргасан байх ч магадлалтай гэдгийг энд дурдах нь зүйтэй.
Иймд дээрх нөхцөл байдлыг торуулах, үнэлгээний хорооны байгуулагдсан эсэх, Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжийн дугаарыг тодруулахын тулд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт заасан “захиалагчийн бүрдүүлсэн тендерийн хувийн хэргийг" захиргааны хэрэг үүсгэсний дараа шүүхийн журмаар татан авч нотлох баримтаар татан авч, хэрэг хавсаргасны дараа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дахин тодруулан өгөх боломжтойг дурдах нь зүйтэй. Үнэлгээний хороо хуралдаж зөвлөмж хүргүүлээгүй тул захиалагч нь Тендер шалгаруулалтын ямар шаардлагыг “С” ХХК хангаагүй гэсэн “үндэслэлээ” дурдаж чадаагүй гэж үзэж байна. “Сангийн яамны сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн баталсан А/255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “тендер үнэлэх, давуу эрх олгох тухай аргачлал, заавар”-ын 10.8-д нийцүүлэн үндэслэлийг тодорхой дурдаж ажиллана уу” гэсэн албан бичгийг Сангийн яам өгсөөр байхад мөрдөж ажиллаагүй эс үйлдэхүйгээс үзвэл “манай компанийг шалруулаагүй тухай үндэслэлээ захиалагч тодруулаагүй, үнэлгээний хороо хуралдаж зөвлөмж гаргаагүй, зөвлөмж гаргаагүй тул зөвлөмжтэй биднийг танилцуулаагүй гэж үзэж байна. Захиалагч нь үндэслэлээ дараах байдлаар бичих ёстой байсан болно.
Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын тухайд,
Нэг: Шүүх шинжилгээний ерөнхий газрын "Шүүх шинжилгээний байгууллагын лабораториудын шинжилгээний багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05-1529 дугаар “Мэдэгдэл хуруулэх тухай” албан бичгээр “С” XXK-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд,
Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр манай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль (ТБОНӨХБАҮХАТХ)-ийн 26 дугаар зүйлийн 26.4.2 дахь хэсэгт заасны дагуу тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй гэж үзэж тендерээс татгалзсан нь дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:
1. Манай компани нь тендерийн техникийн тодорхойлолтыг 100 хувь бүрэн хангасан ба бусад давуу тал болон нэмэлтээр хийх ажлуудыг санал болгосон бөгөөд ******* загвар нь эдийн засгийн хувьд маш хэмнэлтийг харуулсан үзүүлэлт болно. Ийнхүү тендерийн техникийн тодорхойлолтыг хангасан талаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхой дурдсан бөгөөд манай компани тендерийн техникийн шаардлагыг бүрэн хангасан байхад шаардлага хангаагүй гэж үзсэн нь хууль бус байна.
2. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт тууний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ” гэж заасны дагуу татгалзсан үндэслэлийг тодорхой заагаагүй бөгөөд манай компани ямар шаардлага, үндэслэл хангаагүй талаар мэдээлэл өгөөгүй нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн болно.
Иймд тус тендерийн үнэлгээний хорооноос “С” ХХК-ийн эрх ашгийг зөрчиж хууль бус татгалзсан шийдвэр байх ба тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тоот зөвлөмж, мэдэгдлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгч компанийн зөрчигдсөн эрх буюу тендерт “шаардлага хангасан”-д тооцогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэгдэх юм.
Хоёр. Гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын “Шүүх шинжилгээний байгууллагын лабораториудын шинжилгээний багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо”-нд, гэрээ байгуулахыг Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт тус тус даалгах шаардлагын тухайд:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “... Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” мөн зүйлийн 50.2.3. “...захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх…” гэж заасны дагуу Захиалагч нь тендерийн Үнэлгээний Хорооны зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулах шийдвэр гаргахаар байх тул Гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүрүүлэхийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын “Шүүх шинжилгээний байгууллагын лабораториудын шинжилгээний багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо”-нд, гэрээ байгуулахыг Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт тус тус даалгах шаардлагыг тодруулан гаргаж байна.” гэжээ.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс анх шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлээсээ гадна нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулж өгсөн. Нэхэмжлэлийн эхний шаардлага нь Шүүх шинжилгээний ерөнхий газарт холбогдуулаад Шүүх шинжилгээний ерөнхий газар, Үнэлгээний хороонд гэрээ байгуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх шинжилгээний байгууллагуудын лабораториудын шинжилгээний багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай албан бичгээр тендерээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын үнэлгээний хороонд даалгах гэсэн шаардлагуудыг тус тус гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Нэхэмжлэгч компани нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газраас зарласан ШШЕГ2024/0102021 дугаартай Шүүх шинжилгээний ерөнхий газрын тоног төхөөрөмж гэсэн тендерт оролцсон бөгөөд тус тендер нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нээгдсэн. Уг тендертэй холбоотойгоор Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай тендерийн мэдэгдэл цахим сайтад тавигдсан бөгөөд тус мэдэгдэлд манай компанийг тендерийн шаардлага хангаагүй тул татгалзсан тухай дурдсан байсан. Шийдвэрийг хүлээж д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу гомдлоо 03 дугаар сарын 07-ны өдөр 150 тоот албан бичгээр Сангийн яаманд гаргасан. Сангийн яам 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 03/1800 дугаартай албан бичгээр хариу өгсөн бөгөөд тус албан бичигтээ “гомдолд манай санал болгосон япон улсын Ш******* /*******/ үйлдвэрийн *******-2030 загварын дээж байршуулах тавиурын тоо 240*2=480 юм.” гэж дурдсан байх тул тус төхөөрөмж нь 2 тавиуртай эсэхийг тодруулж, Тендер сонгон шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 5 дугаар зүйлийн 5.9, 5.10-т заасныг хэрэгжүүлэн ажиллана уу, гэж дурдсан. Дээрх Сангийн яамны албан бичигт 2 асуудал яригдаж байгаа. Нэгдүгээрт, нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч байгууллагыг 2 тавиуртай хэсгийг тодруул. Хоёрдугаарт, хариуцагч буюу Шүүх шинжилгээний ерөнхий газраас мэдэгдэл хүргүүлэхдээ Сангийн сайдын Тендер сонгон шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 5 дугаар зүйлийн 5.9, 5.10-т заасныг хэрэгжүүлж ажилла гэдэг байдлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийж хариуг хүргүүлсэн байдаг.
Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан А/255 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер үнэлэх давуу эрх олгох тухай аргачлал зааврын 10 дугаар зүйлийн 10.8-т заасан нийцүүлэх үндэслэлийг тодорхой дурдаж ажиллана уу.” гэж тодорхой дурдсан байгаа. Гэтэл хариуцагч нь дээрх журмуудыг баримталж ажиллаагүй. Тендер сонгон шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 5 дугаар зүйлийн 5.9, 5.10, Сангийн сайдын А/255 дугаар албан бичигт батлагдсан Тендер үнэлэх давуу эрх олгох тухай аргачлалын зааврыг аль алиныг нь баримталж ажиллаагүй. Хариуцагч нь шууд Сангийн яамны дээрх албан бичгийг үндэслээд 04 дүгээр сарын 02-ны өдөр дугаартай албан бичгээр тус төхөөрөмж нь 2 тавиуртай эсэхийг тодруулсан. Манайхаас хариу албан бичиг 04 дүгээр сарын 03-ны өдрийн 172 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Гэтэл хариуцагч Шүүх шинжилгээний ерөнхий газар 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр өмнө нь гаргасан буюу 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 04/529 дугаартай албан мэдэгдлийн шийдвэрийг хэвээр үлдээх болсныг мэдэгдсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05/1520 дугаар мэдэгдэл хүргүүлэх албан бичгээр манай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуульд, /цаашид Тендерийн тухай хууль/ гээд товчлоод явъя. Тендерийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2-т заасны дагуу бол тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй гэж тендерээс татгалзсан нь хууль бус гэж үзэж байгаа.
Манай компани нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг бүхэлд нь хангаж байгаа бөгөөд тендерийн тодорхойлолтод зааснаас нэмэлтээр давуу тал болон хийх ажлуудтай. Манай тоног төхөөрөмж захиалагчийн хүсээд байгаа тоног төхөөрөмжөөс дараах байдлаараа давуу талтай юм гэдгийг бүгдийг нь тайлбарлаж бичсэн. Эдийн засгийн хувьд хэмнэлттэйг харьцуулан үзүүлж, харьцуулалтыг мөн явуулсан. Тендерийн тодорхойлолтыг хангасан талаар нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой дурдсан. Манай компани техникийн шаардлагыг бүрэн хангасан байхад шаардлага хангаагүй гэж үзэж байгаа нь хууль бус. Тухайн мэдэгдэл дээрээ аль шаардлагыг нь хангахгүй байгаа юм гэдгээ тодорхой дурдаж өгөх ёстой байсан. Гэтэл хариуцагч нь яг аль шаардлагыг хангахгүй байгаагаа мэдэгдэлд огт дурдаагүй. 240 тавиуртай, 360 байх ёстой гээд байгаа юм уу, хариуцагчийн хариу тайлбартаа дурдсан байснаар бүхээгийн асуудал дээр татгалзаж байна гэж байгаа юм уу, гэх талаараа огт мэдэгдэлдээ дурдаагүй.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, техникийн тодорхойлолтын аль хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэдгээ мэдэгдэлдээ тодорхой дурдаж өгөөгүй нь энэ шийдвэр нь үндэслэл бүхий байж чадахгүй байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.
Мөн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар “Энэ хуулийн 28.1.2, 1.3-д заасан шийдвэрт түүний тендерт шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ цэнийг зааж оролцогч тус бүрд мэдэгдэнэ.” гэж заасан. Гэтэл хариуцагч нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг зөрчсөн. Тодруулбал, татгалзсан үндэслэлээ огт бичээгүй. Энэ нь Тендерийн тухай хуулийг зөрчсөн. Нэхэмжлэгч компани ямар шаардлага, үндэслэлийг хангаагүй талаар өгөөгүй нь тендерт оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд тус тендерийн Үнэлгээний хорооноос гаргасан зөвлөмж, хариуцагч Шүүх шинжилгээний ерөнхий газраас манайд хүргүүлсэн дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасны дагуу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа.” гэжээ.
11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би “С” ХХК-ийн энэ төхөөрөмж дээр лабораторид ажиллаж, засвар үйлчилгээг гүйцэтгэж байсан химийн инженер байгаа юм. Анх тендерийн материал дээр марк л заасан байснаас биш 360 байх ёстой, 240 байх ёстой, 480 байх ёстой гэсэн зүйл байгаагүй. Ажилент /*******/-ийн хувьд өөрсдийнх нь зөвхөн төхөөрөмж нь таардаг марк байдаг. Манайх Ш******* /*******/ дээр зөвхөн өөрсдийнхөө Ш******* /*******/ таардаг марк гээд байдаг. Тэгсэн чинь сүүлд нь 360 байх ёстой гэдэг. Шүүх шинжилгээний ерөнхий газраас тендер татгалзсан хүсэлтээ дахиж бичихдээ тэр тоог оруулж ирсэн. Бидний төлөөлж байгаа Ш******* /*******/ брэндийн зүгээс 1875 оноос хойш өдгөө 150 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа. *******ы *******, ******* гэж байдаг бол Ш******* /*******/ нь ******* Улсад технологийн хувьд *******гаас ч давсан номер нэг брэнд. Өдгөө 180 оронд нийлүүлэлт хийдэг. Өөрсдийн салбаруудаар дамжуулаад шууд нийлүүлэлт хийдэг үйлдвэр байгаа. Энэ ******* төхөөрөмжийг Монголоос гадна технологи хөгжсөн олон газрууд байгаа. Хятад, Америк, Сингапур, Европ, ******* гэх зэрэг улсуудаас 150 жилийн түүхэнд ажилчдын эрүүл мэнд, өөр бусад асуудал 150 жилийн түүхэнд нэг ч удаа яригдаж байгаагүй. Тэгэхэд яагаад Шүүх шинжилгээний ерөнхий газраас тийм асуудлыг хөндөөд байгааг ойлгохгүй байна. Жишээ нь ажилчдын эрүүл мэнд гэж ярьж байгаа мөртөө Ажилент /*******/ ч ялгаагүй, Ш******* /*******/ ч ялгаагүй нэг удаа л бодисоо сумлана. Давсны хүчил хэрэглэж байгаа тэр бодисыг нэг удаа л дээжүүдээ хийгээд орхичихсон байхад тэр өрөөнд заавал ч үгүй шинжээч ажиллаад байх шаардлага огт байхгүй. Нэг удаа дээжүүдээ хийчхээд гарч яваад, маргааш ирэхэд нь дээжүүдийг уншаад гүйцчихсэн байна. Ийм байхад ажилчдын эрүүл мэндтэй холбоотой асуудлыг яагаад яриад байгаа юм бол.
Шүүх шинжилгээний газраас 360 дээж шинжилж байсан тийм түүх байдаг юм болов уу. Бодоод үзэхэд 360 дээж нэг удаа уншчихгүй. 240 дээж нэг удаа уншчихгүй. Тэр чинь нэг нэгээр нь л уншина. Нэг дээж уншихдаа хамгийн багадаа Ш******* /*******/ нь байна уу, Ажилент /*******/ нь байна уу хамаагүй 3 минутын зайтай уншина. Тэгэхэд 3 минутыг 240-өөр үрлэхэд 12 цаг болно. 12 цагийн дараа, маргааш нь ажилдаа орох цаг болоход л уншаад дуусчихсан байна гэсэн үг. Тийм байхад яагаад 360 дээш нэг удаа унших юм шиг яриад байгаа юм бэ. Шүүх шинжилгээний ерөнхий газарт тийм хэрэгцээ шаардлага байхгүй байх. Хятад Улсын шүүх шинжилгээнд ч тийм хэрэгцээ шаардлага байхгүй. 360 дээж уншиж байгаа түүх Ажилент /*******/ дээр гараагүй гэж бодож байна.
Миний хэлэх гэсэн санаа нь Ш******* /*******/ төхөөрөмж бол хүний эрүүл мэндэд халгаатай тохиолдол одоо болтол илрээгүй. Шаардлагатай бол нотлох баримтаар татаж өгч болно.” гэжээ.
12. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “”С” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна Тус газраас 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зарласан дугаартай “Шүүх шинжилгээний байгууллагын лабораторийн шинжилгээний багаж, тоног төхөөрөмж” тендер шалгаруулалтын багц-7 “Химийн шинжилгээний багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нээсэн бөгөөд нэг оролцогчтойгоор буюу “С” ХХК-аас тендерт материал ирүүлсэн. Үнэлгээний хорооны хурал хуралдаж үнэлгээний хорооны шийдвэр 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарч, уг тендерт оролцсон “С” ХХК нь Төрийн болон орон тунгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2 дахь хэсэгт заасан санал бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх гэсэн шаардлагыг хангаагүй тул Шүүх шинжилгээний байгууллагаас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тоот “Мэдэгдэл”-ийг тус аж ахуй нэгжид хүргүүлсэн.
Мөн мэдэгдэлд дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт “Захиалагч бүх тендерээс татгалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж дахин тендер шалгаруулалт зарлах эсэх мэдээллийг энэ хуулийн 28.1.3-т заасан “шийдвэрт заана" гэсний дагуу дахин тендер шалгаруулалт зарлах талаар мэдэгдсэн. “С” ХХК уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй тухай Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03/1419 тоот албан бичгээр тендер шалгаруулалтыг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн. Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаас тус байгууллагад ирүүлсэн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/1800 тоот албан бичигт “... гомдолд манай санал болгосон ******* Улсын ******* үйлдвэрлэгчийн загварын дээж байрлуулах тавиурын тоо 240х2=480 юм...” гэж дурдсан байх тул тус төхөөрөмж нь 2 тавиуртай эсэхийг тодруулж, “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.9, 5.10-т заасныг хэрэгжүүлж ажиллана уу” гэсний дагуу “С” ХХК-иас тодруулга авахаар 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тоот албан бичгээр хүргүүлсэн. “С” ХХК дээрх тодруулгын хариуг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 172 тоот албан бичгээр ирүүлсэн бөгөөд “... тавиурын тоо 240х2=480 дээж унших боломжтой...” гэж ирүүлсэн боловч энэ талаар холбогдох нотломж ирүүлээгүй, мөн бусад техникийн үзүүлэлтийг хангаагүй талаар Шүүх шинжилгээний байгууллагын лабораторийн шинжилгээний багаж, тоног төхөөрөмжийн багц-7 “Химийн шинжилгээний тоног төхөөрөмжийн тодруулга авсан талаарх үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “Захиалагч тендерийг энэ хуулийн 26.4.2, 26.4.3-т зааснаар хянан үзэхэд дараах зөрүүг хүлээн зөвшөөрөх нь өрсөлдөөнд Сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг харгалзан үзнэ” гэж заасан бөгөөд энэхүү зөрүүг хүлээн зөвшөөрснөөр энэ хуулийн 26.7.1-д “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй”, 26.7.3-д “захиалагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгод нийцсэн эсэх” зэрэгт сөрөг нөлөө үзүүлэхээр байсан болно. “С” ХХК нэхэмжлэлдээ “... Шүүх шинжилгээний ерөнхий газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ.” гэж заасныг мэдэгдэх үүрэгтэй атал мэдэгдээгүй.
Мөн Үнэлгээний хорооны шийдвэрийг танилцуулаагүй, үнэлгээний хорооны шийдвэртэй танилцуулах боломж олгоогүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд мэдэгдэлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шаардлага хангаагүй болохыг мэдэгдсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн хугацаанд хүсэлт гаргасан оролцогчид танилцуулна” гэж заасны дагуу “С” ХХК-аас хүсэлт гаргаж байгаагүй болно.
Иймд шүүхээс “С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, техникийн шаардлага шалгуурыг хангасан гэж зөвлөмж гаргах үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
13. Хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үнэлгээний хорооны хөндлөнгийн гишүүн Р.Д гэдэг хүн байна. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулиа барьж ажилладаг. Бид тендерийг үнэлж байхдаа оролцогчоос оролцож байгаа техникийн үзүүлэлтийг үзсэн. Мөн бусад шаардлагуудаа харж байгаад Тендерийн шалгаруулалтын зааварчилгааны 17 дугаар зүйлийн 17.1-т техникийн үзүүлэлтийг харьцуулж ирүүлээрэй гэсэн байгаа. Оролцогч харьцуулж ирүүлээд, оролцогчийн тендерийн материалыг үзэж байтал оролцогч маань захиалагчийн өгсөн техникийн үзүүлэлтүүдийг орхигдуулсан байсан. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17 дугаар зүйлийн 17.5-т “нийлүүлэх гэж байгаа бараа нь буюу санал болгож байгаа бараа нь зураг, каталог, үйлдвэрлэгчийн веб сайтаар байж болно. Санал болгож байгаа бараагаа захиалагчийн техникийн шалгуурт зөрүүтэй буюу орхигдуулсан бол тайлбар бичиж ирүүлээрэй гэсэн тендер шалгаруулалтын зааварчилгаа байгаа. Техникийн үзүүлэлт дээрээ захиалагч түүнтэй дүйцэхүйц гэж өгсөн. Яг 360 гэж өгөөгүй. Оролцогчийнхоо ирүүлсэн материалтай харьцуулаад үзэхээр дүйцэж байгаа мөртөө хэт өндөр мотивацын танилцуулга гэдэг захиалагчийн өгсөн техникийн үзүүлэлтийн шаардлагыг орхигдуулсан байсан. Орхигдуулсан юм болов уу, гээд тайлбар байна уу гэсэн ямар ч тайлбар байхгүй. нэхэмжлэгч нь мананцар үүсгэгчийнхээ тайлбараа ирүүлээд, техникийнхээ үзүүлэлт дээрээ давуу үзүүлэлтүүдээ ирүүлчихсэн байсан. Гэвч захиалагч нь шаардсан техникийн үзүүлэлт дээр нь аль нь шаардлага хангаж байгаа юм бэ, гэдэг дээр тайлбараа орхигдуулчихсан байсан. Хэрвээ ийм тайлбар ирүүлээгүй бол хуульд зааснаар шаардлагад нийцсэн тендер гэж үзэхгүй. Мөн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17 дугаар зүйлийн 17.5-т зааснаар зөрөөтэй буюу орхигдуулсан байвал түүнийгээ нотолсон тайлбар ирүүлээрэй, гэсэн ямар ч тайлбар байхгүй.
