Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 152/ШШ2024/00509

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  Ж.Оийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ж.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 58 настай. 1986 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургууль төгсөж ирээд Наранбулаг сумын Хүн эмнэлгийн салбарт 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс сувилагчаар 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байгаад 1989 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилласан. Миний 1989 оны ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байна. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон тушаал, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний батлах байгааг үндэслэн шүүхэд хандаж байна. 1986-1989 онд УАНСХЭт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ. 

Хүсэлт гаргагчаас Ж.Оийн иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 355 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 79 дугаартай зөвлөмжийн хуудас, Ж.Оийн №176522 дугаартай 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, мөн Монголын Үйлдвэрчний эвлэлийн №745817 дугаар гишүүний бат илэрхийлэх, гэрч Д.Н Б.Н нарын иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.   

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ж.Оийн ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.  

Ж.Оийн хүсэлтээр Д.Н, Б.Н нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.            

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хүсэлт гаргагч Ж.Оийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.  

2. Ж.О нь шүүхэд хандаж 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс  1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд УАНСХЭт сувилагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Ж.Оийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв. 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Хэрэгт авагдсан Увс аймаг АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаар “Дээд, дунд сургууль төгсөгчдийг ажилд хуриарлах тухай” тушаалаар Ж.Оийг 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Наранбулаг сумын эмнэлэгт сувилагчаар ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Мөн Сувилагчийн сургуулийн боловсон хүчнээс 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ж.От олгосон №176522 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт “...Сувилагчийн сургуулийн захирлын 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаар тоот тушаалаар Сувилагчийн сургууль төгссөн тул Эрүүлийг хамгаалах яамны боловсон хүчин захиргааны газрын мэдэлд шилжүүлэв”, Эрүүлийн хамгаалах яамны сайдын 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 32 тоот тушаалаар Увс аймгийн Эрүүлийн хамгаалах газрын мэдэлд сувилагчаар, Увс аймгийн Эрүүлийн хамгаалах газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 137 тоот тушаалаар Анагаах ухааны дунд сургууль төгсөж ирсэн тул Наранбулаг сумын эмнэлэгт сувилагчаар томилов, Сумын Хүн эмнэлэгийн даргын 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдөр тоот тушаалаар Наранбулаг Хүн эмнэлэгт сувилагчаар авч ажиллуулав, Салбарын эрхлэгчийн 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20 тоот тушаалаар Наранбулаг сумын Хүн эмнэлэгийн сувилагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв” ... гэх бичилт хийгдсэн байна.  

3.2. Шүүхийн санаачилгаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Ж.Оийн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар буюу ХААТР-1 маягтад Ж.О 1986 онд Наранбулаг сумын Улаан-Үзүүр бригадад хүний бага эмчээр ажилд орсон гэж тэмдэглэсэн байна.

Тус баримтыг 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн байх тул хүсэлт гаргагч Ж.Оийг 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар УАНСХЭт сувилагчаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.

3.3. Гэрч Д.Н шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Миний бие 1985-1992 он хүртэл УАНСХЭт эрхлэгч, их эмчээр ажиллаж байсан. Намайг эрхлэгчээр ажиллаж байх үед Ж.О 1986 онд Анагаах ухааны дунд сургууль төгсөж ирээд Наранбулаг сумын Хүн эмнэлэгт сувилагчаар ажилд орж, 1989 онд аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэг рүү шилжиж байсан. Ж.О нь одоог хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт Зүрх судасны тасагт сувилагчаар ажиллаж байгаа. Би 1992-2013 он хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт Хүүхдийн их эмч, хүүхдийн тасгийн эрхлэгч эмчээр ажиллаж байгаа өндөр насны тэтгэвэрт гарч, одоо хувийн эмнэгтээ ажиллаж байна” гэжээ.

3.5. Гэрч Б.Н шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: Ж.О бид хоёр 1982 онд Увс аймгийн Наранбулаг сумын 8 жилийн дунд сургууль төгсөж, Ж.О Улаангомд 10 жилийн сургууль  суралцахаар явж, 10 жилээ төгсөөд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуульд суралцаж, би 8 жилийн дунд сургуулиа төгсөөд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч, бага эмчээр 4 жил суралцаж 1986 онд төгсөж ирэхэд мөн Ж.О сургуулиа төгсөж ирж байсан. Бид хамтдаа 1986 оны 7 дугаар сараас УАНСХЭт би Улаан-Үзүүр бригадын бага эмчээр, Ж.О сувилагчаар хувиарлагдан ажиллаж эхэлсэн. Ж.О нь Наранбулаг сумын Хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаад 1989 онд аймгийн төвийн нэгдсэн эмнэлэг рүү шилжин ажиллахаар явж байсан. Тухайн үед Наранбулаг сумын Хүн эмнэлгийн эрхлэгч эмчээр Д.Н их эмч ажиллаж байсан” гэжээ.       

Гэрч Д.Н, Б.Н нар нь хүсэлт гаргагч Ж.Оийн шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1986-1989 оны хооронд УАНСХЭт ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нотлогдож байх ба гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. 

4. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Ж.Оийн 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс  1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд УАНСХЭт сувилагчаар ажиллаж байсан гэж дүгнэж, түүний хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

5. Шүүхээс хүсэлт гаргагч Ж.Оийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Ж.О  1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс  1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд УАНСХЭт сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА