Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 152/ШШ2024/00508

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ДУ ХХК-ийн,

Хариуцагч: БӨСЗДТГт холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10,435,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

Хариуцагч УАБСЗДТГын дарга Н.Бд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ДУ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ДУ ХХК нь Б сумын нэгдсэн халаалтыг 2013 оноос хойш хариуцан ажиллуулж байгаа бөгөөд УА Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс батлан хэрэгжүүлдэг халаалтын үнэ тарифийг мөрдөн ажилладаг. 2017 онд батлан гаргасан үнэ тариф нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл мөрдөгдсөн. Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай тогтоолоороо үнэ тарифийг шинэчлэн баталж хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлж, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон. Энэ өөрчлөлттэй уялдуулан манай компани дулааны эрчим хүчээр хангах гэрээгээ шинэчлэн хийсэн боловч 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл халаалтын зардлаа төлөхдөө дутуу төлсөн. Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар Увс аймагт эрчим хүчний зохицуулах зөвлөл гэж ажилладаг. Зохицуулах зөвлөл нь эрчим хүчний үнэ тарифийг тогтоох эрх, үүрэгтэй байна. УА хувьд УА эрчим хүчний зохицуулах зөвлөлгүйн улмаас сүүлийн 4 жилийн хугацаанд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй. Халаалтын хувьд тооцоог нэмэгдүүлээгүй байж байгаад 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр үнэ тариф батлах тухай тогтоол гаргасан.Тогтоолыг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж эхэлнэ гэж тогтоолд заасан байдаг. Уг тогтоол нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт учраас Хууль зүйн яаманд бүртгүүлдэг. 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Хууль зүйн яаманд бүртгэгдэж Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн. 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойшоо тогтоолын дагуу үнэ тариф нэмэгдээд явахаар байсан. ДУ компанийн хувьд үнэ тариф нэмэгдсэн талаар хэрэглэгч байгууллагадаа албан бичиг өгсөн. Гэрээг шинэчилж хийсэн боловч өнгөрсөн оны төсөвт үнэ тарианд нэмэгдүүлээгүй багаар суулгачихсан гэдэг үндэслэл яриад одоог хүртэл энэ хэмжээний зөрүүг өгөхгүй байгаа. Эрчим хүчний тухай хуульд хэрэглэгчийн үүргийг дурдсан байдаг. Уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт дагуу хэрэглэгчид мэдэгдсэнээс хойш хангагчтай байгуулсан гэрээндээ зохих зүйл, өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж заасан. Гэрээнд өөрчлөлт оруулаагүй байсан ч гэсэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дэх хэсэгт хэрэглэгчийн үүргийг эрчим хүчний өрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөхөөр заасан. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу бүх нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээний акт үүнийг мөрдөх ёстой. Гэтэл Б сумын ЗДТын газар дагаж мөрдөөгүйгээс болж гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. Үүний улмаас 10,435,380 төгрөг төвлөрсөн. ДУ компани алданги тооцож нэхэмжлээгүй. Тухайн үед алданги тооцож нэхэмжлэх бүрэн боломжтой байсан. Б сумын ЗДТын газрын нягтлан бодогч Саруул-Эрдэнэтэй Сангийн сайд 2017 оны 336 дугаар тушаалын дагуу тооцоо нийлсэн акт үйлдэж, үнийн дүнг баталгаажуулсан” гэв.  

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж заасан ба Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 6.2.3-т “Хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг утас /албаны мессеж/, факс, цахим шуудангийн хаяг, шуудангаар мэдэгдсэн бол “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” Баримт №9, Баримт №22-г тус тус үйлдэн, хэрэгт хавсаргана. Шүүх хуралдааны товыг цахимаар болон утсаар мэдэгдсэн тохиолдолд тэмдэглэл үйлдэж баримтжуулсан байна” гэж заажээ.

Шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдэн баримтжуулсан байх тул хариуцагчийг шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны ирцийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй байгаа учраас нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч “ДУХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. УА Эрчим хүчний зохицуулах зөвлөл 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор ДУ ХХК-ийн Б сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифийг тогтоосон. Энэхүү Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тогтоол нь хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний акт учраас нийтээр дагаж мөрдөх үүрэгтэй. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтад заасны дагуу хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй.

3.2. ДУ ХХК нь дулааны эрчим хүчний тариф шинэчлэгдсэнтэй холбоотойгоор 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч УА Б сумын ЗДТын газартай дулааны эрчим хүчээр хангах гэрээг шинэчлэн байгуулсан боловч хариуцагч нь тухайн байгууллагын төсөвт дулааны төлбөр нэмэгдсэн дүнгээр тусгагдаагүй, төсөв хүрэлцээгүй гэдэг үндэслэлээр 2023 оны 9 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрийг дутуу төлөх үндэслэлгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. УА Эрчим хүчний зохицуулах зөвлөл 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор ДУ ХХК-ийн Б сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифийг шинэчлэн тогтоож, тогтоолын 2 дахь заалтаар энэхүү тогтоолыг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж эхлэхээр тогтоосон байна.

4.2. Нэхэмжлэгч ДУ ХХК нь хариуцагч УА Б сумын ЗДТын газартай 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, тус гэрээнд ДУ ХХК-ийн захирал Д.О, УА Б сумын ЗДТын газрыг төлөөлж нягтлан бодогч Х.С гарын үсэг зурж, Б сумын ЗДТын газрын дарга Н.Б баталгаажуулсан байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

4.3. Зохигчдын байгуулсан гэрээний 01 тоот хавсралтаас үзвэл, талууд УА Б сумын ЗДТын газрын 2,424 м.куб эзэлхүүнтэй байрыг м.куб тутмыг 2,026.2 төгрөгөөр, сумын цагдаагийн хэсгийн 116 м.куб эзэлхүүнтэй байрыг 2,026.2 төгрөгөөр, хүн амьдрах зориулалт бүхий 46 м.кв талбай бүхий байрыг м.кв тутмыг 1,000 төгрөгийн үнэ бүхий дулааны эрчим хүчээр хангахаар тохиролцжээ.

Мөн энэхүү 01 тоот гэрээний хавсралтад тусгагдаагүй боловч нэхэмжлэгч ДУ ХХК нь тус сумын ЗДТын газрын хуучин байрыг буюу 1,461 м.куб эзэлхүүнтэй байрыг дулааны эрчим хүчээр хангаж байсан тул м.кубын үнийг 2,026.2 төгрөгөөр тооцож, хариуцагчид 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус тус нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт буюу нэхэмжлэхийг цахимаар хүргүүлж байжээ.

4.4. Дээрх нэхэмжлэхүүдээс үзвэл, нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас 2023 оны 9 дүгээр сарын 15-30-ны өдрийг дуустал хугацаанд дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 4,078,844 төгрөг, 2023 оны 10 дугаар сард 8,157,690 төгрөг, 11 дүгээр сард 8,157,690 төгрөг, 12 дугаар сард 8,157,690 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагч байгууллага нь нийт төлбөл зохих дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 28,551,914 төгрөгөөс 18,116,534 төгрөгийг төлсөн, харин үлдэгдэл 10,435,380 төгрөгийг төлөөгүй гэх тайлбар гаргасан ба хариуцагч тал нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Хэрэглэгч нь зохицуулалттай хангалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар, зохицуулалтгүй хангалтын төлбөрийг гэрээний үнээр төлнө” гэж заасан байна.

Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч нь хариуцагчаас дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрт 10,435,380 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,916  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 181,916 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч УА Б сумын ЗДТын газраас 10,435,380 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ДУ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,916 (нэг зуун наян нэгэн мянга есөн зуун арван зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 181,916 (нэг зуун наян нэгэн мянга есөн зуун арван зургаа) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ДУ ХХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор УА Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Я.УРНАА