Захиалагч маань дараа нь авах гэж байгаа техникийн үзүүлэлтээ зурган хэлбэрээр өгсөн байсан. Би нарийн мэргэжлийн хүн биш гэхдээ техникийн үзүүлэлтүүдэд маань дөрвөлжин босоо хэлбэртэй байсан. Гэтэл зурган үзүүлэлттэй харьцуулсан дээр ямар ч тайлбар өгөөгүй. Ийм учраас бид хянан үзэх шатан дээрээ захиалагчийн шаардсан техникийн үзүүлэлтээс зөрөөтэй ирүүлсэн учраас шаардлагад нийцээгүй гэдгээр унагаасан. Үнэлэх шатан дээрээ биш, хянан үзэх шатан дээрээ унагаасан. Ингэхдээ Тендер шалгаруулалтын зааварчилгаа болон хууль, журмаа баримталсан.
Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7.3-т дээр захиалагчийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах зорилгод нийцсэн барааг нийлүүлэх гэж байгаа нийлүүлэгч маань захиалагчийн техникийн үзүүлэлтийг орхигдуулсан бол яагаад орхигдуулж байгаагаа маш тодорхой тайлбар өгөх ёстой. Тэгж байж бид тэрийг чинь үндэслэж захиалагчийн хүсэж байгаа бараа маань мөн байна, гэж шалгаруулна.
Бид оролцогчийн эрхийг хязгаарлаагүй. Тендерийн хуулийг зөрчөөгүй. Оролцох эрхээр нь хангасан. Шаардлагад нийцээгүй гэдгээ өгөөд, дахин зарлахдаа хуулийнхаа хугацаанд 6 хоногт гомдол гараад, гараагүй бол дахин зарласан. Энд өрсөлдөөнийг ямарваа нэгэн хэлбэрээр хязгаарлаж, хууль зөрчсөн зүйл байхгүй.
Тендерийн баримт бичгийн зааварчилгааны 17 дугаар зүйлийн 17.1-т заасан байгаа. Нийлүүлэх гэж байгаа бараа нь дээж хэлбэрээр биш байвал үйлдвэрлэгчийнх нь веб сайтаас нь тулгаж үзнэ гэж байдаг. Веб сайтаас тулгаж үзэхэд зарим үзүүлэлтүүд нь зөрөөтэй байсан. Үүнийг мэргэжлийн хүмүүс нь тайлбарлаад өгчих байх гэж бодож байна.
Бараа маань захиалагчийн шаардлагад бол нийцчихсэн, чанарын шаардлагыг хангасан байх ёстой. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан зөрчилдөөнтэй байдлыг тодруулаад авна гэдгээрээ Сангийн яамнаас ирсэн бичгийнхээ дагуу бид тодруулга авсан. Шаардлагад нийцээгүй учраас бид шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэж татгалзсан.” гэжээ.
14. Хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт, Шүүх шинжилгээний байгууллагын шинжилгээнд ирж байгаа дээж, түүний тоо манай оролцогчдод төдийлөн хамааралгүй байх. Тухайн захиалж байгаа байгууллага яаж ашиглах вэ гэдэг нь манай асуудал. Хоёрдугаарт, манай үйл ажиллагаа нь нууцтай холбоотой болон янз бүрийн шинжилгээ хийдэг учраас нэхэмжлэгчээс энэ дээр тайлбар хэлээд, гомдоллоод байх нь зохисгүй болов уу, гэж бодож байна. Бидний хувьд тендерийн тодорхойлолтоороо манайд ийм үзүүлэлттэй ийм брэндтэй дүйцэхүйц гэж техникийн тодорхойлолтыг жагсаалтаар гаргаж өгсөн. Тэгээд авто симплер гээд байгаа дээж уншигчаа SPS4 гэдэг брэндийг нь заагаад, манайд яг энэ чанарын шаардлага хангана. Манай шинжилгээний чанар, үр дүнг тодорхойлж өгнө гэж үзсэн учраас бид техникийн тодорхойлолт дээрээ Ажилент /*******/ гэж тодорхой зааж өгсөн байж байгаа. Бүрхүүлийн тухайд Монгол орны шүүхийн шинжилгээний нөхцөл байдал ихэвчлэн дандаа хортой нөхцөлд ажилладаг. Бидний харьцаж байгаа дээж нь стандарт дээж биш учраас хамгийн түрүүнд ажиллаж байгаа хүмүүсийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангах ёстой. Иймд SPS4 гэх дээж авагчийг зааж өгсөн. Бусад нарийн үзүүлэлтүүдийг манай химийн шинжилгээний хэлтсийн дарга Б. товчхон тайлбар хэлчих болов уу гэж бодож байна.” гэжээ.
15. Хариуцагч Шүүх шинжилгээний ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх шинжилгээний байгууллага дуртай зүйлээ худалдаад авдаг асуудал биш. Тодорхой цаг хугацаа, нийгмийн байдалтай холбоотой. Жишээ нь түрүү жил хүүхдүүд сургууль дээрээ хордлоо гэдэг асуудлууд гарсан. Энэ мэт асуудлуудыг шийдвэрлэх зорилготойгоор энэ багажийг авах гэж байгаа. Танай байгууллагаас бид нар авдаггүй биш авдаг. Өнгөрсөн жилийн тендерээр авсан.
Бид хорт бодисын чиглэлээр тоног, төхөөрөмж авах гээд байгаа болохоос танай Ш******* /*******/ муулаагүй. Ш******* /*******/ эмийн чиглэлээрээ бол болж байна. Бидний өнөөдрийн Монгол улсын хэмжээнд тодорхойлох гээд байгаа зүйл нь хорт бодис болон янз бүрийн бодисыг хэрэглэснийг тодорхойлох гээд байгаа юм. Энэ талаараа 2, 3 жилийн хугацаанд судалж байна. Энэ нь бид нарт хэрэгтэй юм байна, алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах юм байна гэж судалж байгаа. Түүнээс биш уул уурхайд ашиглагдаад байгаа шиг ердийн зүйл шинжилдэггүй. Бид хэрэгт орсон, хордсон, хүний нас барсан хүний эд эрхтэн, тэр болгон тайлбарлаад байхааргүй зарим нууцлалтай зүйлийг шинжилдэг. Тиймээс алба хаагчдынхаа эрүүл мэндийн асуудлыг нэгт тавьсан.
Нэхэмжлэгч талын яриад байгаа дээж оруулагч нь Ш******* /*******/-ийн дээж оруулагч биш гуравдагч компанийн дээж оруулагч Ажилент /*******/ SPS4 гэхээр Ажилент /*******/ компанийн өөрсдийнх нь хөгжүүлэлт хийсэн нь дээж оруулагч гэж мэдэж байгаа байх. Мөн бүрхүүл гэж тавьсан байхад тэрийг хараад манайх ингэж хамгаалсан гэсэн янз бүрийн тайлбар байгаагүй. Судлаад веб сайтаар нь орохоор Ажилент /*******/ рүү ороод аппарат нь гараад дээж оруулагч нь хамт гарч байгаа. Ш******* /*******/ веб сайтаар орохоор Ш******* /*******/ ******* багаж нь гараад дээж оруулагч клетистакийн авто семплер нь гарч ирдэггүй, байдаггүй.
Мөн сая цэвэршилтийг дурдаж байна. Хэмнэлттэй байж болно. Гэхдээ бид хүний хувь заяа шийдэх гэж байгаа асуудал дээр хэдий цэвэршилт 99,95% буюу бага ч байсан 99,99%-ийн өндөр ч цэвэршилттэй юм байна. Бид маш бага буюу үл идэвхжих хэмжээний дээжийг цэвэршилтэй бодисоор явуулж байж ялгаж, салгаж авдаг. Нүүрс ч юм уу, том объект дээр хэмнэлт гаргаж болох байх. Бид маш бага, өчүүхэн хэмжээний дээж дээр хэрэглэх гэж байгаа.
Дээж оруулагч 360 гээгүй. SPS4-тэй дүйцэхүйц гэснээс биш 360 гэж заагаагүй. Шүүх шинжилгээний хор судлалын чиглэлээр Ажилент /*******/ хийсэн судалгааны ажлууд байна. Ш******* /*******/ бол эмийн болон усны дээжүүд, натри, кальци гэх мэт элементүүд дээр сайн судалгааны ажлууд байна. Гэхдээ бидний зорилго бол тэр чиглэл рүү биш. Ажилент /*******/-ийн *******-ийг судлаад үзэхэд, 72 төрлийн элементийг бүгдийг нь судалдаг.” гэжээ.
16. Хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яамны А/255 дугаар журмыг баримтлаагүй гэж тайлбарлаж байна. Бид тус журмын дагуу мэдээлэлдээ хүргүүлсэн. Уг тендер нэг оролцогчтой байсан учраас бид гэрээ байгуулсан компанийн мэдээлэл, үнийн дүнг оруулаагүй. Энэ тендерийг дахин зарлах болно гэдгийг мэдэгдсэн. Дээрх журамд хүснэгт заасан байгаа гэж байна. Хүснэгт дээрээ нэхэмжлэгч хуулийн этгээд 15 шалгуур үзүүлэлтээс бүхэлд нь хангаагүй байсан учраас оруулахгүйгээр журам дээр заасан жишиг маягтын дагуу мэдэгдлийг хүргүүлсэн.” гэжээ.
17. Хариуцагч Шүүх шинжилгээний ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч хуулийн этгээд Манай “2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай мэдэгдэл хууль бус байсан. Үнэлгээний хороо хуралдаагүй.” гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Үүнд тайлбар өгье. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2-т заасан буюу “санал болгосон бараа, ажил үйлчилгээ, техникийн тодорхойлолтод нийцсэн байх” гэсэн шаардлага хангаагүй байна гэдэг үндэслэлээр хариу мэдэгдсэн.
Үнэлгээний хороо хуралдаагүй гээд байгааг гайхаад байна. Хавтаст хэрэгт 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 4 дугаартай тэмдэглэл, зөвлөмжөөр гарсан байгаа. Энэ баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Танилцсан байх гэж бодож байна.” гэжээ.
18. Хариуцагч Шүүх шинжилгээний ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талын маргаж байгаа үндэслэл нь нийт 6 үндэслэл байна гэж харлаа. Техникийн тодорхойлолт, шаардлага хангасан захиалагчийн шийдвэр, тендерээс татгалзсан үндэслэлийг тодорхой заагаагүй, өрсөлдөх боломжийг хязгаарласан, үр ашигтай, хяналтын хавтаст орчинд баригдаагүй, үнэлгээний хороо хуралдаагүй байж шийдвэр гаргасан гэдэг үндэслэлүүдийг ярьж байна.
Нэгдүгээрт нь, захиалагчийн шийдвэрт тендерээс татгалзсан үндэслэлийг тодорхой заагаагүй гэх үндэслэлийн тухайд хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 19 дүгээр талд байна. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх албан бичгийн эхний цогцолборт “Танай тендер Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2-т заасан шаардлагыг хангаагүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэж байгаа. Үүнээс харахад, нэхэмжлэгчийн яриад байгаа захиалагчийн шийдвэр тендерээс татгалзсан үндэслэлийг тодорхой заачихсан байгаа юм. Тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2-т “санал болгосон бараа, ажил үйлчилгээ, техникийн тодорхойлолтод нийцсэн байх шаардлагыг хангаагүй байна” гээд тодорхой үндэслэлийг нь заагаад гарчихсан байгаа юм. Тэгэхлээр нэхэмжлэгч талын маргаад байгаа Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил гүйцэтгэх, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан зохицуулалтыг хариуцагч баримтлаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын мэдэгдлийг хүчингүй болгуулъя гээд байгаа. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах шийдвэрийн урьдчилсан нөхцөл буюу эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх, урьдчилсан нөхцөлийг хангахгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч мэдэгдэлтэй маргаад байгаа. Үнэлгээний хорооны шийдвэр дээр маргах уу, гээд энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хуваарилж авсан 2 шүүгч хоёулаа бүх процессын шатад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх үү, гэж тодруулж, асуусан. Тэгсэн боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Үнэлгээний хорооны шийдвэртэй маргасан зүйл байхгүй.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажилт, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу Үнэлгээний хороо энэ тендерийн баримт бичигт нийцсэн нийцээгүй эсэх үнэлгээг хийж шийдвэр, зөвлөмжөө гаргаад үүний дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газар нь Үнэлгээний хорооны дүгнэлт зөвлөмжийг мэдэгдэж байгаа. Мэдэгдлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх гээд байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл, манай Үнэлгээний хорооны тэмдэглэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Ийм байхад мэдэгдлийг хүчингүй болгосноор эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж, тендерт шалгарчих юм шиг яриад байна. Ийм зүйл байх боломжгүй. Тэгэхээр мэдэгдэлд маргаж байгаа тохиолдолд мэдэгдлийг хүчингүй болгосноор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгосон ч эрх хууль ёсны ашиг сонирхлын хөндөгдөхгүй байх урьдчилсан нөхцөл харагдахгүй байгаа учраас нэхэмжлэгчийн маргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Мөн тендерийн баримт бичгийн шаардлагыг хангахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, манай Үнэлгээний хорооны гишүүд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын төлөөлөгч нар сая хангалттай тайлбарлалаа. Яагаад энэ багаж нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангахгүй байгаа вэ, гэдэг асуудлыг ярьсан. Нэгэнт тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүй, хянан үзэх шатнаас уначихсан буюу шалгараагүй нэхэмжлэгчийн ерөнхий хууль ёсны эрх ашиг сонирхол мөн адил байдаггүй.
Тендер шалгаруулалтын ажиллагаа дуусаад нэхэмжлэгчийн маргаж байгаа маргаан бүхий шийдвэр хэрэгжчихсэн. Өөрөөр хэлбэл, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаар мэдэгдлийн 2 дахь цогцолборт дурдсан байгаа. “Тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул хуулийн 28.4-т заасан заалтын дагуу буюу дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулах болсныг мэдэгдье” гэж байгаа. Энэ мэдэгдлийнхээ дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газраас энэ тендерийг дахин зарлаад, “Мед импекс” ХХК шалгараад гэрээгээ байгуулчихсан. Тэхлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан шийдвэр гаргуулахын тулд маргаан бүхий акт нь нэхэмжлэгчид сөрөг нөлөөлөл нь байж байх ёстой. Тэгэнгүүт энэ акт хэрэгжээд, дахин тендер шалгаруулаад, “Мед импекс” ХХК шалгараад, гэрээ байгуулагдсан. Одоо тендер шалгаруулалтын асуудал байхгүй буюу энэ мэдэгдлийн үйлчлэл хэрэгжчихсэн. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Өөрөөр хэлбэл, хууль бус болохыг нь тогтоох ямар ч боломжгүй. Урьдчилсан нөхцөл нь хангагдахгүй байна.
Мөн өрсөлдөх боломжийг хязгаарласан гэдэг асуудлыг ярьж байна. Энэ бол ганцаараа тендер шалгаруулалтад орж байгаа “С” ХХК-ийн хувьд яригдахгүй. Яагаад гэвэл, 2 тендерт оролцогч оролцож байгаа тохиолдолд өрсөлдөх, тэгш боломжийн асуудал яригддаг болохоос ганцаараа оролцож байгаа компани дээр яригдахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэдэг байр суурьтай байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.1. Шүүх шинжилгээний ерөнхий газраас “Шүүх шинжилгээний ерөнхий газрын тоног төхөөрөмж” тоот дугаартай тендер шалгаруулалтын багц-7 болох “Химийн шинжилгээний багаж, тоног төхөөрөмж” нийлүүлэх тендерийн техникийн санал нь ******* 7900 ICP-MS эсвэл түүнтэй дүйцэхүйц, SPS 4 автомат дээж авагчтай байх (ICP MS-д зориулагдсан)-аар байхаар заасан байна.
1.2. Тодорхойлох хэсэгт дурдсанчлан Шүүх шинжилгээний ерөнхий газраас “Шүүх шинжилгээний ерөнхий газрын тоног төхөөрөмж” тоот дугаартай тендер шалгаруулалтын багц-7 болох “Химийн шинжилгээний багаж, тоног төхөөрөмж” нийлүүлэх тендерт “С” ХХК-иас ирүүлсэн тендерийг захиалагч Шүүх шинжилгээний ерөнхий газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр татгалзжээ.
1.3. Нэхэмжлэгч Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр албан бичгээр ирүүлсэн мэдэгдэлдээ “С” ХХК-ийн тендерээс татгалзсан үндэслэлийн талаар огт дурдаагүй гэж тайлбарлах бөгөөд Үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчийн тендерээс автомат дээж авагч шаардлага хангаагүй үндэслэлээр татгалзсан болох нь тогтоогдож байна.
1.4. Тодруулбал захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан автомат дээж авагч нь 360 хүртэлх дээж авах хүчин чадалтай байхаар заасан байхад нэхэмжлэгчийн санал болгож буй автомат дээж авагч (ICP-MS-д зориулагдсан) нь 240 хүртэлх дээжийг шинжилдэг байх ба захиалагч нэхэмжлэгчийн тендерийг санал болгосон бараа техникийн тодорхойлолтод нийцсэн байх шаардлага хангаагүй гэж үзсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2-т заасантай нийцжээ. Иймд захиалагчийн шийдвэрт нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан үндэслэлийг тодорхой бичээгүй гэж хариуцагчийн буруутгах боломжгүй байна.
2.1. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээж уншиж автомат төхөөрөмж 240 дээж уншиж дууссаны дараа дахин 240 дээж бүхий тавиур сольж тавих аргаар 480 дээж уншиж боломжтой гэж тайлбарлаж байгааг техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангасан гэж үзэхгүй юм.
3.1. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргасан “...Гэтэл зөвхөн ******* авах гэж байгаа мэтээр тендерийн баримт бичиг боловсруулсан байгаа нь тендерт оролцогчийн шударга өрсөлдөөнийг хязгаарласан нөхцөл байдал юм…” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.
3.2. Учир нь тендерт оролцохоор сонирхогч этгээд тендерийн баримт бичиг өрсөлдөөнийг хязгаарласан болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.”Техникийн тодорхойлолтод тодорхой нэг аж ахуй эрхлэгчийн бараа, үйлчилгээний худалдааны нэр, патент, түүнийг эзэмшигч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, эсхүл үйлдвэрлэлийн арга, гарал үүслийг тухайлан заахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн бол өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тендер нээлтээ хийхээс өмнө гомдол гаргаж шийдвэрлүүлэхээр байжээ.
3.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нэгэнт тендерийн баримт бичгийг хүлээн зөвшөөрч өрсөлдөөний хязгаарласан тухай гомдлыг гаргаж байгаагүй байх тул тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг зөвшөөрч тендерт оролцсон гэж үзэхээр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН