Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/11

 

 

 

 

 

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

                                           Прокурор Б.Эрхэмбаатар

                                                Хохирогч *******

                                           Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү, Ч.Баднайнямбуу

                                           Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү, Ч.Баднайнямбуу нарын гомдлуудыг үндэслэн *******ад холбогдох эрүүгийн  *******  дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв

******* нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багт байрлах хохирогч ******* өмчлөлийн 24 тооны үхрийг авч 10.450.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүлэгт” нэртэй газарт бэлчээрт байсан хохирогч *******гийн 15 тооны үхрийг авч 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч ******* 2 тооны үхрийг авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч 11 тооны үхрийг авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч 2 тооны үхрийг авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 54 тооны малыг авч бусдад 29.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

*******ын үйлдлийг Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч овогт *******ыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар таван жил зургаан сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор,  ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Доржпагамд хохиролд 14 тооны үхэр, 50000 төгрөгийг өгсөн, хохирогч *******д хохиролд 8100000 төгрөгийг, хохирогч т хохиролд 5900000 төгрөгийг, хохирогч *******д хохиролд 800000 төгрөгийг, хохирогч од хохиролд 1000000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүгдэгч *******ын өмчлөлийн 85-17 ӨВН улсын дугаартай “Хюндай Портер 2” маркын тээврийн хэрэгслийг битүүмжлэгдсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын  тогтоолыг хүчингүй болгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Р.Шүрхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ******* нь алдуул мал олсон гэдгийг орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эзнийг нь тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлгах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй өөрийн өмч мэт захиран зарцуулсан нь нотлогдож тогтоогдсон /иргэний хуулиар зохицуулагдах маргаан/ гэж үзээд *******ыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* сумын 2 дугаар багийн “" гэх газраас 24 тооны үхрийг авч 10.450.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 05 дугаар 09-ний өдөр ******* сумын 3 дугаар баг “Зүлэгт” гэх газраас Гомбосүрэнгийн 15 тооны үхэр авч 950.000 төгрөгийн ******* 2 тооны үхрийг авч 800.000 төгрөгийн, 11 тооны үхэр авч 750.0000 төгрөгийн, 2 тооны үхрийг авч 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж *******ыг бусдын олон тооны мал хулгайлсан хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгэсэн.

 

Анхан шатны шүүх нь гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, зэргийг тодорхойлоогүй, шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүйд дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

 

Тухайлбал хохирогч Д. нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цасан шуурганаар 19-н тооны үхэр, хохирогч *******, , Т.Шийрэвдамба, нарын /Т.Гомбосүрэнгийнд байсан/ 27 тооны үхрийг 2018 оны 05  дугаар сарын 09-ний алдсанаас хойш 3-8 сарын дараа 10 гаруй үхрээ П.Жамъянсүрэнгийн үхрээс олсон үйл баримт байхад шүүх дээр дурдсан хугацаанд уг үхрүүдийг ******* хулгайлсан гэж үзсэн. /энэ үед *******ын байршлыг тогтоогоогүй/,

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг. Алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа завших, эзэмших сэдэлт төрж шамшигдуулсан захиран зарцуулсан байдаг. *******ын хувьд хохирогч нарын үхрээ алдсан гэх цаг хугацаанд үхрүүдийг идэвхтэй байдлаар бэлчээрээс хотноос нь авсан хулгайлсан, машин, мотоцикл, явганаар явж авсан эсэх баримт нотолгоо байдаггүй. Хохирогч нар үхрээ алдсанаас хойш 3-8-н сарын дараа 10 гаруй үхэр бусдын хотноос олсон байхад бусад үхрийг Чимэдбат хулгайлсан байж таараа гэсэн байдлаар буруутгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь заалтыг зөрчсөн. Шүүх дээрх байдалд дүгнэлт хийгээгүй. Хохирогч тухайн өдөр 19-н үхэр алдсан гэж гомдол гаргасан байхад тугалтайгаа 24-н тооны үхэр гэж, Гомбосүрэн нарынх 27-н тооны үхэр алдсан гэсэн байхад тугалтайгаа 30 тооны үхрээр тооцож төлүүлсэн байдаг. Хохирогч нар үнээнүүд тугалсан байх ёстой гэснээс өөр баримт байдаггүй.

 

Хууль хэрэглээний хувьд хохирогч 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* сумын нутаг “Улаан эрэг” гэх газраас 19-н үхрээ цасан шуурганд уруудуулаад алдсан. Хохирогч Гомбосүрэн үхрээ бөөгнүүлж бүртгэснээс хойш 20-оод хоногийн дараа бүртгэхэд ******* сумын нутаг "Зүлэгт" гэх газраас 27-н үхэр алга байсан гэдэг. Хохирогч нар алдсан үхрээ *******ын Тарагт сумын “уртын эх” гэх газар үхэрт шүүж үзэж байсан. Ингээд 5-8 сарын дараа зарим үхрээ өөр айлын үхрээс олсон. Алдсан цаг хугацаа, нутгийн байршил зэрэг үйл баримтаас ******* хохирогчийн бэлчээрээс, хотноос хулгайлсан идэвхтэй үйлдэл байна гэж үзэх эсвэл алдуул мал ашигласан гэх эргэлзээ байгааг анхаарч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж түүнд ашигтайгаар шийдэж өгнө үү.

 

Ял шийтгэлийн тухайд давж заалдах шатны шүүх *******ыг бусдын малыг идэвхтэй үйлдлээр хулгайлсан нь нотлогдсон гэж үзвэл Эрүүгийн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байхгүй. Харин мөн хуулийн 6.5-д заасан хөнгөрүүлэн үзэх хэд хэдэн үндэслэл байгаа. Тухайлбал тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт тэдний нэхэмжилсэн хэмжээгээр хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг багасгаж хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч  Ч.Баднайнямбуу давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс *******ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

 

Анхан шатны шүүхээс *******ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагатай холбоотой үндэслэл бүхий санал дүгнэлтийг анхаарч үзэлгүйгээр харьцангуй өндөр хэмжээний хорих ялыг оноож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

Тухайлбал Р.Шүрхүү өмгөөлөгчийн зүгээс *******ад оногдуулах эрүүгийн хариуцлагын саналдаа анх удаа гэмт үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй, 60-н настай зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур тогтоож ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар солих санал гаргасныг шүүхээс хүлээн авалгүй, харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн байна.

 

Анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн санал хүсэлтийг хүлээн аваагүй талаарх үндэслэлээ "гэмт хэрэг үндсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар. шүүгдэгчийн хувийн байдлыг тас бүрээс нь харгалзан үзэж 5-н жил 6-н сарын хорих ял оноосон тул хүлээн авах боломжгүй" гэснээс өөр үндэслэл бүхий дүгнэлт байхгүй байгаа нь шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн хуулийн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна гэж үзэж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хунийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тач бүрээс нь харгалзан үзнэ гээд мөн зүйлийн 3-д эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна гэж заасан.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гээд тодорхой нөхцлүүдийг заасан байх ба энэхүү хуульд заасан дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг *******ад эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзах үзэх боломжтой байсан гэж үзэж байна.

 

Тухайлбал шүүгдэгч *******ын хувьд бусдад нийт 29.250.000 төгрөгийн буюу Эрүүгийн хуульд заасан үлэмж хэмжээний хохирлыг учруулсан боловч уг хохирлоо бүрэн төлж барагдуулсан байна. Мөн *******ын бусдад учруулсан хохирол хор уршгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ноцтой хохирол, хор уршиг гэж үзээгүй.

 

Мөн хохирогч нарын зүгээс *******ад холбогдуулан гаргах санал хүсэлтгүй, гомдол саналгүйгээ илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан буюу зөрчигдсөн эрх сэргэсэн энэ нөхцөл байдлыг шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх ёстой байсан.

 

Мөн шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдаг бөгөөд дээрх гэмт хэргээс хойш дахин ямар нэгэн хэрэг зөрчил үйлдээгүй. Одоо 60-н насыг дөхөж байгаа өндөр настай, мөн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан үзээгүй, эдгээр нөхцөл байдлуудыг хэрхэн үнэлж дүгнэж байгаа тодорхойгүйгээр харьцангуй өндөр хэмжээний хорих ялыг оноосон нь шүүгдэгчийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах боломжгүй болгожээ.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд короновируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн гэмт хэрэг үйлдэж хорих ял авсан хүний хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор заасан. Тухайлбал Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т "...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино" гэж заасан байна.

 

Гэтэл анхан шатны шүүхээс дээр дурдсанчлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах зарчим болон 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүйгээс шүүгдэгчид 5 жил 6 сарын хорих ялыг оноосон нь түүнийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах боломжгүй болгож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оноосон хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийдвэрлэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагаас өөр ямар нэгэн шаардлагыг хуулиар тавиагүй байна.

 

Иймд *******ын бусдад 29.250.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээнд тохироогүй буюу хэт өндөр байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялын хэмжээг 6 сараар багасгаж улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасны дагуу таван жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Прокурор Б.Эрхэмбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь бусдын олон тооны малыг хулгайлсан болох нь тогтоогдсон. Өөрөө миний хариулж байсан малд ирж нийлсэн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн малнуудыг Иргэний хуулийн 117 дугаар зүйлд заасан шаардлагыг биелүүлэхгүйгээр гэрч болох Жамьянсүрэнд өгч малын ашиг шимийг хүртээд байж бай гээд үлдээсэн нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж үзэн прокурорын дүгнэлт гаргаж байгаа юм. Гээгдэл эд хөрөнгө, малыг завших гэмт хэргээс яллагдах шинж нь тухайн малыг завшиж авсан, ашиг олох зорилгоор өөртөө үлдээсэн шинжийг бүрэн төгс хангасан учир мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байгаа юм. Уг гэмт хэрэг нь 5-н жилийн өмнө болсон үйл явдал байдаг. Тиймээс дахин мөрдөн шалгах ажиллагаагаар сэргээн тогтоох боломжгүй. Тухайлбал тухайн малнуудыг өөрөө алхаж очоод туусан уу, мотоциклиор туусан уу, хаанаас ирсэн, яаж явсан зэргийг тогтоох боломжгүй. Бид нар мөрдөн шалгах ажиллагаагаар сэргээн тогтоох боломжит бүхий л ажиллагааг хийж тогтоосон. Энэ хэргийг яаж үйлдсэн, тухайн малыг ачсан, зөөсөн зэргийг нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас эхлээд хүлээн зөвшөөрч сайн дураараа хохирлыг нөхөн төлсөн байх, нөхөн төлөхөө илэрхийлсэн байх ёстой. Энэ хэргийн хувьд хохирол төлөгдсөн гэж байгаа хэдий ч шүүгдэгч хохирлуудыг сайн дураараа гаргаж өгөөгүй. Мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хүнлэг бусаар харьцсан, эрүүдэн шүүсэн гэсэн аливаа нэгэн шийдвэр гаргаагүй. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол хор уршиг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ялын 50 хувиас илүү хэмжээний ял оногдуулсан гэж ярьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх гэхээр энэ хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, хохирол төлбөрөө анхан шатны шүүх хуралдааны шатанд төлсөн.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ад 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэл бүхий байна. Учир нь анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол хор уршгийн хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол нь хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байна гэж үзэж байгаа учир шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт *******ыг гэм буруутайд тооцож 5-н жил 6-н сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Гэм буруу дээр маргаагүй. Анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага тохироогүй, хүндэдсэн. Мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн этгээдийг шийтгэх, хүмүүжүүлэхээс гадна нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх зорилготой. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хохирогч нар нь ямар нэгэн гомдол санал байхгүй. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршиг бүрэн арилсан. Цаг хугацааны хувьд ч гэсэн энэ гэмт хэрэг үйлдэгдээд 5-аас 6-н жил өнгөрсөн. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэж өгнө үү. Мөн прокурорын дүгнэлттэй холбогдуулж дараах саналтай байна. Тухайн мал *******ын малд ирж нийлсэн. ******* өөрөө тэр малыг бэлчээрт байхад нь тууж өөрийн малдаа нийлүүлсэн бол хулгай болно. Тиймээс прокурорын малд нь ирээд нийлсэн малыг хулгай болно гэж байгаатай санал нийлэхгүй байгаа бөгөөд алдагдсан мал нь *******ын малд ирээд нийлсэн. Тэр нийлсэн малыг ******* Жамъянсүрэнгийн малд аваачиж орхисон учир гээгдэл эд хөрөнгө, малыг завшсан гэдгээр зүйлчилж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ******* бусдын 30 гаруй тооны үхрийг хулгайлсан үйлдэлдээ 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял авсан. Хэргийн үйлдлийг өмгөөлөгчийн хувьд нарийн сайн тогтоогоогүй, ямар байдлаар хулгайлсан гэдэг нь хэрэгт авагдаагүй, алдуул мал ашигласан байх үндэслэл нь илүү байна гэж үзсэн. ...Ял шийтгэлийн хувьд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Анх удаа энэ хэрэгт холбогдсон, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдал буюу өөрийнх нь үхэрт тухайн үхэрнүүд ирж нийлсэн байсан. Хохирлыг хохирогч нарын нэхсэн хэмжээгээр нь төлсөн. Хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо авсан. Улсын яллагчийн 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг шүүх зургаахан сарыг хасаад, өмгөөлөгчийн саналыг анхаарч үзэлгүйгээр шууд өршөөлд хамруулахгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг шүүгдэгчид хүндэдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой гэж заасан. Нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээгээрээ *******ын үйлдсэн гэмт хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Хэрэв шүүх ******* гэм буруутай, тэр үхрүүдийн 10 нь олдсон юм чинь цаадуулыг нь бас хулгайлсан байх үндэслэлтэй гэж үзвэл прокурорын 6 жилийн хугацаагаар хорих ял гээд байгааг өмгөөлөгчийн саналыг харж үзээд ядаж л тал хугацаагаар нь өршөөлд хамруулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү, Ч.Баднайнямбуу нарын гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Чимэдбат нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүлэгт” нэртэй газарт бэлчээрт байсан хохирогч А.Гомбосүрэнгийн 15-н тооны үхрийг авч 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Т.Шийлэгдамбын 2 тооны үхрийг авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Б.Түмэнцэрэгийн 11-н тооны үхрийг авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Т.Мөнхтогтохын 2 тооны үхрийг авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 54-н тооны малыг авч бусдад 29.250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Доржпагамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн 19 тооны үхрийг Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт цасан шуурга тавиад алдсан. 2018 оны 8 дугаар сард Б.Түмэнжаргал гэх залуу гар утсан дээрээ манай үхрүүдийн зургийг дарсан байсан. Б.Түмэнжаргал хэлэхдээ манайх үхрээ алдчихаад хайж явж байгаад танай үхэртэй төстэй үхэрнүүд байхаар нь зургийг нь дараад ирсэн гээд надад болон миний төрсөн дүү Д.Нэргүй, хүргэн С.Болоож нарт гар утсан дээрх зургаа үзүүлэхэд тугалтайгаа нийт 10 тооны үхэр нь манай үхрийн зураг мөн байсан. Хөлийг нь тушчихсан байсан. Миний хулгайд алдсан 19 тооны үхэрт тугалаа оролцуулаагүй. Мөн уг мэдүүлэгт алдсан 24 тооны үхрээс 5 тооны үхэр нь нутагтаа буцаад ирсэн учир 19 гэж мэдүүллээ гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 6-7-р хуудас/,

               

хохирогч Б.Түмэнцэрэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Өргөдөлдөө бичсэн болон одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв. Учир нь би Гомбосүрэн ах манай малыг малладаг бөгөөд би тодруулж асуухад халтар амтай хар гунж, сүүл цагаан хар үнээ, хар шаазгай үнээ, мэл халзан гунжин үнээ, тас хар үнээ зэрэг 6 тооны эм сарлагийн үхэр, сартай бор эр шүдлэн 1, тас хар бяруу, мэл халзан өрөөсөн хөл нь шийр цагаан хар бяруу, арзгар хар бяруу, сартай хар бяруу зэрэг нийт 5 тооны сарлагийн бяруу бүгд нийт 11-н тооны сарлагийн үхэр алдсан. Би урьд мэдүүлэг өгөх дөө би Жамъянсүрэнгийн гаднаас авсан 3-н тооны үхрээ хасаж мэдүүлэг өгсөн байна. Би 11 тооны үхэр хулгайд алдсан гэсэн мэдүүлэг.  /1хх-ийн 99-р хуудас/,

 

хохирогч А.Гомбосүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Би 15 тооны үхэр алдсан. Тухайн алдсан үхрүүдээ нэрлэвэл цайвар хөх гуна, хар шаазгай гуна, тас хар соёолон үхэр, сартай бор соёолон, шийр цагаан бор соёолон зэрэг 5 тооны эр үхэр, эвэртэй халзан гунж, сартай бор үнээ, хүрэн бор гунж, шийр цагаан цайвар бор гунж зэрэг 4 тооны эм үхэр, шийр цагаан сартай хар бяруу, халтар амтай хар бяруу, тас хар бяруу, мэл халзан шийр цагаан бяруу, халтар амтай бяруу, хойд хөл нь шийр цагаан бор бяруу зэрэг 6-н тооны мал хулгайд алдсан. Би өмнө мэдүүлэг өгөх дөө Жамъянсүрэнгийн гаднаас авсан 2 тооны үнээгээ хасаж тооцоод 13-н тооны үхэр алдсан гэж мэдүүлэг өгсөн байна. Би дээр дурдсан 15-н тооны сарлагийн үхэр алдсан юм гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 88-89-р хуудас/,

 

хохирогч Т.Мөнхтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Миний алдсан үхэр хар шаазгай зүстэй тугал гаргасан байсан гэж Гомбосүрэн ах хэд хоногийн өмнө хэлсэн. Тэгэхээр би тугалтай үхэр буюу 2 тооны мал алдсан. Тийм учраас 2 тооны үхэр нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 214-р хуудас/,

 

хохирогч Т.Шийлэгдамбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Манай 2 тооны сарлагийн үхэр ******* сумын 3 дугаар багийн нутаг "Зүлэгт" гэх газар А.Гомбосүрэн гэх хүргэн ахын үхэрт байж байгаад 2018 оны 05 дугаар сарын дундуур Мөнхтогтох ах, Түмэнцэрэг, А.Гомбосүрэн ахын алдагдсан үхрүүдтэй хамт алга болсон. Манай үхэр зөв чих нь догол буруу чих нь цуулбар имтэй байсан. Тэгээд хайгаад олохгүй байж байгаад 2018 оны 08 дугаар сарын эхээр Уянга сум Баарайн давааны ар талд байдаг П.Жамъянсүрэн /хөхөө/ гэх айлын гаднаас 4 тооны үхрээ олсон. Тэр айлын хүүхэд нь манайхны хулгайд алдсан үхрүүдийг Чимэдбат ах бэлгэнд өгсөн гэж ярьж байсан гэсэн. Би очоогүй гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 151-152-р хуудас/,

 

гэрч Д.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. 2017 оны 12 дугаар сард манай төрсөн эгч Д.Доржпагам 19 тооны үхрээ Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газраас үхрээ шуурганд уруудуулаад алдсан. 2018 оны 08 дугаар сард нөхөр бид хоёр сумын төв орж бензин авах гэж явж байгаад Б.Түмэнжаргал гэх залуутай таараад “үхрээ алдчихсан” гээд сураглахад гар утсан дээрх зураг үзүүлээд. Танай үхэр энэ зурганд байна уу? гэж асуусан. Тэгээд харсан чинь манай эгч Д.Доржпагамын үхрүүдийн зураг мөн байсан. Тэгээд наад зургуудаа хаанаас дарсан юм бэ гэж асуухад Б.Түмэнжаргал гэх залуу “би үхрээ хайж яваад Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Баарай гэх газарт явж байгаад Хөхөө буюу Жамъянсүрэн гэх хүний үхэр байхад нь зургийг нь дарсан” гэж надад хэлсэн гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 12-13-р хуудас/,

 

                гэрч П.Жамъяансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Ө.Чимэдбат гэх хүн 2018 оны 05 дугаар сарын 20-ны үед Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн нутаг “Асгат” гэх газар нутаглаж байхад Ө.Чимэдбат ахынх тус багийн нутаг Цэцэнгийн Аманд буусан байсан. Тухайн үед би үхрээ хураагаад гэрлүүгээ явахдаа Ө.Чимэдбат ахын гэрт очсон чинь Ө.Чимэдбат ахынхаа үхрээс 8 хангал гунж 2 тугалтайгаа байгаа бусад нь удахгүй тугаллах гэж байгаа. Чи сургаад саалийг нь авч бай би сааль сүү татрахаар 2018 оны 09 дүгээр сард буцааж авъя” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Ө.Чимэдбат ахын үхэрт очоод 8 үхэр, 2 тугалтай нийт 10 тооны үхрийг Ө.Чимэдбат өөрийн үхрээсээ тасдаж, тууж явсан үхэртэйгээ нийлүүлээд гэрлүүгээ туугаад явсан. Түүнээс хойно өвөл үхэрт нь байсан 3 тугалтай 8 үнээ нийт 11 үхэр алга болсон байсан. Тэгтэл тэр 8 үнээ ******* сумын Бооёо гэдэг нэртэй өндөр өвгөний үхэр байсныг би сүүлд нь мэдсэн юм. Бооёо гэдэг бүтэн нэрийг нь мэдэхгүй өндөр өвгөн өөрийн эхнэртэйгээ мотоцикльтой манайд ирээд асуухаар нь би өвөл Ө.Чимэдбатын үхэртэй цуг байсан үхэр байгаа юм. Чимэдбат өөрийн тэмдгээрээ тэмдэглэсэн байсан гэдгийг нь би хэлсэн тэгтэл тэр өвгөн. Би Чимэдбатаас өөрөөс нь сурсан чинь надад хэлээгүй гэж надад ярьж байсан. Надад өгсөн цэнхэр будгаар тэмдэглээгүй 2 тугалтай 4 үнээнээс өөр тэмдэггүй үхэр байсныг нь анзаараагүй гэтэл 6 сард нэг тэмдэггүй гуна гаргаж байсан. Тэр гуна ******* сумаас алдсан Гомбосүрэн гэх хүний гуна мөн байсан гэж бодож байна. Ө.Чимэдбат надад тухайн үхрүүдийн талаар чамаас цагдаа болон бусад хүн асуувал мэдэхгүй л гэж хэлээрэй гэж байсан. Харин би бодохдоо үнэн зөвөөр явсан нь зөв юм байна гэж бодоод үнэн зөвөөр нь мэдүүлэг өгч байна. Ө.Чимэдбат Гомбосүрэнгийн алдсан гэх 27 тооны сарлагийн үхрийг 2018 оны 05 дугаар сард ногоо хөөж Уянга сум руу орж ирэхдээ хамт тууж ирсэн сарлаг гэж бодож байна. Тэгээд 1 хар тарлан гуныг нь нядлаад зарсан. 2 тугалтай 4 үнээг нь надад сааж бай 9 сар гаргаад авна гэж хэлээд надад өгч байсан. Бусад үхрийг нь хааш нь зарсныг нь сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 103-105-р хуудас/,

 

гэрч П.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 оны хавар Ө.Чимэдбат гэх айл Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн нутаг "Цэцэн даянгийн Ам" гэх газар хавар нутаглаж байсан. Би яг хэдэн сар байсныг нь сайн санахгүй байна. Манай гэрээс 6 орчим км зайтай нутаглаж байсан. 2018 оны хавар "Цэцэн даянгийн Ам" гэх газар отроор ирсэн байхдаа багцаагаар 80 орчим үхэр байх шиг байсан. Би нарийн тоог нь сайн мэдэхгүй байна. Миний сонсож байснаар манай дүү П.Жамъянсүрэнгийнд 5-6 тугалтай үнээ сааж бай гээд Ө.Чимэдбат өгсөн гэж байсан. Удаагүй тэр үхрүүдийн эзэн нь гээд хүмүүс ирээд манай хулгайд алдсан үхэр байна гээд ачаад явсан сураг гарч байсан. Хаанаас хэн гэх хүн ирж авсныг нь би сайн мэдээгүй ээ. 2018 оны хавар Ө.Чимэдбат үхэр зарсан талаар би сайн мэдэхгүй. Харин хавар хэдэн сард байлаа би сайн санахгүй байна. Намайг Ө.Чимэдбатын гэрт буусан чинь гэрийнхээ урд талд голын зах дээр үхэр төхөөрөөд байгаа бололтой байсан би очоогүй, эхнэрээс нь асуусан чинь манайх үхэр төхөөрч байгаа гэж байсан гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 169-р хуудас/, 

 

                гэрч Т.Нэмэхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн Зүлэгт гэх газар манай нөхөр А.Гомбосүрэн өөрийн болон дүү нарын нийт 50 орчим үхрийг хардаг байсан. 2018 оны 05 дугаар сард манай нөхөр А.Гомбосүрэн үхрээ "Хан хөгшин" хайрхны өврөөс бөөгнүүлээд ирлээ бүрэн байна гэж ярьж байсан. Тэгээд 10 гаран 20 орчим хоног хараагүй байж байгаад бөөгнүүлэхэд 31 тооны үхэр байхгүй байна гээд хайгаад олохгүй байж байгаад 2018 оны 08 сард үхрийн сураг гараад Уянга сумын "Баарайн даваа" гэх газар байдаг П.Жамъянсүрэн гэх айл гадаа манай 4 тооны сүүл цагаан хар үнээ, сартай бор үнээ, хар шаазгай үнээ, эвэртэй халзан үнээнүүд тулгалчихсан саагдаад байж байхад нь авч ирсэн гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 217-р хуудас/,

 

хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 26- ны өдрийн 107 дугаартай "... 19 тооны монгол үхрийн зах зээлийн үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар гаргахад 10450000 /арван сая дөрвөн зуун тавин мянга... гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 28-30-р хуудас/,

 

 хохирогч А.Гомбосүрэнгийн алдагдсан үхэрт үнэлгээ тогтоосон 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 01/48 дугаартай үнэлгээний тайлан. /1хх-ийн 171-173-р хуудас/,

 

хохирогч Б.Түмэнцэрэгийн алдагдсан үхэрт үнэлгээ тогтоосон 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 01/50 дугаартай үнэлгээний тайлан. /1хх-ийн 174-176-р хуудас/,

 

хохирогч Т.Шийлэгдамбын алдагдсан үхэрт үнэлгээ тогтоосон 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 01/51 дугаартай үнэлгээний тайлан. /1хх-ийн 177-179-р хуудас/,

 

хохирогч Т.Мөнхтогтохын алдагдсан үхэрт үнэлгээ тогтоосон 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 01/49 дугаартай үнэлгээний тайлан. /1хх-ийн 180-182-р хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч овогт таван жил зургаан сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү, Ч.Баднайнямбуу нар нь ... анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах зарчим болон 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүйгээс шүүгдэгчид 5-н жил 6-н сарын хорих ялыг оногдуулсан нь түүнийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах боломжгүй болгож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийдвэрлэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагаас өөр ямар нэгэн шаардлагыг хуулиар тавиагүй. Иймд Ө.Чимэдбатын бусдад 29.250.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд 5-н жил 6-н сарын хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээнд тохироогүй буюу хэт өндөр байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг 6-н сараар багасгаж улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасны дагуу таван жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийдвэрлэж өгнө үү  гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргасан ба  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар уг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь 2-оос 8-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан. Тухайн төрөл зүйлд заасан хорих ялын дундаж санкц нь 5-н жилийн хугацаагаар хорих ял байгаа ба шүүгдэгч Ө.Чимэдбатын хувьд бусдын 54-н тооны үхрийг хулгайлж бусдад 29.250.000 төгрөгийн хохирол учруулсан, тухайн гэмт хэрэгт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас алдуул мал завшсан талаарх саналыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан боловч хохирогч нар үхрээ бэлчээр дээрээсээ гэнэт алдсан талаараа мэдүүлж байгаагаас үзэхэд шүүгдэгчийн  үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү, Ч.Баднайнямбуу нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ө.Чимэдбатын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн өдөр хүртэл буюу 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон  

                                                   ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү, Ч.Баднайнямбуу нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Чимэдбатын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай